БНСУ-д 2019 онд хөдөлмөрийн гэрээт ажилтнаар явахаар хүлээгдэж байсан иргэдийг илгээлээ

​ БНСУ-ын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгох, Монгол, Узбекстан, Мьенмар, Филлипин зэрэг улсаас ажиллах хүч авахаа албан ёсоор мэдэгдсэний дагуу илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар өөрийн орны ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгээр хүлээн авахаар нэрсийг эцэслэн ирүүлсэн 39 иргэнийг зохих бэлтгэлийг хангуулж өчигдөр илгээлээ. 2019 оны сонгон шалгаруулалтад тэнцэж, БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан Монгол Улсын нэр бүхий иргэдээс нөхцөл байдлын судалгаа авах, эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамруулах, виз мэдүүлэх, тийзний захиалга баталгаажуулах, явахаас 72 цагийн өмнө БНСУ-ын Элчин Сайдын Яамнаас заасан эмнэлэгт PCR шинжилгээ өгүүлэх, хилээр гарах зөвлөгөө мэдээллээр хангах, явахаас нэг хоногийн өмнө тусгаарлах, иргэдийн саналд үндэслэсэн хувийн мэдээллийг нөгөө талд цаг тухайд нь хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. 2019 оноос БНСУ-ын Гадаад ажил хайгчаар хөдөлмөрийн биржид нэр нь байршиж ажлын санал хүлээн авсан, явах тов хүлээгдэж буй 670 орчим иргэн байна. Эдгээр иргэдийг анх Хөдөлмөрийн биржид байршиж, ажлын санал хүлээн авсан дарааллаар нь хүлээн авах тухай БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь И Пи Эс төвөөс бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын Ажлын хэсгийн уулзалт болов

​ Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн сантай хамтран хотуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан туршлага солилцох, оновчтой шийдэл олох, бүс нутгийн хотуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 2014, 2016, 2018, 2020 онуудад болон сэдэвчилсэн хурлыг 2015 онд Улаанбаатар хотод тогтвортой, ногоон, хүртээмжтэй хотуудын хөгжил, байгаль орчны асуудал, агаарын бохирдол, усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, хотуудын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн санхүүгийн механизм, эко тээвэр, ногоон дэд бүтэц, Ковид-19 цар тахлын үед хотуудын сайн туршлагыг солилцох нь зэрэг сэдвийн хүрээнд тус тус амжилттай зохион байгуулж ирсэн. Зүүн хойд Азийн хотын дарга нарын 5 дахь удаагийн форумыг ирэх 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус форумын бэлтгэл ажлыг хангах зорилгоор оролцогч хотуудтай хамтран Ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улс орны 20 хотын 40 гаруй төлөөлөгчид оролцож ирэх оны форумаар хэлэлцэх сэдэв, агуулга, болон форумын дүрмийн төслийн талаар харилцан санал солилцов. Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ тус форумыг бүс нутгийн өмнө тулгамдаж буй зорилтуудыг шийдвэрлэхийн тулд туршлагаа хуваалцах, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойг онцлоод цаашид идэвхтэй хамтран ажиллахыг уриалав. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж байна

​ Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Тэрбээр УИХ-аас нийслэлийн төсвийн нийт орлогыг 1 их наяд 537.8 тэрбум төгрөг, суурь орлогыг 1 их наяд 400.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 866.9 тэрбум төгрөг, төсвийн тухай хуулийн 56.2.2 дахь заалтын дагуу нийслэлийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг болох 160 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр заасан. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахад 420 тэрбум төгрөгийг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг батлагдсан түвшнээс 4.5 тэрбум төгрөгөөр бууруулж 28.6 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан гэлээ. Хуульд заасны дагуу нийслэлийн төсвийн төсөлд иргэдийн саналыг авч, тусгажээ. 2021 онд нийслэлийн төсвийн гүйцэтгэл нь зарим нэр төрөл дээр тасарч байгааг мөн дурдаж байлаа. Ковид-19 цар тахлын улмаас цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ 43.7 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 11.5 тэрбум, газрын төлбөр 33.8 тэрбум, нийслэл хотын татвар 1.9 тэрбум, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 1.3 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин газрын дуудлага худалдааны орлого 12.5 тэрбум, хүү торгуулийн орлого 18.2 тэрбум төгрөгөөр даван биелжээ. Нийслэлийн 2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь ирэх оноос аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь, хувь хүний орлогын тодорхой хувь нийслэлийн төсөвт үлдэх болсон зэрэгтэй холбоотой аж. Ирэх онд 847.3 тэрбум төгрөгийг 270 төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Энэ нь санал болгосон нийт төсөл арга хэмжээний 28 хувь нь юм. 2021 онд ердөө 115 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ. НИТХ-ын төлөөлөгч нар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлтэй танилцаж, шаардлагатай асуултдаа хариу авлаа. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-ын хороод болон ажлын албад нарийвчлан хэлэлцэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г НИТХ-аар хэлэлцэж байна

​ НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж байна. НИТХ-ын хуралдаан цахим болон танхим гэсэн холимог байдлаар хуралдаж буй юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ирэх оны төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан гэдгийг онцлон дурдлаа. Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө-г Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн долоон бүлэгтэйгээр боловсруулжээ. Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын өвчлөл, нас баралтыг бууруулж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ. Арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 74.8 хувь I тунд, 71.3 хувь II тунд, 27.3 хувь III тунд хамрагдаад байна. Нийгэм эдийн засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн орлогыг дэмжих, халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд 3662 байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулан ажиллуулсан. Цаашид эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлтэд анхаарч, ариутгал халдваргүйжүүлэлтийг тухай бүр ханган ажилласан бөгөөд цаашид гэдгийг ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлж, сургалт зохин байгуулахаар төлөвлөсөн гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцлон дурдлаа. Тэрбээр НИТХ-ын хуралдаанд Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө-нд багтсан цаашид хийж хэрэгжүүлэхээр ажлаасаа танилцуулсан. Засаг дарга болон түүний удирдлагын багийнхан ирэх оны төсөв болоод бусад бодлогын баримт бичгээ танилцуулан НИТХ-ын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулж байна. НИТХ-ын XI хуралдаан үргэлжилж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэж байна

​ Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор баталгаат шуудангаар /KGB Tegbe/хүргэж байна. Тодруулбал, Үйлчилгээтэй холбоотой хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн шийдвэр гарснаас хойш 24-36 цагийн хугацаанд баримт бичгийг үйлчлүүлэгчид хүргэх юм. Хэрэв татгалзсан тохиолдолд төлбөрийг буцаан олгоно. Ийнхүү хүргэлтийн үйлчилгээ нэвтэрснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага баримт бичгээ авахаар заавал биечлэн очих шаардлагагүй цаг хугацаа хэмнэн, гараас гарт найдвартай, шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэж байнагэжГИХГ-аас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.