Хармагтайн ордны 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 12 дугаар сарын 30-ны лхагва гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 21 аймгийг халдваргүй бүс болголоо Мэргэжлийн байгууллагууд коронавируст халдварын салбар дундын 18 дахь шатны эрсдлийн үнэлгээг хийж, коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахал хүн амын дунд тархах эрсдэл өндөр гэж үнэлжээ. Иймд хүн амыг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гамшгаас хамгаалах дараах дэглэмийг хэрэгжүүлэх саналыг УОК-оос гаргасныг Засгийн газраас дэмжин шийдвэрлэлээ. Аймгуудын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Орон нутагт Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ гэсэн 6 аймгийн 7 суманд халдвар бүртэгдсэнээс хойш 7-43 хүртэл хоногийн хугацаанд дахин халдвар гараагүй. Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дээрхи аймгуудыг халдваргүй, эрүүл ногоон бүсэд тооцож, хатуу хөл хорионы дэглэмүүдийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад орон нутагт иргэд, аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд хэвийн амьдралын горим руу шилжүүлэх боломж бүрдэж байна. Монгол Улс гамшгаас хамгаалах арга хэмжээ авсан хугацаанд дэлхийн 93 улсаас 27,763 иргэнээ зохион байгуулалттайгаар татан аваад байгаагийн 21,126 нь тусгай үүргийн нислэгээр 6637 нь автозамын боомтоор нэвтрүүлжээ. Цаашид хилийн боомтуудын хорио цээрийн дэглэмийг хэвээр мөрдөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, бараа, ачаа тээврийг нэвтрүүлж, тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэнэ. Мөн өдөр коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаатай холбогдон гарсан нэмэлт зардалд шаардагдах 1,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүнийг нийтийг хамарсан түргэвчилсэн болон PCR шинжилгээний зардал, тусгаарлах байранд ажиллаж байгаа ажилчдын халдвар хамгааллын хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлд болон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан эмч, сувилагч ажилтнууд, илүү цагаар үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, нийтийн хэв журам сахиулах цагдаа, дотоодын цэргүүдийн урамшуулал, дэмжлэгт тус тус зарцуулах аж. Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэлээ Геологийн судалгааны төв ТӨҮГ, Төрийн өмчит Эрдэнэс сильвер ресурс ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Хармагтайн бүлэг ордын Овоот хяр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн Хойд бүргэдэй хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд байна. Үлдсэн хүдрийн биетүүдэд шаардлагатай судалгааг үргэлжлүүлэн хийснээр нөөц 60% хүртэл нэмэгдэх төсөөлөл гарчээ. Тус орд газарт хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдсийг бүрэн гүйцэд тогтоох ажлыг Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ. Томилгоо - Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргаар Ханджавын Батжаргалыг, дэд даргаар Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг тус тус томилов. - Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар томилов. Товчоор - Хүүхдийн төлөө фондыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах юм. Уг фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор мөн өдрийн хурлаар шийдвэрлэв. - Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43,6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжих юм. - Тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо. Тус онд угалз 100, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250, саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнуулахаар, тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5000 хүртэл толгойг барихаар тогтоов. - Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалын протоколын нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтовгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2020 оны тэргүүний цэргийн штаб тодорлоо

Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2020 онд дэвшүүлсэн Хууль тогтоомж-иргэн цэргийн харилцааны жил-ийн зорилгын хэрэгжилтийг ханган ажиллаж, жилийн эцсийн тайлангийн хурал хийлээ.Тайлангийн хуралд БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа С.Ганбямба, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, офицер, ахлагч нар цахимаар оролцов. Хуралдааны үеэр Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын хамт олон 2020 оны тэргүүний Цэргийн штаб-аар шалгарч, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2020 оныг Хууль тогтоомж-иргэн цэргийн харилцааны жил-ийн зорилгыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, Бүрэн хангалттай үнэлэгдсэн, дэд хурандаа Т.Амартогтох даргатай Баянзүрх, хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар, хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй, хурандаа Г.Ялалт даргатай Сонгинохайрхан, хурандаа Н.Энхбат даргатай Налайх, дэд хурандаа Л.Цэрэгбаяр даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд тус тус шалгарсан. Мөн нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2020 оны Ажил мэргэжлийн аварга-аар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Н.Цэцэгбал, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, хошууч Б.Отгонжаргал, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Шуурхай байдлын ахлагч, сургагч ахлагч С.Цэндзэсэм нар тус тус шалгарч аваргын тууз, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдав. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Энэрэл эмнэлгээс хоёр ажилтандаа өргөө цагаан гэр өглөө

Коронавируст Ковид-19 цар тахлын үед иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа дархлааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Энэрэл эмнэлгээс томоохон ажлуудыг өрнүүлж байна. Энэ хүрээнд нийт ажилчдын нийгмийн асуудлын судалгааг нарийвчлан хийж, ажлын үзүүлэлт, харилцаа хандлагаар хамт олноо манлайлан ажиллаж буй хоёр ажилтандаа өнөөдөр давхар туургатай, таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Нийслэлийн Энэрэл эмнэлгийн хувьд, 2020 оны ажлын үзүүлэлтээр Нийслэлийн шилдэг эрүүл мэндийн байгууллага-ын хоёрдугаар байрт шалгарсан юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулдаг тус шалгаруулалтаар авсан мөнгөн дүнгийн урамшууллаа эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж, нийт ажилтнууддаа тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгожээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ажил, үүргээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг өргөө цагаан гэрээр шагналаа

Сонгинохайрхандүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ажил, үүргээрээ бусдыгаа манлайлсан гурванахлагчийгөргөө цагаан гэрээр шагналаа. Шагналыг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Хуягбаатар, НЦГ-ын дарга Ш.Цогбаатар нар гардуулж өглөө. Эдгээр ахлагчид нь 2020 ондСонгинохайрхандүүргийн цагдаагийн газрын 500 гаруй албан хаагчдын дундаас бусдыгаа хошуучлан, онцгой нөхцөлд үүргээ амжилттай биелүүлсэн албан хаагчид юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар цагдаагийн хэлтсийн удирдлагад 50 мянган маск бэлэглэсэн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэнэ хэмээн тусгагдсан байсан. Энэ ажлын хүрээнд дүүргийн цагдаагийн газарт 24 ширхэг туулах чадвар сайтай автомашиныг олгосон. Саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрүүлжүүлэх, баривчлах байр болох онцгой объектод автомашин дутагдалтай байгааг уламжласны үр дүнд энэ асуудлыг шийдвэрлэж шинэ фургон машиныг өнөөдөр олгож буй талаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалт дотоод ажлыг хариуцсан чиглэлийг ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золбоо хэллээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ахлах ахлагч Б.Үнэнмөнх гурван өрөө байрандаа орлоо

НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнх 2020 оны нийслэлийн Хөдөлмөрийн аварга-аар тодорч, Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон юм. Буянт ухаа-2 орон сууцны хороололд гурван өрөө шинэ байрны түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар гардуулан өглөө. Ахлах ахлагч Б.Үнэнмөнх нь Онцгой байдлын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр 2020 онд 86 удаагийн томилгоот ээлжинд 2058 цагийн үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 128 иргэний амь насыг аварч, 12 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан 10 удаагийн ой, хээрийн түймэрт үүрэг гүйцэтгэн ажиллаж байнагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.