Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

​ ​ Энэ сарын 13-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1601 гомдол мэдээлэл бүртгэгджээ.Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1276, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 140, гэмт хэргийн шинжтэй 74 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 68, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 138, хүний биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 64, эрүүлжүүлэх байранд хоносон 219, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 54 тохиолдол гарчээ.

Гамшгаас хамгаалах эрхзүйн шинэчлэлтүүдийг хийж, албаны гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүллээ

​ Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2021 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Цугларалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ. Онцгой байдлын байгууллага нь 2021 онд Гамшгаас хамгаалах эрхзүйн болон бодлогын шинэчлэлтүүдийг хийж, албаны чадавхыг бэхжүүлэх талаар хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллалаа. Тухайлбал, сум, орон нутагт гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, алба хаагчдын үүргээ биелүүлэх баталгааг сайжруулах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр Гамшгаас хамгаалах тухай хууль-д шинэчлэн тусгалаа. Гадаад, дотоод хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрөөр гал түймэр унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслүүдийг нийлүүлж техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 60,2 хувьд хүргээд байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Агаараас эрэн хайх, аврах 111 дугаар ангийг шинээр байгуулж, эхний ээлжийн ЕС-145 маркийн 2 нисдэг тэрэг, сургалтын Кабри нисдэг тэрэг, холбогдох сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авч, нисэгч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэллээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги-ийг 2021-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Шадар сайдын тушаалаар батлуулж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсад хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх, Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцлийг бүрдүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид манлайлан оролцсон нь улсын хэмжээнд төдийгүй албаны хэмжээнд өрнөсөн түүхэн үйл явдал боллоогэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

УОК: Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утаснаас авах боломжтой

​ Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам-ын дагуу Ор зохицуулалтын баг ЭМЯ-ны дэргэд ажиллаж байна. Ор зохицуулалтын багийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ахлан ажилладаг. Мөн ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цагаар ажиллаж байна. Ор зохицуулалтын баг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилж буй юм. Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсанд хандаж авахыг зөвлөж байна. Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Барилгын цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа.Агнуурын амьтны ашиглалтыг хамгааллын үр дүнтэй нягт холбосон эрх зүйн зохицуулалт нь нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр-ийг санхүүжүүлэхэд зориулсан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан энэ сарын 18-19-нд болно. Тус хуралдааныг цахимаар зохион байгуулна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны арван хоёрдугаар сарын 15-17-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг-ийг баталлаа. Эх сурвалж:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Дархан-Уул аймаг энэ сарын 15-наас бүх нийтийн тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар боллоо

​ Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдаж,Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал эрчимтэй тархаж буй коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах гурван шийдвэрийг аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд: Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг тус тус гаргасан байна. Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байгааг мөн мэдээлэв. Түүнчлэн шинжилгээний цэгүүдийг дахин гаргаж, цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлийг тус аймгийн Засаг дарга өгсөн байна. Эх сурвалж:Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.