Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ

Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Энэхүү хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоож байжээ. Түүний дараа 1996 онд УИХ-ын тогтоолоор нийслэл болон дүүргүүдийн хилийн цэсийг тэлж, шинэчлэн баталсан байна. Энэхүү тогтоолын хоёрдугаар заалтаар Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг тухайн үеийн Засгийн газарт даалгасан байдаг. Харамсалтай нь, энэ асуудал одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүйн улмаас нийслэл хот болон дээрх сумдын газар нутагт тодорхой хэсэгт давхцал үүссэн байна. Тиймээс өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэв. Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэхийн тулд энэ онд Засгийн газрын 146 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 66 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 67 дугаар тушаал гарч, маргааныг эцэслэх Ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Ажлын хэсэгт салбарын яам, мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн төлөөлөл, Төв аймаг болон Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын Засаг даргын орлогч гэхчлэн 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэ онд хэд хэдэн удаа хуралджээ. Нийслэл хотын зүгээс 1996 онд баталсан хилийн цэсээр газар нутгаа бататгах хүсэлтээ илэрхийлсэн бол сумдын зүгээс дахин хуваалт хийх саналтай байгаа аж. Тиймээс Улаанбаатар хотын хилийн цэсийг 1996 оны УИХ-ын тогтоолоор тогтоох асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, цаашлаад Ажлын хэсэг, Засгийн газар, УИХ-д өргөн барьж, хилийн цэсээ баталгаажуулж авах нь зүйтэй юм гэдэгт Зөвлөлийн хурлын гишүүд санал нэгдэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өнөө маргаашдаа цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна

Өнөө маргаашдаа нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хагаст хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. Өнөөдрийн /11 сарын 19-ний/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. 2021 оны 11 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн өмнөд хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээгЭНДдарж хүлээн авна уу.

Зарим дүүргийн хороодыг хувааж, шинээр зохион байгуулах санал гаргав

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн удаах асуудал нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай байлаа. Дээрх дүүргүүдийн зарим хорооны хүн ам, өрхийн тоо хэт олон байгаагаас ачаалал ихсэж, иргэдэд хүрэх үйлчилгээнд хүндрэл учирч буй тухай саналыг ирүүлсний дагуу энэхүү асуудлыг боловсруулсан байна. Нийслэл Улаанбаатар хот өдгөө 171 хороотой. Тэдгээрийн хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас зарим хороог хуваах, шинээр байгуулах зэргээр ачаалал тэнцүүлэх саналыг тухайн хороо, дүүргээс ирүүлсэн байна. Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулж, нийт 35 хороотой болох санал ирүүлсэн бол Баянзүрх дүүргийн хувьд 28 хорооноос 17-г хувааж, шинээр 15 хороо байгуулан 43 хороотой болох санал ирүүлжээ. Харин Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байгаа юм. Нийтдээ 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой байхаар санал боловсруулсан байна. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд анхан шатны нэгжид ачаалал өндөр байгааг ойлгож буйгаа илэрхийлээд, хороо байгуулах зардал, хороодын байр, ажиллах боловсон хүчний цалингийн зардал болоод бусад зардлын тухайд шийдэл гаргах шаардлагатайг санууллаа. Асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов. Барилгын зөвшөөрлийг цахимаар олгодог болно Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах ажлаа танилцуулав. Тус байгууллагаас Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулсан бөгөөд энэ сан нь байр зүйн зураг болон хот байгуулалтын менежментийн системээс бүрддэг байна. Нийслэлийн байр зүйн зургийн мэдээллийн санд 80 мянган ам метр талбайн зургийг багтаажээ. Хот байгуулалтын мэдээллийн санг баяжуулах ажлыг тус байгууллага хариуцахын сацуу архитектур төлөвлөгөөний байршлын схем, барилгын ажлын үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг лавлагаа мэдээллүүдийг хэвлэн гаргадаг байна. Эдгээр систем, мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд 3415 барилгын талаарх бүхий л мэдээлэл байршсан байдаг аж. Хот байгуулалтын чиглэлийн 22 үйлчилгээг цахимжуулснаас хамгийн эрэлттэй зургаан төрлийн найман үйлчилгээний хүсэлтийг цахимаар авч буй гэнэ. Барилга байгууламж барих хүсэлтийг барилгажсан хэсэгт, гэр хороололд, тусгай хамгаалалттай газар нутагт хэмээн авч байгаагаас 2021 оны эхний хагас жилд нийт хүсэлтийн 21 хувийг цахимаар авчээ. Ингэснээр нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж хүсэлт илгээсэн иргэн 6-9 хоногт хариу авдаг байсан бол цахимд шилжсэнээр 1-2 хоног болон хурдтай шийдэх болжээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас энэ ондоо багтаан цахим үйлчилгээг 36 хувьд хүргэх зорилттой ажиллаж буй гэдгээ танилцуулсан. Цаашид барилга барих болон барилгын чиглэлийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Загвар зураг батлуулах, техникийн нөхцөл авах, барилгын ажлын зураг, магадлал хийлгэх гэхчлэн бүхий л үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах юм байна. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд цахим системд шилжих нь сайшаалтай хэмээн дэмжээд, цахим системийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах, IT чиглэлд мэргэшсэн хүмүүсийн зүгээс хуурамч бичиг баримт бүрдүүлэн барилгын болон бусад зөвшөөрөлд хийдэл гарган, шинэ төрлийн бизнес болчих вий гэсэн болгоомжлол байгааг нуусангүй. Цахим гэмт хэрэг, залилан их хэмжээгээр гарч байгааг анхааралтай аваарай хэмээн санууллаа. Эх орноо, хотоо сурталчлан таниулах үүргээ хэрэгжүүлэхийг хүслээ Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2021 оны эхний гурван улирлын байдлаарх үйл ажиллагааны танилцуулгаа Нийслэлийн Засаг даргын Зөвлөлд танилцууллаа. Тус газрын дарга Ж.Дамдинцэрэн Нийслэлийн Соёл, урлагийн газар нь Нийслэлийн Номын сан, Соёлын төв өргөө, Улаанбаатар театр, Хотын номын сан гэхчлэн 11 харьяа байгууллагатай. Үйл ажиллагаа маань соёл болон урлагийн гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд байдаг түүх, соёлын дурсгалуудыг манай байгууллага хариуцан ажилладаг. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт түүх, соёлын газрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, эдийн засгийн эргэлтэд оруулахаар заасан байдаг. Энэ хүрээнд Археологийн хүрээлэнтэй хамтран Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг хийсэн. Энэ ажил ирэх онд мөн үргэлжилнэ. Судлаад өнгөрөх бус, ил музей буюу эко музейг байгуулахаар зорьж байгаа хэмээн өгүүллээ. Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийслэлийн хэмжээнд яаралтай сэргээн засварлах түүх, соёлын дурсгалуудын жагсаалтыг гаргасан байна. Улаанбаатар хотын музейн ажилчид хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаас эхлээд анхааралдаа авч шийдэх асуудал цөөнгүй байдгийг мөн тодотгосон. Улсын болон нийслэлийн хамгаалалтад авах дурсгалуудын жагсаалтыг гаргаж, соёлын өвийг авран хамгаалахад зориулж тодорхой төсөв гаргах саналыг хэлж байлаа. Түүх, соёлын өвийг эзэнтэй болгох, сэргээн засахаар хувийн хэвшлийн байгууллагуудтай ярилцаж буй аж. Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын танилцуулга мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. -Нийслэлийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, авран хамгаалахад санаачилгатай ажилла. Бүх юмыг даацтай, далайцтай хараарай. Хийх ажлаа цаасан дээр буулгаж, ТЭЗҮ боловсруулж бэлэн болго. Тэгж гэмээнэ гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Хөрөнгө санхүү татах нь боломжгүй зүйл биш. Хотын номын сангийн жишээ байна. БНСУ-аас бага боловч хөрөнгө татаж чадсан. -Хотын уриа, брэнд бүүкийг шинэчлэх тал дээр анхаар. Хотын түүхээс эхлээд соёл, хууль, дүрэм стандарт гээд бүгдийг сурталчлах гарцыг нэг болгох, зорилгоо нэгтгэхэд анхаараарай. -Соёл урлагийнхан та бүхэн бол үндэсний өв соёлыг тээгч нар юм шүү. Тиймээс эх орноо, хотоо сурталчлан таниулах үүрэг та бүхнийх. Австрийн Венийн театртай хамтран ажиллах эхлэл тавигдаад маш удаж байна. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч, гадаадын жуулчдыг татах бүхий л боломжийг судлаарай. -Монгол туургатнууд, буддын шашинтнуудыг татах хэрэгтэй. Хүний урсгалыг санхүү, эдийн засгийн боломж дагалддаг. Үүнийг дагалдуулан шинэ шинэ бүтээгдэхүүнийг бий болго. Үгүйдээ л гудамжны үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн соёл хөгжинө. Дэлхийн том хотуудад гудамжны соёл хөгжсөн байдаг. Гэтэл манай хотод баахан хяналт шалгалтаар далайлгадаг, хувийн хэвшлийнхнээ мохоодог, урам зоригийг нь хугалдаг. Үүнийг засах хэрэгтэй гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 19 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний төсөл, 2021 оны өмч хувьчлалын орлого хийгээд төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг танилцуулан хэлэлцүүлэв. Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө-г анх удаа боловсруулж байгаагаараа онцлог юм. Энэхүү төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө зэрэг дунд болон богино хугацааны бодлогын баримт бичиг, зорилтуудад нийцүүлсэн байна. Мөн доороос дээш төлөвлөлтийн зарчмыг баримталж, нутгийн захиргааны 90 байгууллагаас 753 санал авч нэгтгэжээ. Уг төлөвлөгөө нь: - Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого -Хүний хөгжлийн бодлого -Эдийн засгийн бодлого -Засаглалын бодлого -Ногоон хөгжлийн бодлого -Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого -Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гэсэн долоон бүлэгт багтсан 22 тэргүүлэх зорилт, 522 арга хэмжээнээс бүрдэж буй юм. Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө-нд тусгасан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штабыг байгуулж, нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бүх төрлийн бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын өвчлөл, нас баралтыг бууруулж, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зэрэг зорилтууд багтжээ. ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгахад дэмжлэг үзүүлж сургалт зохин байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг НЭМГ, түүний харьяа 29 байгууллага, 154 Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 2754 эмнэлэг, клиник сувилал, эмийн сангууд үзүүлж байгаа юм. Эмч сувилагчийн харьцаа алдагдаж, сувилагчийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн тодотгож байв. Нэг эмчид 273 иргэн, нэг сувилагчид 379 иргэн ногдож байна. Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүсийн эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулж, эрх бүхий байгууллагуудад хүргэх нь бас нэгэн чухал зорилт байсан юм. Хот орчимд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хүн амыг хүнсний хангамжийг сайжруулах цахилгаан хангамжийг нэмэгдүүлж гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхүүдийг гэрэл цахилгаанд холбох, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, багтаамж ихтэй нийтийн тээврийг эхлүүлэх зэрэг зорилтуудыг багтаасан байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 10.2 км автозам барих, түгжрэлийг 15 хувиар бууруулах гэхчилэн тулгамдсан асуудлуудыг мөн багтаажээ. Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт нийтдээ 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгажээ Нийслэлийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний төслийгНийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулав. 2022 оны төлөвлөгөөний төсөлд зургаан яам, УИХ-ын дөрвөн гишүүн, нийт 941 санал ирүүлснийг судлан боловсруулжээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар ирэх онд газрын суурь үнэлгээнд өөрчлөлт оруулах юм. Газрын үнэлгээ бүсчлэлийг дүүргүүд тогтоодог байсныг болиулж, нийслэл тогтоодог болж буй бөгөөд газрын дуудлага худалдааг үргэлжлүүлэхийн дээр дуудлага худалдаагүй өмчлүүлсэн газарт нөхөж дуудлага худалдааны төлбөр авахаар мөн заасан байна. Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт нийтдээ 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгагдсан байна. Энэ нь урьд өмнөх онуудын төлөгдөөгүй нөхөн төлбөртэй хамтатгасан төлбөр гэлээ. Эдийн засгаа тэлэх, дагуул хотуудыг хөгжүүлэхтэй холбоотойгоор зарим албан байгууллага, төрийн болон төсөвт байгууллагын хэрэгцээнд эзэмшиж буй газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд татах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд тусгах нь зүйтэй гэсэн саналыг Засаг даргын зөвлөлийн гишүүн тодотгож байлаа. Нийслэлийн Газрын алба цахимжсаныг энэ оны онцлох үйл явдлын нэг гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тодотгоод ирэх онд газрын төлбөрийн орлогыг төвлөрүүлэх ажилд онцгойлон анхаарч, хот хөгжүүлэх санд төвлөрүүлэх хөрөнгө, мөнгийг зохих ёсоор нь авдаг, орсон орлогоо эргээд Улаанбаатар хотын газар төлөвлөлт, газар зохион байгуулалтад зориулдаг байх учиртайг санууллаа. Ирэх онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг танилцуулав Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас 2021 оны өмч хувьчлалын орлого хийгээд төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг танилцуулав. 2021 онд найман байршилд нийслэлийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг нээлттэй дуудлагаар худалдахаар төлөвлөсөн ч хараахан шийдэгдээгүй өнөөг хүрээд байгаа юм. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэх ажил хойшлогдсоны зэрэгцээ энэ онд хэд хэдэн удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 13 нэр төрлийн үйл ажиллагаанаас бусдыг хязгаарласантай холбоотой ажээ. Нээлттэй дуудлага худалдаа танхимд болдог байсан бөгөөд цаашид цахимаар зохион байгуулах саналыг гаргаж буй юм. 2022 онд хувьчлах өмч хөрөнгийн жагсаалтыг гаргахдаа есөн дүүрэг, харьяа байгууллагаас санал авсан байна. Ирэх онд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуйн үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн түүхий эдийн захын лабораторийн барилга, Монгол шуудан ХК-ийн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь 46 дугаар салбар, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах 17 дугаар салбарын барилга гэсэн дөрвөн байршилд хувьчлал явуулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Эдгээр барилгууд нь тус тусын онцлогоос шалтгаалан 77-245 сая төгрөгөөр үнэлэгдээд байгаа юм. Өмнө нь дуудлага худалдаа зарласан ч санал ирээгүй 23 өмч, барилга байгууламж байдаг аж. Шинэ хуулиар дүүргүүд өмчтэй, захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Төрийн өмчийг сүүлийн 30 жилийн турш хувьчилсан нь хангалттай, цаашид хувьчлах гэхээсээ илүү зөв менежмент хийж, өмчийг үнэтэй, ирээдүйтэй болгох бодлогыг тусгаад буй юм. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын хувьд 2021 онд нээлттэй дуудлага худалдааг өнөөг хүртэл зохион байгуулаагүй, өмч хувьчлалын төлөвлөгөөг тасалдуулсан зэрэгт шүүмжлэлтэй хандаж байлаа. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал үргэлжилж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Ногоон барилга, түүний үнэлгээ системүүд” танилцуулах сургалтыг Баянхошуу дэд төвөөс эхлүүллээ

НЗДТГ болон Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Олон улсын санхүүгийн корпораци хамтран Ногоон барилга, түүний үнэлгээний системүүд, EDGE ногоон барилгын програм хангамж, стандарт, үнэлгээний систем сургалт, уулзалтыг Баянхошуу бизнес инкубатор сургалт, үйлдвэрлэлийн төвд өнөөдөр зохион байгуулж байна. Тус уулзалт, сургалт нь барилгын салбарынхны мэдлэг чадавх болон барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, ногоон барилгын үнэлгээний системүүд болон тэр дундаа EDGE -ийн талаарх мэдлэгийг түгээх зорилготой юм. Сургалтын талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатартай ярилцлаа. -Өнөөдрийн сургалтын онцлог юу вэ. Ногоон барилга, ногоон орон сууцны стандартын талаар уншигчдад танилцуулна уу? -Ногоон барилга, орон сууцны стандарт, үнэлгээ одоогоор манай улсад хараахан гараагүй байгаа юм. Гэсэн хэдий ч НЗДТГ-аас санаачлан ногоон барилга, ногоон орон сууцны талаарх ойлголтыг аж ахуйн нэгэж компаниудын хүрээнд төлөвшүүлэх сургалтыг анх удаа зохион байгуулж байна. НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран Ногоон орон сууц төслийг хэрэгжүүлж, олон улсын EDGE стандартыг нутагшуулахаар зорьж байна. Барилга, орон сууц барьж бүтээн байгуулалтад оролцож буй компанийнхан, инженер техникийн ажилтнууд нь ногоон барилгын талаарх ойлголттой болж байж Ногоон орон сууц төслийг амжилттай хэрэгжүүлнэ. Тиймээс бид Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтад оролцож буй 60 гаруй аж ахуйн нэгжийн ажилтнуудыг хамруулан өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Загвар орон сууцнууд ирэх оноос Баянхошуу дэд төвд баригдаж эхэлнэ. -Ногоон орон сууц нь бусад орон сууцны хөтөлбөрөөс юугаараа давуу талтай вэ? -Ногоон барилга, Ногоон орон сууц барих нь иргэдэд ямар нөлөөтэй вэ гэдгийг ойлгомжтой байдлаар тайлбарлавал, хэрэглээний зардал буурна, барилгын насжилт уртасна, чанар сайжирна, амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэхчилэн олон эерэг сайн тал бий. Төвийн зургаан дүүрэг дотроос хамгийн цөөн орон сууц баригдаж буй нь Сонгинохайрхан дүүрэг. Тиймээс Баняхошуу дэд төвөөс Ногоон орон сууц төслөө хэрэгжүүлж, 1000 айлын орон сууц барихаар сонгосон. Ногоон орон сууцнууд нь иргэдийн орлогод нийцсэн гэдгээрээ онцлогтой. Мөн худалдааны төвүүдийг хамтад нь барина. Өнөөдрийн зах зээлд баригдаж буй орон сууц стандартын шаардлага хангадаг уу гэсэн асуулт хариу нэхдэг. Тэгвэл энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2025 он гэхэд ногоон барилга, ногоон орон сууц жишиг болон тогтсон байх болно. Эхний төслүүд амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотод барилга барьж буй, гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтан ажиллаж байгаа барилгын компаниуд ч нэг шат ахиж, олон улсын хэмжээнд үнэлэгдэх болно. -Ногоон орон сууц төслийнхүрээнд нийслэлд хэдэн айлын орон сууц баригдах вэ? -Нийслэлийн хэмжээнд таван дэд төвд 10 мянган айлын орон сууц барина. 10 мянган айлын орон сууц барихад зориулж бид 570 сая ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар бид 270 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна. Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан зэрэг банк санхүүгийн байгууллагууд дэмжиж байгаа. 270 сая ам.долларын 53 сая ам.доллар нь буцалтгүй тусламж байгаа. Мөн Европын сэргээн босголтын банкнаас 30 сая ам.долларын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. Ирэх жилээс Баян-Уулын аманд 114 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэ бүхэнд оролцогч аж ахуйн нэгжүүд маань бэлэн байх шаардлагатай тул өнөөдрийн энэ сургалтыг явуулж байна. -Ногоон орон сууцны төсөлд оролцох компаниудын идэвх, санаачилга хэр байна? -Өнөөдрийн сургалт бол анхных. Анхны сургалтад 60 аж ахуйн нэгжид урилга өгснөөс 59 нь ирж оролцож байна. Эндээс барилгын салбарынхан маш идэвхтэй, ногоон барилгын төсөлд санаачилгатай оролцож байгаа нь харагдаж байна. Дараагийн удаад бид Сэлбэ, Шар хад, Толгойт дэд төвүүдэд сургалт зохион байгуулна гэлээ. Ногоон барилга нь барилгыг төлөвлөх, барих, ашиглах бүхий л хугацааг хамарсан ойлголт бөгөөд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх шийдлийг барилгын ажлын төлөвлөлт, архитектурын шийдлээс эхлэн тусган хэрэгжүүлдэг онцлогтой. Мөн ногоон эдийн засаг, ногоон хөгжил, цаашилбал тогтвортой хөгжлийн үндэс болдог байна. Түүнчлэн ногоон барилга нь хоорондоо харилцан адилгүй байдаг бөгөөд улс орон, бүс нутаг нь цаг уурын өвөрмөц нөхцөл, өвөрмөц соёл, уламжлал, барилгын төрөл, насжилт, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээний тэргүүлэх чиглэл гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалан тухайн бүс нутагт ямар байхыг тодорхойлдог байна. Сургалтад хамрагдаж буй мэргэжлийн холбоод, барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Монголын барилгын үндэсний ассоциаци-ийн ТББ-ын ерөнхий менежер Т.Болормаа: -Барилгын салбарынхан маань зөвхөн барилга бариад орхих биш яаж байгаль орчиндоо ээлтэй, эрчим хүч дулааны алдагдалгүй ая тухтай амьдрах вэ гэдэг гарц шийдлийг хайж байгаа. Тэгэхээр дэлхийн хамгийн сайн шилдэг технологи, шийдлийг Монголдоо нэвтрүүлэхэд анхаарахаас аргагүй. Ногоон барилга нэвтрүүлэх нь цаг хугацааны асуудал байсан. Шинэ стандарт, шинэ шийдлийг компани аж ахуйн нэгжид таниулж байгаа НЗДТГ бусад хамтран зохион байгуулагчдадаа талархаж байна. ВЕЕ инкорпорэйшнс Монголия ногоон барилгын зөвлөх компанийн бизнес хөгжлийн менежер Л.Мандариваа: - Манай компанийн хувьд ногоон барилгын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ганц газар байгаа. Дэлхий нийтээр ногоон барилгын 200 гаруй технологи байдаг. Тэдгээрээс Монголдоо тохирох стандартыг сонгоод нэвтрүүлэх, нутагшуулах бүрэн боломжтой. Тухайн төслийн зорилго, алсын хараанаас шалтгаалаад харилцан адилгүй байж болно. Урьд нь барилга байгууламж ногоон байна гэдэг нь трэнд маркетинг байсан бол одоо зайлшгүй шаардлага болсон. Тиймээс ногоон барилгын технологи, стандартыг Монголдоо нутагшуулах шаардлагатай. ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр: -Өнөөдрийн сургалт нь ногоон барилгын талаарх суурь ойлголт өгөхөөс гадна нэгдсэн ойлголттой болгох ач холбогдолтой. Барилгыг ногоон болгоно гэдэг маш өргөн ойлголт. Ногоон барилгын томоохон хэсэг нь эрчим хүчний хэмнэлт байдаг. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй барилгууд баригдаж эхэлнэ гэж ойлгож болно. Ай Ди Си Ай ХХК-ийн захирал Э.Ванчиндорж: -Манай компанийн хувьд ногоон барилга барих зорилготой. Ковид-19 цар тахлын үеийн хоёр жилд олон талын сургалтад хамрагдлаа. Ногоон барилга төслийг хэрэгжүүлэхийн тулд оролцогч талуудын хүсэл сонирхол, эрмэлзэл тун чухал. Тиймээс ногоон барилгын талаарх ойлголт өгч, сургалт зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байна. Манай компани 2008 онд байгуулагдсан. Хаус, орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа. 2023 он хүртэл саарал ус ашиглах технологи, нарны эрчим хүчийг барилгын салбарт ашиглах технологийг нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоо-ны тэргүүн Д.Алтангэрэл: -Манай Улаанбаатар хотод дулаан алдагдалтай барилга орон сууц олон бий. Барилгын хана, дээвэр, цонх гурваар дулаан их алдагддаг. Тиймээс дулаан алдагдлыг бууруулах ямар стандартыг нэвтрүүлэх талаар маш их сонирхож байна. Бидний одоо мөрдөж буй стандарт нь ногоон барилгатай дөхүү. Гэвч хэрэгжүүлдэггүйгээс асуудал үүсдэг гэсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.