![Томуугийн вакцинаа хаана хийлгэх вэ?](/uploads/20d9811b4f7b19875a01e3d26fc4c70b21bed9ba.jpg)
Томуугаас сэргийлье уриан дор дархлаажуулалтын арав хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам өчигдөр хүлээн авсан билээ. Ийн улирлын томуугийн эсрэг вакцинаа хаана хийлгэх талаарх мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотод: -2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт -Зургаан сартайгаас есөн насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад Аймгийн төвд: -2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт -2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй, сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад вакциндаа хамрагдана.
![Алтай Таван Богдод цасанд боогдсон иргэдийг аварчээ](/uploads/be66a755a0cf511fdd8280ea8707d771811353e3.jpg)
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэл Ерөнхийлөгчийн-Овоо-нд энэ сарын 24-ний өдөр аялж явсан 15 иргэн Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийг аюулгүй орчинд эсэн мэнд буулгажээ. Аялж явсан иргэдийн тээврийн хэрэгслийн шатахуун дууссан, тээврийн хэрэгсэл нь цасанд явах боломжгүй хүндрэлтэй нөхцөл үүссэн байсан юм. Байгалийн давшгүй хүчин зүйл тулгарсан хүнд үед эрүүл мэнд, амь насыг нь авран хамгаалсан алба хаагчдад иргэдийн төлөөлөл Онцгой байдлын газарт ирж талархал илэрхийллээгэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ
![Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд](/uploads/61f5041e5ef2d553cc1e38bd5f50f6f1a32cb18a.jpg)
Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувийн хэвшлийн клиник, ор бүхий эмнэлэг, мөн эмийн сангийн хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгааг авах болсон тул хавсралтад заасан хүснэгтийн дагуу судалгааг гаргаж, дараах цахим хаягаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор яаралтай ирүүлнэ үү. Сүхбаатар дүүрэгт байрлах эмийн сангууд [email protected] Баянзүрх дүүрэгт байрлах эмийн сангууд [email protected] Чингэлтэй дүүрэгт байрлах эмийн сангууд - [email protected] Баянгол дүүрэгт байрлах эмийн сангууд - [email protected] Хан-уул дүүрэгт байрлах эмийн сангууд- [email protected] Сонгинохайрхан дүүрэгт байрлах эмийн сангууд [email protected] Багануур, Налайх, Багахангай дүүрэгт байрлах эмийн сангууд nemg.als3 @gmail.com Жич: Асууж тодруулах зүйл байвал 79970101 утсаар Эмнэлгийн тусламжийн хэлтэстэй холбогдоно уу. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
![Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ](/uploads/9a0330402386db22382e3217ea9b89b5cd43b918.jpg)
Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг боломж бүрдэх аж. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөж буй. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь Дэд бүтэц-ийн ажлуудыг хийж байгаа юм.Уг төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Төслийн хүрээнд инженерийн дэд бүтцээс гадна нийгмийн барилга байгууламжуудыг бий болгож байгаа юм. Үүнд. 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төв, цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн хөгжлийн төв, тохижилт ногоон байгуулам, спорт комплекс зэрэг барилгуудыг барьж эхэлсэн юм. Ийнхүү 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төвүүд ашиглалтад ороод байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ Төслийн хүрээнд нийгэм эдийн засгийн судалгаа хийхэд иргэд оёдол, гоо сайхан, үсчний сургалтад хамрагдахыг хүссэн судалгаа гарсан. Сэлбэ дэд төвийн харъяа бизнес инкубатор төв ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 15000 мянган иргэн сургалтад хамрагдах бүрэн боломжтой.Гарааны бизнесээ хөгжүүлэх бүхий л үйлчилгээг авна гэсэн үг. Германы Эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Азийн хөгжлийн банкны Ур чадварыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж, мэргэжилтэн ажилтан бэлтгэж эхэлсэн байгаа. Иргэдийг ажилтай орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих чиглэлээр сургалтын төвүүд маань ажиллана хэмээлээ. Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-өөр хэрэгжих Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай боллоо](/uploads/ab0f4abadac237fcbf06ed42e8e8d226d6b41d1b.jpg)
Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Үйл ажиллагааг нээж, УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлсэн үгэндээ Хүн амынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэж байгаа Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр шинэ байрандаа орж байгаад баяртай байна. Би Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Цагдаа, Онцгой байдлын газруудын бааз суурийг бэхжүүлэх чиглэлд анхаарч шаардлагатай автомашин, техник тоног төхөөрөмжөөр ханган тодорхой парк шинэчлэлтүүдийг хийсэн. Цаашид ч гэсэн энэ байгууллагуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Энэ барилгыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компанийн хамт олонд болон холбогдох албаны хүмүүст нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хууль сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж яваа та бүхэндээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье хэмээв. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр Олон жилийн дараа Цагдаагийн хэлтэс маань шинэ байртай болж албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ нэмэгдэж байгаад баяртай байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ шинэ байр баригдах төсөв хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж ажилласанд нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Мөн Цагдаагийн Ерөнхий газар болон гүйцэтгэгч компанийн хамт олонд баярлаж байна. Бид өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах болно гэлээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр уг барилгын шавийг тавьж байсан бол богино хугацаанд барилгын ажлыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад орж, цагдаагийн бие бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулах шинэ тохилог, орчин үеийн шийдэлтэй гурван давхар барилгатай болж байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр Бат угсрал констракшн компани ажиллажээ. Шинэ байр ашиглалтад орсноор иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байгаа юм. Харин хуучин үйл ажиллагаа явуулж байсан барилгыг Эрүүлжүүлэх газар болгон ашиглах юм байна. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш ийнхүү 31 жилийн дараа шинэ байртай боллоо. Уг цагдаагийн хэлтэс нь одоогоор 100 гаруй албан хаагчидтай үйл ажиллагаа явуулдаг байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй