АВТО ЗАМЫН УХААЛАГ ГАРЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

​ Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, АПУ ХК хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад анх удаа автозамын ухаалаг гарцыг Хан-Уул дүүрэгт ашиглалтад орууллаа. Тус ухаалаг гарц харааны бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүд, жолооч нарт аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлснээрээ онцлог юм. Гарцны хажууд зогсох хүний хөдөлгөөнийг мэдэрч улаан болон ногоон гэрэл ассаныг самбарт болон хоолойгоор зарлах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөл, Тээврийн цагдаагийн албатай хамтран энэхүү ухаалаг гарцыг нэвтрүүллээ. Төсвийн хөрөнгө оруулалтаар биш нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэж чадсан нь энэ ажлын онцлог байлаа. Цаашид хөдөлгөөн ихтэй уулзваруудад суурилуулах талаар судалж байгаа. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр Ухаалаг гарцыг анх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн туршилтаар хэрэглэсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус хэсэгт осол, гэмтэл гараагүй эерэг үр дүнтэй байна. Энэхүү ажлын гол зорилго нь зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх. Ухаалаг гарцыг өндөр хөгжилтэй орнууд ашиглагддаг. Үүнийг Монгол Улсдаа ашиглаж эхэлж байгаа нь дэвшил юм гэв Өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас тэргэнцэртэй иргэдэд зориулсан такси үйлчилгээ нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд тохижуулалт хийх зэрэг олон ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн юм.

МХЕГ: Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, баталгаатай бүтээгдэхүүн сонгоорой

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ААН, иргэд үйлдвэрлэлд үндсэн түүхий эд хүлээн авах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа чанар, аюулгүй байдлыг хангаж, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Мөн хэрэглэгч та хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, чанарын баталгаажилттай бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

​ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Тиймээс иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

​ УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа. НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван чиглэлийг баримтлан ажиллаж байна. Тандалтын чиглэлээр хийсэн ажлыг товчхон танилцуулахад нийслэлийн хэмжээнд коронавируст халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. ӨЭМТ-д сайн дурын 10 жолооч, тээврийн хэрэгслийг нэмэлтээр ажиллуулж байна. ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн багийн зөвлөгөөг чиг болгон баримталж, иргэдэд чиглэсэн тандалт болоод эмчилгээ үйлчилгээг цаашид ч үзүүлэхээр шамдан ажиллана гэсэн юм. Цаашид коронавируст халдвар тэр дундаа омикрон хувилбарын тархалт буурахгүй бол хамгийн их эрсдэл хүлээх газар бол нийслэл. Тиймээс Цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, худалдаа, үйлчилгээний байгууллагууд нэмэлт тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх, дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг УОК-ын хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдварын тохиолдлын тоо 2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс огцом нэмэгдсэн. Нэгдүгээр сарын 1-3 дахь долоо хоногт хоногийн дундаж тохиолдол 3180-д хүрээд байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 34.9 хувиар өссөн /жирэмсэн 39.1 хувиар өссөн, хүүхдийн тохиолдлын тархалт өмнөх долоо хоногоос 39.8 хувиар өссөн/ үзүүлэлт юм. Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэгдүгээр сарын 6-ны өдрөөс мөн нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 23642 хүн гэрээр эмчлүүлж байгаа юм. Энэ удаагийн халдварын онцлог нь нийт иргэдийн дунд халдварын тохиолдол огцом нэмэгдсэнээс эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл учрах магадлал өндөр байна гэлээ. Уулзалтын төгсгөлд УОК-ын орлогч дарга Г.Ариунбуян НОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа жигдэрч, омикрон хувилбарын тандалт, хариу арга хэмжээг зөв хувилбар, оновчтой арга хэрэгслүүдээр шуурхай авч ажиллаж байгааг дурдаад нийгэмд чиглэсэн, ард иргэдэд хандсан олон чухал ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

"Монгол хүнс-монгол бараа 2022” арга хэмжээ болно

​​ Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022 арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжиж, 10 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг бүрдүүлж байна. Тус арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байгаа бөгөөд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил, жижиг дунд үйлдвэрийн ноос, ноолуур, арьс ширэн болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттой худалдаалах юмгэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.