“Увертюра” хамтлаг 12 дугаар сард Турк улсад тоглолтоо хийнэ

​ Монгол түмний сонсох, дуулах дуртай Жамаас, Тэнгэр ээж минь өршөө, Өнө мөнх орон, Тэнгэрийн хүү, Дөрвөн цагийн тал, Хань минь, Баярлалаа зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийн эзэн Монгол поп опера Увертюра хамтлаг энэ сарын 25-нд Турк Улсад Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ буюу бүрэн хэмжээний тоглолтоо хийж, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа учран золгохоор болжээ. Увертюра хамтлаг Турк Улсад тоглолтоо хийх болсон тухайгаа өнөөдөр хамтлагийнхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд Сайхан мэдээтэй өглөөний мэндээ, манай хамтлагийн дуучин Ж.Ганбаатар маань 2021 оны 03 дугаар сард Турк улс руу хүүгээ эмчлүүлэхээр явсныг та бүхэн маань мэдэж байгаа байхаа. Яваад 9 сар орчим болж байна. Эмчилгээ маш үр дүнтэй байгаад маш их баяртай байна. Тэгвэл бид найзыгаа, дүүгээ эргэхээр Турк улс руу хүлгийн жолоо залахаар боллоо. Тодруулбал 12-р сарын 25-нд Турк Улсын Истанбул хотод ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулж Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ буюу бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар боллоо. Мэдээж тоглолтынхоо орлогыг дүүгийнхээ эмчилгээнд нэмэрлэнэ. Та бүхний буянд дүү маань өдрөөс өдөрт бие нь сайжирч байна. Маш их Баярлалаа та бүхэндээ. Тун удахгүй Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудтайгаа уулзацгаанаа. Энэхүү мэдээллийг та бүхэн цааш нь сайн Share хийгээд өгөөрэй хэмээн мэдээлжээ. Увертюра хамтлагийн залуучууд өнгөрсөн 03 дугаар сард түмэн олныхоо дэмжлэгтэйгээр Ж.Ганбаатарынхаа хүүд зориулж хандивын аян өрнүүлж 400 орчим сая төгрөгийг бүрдүүлж эмчилгээнд нь явуулсан тухайгаа өмнө нь мэдээлж байсан бол энэ удаад Турк Улсын Истанбул хотод тоглолтоо зохион байгуулж найздаа, хүүдээ туслахаар болжээ. Ийнхүү Увертюра хамтлагийн шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ буюу бүрэн хэмжээний тоглолт PREMIUM LABELLA-д 2021 оны 12 дугаар сарын 25-ны 18:00 цагт болох тул тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыгаа Увертюра хамтлагийн тоглолтыг үзэж, шинэ жилийн баяраа тэмдэглэж, сайн үйлсийн эзэн болоорой хэмээн уриалж байна.

А.БӨРТЭ-ҮЖИН “ДЭЛХИЙН МИСС-2021” ТЭМЦЭЭНИЙ “АВЬЯАСЛАГ МИСС”-ЭЭР ШАЛГАРЛАА

​ Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн мисс-т оролцож буй А.Бөртэ-Үжин тус тэмцээний Авьяаслаг мисс шалгаруулалтад тэргүүлжээ. Ингэснээр тэрээр дэлхийн 130 орны гоо бүсгүй өрсөлдсөн авьяас үзүүлбэрийн ялагч болж, Дэлхийн мисс-2021 тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Энэ жилийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны Jos Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болох юм. Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургууль-ийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан туршлагатай үндэсний өв соёлоо дэлхийд сурталчлан байгаа билээ. Энэ жилийн Авьяаслаг мисс шалгаруулалтын шилдэг оролцогчоор Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс удаалжээ. Монголоос 2016 онд А.Баярцэцэг Дэлхийн мисс-ийн Авьяаслаг мисс шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байсан юм.

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний киноны шилдгүүд тодорлоо

​ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдаан зарласан. Уралдаанд 67 бүтээл ирснээс: Шилдэг кино:Миний нутгийн төгөл. /Zero entertainment 10 сая төгрөг/ Шилдэг зохиол:Эх. /Within production 2.5 сая төгрөг / Шилдэг зураг авалт:Энэрэл. /Итгэл студи 2.5 сая төгрөг/ Шилдэг баримтат кино:Элсэн гамшиг. /МҮОНТВ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакц 5 сая төгрөг/ Шилдэг анимейшн:Цөлжилт. /Hollywood camel 5 сая төгрөг/ Шүүгчдийн нэрэмжит шагнал:Өв (А). /Академи -16 студи 5 сая төгрөг/ шалгарлаа. Шилдэг бүтээлийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр шагналыг нь гардуулж, баяр хүргэв. Мөншилдэг 10 бүтээлд багтсан: Амь. /Мануул баг/ Монгол орны мөстлөг- Уур амьсгалын өөрчлөлт./Red orchid media/ Өв (Б)./9G entertainment/ Маргааш. /Focus media/ бүтээлд талархал гардууллаа. Уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 15-наас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд зарлан, бүтээлийгhttps://president.mn/kinoхолбоосоор хүлээн авсан юм. Бүтээлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын фэйсбүүк хуудсаар толилуулж, шилдгүүдийг шалгаруулахдаа үзэгчдийн саналыг харгалзан үзжээ. Богино хэмжээний кино бүтээх II уралдааныг ирэх оны эхний улиралд зарлахаар төлөвлөөд байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран Цөлжилт Монголд гэрэл зургийн уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулсан юм.

СТА, уртын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэг "НЭГ ГОЛЫН УС" гэсэн цомог гаргалаа

Уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэгийн Нэг голын ус цомгийн баярын тоглолт 2021 оны 11-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа. Түүний хувьд 2007 онд Соёл урлагийн их сургуулийн оюутан байхдаа уртын болон ардын дууны Тунгалаг тамир цомгийг гаргаснаас хойш цомог гаргаагүй бөгөөд Нэг голын ус 14 жилийн дараа гарч буй цомог юм. Шинэ цомогт ардын уртын болон богино язгуур дуунуудыг амьд хөгжимтэй хослуулан, этник хэв маягаар дуулсан бүтээлүүд багтжээ. Ингээд Нэг голын ус цомгийн баярын зургаас хүргэе.

Хүлээлт үүсгэсэн Хотулун нээлтээ зарлалаа

Цар тахлын хүнд цаг үед бүтээгдэж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн Хотулун гүнж УСК 12-р сарын 3-нд бүх кинотеатраар гарч эхлэх гэж байна. Шүүдэр продакшны, тулаант эпик төрлөөр бүтээж буй Юань гүрний үеийг харуулсан энэхүү кинонд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ. Дөрвөн улиралд зураг авалтаа хийсэн, энэ оны хамгийн их төсөвтэй монгол кино Хотулун гүнж-ийн нээлт Өргөө, Cinemanext кинотеатруудад болох юм байна. Юань гүрний үед амьдарч, Хубилай хаантай хийж байсан эцгийнхээ тэмцэлд түшиг тулгуур болж явсан бөх гүнж Хотулун өрнө дорнын түүхэнд хамгийн их алдаршсан түүхэн хүн юм. Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэсэн Хятад, Америкийн хамтарсан The curse of the Turandot буюу Турандотын хараал хэмээх кино саяхан нээлтээ хийжээ. Хотулун гүнж кинонд зоригт Хотулун гүнж ба түүний шадар баатруудыг бага наснаас нь эхлэн үзүүлдэг агаад, хашгичаан, хараал, цус үзүүлэхгүй гэр бүлээрээ үзэх бүтээл хийхээр зорьсон ажээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.