Энэ сарын 24-нд нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ гэсэн А532 дугаарт захирамж гаргасан. Энэхүү цогц арга хэмжээнд Төрийн албан хаагч нийтийн тээврээр зорчино гэсэн нь сонирхол татаж байв. Захирамж хэрэгжиж эхэлсэн хоёр дахь өдрийн өглөө төрийн албан хаагчид хэрхэн ажилдаа ирж байгааг сонирхлоо. Өглөөний 07:40 цагт Сүхбаатарын талбайн уулзварын гэрлэн дохио асахыг хүлээн зогсож байтал зам хөндлөн гарсан явган зорчигчид дунд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл алхаж харагдсан юм. Тэрбээр гарцан дээрх Хөдөлгөөний аюулгүй байдал /ХАБ/-ын ажилчидтай уулзаж түр саатав. Түүнийг ажил руугаа алхах зуур цөөн хором ярилцлаа. -Өглөөний мэнд. Таныг өглөө бүр алхдаг гэж сонссон. Сая харин автобусаар ирж байх юм? -Их сайхан өглөө байна. Өглөө алхах сайхан шүү. Би ажилдаа ихэвчлэн алхаж ирдэг. Харин сүүлийн хоёр хоног нийтийн тээврээр үйлчлүүллээ. Замын ачаалал, түгжрэлийг багасгах тухай захирамж гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна. Нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг шийдвэр бодит байдалд хэр хэрэгжиж байгааг давхар шалгаж яваа санаатай. Өчигдөр Таван шараас Санкт Петербург буюу талбайн буудал хүртэл явсан. Өнөөдөр гэрээсээ энэ буудал хүртэл автобусаар ирлээ. Ямартай ч миний суусан автобусны үйлчилгээ сайн байна. Нийтийн тээвэртэй холбоотой таагүй яриа байдаг. Үүнийг би ташаа мэдээлэл юм байна гэж бодлоо. -Та сая Хөдөлгөөний аюулгүй байдлын ажилчидтай уулзаж харагдсан. Юуны талаар ярилцав? -Гарцан дээр хөдөлгөөн зохицуулж, явган зорчигчид тусалж байх нь ослоос урьдчилан сэргийлэх нэг арга гэж боддог. Тэдний хийж байгаа ажлыг хүмүүс хэр хүлээн авч байгааг асуулаа. Иргэд энэ үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа байнга илэрхийлдэг гэнэ. Гэхдээ зарим иргэн улаан гэрлээр гүйх тохиолдол гардаг юм байна. Иргэддээ хандаж Замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бусдынхаа ажлыг дэмжье гэж хэлмээр байна. -Нэлээд олон өөрчлөлт хийсэн. Замын ачаалал ямар байгаа талаар сонирхов уу? -Түгжрэл мэдэгдэхүйц буурсан талаар мэдээлэл авсан. Бид энэ шийдвэрийг гаргахдаа түгжрэлийг бууруулна гэж хэлээгүй. Олон газар авто замын засвар хийж байгаатай холбогдуулан замын хэт ачаалал бий болж, түгжрэл нэмэгдэх хандлагыг багасгах зорилго агуулсан юм. Багасах бус буурах хандлагатай байгаа нь сайшаалтай хэрэг. Үүнд маш их олзуурхаж байна. Хотын дарга нэлээд эртэч бололтой. Ямартай ч гаргасан шийдвэртээ үнэнч байж, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа аж. Түүнээс 30, 40 минутын дараа бусад ажилтан нь ажилдаа ирж байгаа харагдана лээ. Харин тэдний цөөн хэд нь алхаж ирсэн боловч ихэнх нь таксинаас бууж байгаа харагдав. Зарим нь бүр Ү дугаартай машинаар ажилдаа иржээ. Төрийн албан хаагчдын ажилдаа ирэх арга энэ өглөө ийм байлаа. Хоёр сар хэрэгжих дээрх шийдвэрийг дагахын тулд тэд таксинд багагүй мөнгө зарцуулах бололтой.
Өнөөдөр цэцэрлэгүүдийн бүртгэл албан ёсоор эхэлж байгаа. Хүүхдээ бүртгүүлэхээр очсон эцэг эхчүүд бүртгэлийн анхны өдрөө л Ямар ч орон тоо байхгүй, хуучин хүүхдүүдээ арай ядан багтааж байна гэсэн хариу сонсож байгаа юм. Үнэхээр ч улсын цэцэрлэгийн анги дүүргэлт 63 хүхэдтэй байгаа болохоор яах ч аргагүй. Гэсэн ч бас нэг арга байнаа. Энэ бол мэдээж хахууль. Нөгөө л айхтар хахууль ид цэцэрлэг, сургууль орох үеэр жинхэнэ утгаараа дунд шатандаа хэрэгжиж байгаа нь энэ. Одоогоор цэцэрлэгүүдийн дундаж хахууль 250-300 мянган төгрөг байгаа аж. Тэгээд хүүхдээ оруулсан хойноо ангийх нь хаалга цонхыг солих гээд засвараас дутуу үлдсэн зүйлийн талаар бодолцоорой гэж байгаа. Уул нь мөнгөтэй бол хувийн цэцэрлэгт аваачаад өгчихнө. Даан ч төлбөр нь сардаа л гэхэд 450-500 орчим мянган төгрөг буюу жилийн төлбөр нь таван саяаас эхэлж байгаа болохоор хүн бүр төлөөд байж чадахгүй. Иймээс арай дөнгүүр нь улсын цэцэрлэгт хахуулиа л төлөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм. Манай улс сүүлийн арван жил таван шорон барьсан гэдэг. Шоронгоос илүүтэйгээр цэцэрлэг сургууль гээд боловсрол олгодог газартаа түлхүү анхаарсан бол нэлээд хэдэн айлын жаалууд сургуулийн өмнөх боловсролтойгоо хоцрох байсансан.
Өвөр Монголын Ордос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Мисс тэмцээний эцсийн дүн гарч Хятадийн бүсгүй Юй Вэньси тэргүүн байрын титмийг хүртсэн билээ. Гэсэн ч дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус тэмцээнийг шударга бус явагдсан хэмээн дүгнэлт хийж шуугиан тарьлаа. Энэ удаагийн тэмцээний хагас финалд Энэтхэг, Мексик, Австрали, Хятад, Өмнөд Судан, Англи, Бразили, Испани, Филиппин, АНУ, Голланд, Индонез, Уэльс, Кенийн 15 үзэсгэлэнтэй бүсгүйчүүд шалгарч үлдсэнээс долоо тунаж титмийн төлөө өрсөлдсөн юм. Ингээд шүүгчдийн саналаар БНХАУ-ын мисс түрүүлж титмээ гардаж авсан. Үүний дараагаар шударга бус байсан гэдгийг батлахаар баримтуудыг дэлгэж эхэллээ. Учир нь финалд шалгарсан бүсгүйчүүд 30 секундэд өөрийгөө илэрхийлэхэд Хятадын мисс дуудлагаас эхлээд англи хэлэндээ таг байсан бөгөөд хэн ч түүний ярьсныг ойлгоогүй байна. Мөн титмээ гардан авсныхаа дараа эх хэлээрээ сэтгэгдэлээ илэрхийлж байсан нь шүүмжлэлд өртөх гол шалтгаан болсон байна.Дэлхийн Мисс 2012 бол Хятад улс өөрийн миссдээ гоо бүсгүйн титмийг хүчээр шахуу өгсөн хоёр дахь тохиолдол боллоо хэмээн томоохон мэдээллийн агентлагууд бичиж байгаа юм. Хятад сүүлийн арван жилд зургаан удаа уг тэмцээнийг эх орондоо зохиож амжсан. Энэ нь хэдийгээр сайшаалтай хэрэг боловч ойр ойрхон хоёр ч титмийг ингэж авсан нь сэжиг төрүүлээд байгаа аж. Харин энэ тухай энэтхэг, английн хэвлэлийн хуудаснаа Ийнхүү Хятад Дэлхийн Мисс-ийн титмийг юанаар худалдаж авч болдгийг харууллаа, Энэ бол зөвхөн Хятадын миссийн тэмцээн байсан, Дэлхийн мисс болсон бүсгүй хятад хэлээс өөр хэл мэддэггүй хэмээн бичжээ.
Мод тарья гэсэн иргэд хандахад зөвшөөрдөггүй байсан Богд хан уулын Дархан цаазат газрыг хамгаалах ёстой хүмүүс барилга барья гэсэн газарт нь өөрсдөө хөөцөлдөөд ч болов газар олгуулдаг нь зүйд нийцэхгүй хэрэг биз ээ. Зайсангийн уугуул оршин суугчдын хэлж байгаагаар бол шударга ёс, хуулийн хэрэгжилт үндсэндээ алдагдаж, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг хуулиудыг зөрчиж байгаа аж. Мөн үүнээс гадна нийслэлчүүдэд бүгдэд нь хамаатай хамгийн том зүйл бол ундны усны хомсдолыг бий болгоход хууль бусаар газар авсан барилгын компаниуд ихээхэн оролцоотой ажиллаж байгаа аж. Туулын ус хомсдож, ширгэж байгаа томоохон шалтгаануудын нэг нь энэ юм. Одоогийн байдлаар Зайсан орчимд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд 15 гүний худаг гаргасан, энэ нь ганц Зайсан хавийн биш нийт Нийслэлд байгаа иргэдийн ирээдүйг сүйдэлж байгаа хэрэг юм. Ер нь барилгын ажилд манай орон шиг цэнгэг, ундны хэрэглээний усаа хэрэглэдэг улс орон гэж хаана ч үгүй. Мөн Зайсан орчимд байрлаж байсан сүрьеэгийн болон халдвартын эмнэлгийн байрлаж байсан газарт ариутгал хийлгүйгээр барилга барьсан нь хэдэн жилийн дараа халдварт өвчин дэгдэхгүй гэх баталгаагүй болохыг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Үүний хажуугаар хот төлөвлөөгүй барилга барьснаас болж 2009 онд үер болж зам гүүр эвдэрч, зарим нэг байшин барилга усанд автаж байсан удаатай. 2004 оноос хойш олгогдсон аялал жуучлалын чиглэлийн газрууд дээр одоо Мантууш Анома, Сарнайх, Дабу, Мапекс, Эфмакс, 2007 оноос Бөхтбат, Сипоко, М-Фикс гэсэн компаниудын орон сууцны томоохон хэмжээний цогцолбор хорооллууд боссон байна. Үүнээс Мантууш ХХК л гэхэд 411-р хорих ангийн хашааг дамжуулан зөвшөөрөлгүйгээр газар ухаж кабель тасалсан, хорих лагериас тогны эх үүсвэрээ хууль бусаар авсан гээд олон ноцтой асуудлуудыг дэлгэж болно. Мөн үүний хажуугаар 2004 оноос хойш БОАЖ-ны сайд болон Төрийн нарийн бичгээр ажилласан хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, аялал жуулчлалын зориулалттай бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр их хэмжээний газар олгож, энэ газрууд нь өдгөө хөл гишгэх зайгүй барилга сүндэрлэчихээд байгаа юм. Баримт 3. Г.Шийлэгдамба сайд байхдаа 23, У.Барсболд өөрийн гарын үсгээр 7, өөр бусдын гарын үсгээр 30 орчим газрыг нийтдээ олгосон бол өөр нэгэн сайд 56 зөвшөөрөл олгосон байдаг. Тэр хүн бол Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар. Түүний олгосон газруудыг дурдвал: 1. 2007 онд Иргэн Д.Баярсайханд Богинын аманд 0,7 га 2. 2007 оны 11 сарын 24-нд Бага тэнгэрийн аманд Эрхэт нутагчин ХХК-д 1,5 га 3. 2007 оны 7 сард Их тэнгэрийн аманд иргэн Б.Сайнбаярт 5,5 га 4. 2007 оны 5 сард Зуун модны аманд Вайскинг ХХК-д 2 га 5. 2007 оныд Зуун модны аманд ЧДЧГ ХХК-д 1 га 6. 2007 оны 10 сард Төрхурахын аманд иргэн Л.Магвандоржид 2 га 7. 2007 оны 12 сарын 8-нд Төрхурахын аманд Жи Си Эс ХХК-д 2 га 8. 2007 онд Шажин хурахын аманд Хөгжил хайрхан ХХК-д 9 га 9. 2007 онд Ширдэгтийн аманд Тахилгат гурван сайхан ХХК-д 6 га 10. 2007 оны 12 сард Их булагийн аманд Иргэн Г.Лхагвасүрэнд 10 га 11. 2007 оны 12 сард Зүүн дэлгэрийн аманд иргэн Н.Даваахүүд 10 га 12. 2007 онд Тайны аманд Мизуно ХХК-д 2 га 13. 2007 онд Ташгайн аманд Чингисийн харш цогцолбор ХХК-д 18 га 14. 2007 оны 8 сард Хүүшийн аманд Фүжи Алтай ХХК-д 1,5 га 15. 2007 оны 10 сард Хүүшийн аманд Ш.Даваадоржид 2,4 га 16. 2007 онд Хүүшийн аманд Нэмэх трэйд ХХК-д 1,5 га 17. 2007 оны 11 сард Хүүшийн аманд ББМ орд ХХК-д 3 га 18. 2007 оны 12 сард Хүүшийн аманд Иргэн А.Мөнхбатад 1,5 га 19. 2007 онд Чандманы аманд Эрхсийн хүрд ХХК-д 1 га 20. 2007 оны 11 сард Чандманы аманд иргэн Б.Батсайханд 1 га 21. 2007 онд Чандманы аманд иргэн Н.Эрдэнэбилэгт 1 га 22. 2007 онд Чандманы аманд МЭЖЭ ХХК-д 2 га 23. 2007 онд Зайсанд иргэн С.Бямбадоржид 0,09 га 24. 2007 онд Зайсанд Цэц сартуул ХХК-д 2 га 25. 2007 онд Зайсанд иргэн Л.Отгонд 0,02 га 26. 2007 онд Зайсанд Тамир ногоон дэлхий ТББ-д 0,7 га 27. 2007 онд Зайсанд иргэн Б.Баттулга 3,75 га 28. 2007 онд Зайсанд Бизи би ХХК-д 2,5 га 29. 2007 онд Зайсанд Софт трейд ХХК-д 4,41 га 30. 2007 онд Зайсанд иргэн Б.Наранцэцэгт 3,15 га 31. 2007 онд Зайсанд Бизнес эйдвинс ХХК-д 3,5 га 32. 2007 онд Зайсанд Эх газрын эрдэнэс ХХк-д 4,25 га 33. 2007 онд Зайсанд БТТ-Импекс ХХК-д 4,05 га 34. 2007 онд Зайсанд иргэн Н.Энхтуяад 2 га 35. 2007 онд Тахилгат гурван сайхан ХХК-д 3 га 36. 2007 онд Зайсанд Идэр богд констракшн ХХК 0,4 га 37. 2007 онд Зайсанд Жи Си Эс ХХК-д 2 га 38. 2007 онд Зайсанд Мөнгөн Капитал ХХК-д 0,6 га 39. 2007 онд Зайсанд ХОХО ХХК-д 1 га 40. 2007 оны 10 сард Зайсанд Жуулчин ХХК-д 2,4 га 41. 2007 оны 5 сарын 3-нд Зайсанд иргэн Б.Мэндбаярт 0,48 га 42. 2007 оны 10 сарын 29-нд Зайсанд иргэн Ч.Пүрэвдаваад 1 га 43. 2007 оны 8 сарын 6-нд Зайсанд Гантулга бор ХХК-д 1,1 га 44. 2007 оны 8 сарын 14-нд Зайсанд иргэн А.Пүрэвнямд 1,5 га 45. 2007 онд Зайсанд иргэн Г.Мандахад 1 га 46. 2007 оны 10 сард Зайсанд Барилгын бирж ХХК-д 0,6 га 47. 2007 оны 11 сард Арвин Зайсан ХХК-д 1,2 га 48. 2007 оны 9 сарын 28-нд Зайсанд Классик авто трэйд ХХК-д 1 га 49. 2007 оны 9 сарын 28-нд Зайсанд Жинхэнэ Уянга ХХК-д 2 га 50. 2007 оны 7 сарын 23-нд Зайсанд Эм Си Эс групп П.Одпүрэв нэрээр 2,5 га 51. 2007 онд Зайсанд Их өргөө ХХК-д 1 га 52. 2007 онд Зайсанд Тосон өргөө ХХК-д 1 га 53. 2007 онд Зайсанд Жи Ди Энд Би ХХК-д 1,6 га 54. 2007 оны 5 сарын 22-нд Зайсанд иргэн Д.Жаргалмаад 0,05 55. 2007 онд Зайсанд иргэн Б.Лхагвадорж, Б.Сүхбаатар нарт 0,65 га 56. 2007 онд Зайсанд иргэн Ж.Амаржаргалд 2 га газрыг тус тус Байгаль орчны сайдаар ажиллаж байсан И.Эрдэнэбаатар гэгч өөрийн гарын үсгээр гэрчилгээ, зөвшөөрлийг аялал жуулчлалын хэлбэрээр олгожээ. Энэ компаниуд дотроос шүүгээд харвал /50 дугаар дээр/ иргэн П.Одпүрэвийн нэрээр бичиг баримт бүрдүүлэн Эм-Си-Эс групп барилгын газар авсан байгаа юм. Энэ газарт өдгөө аялал жуучлалын ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд одоо мөн л пентхаус хотхон сүндэрлэснийг харж болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан мэдээллээс харвал дээрх компаниудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл дээр аялал жуулчлалын тухай нэг ч зөвшөөрөл байхгүй болохыг харж болно. Мөн жижиг хэмжээний газар авсан иргэд газраа ихэвчлэн хятадуудад борлуулсан бөгөөд одоо Зайсангийн баруун, зүүн амаар барилга барьж байгаа компаниуд газраа дээрх жагсаалтад байгаа нэр бүхий байшгууллага, хувь хүмүүсээс 700 мянгаас 3,5 сая долларт багтаан худалдан авалт хийсэн байдаг. Аялал жуулчлалын чиглэлээр өгсөн зөвшөөрөл бүхий газруудад амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тоотой цөөхөн. Үлдсэн нь үндсэндээ барилга баригдаж, хэн нэгэнд зарагдсан гэсэн үг. Ийм хэмжээний санхүүгийн наад захын гаргалгаанаас цаана нь ямар авлигын томоохон сүлжээ явагдаж, эдгээр газруудыг олгосон, И.Эрдэнбаатар болон У.Барсболд, Г.Шийлэгдамба нар албан тушаалаа хэрхэн урвуулан ашиглаж, хэдий хэмжээний мөнгөөр халаасаа түнтийлгэсэн болохыг хэн ч мэдэхгүй. Гагцхүү энэ бүхний үр нөлөө нь бодит байдал дээр шууд харагдаж байгааг л харж болно. Эрх бүхий хууль, шүүхийн хүмүүс хэдийгээр албан тушаалаа өгсөн ч бай энэ хүмүүсийг шүүхийн өмнө дуудаж, байцааж хэргийг мөрдөх үүрэгтэй. 2004-2008 оныг хүртэл гурван сайдын гар дамжихдаа аялал жуулчлалын бүс нутаг ийнхүү барилгын бүс нутаг болж хувирсан байгаа юм. Цаашлаад төрийн дээд албан тушаал болох Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга нөхөр бас л өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ах дүүгийнхээ нэр дээр, мөн хувийн компаниудын нэр дээр хэдэн газар хэрхэн олгосныг бид мэдээлэх болно. Яг одоо Зайсан толгойг хорхойтсон шүд шиг наад талаас нь ухаж буй компани бол И.Эрдэнэбаатарын зөвшөөрлийг нь олгосон Софт трэйд компани юм.
Баянхонгорчууд гурван өдрийн турш наадаж, аваргуудаа тодрууллаа
2012-08-16 10:05:57 Нийтлэгдсэн: НийгэмБаянхонгор Бага Олимп хоёр дахь удаагаа энэ сарын 10, 11, 12-нд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа. УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 оны зун Баянхонгор аймагт анх удаагаа Бага Олимпийн бамбарыг асааж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохиож байхаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа Баянхонгор Бага Олимп сүр дуулиантайхан хөшгөө нээж, медалийн эздээ нэрлэсэн юм. Гурван өдрийн турш спортын есөн төрөлд 28 багийн 756 тамирчин алт, мөнгө, хүрэл медалийн төлөө авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Харин албан ёсоор Баянхонгор аймгийн Бага Олимпийн бамбарыг энэ сарын 10-нд асааж, нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэв. Нээлтийн үйл ажиллагаанд тус наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорих хонгор нутгийн 20 сум, есөн багийн тамирчид болон Олимпийн хүрэл медальт, МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ П.Лхамдэгд, Х.Болдбаатар, О.Балжинням, Олимпийн хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир, ОУХМ Г.Сугаржаргал, Э.Энхбат, Ш.Цэвэлмаа, Д.Төмөрхүлэг, Ч.Насантогтох, М.Уранцэцэг нарын тамирчид болон урлаг соёлынхон оролцсон юм. Хонгор нутгийн бөхчүүд тэмцээнийг эхлүүлэв Наймдугаар сарын 10-нд буюу эхний өдөр Хонгор нутгийн хүчит бөхчүүд Бага Олимп-ийг эхлүүлэв. Аймгийн цолтой 32 бөх тойрог системээр барилдаж, хагас шигшээд таван бөх үлдсэнээс Баянбулаг сумын харьяа аймгийн арслан Б.Эрдэнэхүү алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 16 барилдсанаас 15 давж түрүүлсэн бол Баян-Овоо сумын бөх аймгийн арслан Ч.Баасанбат хоёр унаатайгаар удаалсан юм. Харин хүрэл медалийг Богд сумын бөх аймгийн арслан Б.Бат-Орших хүртэж, эр бяраа гайхууллаа. Эхний өдөр чөлөөтийнхөн уран мэхээ уралдууллаа Бага Олимп-ийн эхний өдөр буюу өнгөрсөн баасан гарагт чөлөөт бөхийн аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 60, 66, 84 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 59 кг-ын жинд нийт 130 гаруй бөх хүч чадал, уран мэхээ уралдуулсан юм. Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медалийг Бөмбөгөр сумын Б.Мөнх-Очир, мөнгөн медалийг Баацагаан сумын Н.Лхагвасүрэн, хүрэл медалийг Цагаанчулуут сумын С.Мөнхдуулдах, М.Азбаясгалан нар хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 25 бөх барилдсанаас алтан медалийг гуравдугаар багийн Х.Лхагвасүрэн, мөнгөн медалийг Бууцагаан сумын Ш.Дэлгэрсайхан, хүрэл медалийг Богд сумын Х.Төмөрчөдөр, Гурванбулаг сумын Б.Эрхэмбаяр нар хүртсэн бол эрэгтэйчүүдийн 84 кг-ын жинд алтан медалийг Заг сумын Д.Цэрэнтогтох, мөнгөн медалийг Бөмбөгөр сумын М.Батцэнгэл, хүрэл медалийг Богд сумын Н.Энхбаатар, Баянговь сумын Г.Бат-Амгалан нар хүртэв. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медалийг Бөмбөгөр сумын Л.Ариунжаргал, мөнгөн медалийг Гашуут сумын Д.Нандинцэцэг, хүрэл медалийг Баянговь сумын М.Тамжидмаа, Б.Чойжмаа нар авсан бол 55 кг-ын жинд алтан медалийг Жинст сумын Э.Энхбуян, мөнгөн медалийг есдүгээр багийн М.Уранчимэг, хүрэл медалийг хоёрдугаар багийн Д.Лхамсүрэн, дөрөвдүгээр багийн Ж.Жавзанпагма нар хүртсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 59 кг-ын жинд 24 тамирчин оролцсоноос алтан медалийг Цахир сумын Ж.Түмэнжаргал, мөнгөн медалийг Гурванбулаг сумын М.Лхагвасүрэн, хүрэл медалийг есдүгээр сумын Ж.Мөнхзаяа, С.Долгоржав нар тус тус хүртсэн юм. Аймгийн 18 удаагийн аварга Ш.Норов дахин аваргалав Бага Олимп-ийн шатрын тэмцээнд Баянхонгор аймгийн 20 сум, есөн багийн 60 оролцогч швейцарь систем буюу хожсон нь хожсонтойгоо тоглох зарчмаар гурав хоногийн турш өрсөлдлөө. Шатарчид эхний өдөр тав, хоёр дахь өдөр гурван өрөг нүүж тоглосон бол тэмцээний сүүлчийн өдөр ганц өрөг нүүж, медалийн эздийг нэрлэв. Ингээд эрэгтэйчүүдийн төрөлд долоодугаар багийн Я.Бүрэндэлгэр 7.5 оноогоор алтан медаль, нэгдүгээр багийн Ц.Одонгэрэл 7.0 оноогоор мөнгөн медаль, наймдугаар багий Л.Хонгорзул 7.0 оноогоор хүрэл медалийн эзэд болов. Харин эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг аймгийн 18 удаагийн аварга, Монгол туургатны спортын мастер Ш.Норов хүртэж, энэ жил дахин аваргалав. Мөнгөн медалийг хоёрдугаар багийн Ж.Мэнд-Амар 7.0 оноо, хүрэл медалийг Богд сумын Л.Пүрэвлхам 6.5 оноогоор тус тус хүртсэн юм. Багш, шавь хоёр энэ тэнцүүхэн өрсөлдлөө Бага Олимп-ийн ширээний теннисний төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 60 тамирчин оролцлоо. Тэд ганцаарчилсан болон холимог хосын төрөлд найман хэсэгт хуваагдан хасагдах зарчмаар хоёр өдөр өрсөлдөж, аваргаа шалгаруулав. Холимог багийн төрөлд алтан медалийг нэгдүгээр багийн тамирчин, спортын дэд мастер Б.Сийлэгмаа, Н.Мөнх-Оргил нар хүртсэн бол мөнгөн медалийг Эрдэнэцогт сумын спортын мастер Б.Эрдэнэсувд, Б.Тэмүүлэн нар хүртэв. Хүрэл медалийг Шинэжинст сумын Г.Бат-эрдэнэ, Б.Нямсүрэн авлаа. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийг Р.Маргад, мөнгөн медалийг М.Мөнх-Оргил, хүрэл медалийг Г.Бат-Эрдэнэ нар хүртэж, эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Спортын мастер Б.Эрдэнэсувд, мөнгөн медалийг Б.Сийлэгмаа, хүрэл медалийн эзнээр Б.Батдэлгэр нар тодорлоо. Дашрамд дуулгахад Спортын мастер Б.Эрдэнэсувд өөрийн шавь Б.Сийлэгмаатай алтан медалийн төлөө тоглож, эн тэнцүүхэн өрсөлдсөн юм. Анх удаагаа оролцож, алтын болзол хангав Бага Олимпийн хүчний гурван төрөл болох газраас, цээжнээс, суултаар өргөх төрөлд нийт 50 гаруй тамирчин +75, -75 кг-ын жинд хүч чадал, эр бяраа үзсэн. Улмаар +75 кг-ын жинд Б.Мөнхтүшиг анх удаа өрсөлдөж байгаа хэдий ч 270 кг-д сууж, алтын болзол хангасан юм. Мөнгөн медалийг С.Бат-Ирээдүй, хүрэл медалийг М.Батцэнгэл нар хүртлээ. Харин хүчний гурван төрөлтийн -75 кг-ын жинд алтан медалийг Богд сумын Б.Гансүх, мөнгөн медалийг Баян-Өндөр сумын Э.Сувджамц, хүрэл медалийг Хамо багийн тамирчин Ч.Цэрэндорж нар тус тус хүртсэн юм. Аймагтаа 13 дахь удаагаа түрүүллээ Бага Олимп-ийн хамгийн өрсөлдөөнтэй, халуухан болж өнгөрсөн тэмцээн бол яах аргагүй гар бөмбөгийн тэмцээн байв. Хоёр өдрийн турш ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн тэд өнгөрсөн бямба гарагт медалийн эздээ тодруулсан юм. Баянхонгор аймгийн есөн дүүрэг, 20 сум болон Алтны уурхайчдын баг, Цэргийн ангийн баг гээд нийт 60 баг өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн алтан медалийг аймгийн 13 удаагийн Б.Цэвээндулам ахлагчтай Богд сумын баг тамирчид хүртсэн бол мөнгөн медалийг Эрдэнцогт, хүрэл медалийг Жинст сумын баг тус тус хүртэв. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Н.Шүглэгмаа ахлагчтай Баянцагаан сумын баг хүртсэн юм. Мөнгөн медалийг нэгдүгээр баг, хүрэл медалийг Жинст сумын баг, тамирчид авлаа. Өнгөрсөн ням гарагт болсон Бага Олимп-ийн хаалтын үеэр Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ О.Балжинням Сайхан наадам болж өнгөрлөө. Энэхүү Бага Олимп манай улсад спортыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна хэмээв. УИХ-ын гишүүн Х.Баттулга Шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор дөрвөн жилд нэг удаа болж байхаар зохион байгуулж буй Бага Олимп амжилттай болж өнгөрлөө. Анхны Олимпод спортын есөн төрлөөр гурав хоногийн турш өрсөлдөж, Баянхонгор аймаг Олимпоор амьсгалж байсан цаг саяхан. Бидний уриа бол Бага Олимп-оос их Олимпийн оргил өөд тэмүүлэх. Үнэхээр монголчууд бид Олимпийн аваргатай болохыг олон жил хүсч байсан. Бидний хүслийг Н.Түвшинбаяр Бээжингийн Олимпоос алтан медаль авснаар биелүүлсэн. Энэ нь ч бидэнд Бага Олимп бага ч гэсэн үүргээ гүйцэтгэж байна гэж бодуулсан хэмээн онцоллоо. Ийнхүү баянхонгорчууд гурван өдрийн турш сайхан наадлаа.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй