Нийслэлийн үйлчилгээний зарим байгууллагын шилдэг ажилтнуудыг шагнав

Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны Хөдөлмөрийн аварга-ууд тодорлоо. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөмжлөл, шагналыг ажлын байран дээр нь биечлэн гардуулж өглөө. Мөн дээрх ажилтан, алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон юм. Түүнчлэн салбартаа хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, албан хаагчдыг дээрх хэлбэрийн орон сууцанд орох батламж олгож урамшуулсан. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг нарт батламжийг Нийслэлийн Засаг дарга ажлын байран дээр нь гардууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Идэвхэжсэн 2030: Монгол энтерпрайзинг эрэл” онлайн чуулган амжилттай боллоо

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нэгдсэн Үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Залуучуудын Youth: CO Lab төсөл, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран Идэвхэжсэн 2030: Монгол Энтерпрайзинг эрэл онлайн вебинарыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Уг вебинар 200 гаруй оролцогчтойгоор бүтэн дөрвөн цагийн хөтөлбөртэйгөөр үргэлжилсэн юм. Онлайн уулзалтыг Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Нашида Саттар нээж үг хэлэв. Тэрбээр Хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан эзэлдэг Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хурдасгах, хөгжлийн сорилтуудыг даван туулахад залуучуудын энтерпрайзинг ур чадварыг дэмжих нь нэн чухал хэмээн онцолсон. Энтерпрайзинг гэдэг нь зөвхөн бизнесийн бус өөрт төрсөн бүхий л санааг бодитоор хэрэгжүүлэх чадварыг хэлдэг. Өөрөөр хэлбэл санаагаа төсөл болгон эхлүүлэх, төгсгөх дадалтай манлайлагч залуусыг бэлтгэх ойлголт мөн. Энэ удаагийн онлайн уулзалтаар дотоод болон гадаадын старт-ап компаниуд илтгэгчээр оролцож ирээдүйн бизнесийн чиг хандлага, энтрепренер хүний хөгжүүлэх ур чадварууд, боломжийг олж харж бизнес болгон хэрэгжүүлэх, Ковид-19-ийн өмнө ба дараах бизнесийн боломжууд зэрэг чухал сэдвээр хэлэлцүүлэг, ярилцлагыг өрнүүллээ. Идэвхэжсэн 2030 төслийн зөвлөх Т.Пүрэвхатан COVID-ийн дараа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, дасан зохицох чадвартай нийгмийн энтерпрайзинг бизнес цэцэглэнэ хэмээн өөрийн илтгэлдээ онцолсон юм. Шинэ гарааны бизнесийн санаачилгуудыг дэмжих, нийслэл болон орон нутгийн инновацын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь тус төслийн хүрээнд хэрэгжих гол ажил юм. Ирээдүйн бизнесийн чиг хандлага, бизнес эрхлэх энтерпрайзинг сэтгэлгээг тэлэх, ур чадварыг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх боломжийг бодит болгох гэсэн 21 аймгийн өнцөг булан бүрээс оролцогчид хөтөлбөрт хамрагдан Идэвхэжсэн 2030 тай ирээдүйг хамтдаа бүтээх уриатайгаар уулзалтаа дуусгалаа. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

ТАНИЛЦ: “Next stop” хүмүүнлэгийн үйлстнүүд

Шилдэг улс төрч, бизнесмен оны залууг тодруулдаг Next stop шалгаруулалт үе, үеийн шилдгүүдийг тодруулж, ирээдүйн лидерүүдийг төрүүлдэг уламжлалтай. 28 жилийн түүхтэй энэхүү ёслолын анхны шалгаруулалтаар 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын Оны залуу-аар Ц.Элбэгдорж шалгарч хожим Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан бол мөн оны эдийн засаг бизнесийн салбарын Оны залуу-аар шалгарч байсан Н.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгч болж байсан. Үүнээс хойш 28 жилийн хугацаанд наадмын шилдгүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч 3, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан байдаг. Харин энэ жилийн хувьд Next stop шалгаруулалт нийгмийн зүтгэлтэн, хүмүүнлэгийн үйлстнүүдийг онцолж байна. Дэлхий даяар цар тахал дэгдэж, Монгол Улсад хөл хорио тогтоогоод байгаа онцгой нөхцөлд санал асуулга, шалгаруулалтыг онлайн хэлбэрээр явуулах юм. Цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд монголчуудын хувьд ч сорил, түгшүүртэй он өнгөрч буйн зэрэгцээ энэ хэрээр бид шинэ нөхцөл байдалд зохицон эв нэгдэлтэй, энхийн сэтгэлтэй байж, хүмүүнлэгийн олон олон үйлстнүүд төрөн гарсан билээ. Тийм ч учраас Next stop хүмүүнлэгийн болон нийгмийн төлөөллийн зүтгэлтнүүд, эгэл баатруудаа илүүтэй онцлон хүндэтгэхээр шалгаруулалтдаа өөрчлөлт оруулаад байна. Нийгмийн чиг хандлагыг өөрчлөхөд нэг хүний ч хүчин зүтгэл багаддаггүй гэдгийг харуулсан олон хүмүүс тухайлбал, -Хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийг сайн үйлст уриалан дуудах чиглэлээр олон ажлаараа олон нийтийн танил болсон Лантуун дохио ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхлан -Ном унших хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтийн оюуны боловсролд өөрийн хувь нэмрээ оруулж буй Book cafе Mongolia клубын үүсгэн байгуулагч Б.Базарсүрэн, -Зүрх мартахгүй төслийг санаачлан 80 гаруй хүүхдэд хагалгаа хийгээд байгаа Б.Болдсайхан эмч -Хөл хорионы нөхцөлд Гэр гэртээ хандив цуглуулах төслийг амжилттай зохион байгуулсан продюссер Э.Ууганбаяр болон HD Монгол телевизийн хамт олон -Хүмүүнлэгийн үйлсийг уриалан хэрэгжүүлэгч, FB-ийн Аавуудын группийг үүсгэн байгуулагч Т.Цэнд-Аюуш, Сайхан бүсгүй группийн үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа,сайн үйлст уриалан оролцогч Пажеро клуб, Land клуб -Мод тарих хөдөлгөөн өрнүүлэгч, ӨвөрМонголын ахан дүүстэйгээ гүүр болон ажиллаж байгаа Д.Наранцогт болон хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцогч дуучин С.Амармандах, 2008 оноос хойш хүмүүнлэг, хандивын тоглолт зохион байгуулж байгаа, дуучин МУГЖ Ж.Уранчимэг нар нэр дэвшээд байна. Түүнээс гадна энэ жилийн Next stop үг үйлдлээрээ нийгмийн эерэг чиг хандлагыг тодорхойлж, олон нийтийн талархлыг хүлээсэн -УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмч -ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч -Залууст эерэг хандлагыг түгээгч комидиан Б.Идэр-Од -Олон улсын олимпийн хороонд Монгол Улсаа төлөөлсөн Б.Баттүшиг -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо -Хариуцлагатай уул уурхайн төлөө олон нийтийг уриалсан Х.Мандахбаяр -Монгол хувцас, Монголын урлагийн дэлхийн тавцанд таниулсан Б.Сувд \Монгол костюмс\ -Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал -Сэтгүүлч, zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг -Сэтгүүлч, Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу -Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолой болсон М.Нарантуяа \дуучин\ нар Нийгмийн зүтгэлтэн оны залуу номинацид нэр дэвшээд байна. Сонирхолтой нь энэ удаагийн шалгаруулалтад нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ амжилттай биелүүлсэн Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой ТӨҮГ-уудыг олон нийтийн зүгээс нэр дэвшүүлсэн байна. Ингэснээр Next Stop шалгаруулалтад Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой ТӨҮГ, HD Монгол телевиз гэсэн гурван байгууллага анх удаагаа нэр дэвшиж байна. Ташрамд сануулахад олон нийтийн зүгээс нэр дэвшүүлэх нээлттэй бөгөөд таNEXT-STOP.MNсайтын нэр дэвшүүлэх хэсэгт нэрээ дэвшүүлэх боломжтой юм.

Гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг боллоо

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс аюулт цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ. Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд их хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа мянга мянган албан хаагчдаа хүндэтгэн #ТА_НАРТАА_БАЯРЛАЛАА эерэг уриалгыг түгээж буй нэг хэлбэр юм. Тиймээс иргэн та гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх ТАЛАРХАЛ юм. Замын хөдөлгөөний удирдлагын төв

БОАЖЯ 2020: Тусгай дансанд байршсан мөнгийг анх удаа хөдөлгөж Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийлээ

МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван хоёр гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Салбар яамнаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай данс-нд төвлөрүүлдэг. Энэ хүрээнд тус дансанд төвлөрсөн мөнгийг АНХ УДАА хөдөлгөж 2020 оны 9-11 сард Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлтийн ажлыг хиийлээ. 2021-2024 онд тусгай дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.