Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

​ Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага форум үргэлжилж байна. Форумын дараагийн хэлэлцсэн сэдэв нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд. Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн шинэлэг түншлэл сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Хууль, эрх зүйн орчин сайжирснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд журам боловсруулахаар ажиллаж байгаа. Хотын эдийн засгийг тэлэх тулгуур нь төр, хувийн хэвшлийн түншлэл. Цаашид Орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, Байгаль орчин, ногоон хөгжил, Нийтийн тээвэр, Тээвэр, логистик, Орчны бохирдлын менежмент, Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ тогтвортой хөгжлийг дэмжсэн, тэгш хүртээмжтэй, ногоон/эко хөгжил, инновацлаг, ухаалаг байхад анхаарна. Төр, хувийн хэвшил хоёр талдаа ач холбогдол өндөртэй. Тухайлбал, төр талаас хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн ачаалал бууруулах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон нийтийн оролцоог хангасан, нийслэлийн хөгжлийн төлөөх түншлэл гэж харж байгаа гэдгийг хэллээ. Сэдвийн хүрээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан Дэд захирал С.Цэрэндаш нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва энэ үеэр Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлд анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотыг хөгжлийг төлөвлөх боломжгүй гэдгийг тодотголоо. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар жилд 15 мянган айлын орон сууц ашиглалтад орж байна. Өнгөрсөн жилүүдэд зах зээл дээр 30 мянга орчим айлын орон сууц борлуулагдахгүй байсан бол өдгөө 1-2 өрөө байрны эрэлт их байгааг онцоллоо. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл орон сууцны салбарт чухал гэдгийг хэлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

​ Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм. Өнөөдрийн уулзалтад нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцлоо. Уулзалтын үеэр Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Инкубатор Төв ТББ-ын Тэргүүн Б.Гүнжилмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбат гэр бүлийн хамтаар зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн эмнэлэг байгуулахад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлүүлэх, мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ч.Хүрэлбаатар өрхийн амьжиргааны төвшинг дээшлүүлж, орлогын эх үүсвэртэй болоход бодит дэмжлэг үзүүлэхийг тус тус хүслээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон салбаруудад үнэ төлбөргүй ажлын байр гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан, борлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон байна. Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбатын хүсэлтийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ч.Хүрэлбаатарын хүсэлтийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс тус тус судалж, зохих журмын дагуу дэмжиж ажиллахаар шийдвэрлэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Батмөнх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго

​ Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага форум үргэлжилж байна. Форум гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нээх нь. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх Хуулиар нээгдсэн эдийн засгийн шинэ боломжууд сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар бий болсон эдийн засгийн боломжууд болон олон улсын санхүүгийн төв, ногоон бондын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Ковид-19-ийн дараах нийслэлийн эдийн засгийг төсвийн бус хөрөнгө оруулалтаар сэргээх чиглэлээр орон сууцны дэд бүтцийн хөрөнгө оруулалт, цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэл, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам, дагуул хотууд зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээрийг хэрэгжүүлснээр 35 мянган өрхийг орлогод нийцсэн орон сууцтай болгох, дор хаяж дотоодын 40 ногоон жижиг, дунд үйлдвэр урт хугацааны хөрөнгийн санхүүжилт авах зэрэг үр дүн буй болох юм. Мөн эдгээр төсвийн бус санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн албан ёсны тусламж, төр-хувийн хэвшлэлийн түншлэл болон арилжааны замаар шийдвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн зүгээс хөгжлийн түнш олон улсын байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгдэж, дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх: -Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Энэ хууль батлагдсанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид төсвийн бус салбарт хамтарч ажиллах боломж бий боллоо. Улаанбаатар хотод оршин сууж буй 1.6 сая иргэний дийлэнх нь худалдаа, үйлчилгээний салбараас орлого олдог. Энэ салбар цар тахлаас шалтгаалан үүд хаалгаа барьсан нь эдийн засгийг нэн хүндрүүлсэн. Тиймээс цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго юм. Улсын төсвийн 70 орчим хувийг албан татвар бүрдүүлдэг. Мөн Улаанбаатар хотод 170 мянга орчим өрх гэр хороололд амьдарч байна. Дэд бүтцийг нь шийдсэн, өөрийн орлогод нийцсэн орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал юм гэлээ. Түүнчлэн энэ үеэр Ерөнхий сайдын зөвлөх Д.Ирмүүн, Сангийн сайдын Эдийн засгийн зөвлөх Л.Болормаа, ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Руфуат Алимарданав, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж байна

​ Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага форум болж байна. Тус форумд Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм. Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа. Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатарын хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна хэмээв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа. 2022 оноос эхлэн хэрэгжих энэхүү хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшлэх, нийслэл нь хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах замаар нийслэл хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. УИХ-ын гишүүн бөгөөд УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан Нийслэл хотод тулгамдаж байгаа олон асуудал байгаа. УИХ эдгээр асуудалд цэг тавихаар нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ-д анх удаа улс төрийн нам, эвсэл үл хамааран, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд эвлэлдэж, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороог байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой хэмээн ярилаа. Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөж, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрээд байгаа. Энэхүү өсөлттэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн талаас илүү хувь нь төвлөрсөн ч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өнгөрсөн хугацаанд анхаараагүй, хойш тавьсаар ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчидтай хамтарч шийдвэрлэх ажлууд Улаанбаатар хотод олон бий бөгөөд энэ ч зорилгын үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцох юм. Мөн авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хөдөлгөөнийг сайжруулах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцоно. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТУУДЫГ ТОГТМОЛЖУУЛНА

​ Озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээ, конвенцын талаар сэтгүүлчдэд мэдлэг олгох сургалт-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас зохион байгууллаа. Хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага нь Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг боловсруулж, батлах үндсэн нөхцөл болсон юм. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь озон задалдаг бодисуудын тасралгүй хэрэглэснээс үүдэж байгаль орчин, хүний эрүүл мэндэд учирч байгаа тодорхой аюулын эсрэг олон улсын зүгээс авч буй хариу арга хэмжээ болж байна. Озоны давхаргыг хамгаалах хэрэгцээ шаардлага, ач холбогдол, хууль эрхзүйн орчин, шинэчлэн баталсан журам, стандарт, Монреалийн протокол ба түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийг олон нийтэд хүргэх талаар ойлголтуудыг өгсөн энэ удаагийн сургалтад 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд хамрагдлаа. Өнгөрсөн 70 гаруй жилд озоны давхарга гэмтсэний улмаас нарны хөнөөлт хэт ягаан туяа аюул учруулах болсон. Иймд Озоны давхаргыг гэмтээдэг бүх төрлийн агааржуулалтын систем, хөргөгч, хөргүүрт хэрэглэдэг хлор, фтор агуулсан хөргөх бодисын хэрэглээг зогсоох, багасгах арга хэмжээг дэлхий нийт авч байгааг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн дурдаад автомашины агааржуулагч солих засварлах, үйлчилгээ эрхлэгчдийг сургалтад хамруулж, хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч, байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр солих боломжийг таниулж байгааг онцоллоо. Байгаль орчин бол бидний амьсгалах агаар, гишгэх газар, орон гэр. Нийгмийн бүх салбартай уялдаа холбоотой. Иймд сэтгүүлчдийг мэдлэг, мэдээллээр хангаж ажиллахад салбарын яам анхаарч, сургалтуудыг тогтмолжуулж, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх, чадавхжуулахад анхааран ажиллана. Энэ удаагийн сургалтын үеэр мөн Монгол оронд уур амьсгалтын өөрчлөлтийн улмаас үүсэж буй байгаль орчны асуудал, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээ, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат өглөө. Тэрээр Дэлхийн агаарын температурын өөрчлөлтийг 1850-1900 оны дундажтай харьцуулахад 1.1 хэмээр нэмэгдэж 2000 оноос хойш хамгийн халуун 19 жил тохиосон. Байгалийн гамшигт үзэгдэл 6 дахин нэмэгдсэн байна. Энэ үйл явц Монгол оронд хоёр дахин хурдацтай явагдаж байгаа. Манай орон сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, цөлжих явц илүү ажиглагдаж, жилийн дундаж температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан гэдгийг онцлов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.