“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо хуралдлаа
2021-11-17 08:42:09 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан. Энэ дагуу Зохион байгуулах хороо анхны хурлаа өнөөдөр цахимаар хийлээ. Хурлаар тус хорооны ажиллах журам, наадмын үзэл баримтлал зэргийг баталж, Зүүн Азийн олимпын хороонд танилцуулж батлуулахаар Зохион байгуулах хорооны бүтэц, наадмын спортын төрөл, хугацаа зэргийг хэлэлцүүлэн дэмжив. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хорооны харти, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны дүрмийн дагуу зохион байгуулагддаг, бүс нутгийн хэмжээний наадам юм. Наадамд манай улсаас гадна Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын Макао, Хонконг, Тайпейн Үндэсний олимпын хорооны нийт 1500 тамирчин спортын 12 төрөлд 100 багц медалийн төрлөөр өрсөлдөх бол 900 орчим албаны төлөөлөгч оролцох юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
УИХ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр баталсан. Хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах үүрэг бүхий Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Хуулийг мөрдөж эхлэхтэй холбогдуулан бүхий л шатанд сурталчлан таниулах ажлыг хийж байна. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НЗДТГ, Нийслэлийн ажил олгогч эздийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй юм. Өнөөдрийн сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Эдгээр албан тушаалтан цаашид өөрсдийн байгууллагын албан хаагчдыг мэдээллээр хангаж ажиллах юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл долоо хоног үргэлжилнэ. Шалгалтад нийт 9211 иргэн оролцохоор бүртгүүлснээс нийслэлд 4485 иргэн шалгалтад орж буй юм. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт урьд өмнөх шалгалтаас ямар өөрчлөлт орсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам: -Урьд нь төрийн албаны шалгалтыг авахдаа тодорхой нэгэн ажлын байр зарлаж, түүний дагуу хүмүүс бүртгүүлэн шалгалт өгдөг байсан бол 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар ерөнхий болон тухайн албан тушаалын тусгай шалгалт гэсэн хэлбэртэй болсон. Төрийн албаны ерөнхий шалгалтад төрийн албанд анх орох гэж буй дээд боловсролтой, ял шийтгэл эдэлж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл, Монгол Улсын иргэн хүсэлтээрээ бүртгүүлж өгнө. Шалгалтын босго оноо давсан иргэд төрийн албаны нөөцөд ордог бөгөөд нөөцөд орсон иргэд тусгай шалгалт өгч тухайн албан тушаалд өрсөлдөх эрх зүйн зохицуулалттай болсон. Нөгөөтээгүүр сонгон шалгаруулалт цахимжаад байгаа мөртлөө энэ сонгон шалгаруулалт тийм хүнд зориулагджээ гэсэн гомдол гарсаар байсан. Яагаад гэвэл, нэг аймгийн 10 сумын Тамгын газарт ажлын байр зарлахад 10 өөр шалгуур тавьдаг байсан. Зарим сумын иргэд наадах ажлын байр чинь манай сумын тэрэнд зориулсан шалгуур байна гэж танихаар. Тэгж өөрчлөх эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд байсан бол шинэчилсэн хуулиар албан тушаалын тодорхойлолтыг заавал Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авдаг, ажилласан жилийн шалгуурыг заагаад өгчихсөн учраас хэн нэгэн хүнд зориулсан албан тушаал байхгүй болсон. Төрийн албаны зөвлөл өнөөдөр 22 мянга гаруй албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлаад явж байна. Шинэ хуулийн хүрээнд 2019-2021 онд төрийн албаны ерөнхий шалгалтад 38 204 хүн орж, 8190 хүн тэнцсэн байна гэлээ. Түүнчлэн шалгалтын агуулга, сорилыг шалгахдаа тухайн хүний хууль эрх зүйн мэдлэг, Монгол Улсын түүх, нийгэм, соёлын мэдлэг, асуудал шийдэх, багаар ажиллах чадварыг дүгнэх 1000 гаруй сорилыг шинэчлэн боловсруулсан. Төрийн албаны зөвлөл Шинжлэх ухааны академи, төслийн зөвлөхүүд, эрдэмтэн докторуудын тусламжтайгаар боловсруулсан сорилыг албан тушаал бүрд тохируулан боловсруулсан. Дээр нь төрийн албаны хоёр шатны шалгалт цахимжсан. Иргэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж чадсан гэлээ. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: -Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 4485 иргэн бүртгүүлсэн. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Шалгалтын байр, техник хэрэгсэл, сүлжээ, бусад аюулгүй байдал, цар тахлын халдвар хамгааллыг сахиулах ажлыг 14 хоногийн өмнөөс эхлүүлсэн. Энэ ажилд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар гэхчлэн мэргэжлийн байгууллагын 80 орчим албан хаагч хамтран ажиллаж байна. Шалгалт хооронд болон шалгалтын дараа голомтын халдваргүйтгэл хийж байгаа хэмээн мэдээллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэнтий аймагт "Талын түмэн адуу-2021", Баян-Өлгий аймагт "Бүргэдийн баяр" болно
2021-11-16 09:17:58 Нийтлэгдсэн: НийгэмКовид-19 цар тахлын улмаас олныг хамарсан үйл ажиллагаа болон уламжлал болгон зохиогддог зарим арга хэмжээ цуцлагдаад буй. Харин энэ сард болон ирэх арванхоёрдугаар сард хөдөө, орон нутагт олныг хамарсан хоёр үйл ажиллагаа зохиогдох тов гарчээ. Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой Талын түмэн адуу-2021 арга хэмжээ Хэнтий аймгийн Батноров суманд байрлах Тэнгэрийн Андгай цогцолборт 2021 оны арваннэгдүгээр сарын 19, 20, 21-ны өдөр болно. Мөнх харилцаа ТББ-аас долоо дахь жилдээ зохиож буй уг үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ. Мөн Бүргэдийн баяр 2021 аялал жуулчлалын үйл ажиллагаа Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдөр болно. Арга хэмжээг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчидийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулах аж.
Үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, шинээр хариуцлагын гэрээ байгуулах талаар санал солилцжээ
2021-11-16 09:02:24 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй Хариуцлагын гэрээ байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулсан. Үйлчилгээний байгууллагууд ресторан, кафе, баар, шөнийн клубын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаа удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хяналтын ажлыг тогтмол явуулсны дүнд хариуцлагын гэрээнд туссан зарим заалтыг өөрчлөх саналыг хэлэлцэж эцсийн байдлаар батлуулсан билээ. Өнөөдөр уг ажлын хүрээнд 200 орчим үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг Соёлын төв өргөөнд хүлээн авч уулзалт, мэдээлэл, зөвлөмж өгөх ажлыг зохион байгууллаа. Уулзалтаар Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Алтантуяа нар өнгөрөгч хугацаанд явуулсан хяналт шалгалтын үеэр илэрч буй нийтлэг зөрчил дутагдлыг хэрхэн хамтран арилгах, юунд анхаарах зэргийг хэлэлцэж шинээр хариуцлагын гэрээ байгуулах буюу өөрчлөлт орж буй гурван зүйл, заалтын ач холбогдол шалтгааныг тайлбарлаж үйлчилгээ эрхлэгчдийн асуултад хариулж санал солилцлоо. Үүнд Ковид-19-ийн эсрэг гуравдугаар тун буюу Бүүстер тунг хийлгэсэн иргэн үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх, заалны зохион байгуулалтанд онцгой анхаарч дүүргэлтийг 50 хувь хүртэл хэмжээнд байлгаж, ширээ сандлын тоог цөөрүүлэх зэрэг заалтууд орж байгаа юм. Эх сурвалж: УБ хотын ЗАА
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй