![Япон улсаас 156 иргэн эх орондоо ирлээ](/uploads/6421aae552fdca6f74f5db59e431248f6238567e.jpg)
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УБ-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Холидей, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
![ИМАРТААС 200 АЙЛД ХҮНСНИЙ ХАНГАМЖ ӨГЛӨӨ](/uploads/fd91b502859bc81ce4c892af3b027aeec3361c5e.jpg)
Алтай холдинг ХХК-ийн санаачилгын дагуу Бүх нийтийн бэлэн байдлын үед ард иргэдээ хүнсээр хангах үүрэг-ээ ухамсарлан, хичээнгүйлэн ажиллаж буй Имарт хайпермаркет нийт 800 гаруй ажилчдаа урамшуулсан, хүнсний бараа бүтээгдэхүүн өгсөн талаар мэдээлж байсан билээ. Ажилчид нь ч үүнд маш их талархаж байгаагаа, компаниараа бахархаж буйгаа сошиал сувгаар дамжуулан давалгаалан илэрхийлж байсан юм. Имарт хайпермаркет ХХК-нийн зарим ажилтан, албан хаагчид компаниас өгсөн хүнсний хангамжийг өөртөө авалгүй, тусламж илүү хэрэгтэй байгаа хүмүүст хандивлах саналыг гаргасан байна. Үүнийг нь компанийн зүгээс дэмжин өнөөдөр амжиргааны түвшин доогуур, олон хүүхэдтэй ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүд, ганц бие өндөр настан гэх мэт нийт 200 өрхөд хүнсний бараа бүтээгдэхүүн хандивласан байна. Имарт нь нийгмийн хариуцлагын хүрээнд Итгэл найдвараа хуваалцъя аяныг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн цагаас хойш л гэхэд өнөөдрийг хүртэл Фүүд банк, Онцгой нөхцөлд эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий 400 гаруй аранз хүлээлгэн өгсөн, Имартын хайпермаркетингийн нийт 800 ажилчиддаа Хүнсний хангамж өгсөн мөн халдвар хамгааллын дэглмийг Имартын орчинд бүрдүүлэхэд онцгой анхаарсан зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.
![УОК-ын журмын сунгасан хугацаа дууслаа](/uploads/7efe7552229ed379c3b06851f3d4df25a5f4fd5c.jpg)
УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан Зорчигч тээврийг зохицуулах түр журам-ын дагуу өнөөдөр өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаалаа. Тэгэхдээ хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм. Уг журамд зааснаар Улаанбаатарт гацсан иргэдийг гаргах ажлыг 12 дугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулсан. Гэвч зарим иргэний PCR шинжилгээний хариу гараагүй байсныг үндэслэн дээрх хугацааг сунгасан юм. Өөрөөр хэлбэл журмын 2.8-д PCR шинжилгээ өгсөн боловч гарч амжаагүй иргэдийг 12 дугаар сарын 14-18-ны 06:00 цаг хүртэл гаргах ажлыг зохион байгуулна гэж заасан.Мөн журамд 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зогсооно гэж өөрчлөлт орсон юм. Энэ дагуу өнөөдөр өглөө хотоос гарах зорчигч, тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ хязгаарлалт 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин Ковид-19-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөж, нэвтэрнэ. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой бөгөөд тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Өөрөөр хэлбэл эдгээр аймгаас ирэх иргэдээс заавал шинжилгээний бичиг шаардана. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган, шинээр барина
2020-12-18 11:18:45 Нийтлэгдсэн: Нийгэм![Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган, шинээр барина](/uploads/c11b80bbb35626e16e3df8df3076bb35af82a9c4.jpg)
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай арьс ширний 31 дүгээр орон сууц, Баянзүрх дүүргийн 16-р хорооны сүүний 27 дугаар орон сууцны байруудыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр Бүтээлч трейд ХХК шалгарлаа. Улмаар тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах эрх олгов. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг холбогдох хууль, журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Хот байгуулалт хөгжлийн газар
НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа
2020-12-18 11:08:54 Нийтлэгдсэн: Нийгэм![НДШ төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа](/uploads/85e33bf6027df6f09371acef6cde3c3391344152.jpg)
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчээр хангах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн болон хот, суурины усан хангамж зэрэг 18 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Ингэснээр ихэнх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна. Иймд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 7-р сарын 1 хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгажээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй