Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүллээ

Улсын хэмжээнд өчигдөр /2020.12.20/ 5969 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх, тандах шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. Үүнээс 31 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн. Харин нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 боллоо. Тус эмнэлэгт нийт 225 өвчтөн байснаас хүүхэд болон насанд хүрсэн 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүлсэн байна. Мөн тус дүүргийн 28 хорооноос 20 цэгт дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж буйг Баянзүрх дүүргийн онцгой комиссын дарга Н.Баянмөнх хэллээ. Тус эмнэлгийн голомттой холбоотой 1136 хавьтал байгаа бөгөөд эхний ээлжинд авбал зохих бүх хавьтлаас шинжилгээ авч, 62 тохиолдлыг илрүүлсэн. Тодруулбал, тус эмнэлгийн эмч ажилтан 302, өвчтөн 225, сахиур 93, гэр бүлийн хавьтал бүхий 596 хүнийг бүрэн шинжилгээнд хамруулсан, өнөөдрөөс давтан шинжилгээг хийх гэж байна. ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дотор байгаа эмч, ажилтнууд, хэвтэн эмчлүүлэгчдийг өвчлөл гарсан өдрөөс эхлэн эрэмбэлэн ангилсан. Эхний ээлжинд ойрын хавьтал бүхий эмч ажилтан, эмнэлгээс гарах гэж байсан иргэдийг ажиглан тусгаарлах байр руу шилжүүлж, тусгаарласан. Мөн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор өвчний байдал нь хөнгөн хүүхдүүд, халдварт огт өртөөгүй бусад тасгийн хүүхдүүдийг тусгаарласан байна. Одоогоор тус дүүргийн эмнэлэгт нийт 85 хүн хэвтэн эмчлүүлж, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа юм. Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Хэрэв зайлшгүй гарах тохиолдолд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангах шаардлагатай юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Өнөөдрөөс эхлэн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн долоо хоног бүрийн даваа гарагт 08:00 цагаас цаг үеийн асуудлаар хуралдаж байхаар болов. Хуралдаанаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн тархалт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, нийтийн хэв журам болон Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн нь иргэдийн бодит хэрэгцээнд хэрхэн уялдаж буй талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар болон дулаан хангамж, цахилгааны хэрэглээ хариуцсан удирдах албаныхан мэдээлэл өгөв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар коронавирусийн халдварыг илрүүлэх, тандах зорилгоор байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг ПСР-ийн шинжилгээнд хамруулах, коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэх, ажилтан албан хаагчдын 70 хүртэл хувийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажилтан албан хаагчийн цахимаар ажиллах түр дүрэм журам, зааврыг боловсруулан мөрдүүлэх, худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгаалалтын дэглэм, түр журмыг мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR код ашиглалтыг сайжруулах, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан ард иргэдийг зохистой хэрэглээнд уриалж ажиллах үүргийг хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НӨАТ-ын сугалаагаар 25 хүн гурван сая төгрөг хожлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Тохиролд арваннэгдүгээр сард худалдан авалт хийж,EBarimt системд бүртгэсэн 25,132,077 баримтыг хамруулжээ. Үндсэн тохирлын дугаар91863814 таарч 30 мянган төгрөгийн азтан - 22,642 100 мянган төгрөгийн азтан - 2,262 Нэг сая төгрөгийн азтан - 237 Гурван сая төгрөгийн азтан - 25 Таван сая төгрөгийн азтан - 1 30 сая болон 50 сая төгрөгийн супер азтан тодроогүй байна.

Баянзүрх дүүрэгт өргөтгөсөн шинжилгээ зохион байгуулна

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст Ковид-19 халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 28-ны хооронд 70000 - 80000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байна. Шинжилгээг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд зохион байгуулна. Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагч ажиллана. Жич: Баянзүрх дүүрэгт коронавируст Ковид-19 халдварыг илрүүлэх өргөтгөсөн шинжилгээ зохион байгуулахтай холбогдуулан дээр дурдсан хугацаанд Баянзүрх дүүргийн цэгүүдэд бусад шинжилгээг зохион байгуулахгүй болно. Нийслэлийн онцгой комисс

Баянзүрх дүүргийн иргэдийг дүүргийнхээ бусад эмнэлэгт эмчлүүлэх зохицуулалтыг хийж байна

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн хоёр хоногийн хугацаанд коронавирусийн халдвар нэмэгдэн бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Онцгой комиссын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнбаатар нар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдвар гарсан ч тус дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хаанаас авах вэ гэж санаа зоволтгүй бид бусад эмнэлгүүдэд эмчлүүлэх зохицуулалтыг хийж байна. Тус дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг харин хүүхдийн тусламж үйлчилгээг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх боломжтой болсон. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт короновирусийн халдвар илэрснээс хойш тохиолдлын ойрын болон дам хавьтлын 1000 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлуудыг тусгаарлах ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. Бид ойрын хоёр хоногийн хугацаанд хавьтагчдыг бүрэн тогтоож дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал сайн биш байгаа боловч нийслэлийн хэмжээнд 250 мянган иргэн шинжилгээнд хамрагдсан байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл учруулж байна гэв. Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн чухал алхам нь хувь хүний хариуцлагатай үйлдэл, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг онцгойлон баримталж, байгууллагын QR кодыг заавал үүсгэж үйлчлүүлэгчдийг эрсдэлээс хамгаалах үүргийг биелүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн сануулав. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.