ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх тушаал буулгав

Автобусны буудал бараадсан ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх тушаалыг өчигдөр хотын дарга гаргасан тухай Өдрийн шуудан сонин мэдээлжээ. Ингэхдээ ирэх сард багтаан нүүлгэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн бөгөөд оронд нь сандал, хогийн сав, саравч болон нийтийн тээврийн маршрутыг заасан самбар байрлуулахаар болжээ. Энэ шийдвэр ТҮЦ эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч болох ч хүлээж авахгүй байхыг Хотын дарга хатуу анхааруулсан байна. Т.МАША

Зөвшөөрөлгүй  барилгүүд баригдсаар байна

Зөвшөөрөлгүйгээр баригдаж байгаа барилгын жагсаалтыг гаргаж дулаан, цахилгаанаар хангахгүй байх үүргийг хотын мэр өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ үүрэгт ажил нь бараг л биелээгүй гэхэд болно. Барилгын ажил үргэлжилж, хүний амь нас эрсддэгээрээ эрсдэж байна. Өчигдөр л гэхэд Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа барилгын зургаан давхраас хоёр хүн унаж гэмтсэн осол гарлаа. Бэртсэн хоёр залууг Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн ч нэг нь нас баржээ . Өдөр алгасахгүй гарч байгаа ослын талаарх мэдээлэл нийслэлчүүдийг айдаст автуулаад байна. Хууль дүрэм биелүүлээгүй барилгыг нураах хүртэл арга хэмжээ авна гэхээр аж ахуйн нэгжийн зарим захирал ёстой нураана гэж байхгүй хэмээн хариу мэдэгдээд байгаа. Барилгын ажлын улмаас хүний амь нас эрсдэх явдал урьд өмнө нь гарч байсан ч ойрын өдрүүд шиг ингэж ойр ойрхон олон гарч байсан тохиолдолд Монголд байхгүй билээ. Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын жагсаалт

Засгийн газрын  сайтыг хакерджээ

Өөрсдийгөө Мексикийн цахим тэмцэгчид хэмээн нэрлэсэн хакерууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцжээ. Тэд Мексикийн Тусгаар Тогтнолын өдөр-өөр тус улсын Засгийн газрын 10 сайт болон бусад сайтуудыг хакердаж эсэргүүцэлээ илэрхийлсэн байна. Хакеруудын дайралтанд өртсөн сайтуудын хуудсанд Ерөнхийлөгчийн сонгууль луйварын сонгууль болсон гэсэн утгатай бичиг гарсан байна. Мөн тэдгээр хакерууд авилга хээл хахууль, хар тамхитай холбоотой хүчирхийлэл, болон улсынхаа эдийн засгийг шүүмжилжээ. Тэд энэхүү эсэргүүцлийн дайралтаа энхийн цахим эсэргүүцэл хэмээгээд бид бол гэмт хэрэгтнүүд биш, бид бол үзэл болдлоо чөлөөтэй илэрхийлсэн оюутан, ажилчин, идэвхитэн Мексикчүүд гэсэн байна. Тэдгээр хакерууд Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог хуурамч Ерөнхийлөгч гээд өнгөрөгч долдугаар сарын сонгуулиар Мексикийн ардчилал алдагдсан хэмээсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог эдийн засгаа зөв удирдан чиглүүлж, хар тамхины хүчирхийлэлийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй хэмээн буруутгасан байна.

Нийслэлийн Засаг дарга хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн хүүхэд багачуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Засаг даргатай уулзахаар Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дэргэдэх Хүүхдийн холбоо болон, хөдөлмөр эрхлэдэг, хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн төвийн, хараа хяналтгүй хүүхдүүд гээд нийт 20 гаруй хүүхэд багачууд ирсэн байлаа. Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг, бидний өнөөдрийн энэхүү уулзалт хүүхэд багачуудын санал бодлыг сонсох, тэдэнд тулагмдаж байгаа асуудлаар санал дэвшүүлж, шийдвэрлэх боломжтой зарим нэг асуудлуудаар тодорхой чиг авах зорилготой хэмээн танилцуулсан. Эдгээр хүүхдүүдийн бүрэлдэхүүнд багтсан сурагч Э.Нандинцэцэг Хүүхэд бол цэцэг сэдвээр илтгэл тавьж, илтгэлдээ, авто машины осол болон ахуйн ослоос болж мянга мянган цэцэгс үхэж бас гундаж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид айх аюулгүй амгалан тайван орчинд амьдрахыг хүсэж байна, нийслэл хот маань хүүхдэд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлж, хүүхдэд ээлтэй орчинтой болоосой гэж хүсэж байна хэмээн онцолсон. Э.Нандинцэцэгийн илтгэлийг сонссоны дараа Хотын Захирагч, ээждээ, аавдаа хөтлүүлэн, үеийн найз нөхөдтэйгээ тоглон наадаж явсан бяцхан үрс нэг л өдөр аюулд өртөн амь насаараа хохирч байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бол томчуудын хариуцлагагүй байдлаас болж байгаа хэрэг юм. Тиймээс би, Нийслэлийн Засаг даргын хувьд хүүхдийн зорчих хэсэг болон, тоглон наадах орчинд баригдаж, хүүхдэд хор хохирол учруулж байгаа барилгуудыг буулгах болно гээд, хүүхдүүд дураараа тоглох тоглоомын талбайтай, аюулгүй зөрчих дугуйн замтай байх ёстой. Хамгийн гол нь хүүхдүүд та бүхэн эх орондоо хайртай байж, хогоо хаядаггүй, байгал орчноо сүйтэгдэггүй байгаасай гэж би хүсэж байна. Бидний хаясан хогийг гадаадаас хүн ирж цэвэрлэж байна шүү дээ. Бид эх орондоо хонцын сэтгэлээр хандаж, хогоо тааралдсан газраа хаяж хэрхэвч болохгүй. Улаанбаатар хот бол бидний гэр орон гэдгийг үргэлж санах хэрэгтэй шүү хэмээн захисан юм.

Япон 2030 он гэхэд цөмийн цахилгаан станцаасаа татгалзана

Япон улс 2030 он гэхэд атомын цахилгаан станц ашиглахаас татгалзана хэмээн Майнити симбун сонинд бичсэн байжээ. Мөн тус улсын Засгийн газар энэхүү шийдвэрээ энэ долоо хоногийн сүүлээр нийтэд зарлах төлөвтэй байгаа аж. Япон цөмийн инергийн хөтөлбөрөөсөө татгалзсанаар шинээр нэмж Атомын цахилгаан станц барихгүйн дээр 40 жил ашигласан станцыг жагсаалтаас гаргах, аюулгүй байдлы нь шалгасан станцын ажиллагааг сэргээх зэрэг үндсэн гурван зарчимд тулгуурлаж байна. Арлын орны эрх баригчдын шийдвэр 2011 оны 3-р сард Фукушима-1 атомын цахилгаан станцад гарсан ослын уршигтай холбоотой юм. Хоншю арлын зүүн эрэг хавийн нутгийн газар хөдлөлт атомын цахилгаан станцын осол, есөн метр өндөр цунами уусгэх шалтгаан болсон гжэ үзэж байгаа аж. Уг ослын улмаас 15 мянга орчим хүн амь үрэгдэж, тус улсын эдийн засагт их хэмжээний хохирол учирсан билээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.