З.Цэвээндорж: Автобусны богино эргэлтийн үйлчилгээг зарим чиглэлд тогтмол явуулж байна
2022-01-22 10:39:30 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа. -Нийслэлийн нийтийн тээврийн үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн маршрут гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу? - Улаанбаатар хотын иргэдийн ажил цуглах, тарах үед хотын замд ачаалал үүсэж, хотын төвөөс гарах, төв рүү ороход түгжрэл бий болдог. Тиймээс ачаалал ихтэй цагуудад үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн автобусыг нэмэлтээр явуулж байгаа. Тухайлбал, Ч-1 чиглэл гэхэд Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Энэхүү чиглэлийг ажил тарах цагуудад Ч1-А, Ч1-Б гэсэн хоёр богино эргэлтэд хуваасан. Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Санктпетрбург төв буюу Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа. Түүнчлэн Улиастай-ТЭЦ 3 чиглэл буюу Ч-32 чиглэлийг мөн хоёр хувааж, Офицеруудын ордноос хоёр тийш явуулахаар зохион байгуулсан. Ч-69 буюу Зунжин-ТЭЦ 3 чиглэлийн автобусууд Ард кинотеатрын буудлаас хоёр тийш богино эргэлтээр зорчиж байна. Энэ хоёр чиглэл нь өдрийн турш богино эргэж байгаа бол Ч-1 чиглэл нь ажил тарах үед буюу 17:00 цагаас богино эргэлтэд орж байгаа. Нэг тээврийн хэрэгсэл урт зам туулан үйлчилгээ үзүүлэхэд аль нэг зам дээр түгжрэлд орох магадлал өндөр, түгжрэлд удсанаас болж буудлууд дээр зорчигчид олноор цуглаж, хүлээлтийн хугацаа нэмэгддэг. Хүлээлт удаан болохын хэрээр зорчигчид автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол ч гардаг. Богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж, зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо буюу эргэлт олширч байгаа зэрэг сайн талтай. -Богино эргэлтийн автобусны хуваарилалтыг хэрхэн гаргадаг вэ? -Богино эргэлтийг аль чиглэлд, хэдэн цагт явуулах вэ гэдгийг манай байгууллагын Тээвэр төлөвлөлтийн хэлтэс боловсруулж, шийдвэрлэдэг. Цахим системийн дата мэдээлэл болон шугам замд ажиллаж буй авто тээврийн хяналтын байцаагч, шалгагч нараас мэдээлэл авч анализ хийж, түүнд тулгуурлан төлөвлөлт гаргадаг юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт удирдлагын мэдээлэл цахим хэлбэрийн систем 2015 оноос хэрэгжсэн. Энэхүү системийн тусламжтайгаар Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн хянах боломжтой. Өнөө өглөөний байдлаар л гэхэд нийслэлд нийтдээ 718 нийтийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй бол, хөдөлгөөнд оролцоогүй 273 нийтийн тээврийн хэрэгсэл байгааг уг системээс харж байх жишээтэй. Тухайн тээврийн хэрэгсэл хаана явж байгааг, зогсоолдоо зогсож буй эсэх зэргийг ч уг систем нарийн мэдээлдэг. Энэхүү системээс мэдээлэл авч, анализ хийн, зорчих төлөвлөгөө боловсруулахын дээр цаашдын зорилго зорилтоо ч тодорхойлдог. -Шөнийн тээвэр буюу уртасгасан цагийн автобусны үйлчилгээг аль чиглэлд явуулж байна вэ? -2021 оны есдүгээр сараас эхлэн зарим чиглэлүүдэд өглөөний 05:30 цагаас шөнийн 00:30 хүртэл нийтийн тээврийн уртасгасан цагийн автобус явуулж байгаа. Одоогийн байдлаар Т-2, Т-5, Ч-7 чиглэлд уртасгасан цагаар үйлчилж байна. Уртасгасан цагийн үйлчилгээг нэвтрүүлсэнд зорчигчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байна. Ч-7 буюу Нисэх-Ард кино театр-ын чиглэлд л гэхэд 22 тээврийн хэрэгсэл уртасгасан цагаар үйлчилж байгаа. Автобус хоорондын хүлээлт ажлын өдрүүдэд таван минут, амралтын өдрүүдэд найман минутын зайтай зорчиж байна. Уг чиглэлийн нийт эргэлтийн урт 34.5 км байдаг. -Оюутан, сурагчдын амралт эхэлснээс үүдэн зорчигчдын хөдөлгөөн багассан уу? -Өөрчлөлт орж байгаа. ЕБС, их дээд сургуулийн хичээл эхэлмэгц ачаалал нэмэгддэг бол амралтын хугацаанд хөдөлгөөн харьцангуй багасдаг. Энэ нь зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээнд төдийгүй замын хөдөлгөөнд ч анзаарагдаж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт өдөрт 97 чиглэлд 972 автобус үйлчилж байна. ЕБС, их дээд сургуулиуд хичээллэж байх үед нийтийн тээврийн бүх хэрэгслүүд 500 гаруй мянган удаагийн зорчилт хийгддэг бол одоо 420 гаруй мянга болж буурсан байх жишээтэй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Д.Сумъяабазар: Иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна
2022-01-22 10:37:21 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Тэрбээр хурлын эхэнд 2022 он иргэд рүүгээ чиглэсэн жил байхыг дурдаад, иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ онцоллоо. Хотын дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90 хувьтай байлаа. Тухайлбал, эмзэг бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ дагуу 6098 өрхийн судалгааг гаргаж, нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөжээ. 2021 онд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн нийт 41 удаа болж, 461 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88.2 хувьтай байжээ. Дөрөвдүгээр тунд 2367 иргэн хамрагджээ Коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатар хотод шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна гэв. Он гарснаас хойш 10720 хүнийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр тунд 2367 хүн хамрагдсан байна. Өнөөдөр гэхэд 160 цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтныг хүнд нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, эмч, эмнэлгийн ажилтнаа зөв хуваарилж, зохион байгуулалт хийж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Нийслэлийн Засаг дарга оны өмнө захирамж гаргаж, 74 үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн албан хаагчид хандахгүйгээр онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээндwww.ulaanbaatar.mnсайтад 7000 гаруй иргэн хандсанаас 200 гаруй иргэн бүртгүүлээд байна. Мөн Хотын дарга Цагаан сарын худалдаа эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд даалгалаа. Бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэл хотын эдэлбэр газрыг тогтоох ажил ямар шатандаа явааг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас тодруулахад Нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88.3 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46.3 мянган га, дагуул хот, тосгоных 41.9 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны дараа НИТХ-д оруулна хэмээв. Хотын дарга Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гуравдугаар сарын 15-н гэхэд бэлтгэл ажил хангагдсан байх шаардлагатай. Улаанбаатар хот явган хүнд ээлтэй хот байх ёстой. Явган хүний замын стандартыг шинэчилж, иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ. Нийслэлийн нийтийн тээвэр, такси үйлчилгээний зохицуулалтын талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, төлөвлөлтүүд хийж байгаа. Эхний ээлжид гурван чиглэлд өөрчлөлт хийж байна. Цаашид 10 чиглэлд өөрчлөлт хийнэ хэмээв. Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна Сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж болон үйлдвэрийн нөхцөл байдлын талаар Таван толгой түлш ХХК-ийн захирал Г.Ундармаа Баруун үйлдвэрт ес, зүүнд долоон шугам ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг онцгой байдлаас тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд шугам хэвийн ажиллана гэсэн бол Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. Сүүлийн 15 хоногт нөөцдөө гар хүрээгүй. 611 борлуулалтын цэг ажиллаж байна. Цагаан сар өнгөртөл бүх дүүрэгт явуулын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Нэгдүгээр сарын 7-9-ны хооронд МХЕГ, НМХГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ. Зөрчил бага гарч, санал их ирсэн. 102 дугаарын утсанд арванхоёрдугаар сарын 20-ноос хойш түүхий нүүрс түлсэн байх магадлалтай гэх 38 дуудлага ирснээс гурван зөрчил илэрч, зөрчлийн арга хэмжээ авлаа. Улаанбаатар хотод нийтлэг хэрэглэдэг таван төрлийн зуух байна. Зуухнуудад хэмжилт хийж байна. Зуух бүрийн хоруу чанар, хэмжилтийг хийнэ хэмээлээ. Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр Арванхоёрдугаар сарын 30-наас хойш нийт 13 төрлийн хяналт шалгалт хийлээ. Шатахуун түгээх станцын шатахуунд лабораторийн шинжилгээ, нийтийн тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч байгаа утаа, зуухнуудад хэмжилт хийсэн. Энэ бүхний үр дүнгээс түлш, зуухны зохицолгооны асуудал гарч ирсэн. Иргэд стандарт бус зуух ашиглаж, хий уугалт үүсгэж байна. Зуухны стандартыг батлуулахаар ажилдаа орсон. Бүрэн, давхар шаталттай, уугалт багатай зуух хэрэглэх шаардлагатай байна. Өндөрлөг цэгүүдэд зургаан явуулын цэг ажиллуулахаар төлөвлөсөн гэлээ. Мөн энэ жил Улаанбаатар хотод 20 мянга гаруй өрх түр оршин суугчаар өвөлжиж байна. Энэ нь 60 мянга орчим тонноор түлшний хэрэглээг нэмжээ. Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Тэрбээр Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна. Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5000 багшийн 1672 нь такси, хувийн унаагаар явж байна. Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн хэмээн танилцууллаа. Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах. Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн байлгаж ажиллах. Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа сайжруулж ажиллах. Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах. Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах. Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах. Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, албан хаагчдаа сургалтад үе шаттайгаар хамруулж, мэргэшүүлэх чиглэлд анхаарч ажиллах. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. Нийслэлийн төр, захиргааны шинэ байранд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчилж ажиллахыг үүрэг болгов. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төр, нийгмийн зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсний дотор Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Тэрбээр шинжлэх ухаан, эрчим хүч, хэвлэл мэдээлэл, банк санхүү, нийгмийн хамгаалал, нийгэм улстөрийн салбарт олон жил ажиллажээ. Авлигатай тэмцэх иргэдийн оролцоог дэмжиж, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.
10 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2022-01-21 09:46:47 Нийтлэгдсэн: Нийгэм НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны нэгдүгээр сарын 23-ны буюу Ням гарагт явагдана. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ сувгааршууд дамжуулан хүргэдэг. 2021 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 22-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтынсистемдбүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа. Энэ удаагийн тохирлын супер шагнал 10 сая төгрөг байна.
"Таван толгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг намар бүрэн зогсооно"
2022-01-21 09:41:44 Нийтлэгдсэн: Нийгэм БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрт өнөөдөр ажиллаж байна. Энэ үеэр тэрбээр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулна гэв. Таван толгой түлш ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барина. Шинэ үйлдвэр ашиглалтад оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болгожээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй