Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд тангараг өргөлөө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь 5 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХЭҮК-ын шинэ гишүүд болох Жаргалсайханы Хунан, Хүрэлбаатарын Мөнхзул, Ганбатын Нарантуяа, Дугарын Сүнжид, Батзэвэгийн Энхболд нар Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая. хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх бөгөөд гишүүнийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. ХЭҮК-ын гишүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх; Хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэх; Хүний эрхийн асуудлаар судалгаа хийх зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас бүх төрлийн баримт бичигтэй танилцах, хуулбарлан авах, шаардлагатай мэдээлэл, судалгаа гаргуулан авах; Хүний эрхийн асуудлаар иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлагаас гомдол, мэдээллийн талаар бичгээр болон амаар тайлбар авах; Гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлаар аль ч байгууллага, объект, хуулийн этгээдэд саадгүй нэвтрэн орж, төрийн болон албаны, байгууллагын болон хувь хүний нууцтай саадгүй танилцах зэрэг эрхийг эдэлнэ. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Замын-Үүд боомтоор хоёр өдөрт 282 машин ачаа нэвтрүүлжээ

УОК-оос чиглэл болгосны дагуу ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, Эрээн -Замын-Үүдийн боомтод төвлөрөөд буй ачаа, тээвэрт зохицуулалт хийж, ачааг солилцон тээвэрлэлээ. 2020оны 12 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор 142 автомашины ачааг солилцсон бол өчигдөр140 автомашины ачааг солилцжээ. Тодруулбал,экспортын 10, хувиараа хүсэлт гаргасан 31, хүнс ногооны ес, нүүрсний дөрөв, ачааны 16 машиныг тус тус гарах чиглэлд шалган нэвтрүүлсэн байна. Замын-Үүд-Эрээн боомтын тухайд 50 монгол жолооч ажиллаж байгаа. ТэдХятадын талд 14 хоног тусгаарлагдаж байгаа юм.

БОАЖЯ: Угаарын хийн хордлого 80 хувиар буурчээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ оны ажлаа тайлагналаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ; аяныг улс орон даяар өрнүүлж 4 сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 18 мянган иргэнээс дуудлага хүлээн авч 12 мянган гаруй айлын яндан, пийшинг хөөлжөө. Уг ажлын үр дүнд угаарын хийн хордлого өмнөх онтой харьцуулахад 80 хувиар буурчээ. Мөн аяны хүрээнд ханан пийшин хөөлөх мэргэжилд 400 залуусыг сургаж, ажлын байраар хангасан мэдээллийг БОАЖЯ-аас мэдээллээ.

Ирэх оноос нийгмийн даатгалын болон тэтгэврийн дэвтрийг ашигладаггүй болно

Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм байна. Маягтыг шинэчлэн баталснаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагагүй болох ажээ. Мөнтэтгэврийн дэвтрийг 2021 оноос эхлэн олгохгүй.Тэтгэвэр авагчид тэтгэврийн мэдээллийг цахимаар хүргүүлэх, хүсвэл тогтоолтын хуудсыг хэвлэж өгдөг болгохоор ажиллаж байгаа тухай ХНХЯ-наас мэдээлжээ. Маягтыг шинэчлэн баталснаар: Нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос эхлэн цахимжуулж, дэвтэрт бичилт хийж, баталгаажуулдаг механик ажлыг халж, ажил олгогчийн санхүүгийн болон нийгмийн даатгалын байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах Даатгуулагч шимтгэл төлөлтийн болон бусад мэдээллээ цахимаар тухай бүр хянах Тэтгэврийн дэвтрийг 2021 оноос эхлэн олгохгүй ба тэтгэвэр авагчид тэтгэврийн мэдээллийг цахимаар хүргүүлэх, хүсвэл тогтоолтын хуудсыг хэвлэж өгөх Нийгмийн даатгалын бусад үйлчилгээг цахимжуулах боломж бүрдэх юмбайна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, дулаан, цахилгаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулан нийслэлд цахилгаан, дулааны тасалдал үүсгэхгүй байх, сайжруулсан шахмал түлшний түгээлтэд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Тэрбээр мөн коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгүүдийн халдвар хамгааллын дэглэм, эмч ажилтнуудын хамгаалалтын хувцас хэрэглэлд онцгой анхаарах үүргийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт өглөө. Нийслэлийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй 10 мянга гаруй өрх бий аж. Тог цахилгаангүй нийслэл хот гэж XXI зуунд байх ёсгүйг Нийслэлийн Засаг дарга тодотгоод эдгээр өрхийг эрчим хүчний эх үүсвэрт холбоход шаардлагатай төсөв санхүү, төлөвлөлт төлөвлөгөөг яаралтай боловсруулан, ойрын хугацаанд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад албаныханд өгсөн юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.