Монгол Улсад өнөөдөр жирийн ард иргэд ЖДҮ эрхэлснийхээ төлөөсөнд төрийн албан хаагчдын хүнд сурталд нэрвэгдэж, тэдэнд нэг бол авлига, хээл хахууль өгч байж бизнесээ цааш үргэлжлүүлнэ, үгүй бол Шүүх, цагдаагаар явж олон сар жилээр хохирдог байдал газар авчээ. Засгийн газраас олон янзын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төрөл бүрийн ТЕНДЕР зарладаг ч тэрхүү бага хүүтэй зээл, тусламжийг төрд нүүрлэсэн луйварчид буюу цагаан захтнууд улс төрчидтэй хамтарч замын дундаас завшдаг жишиг бараг тогтчихлоо. Дотоодын үндэсний үйлдвэрлэгчдэд халгаатай дээрх бохир үйлдэл даамжирч, гадаадын хөрөнгө оруулагчдыг онилон авч, овоо бай-даа тусгадаг болчихсоныг шүүмжилдэг ч дорвитой үр дүнд хүрэхгүй тэгсхийгээд намждаг нь хэвлэл мэдээллийнхэнтэй хийгддэг хаалтын гэрээтэй холбоотой. Шударга үнэний талд дуугарах ёстой Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөнгөөр амаа үдүүлж, хуулийг хэрэгжүүлэх учиртай Шүүх, цагдаагийн анхан, дунд шатны албан хаагчид хээл хахуульд идэгдсэн учраас ийм шударга бус байдал хүчээ авчихсан хэрэг. Энэ бүх шударга бус байдал хэзээ нэгэн цагт иргэн надтай тулгарна гэдгийг ойлгохгүй маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэсэн явцуу үзлээр хандсанаас болж, улс орны эрх ашиг, олон нийтийн мэдэх эрх хөсөр хаягдсан тохиолдлууд бий. Баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийг төрд ажиллаж буй төрийн албан хаагчид улс төрчидтэй нийлж бизнесийг нь дээрэмддэг байсан бол сүүлдээ монгол иргэнтэй хамтран амьдардаг эсхүл гэр бүл болсон гадны иргэд хүртэл нутаг нэгтнээ луйвардаж, хөрөнгө мөнгө залилдаг бузар байдал бий болчихлоо. Ингэж хохирсон иргэд, хуулийн этгээдийн Шүүх, цагдаад хандсан өргөдөл, гомдлын тоогоор хэмжигдэхээр байна. Улс орны хөгжлийг урагшаа чирч явдаг үндэсний үйлдвэрлэгчид улс төрчид, тэдний хамсаатнуудад ЖДҮ-ийн сангаас олгодог бага хүүтэй зээлээ алдаж, банк болон ББСБ-аас өндөр хүүтэй мөнгө зээлдэж, улмаар зээлийн хүүдээ шулуулж толгой өндийдөггүй байдал бий болчихов. Иргэд, ААН, үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийг барьж шинэ содон зүйлсийг Засгийн газраас санал болгодог ч гагцхүү улс төрчид болон тэднийг дагаж намирсан цөөнхийн ахуй амьдрал эрс дээшилдгээс биш яг үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд НДШ, банкны өндөр хүүтэй зээлд сөхрөөд уначихдаг нь бодит үнэн. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр улс төрчид хууль бус авирлаж нүдэн дээр хөлждөг байдлыг зарим гадны зальт иргэд овжин тусган авч түүнийгээ бодит бохир үйлдэл болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдыг сэтгэл санаа, эд материал, хөрөнгө мөнгөөр хохироосон нь дараах баримтуудаар нотлогдоно. Зальт этгээдүүдээс гадна, дотны иргэдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж, хохирсон хохирлыг цаг алдалгүй төлж барагдуулахын тулд Хууль, хяналтын байгууллагыг хуулийн дагуу шударга, зарчимтай ажиллаж чаддаг болтол сэтгүүлчид үзгээ барьж, үнэн бодит баримтыг олон нийтэд мэдээлж, шударга ёсны төлөө хувь нэмрээ оруулах учиртай. Энэ бол сэтгүүлчдийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Өнөөдрийн Монголын засаг төр нь хэчнээн ядмаг дорой, хууль хяналтын байгууллага нь авлига, хээл хахуульд идэгдсэнээс энэ бүхэн үүдэлтэй. Дам дамандаа хохирогч болж, олон тэрбумын хөрөнгөө алдсан гадаад иргэдийн асуудалд Шүүх, хуулийн байгууллага хуулийн дагуу шийдэхгүй бол цаашид иргэд, ААН-үүд хохирох явдал гаарч байна. Монгол Улсын хууль, дүрэмд итгэн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан ч ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн хамтрагч гэрээгээ илт зөрчиж, хөрөнгө оруулагчдын зөвшөөрөлгүй эд хөрөнгийг өрөөл бусдад дамлан зарж, итгэл алддаг явдал даамжирлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг нутаг нэгтэн нь Монголчуудтай нийлж, хөрөнгө мөнгийг дээрэмдэж авдаг бүхэл бүтэн бүлэглэл бий болчихож. Сүүлийн үед манай улсад гарч буй залилан, луйврын хэргийн дийлэнх нь нэг хүнийг хохироогоод зогсохгүй нэжгээд гадаадын хөрөнгө оруулагчдыг давхар залилж завшдаг бусармаг явдал учир тоймоо алджээ. Монголчуудын дунд хэвшмэл байдаг хятад хүнийг үзэн ядах хандлагыг далимдуулж, монгол иргэн гадныхантай нийлэн хэрхэн дураар авирласныг илтгэх баримтыг дэлгэе. БНХАУ-ын иргэн Баяраа /Baiyilla/ нь 2006 онд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монь Ивээл ХХК-ийг үүсгэн байгуулж, орон сууцны зориулалтаар барилга байшин ашиглалтад оруулж, нэлээд амжилттай бизнес эрхэлдэг нэгэн байж. Гэтэл 1987-1990 онд ӨМӨЗО-ны Жирим аймгийн Түнглүй хотын Монгол дунд сургуульд хамт нэг ангид сурч байсан Сэргэлэн гэх эртний танил нь тааралдаж, түүнд татгалзахын аргагүй сайхан санал тавьжээ. Харин багын найз Сэргэлэн нь 1994 онд Япон улсад очиж амьдран тус улсын иргэн болоод зогсохгүй нэрээ солин Хашикова Сатоши болчихсон байх нь тэр. Түүгээр зогсохгүй Монголд ирж суурьшихдаа Ц.Цэвэлмаа гэх монгол эмэгтэйтэй гэр бүл болж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант 2-р багийн Хоёр Мэлхийт гэх газарт хоёр тэрбумын хөрөнгөөр үнэлэгдэх томоохон мал аж ахуй, газар тариалан эрхлэх болсноо хуучилжээ. Хашикова түүнд таван жилийн хугацаатай хувааж төлөх таатай нөхцөлөөр уг эд хөрөнгөө зарж борлуулах санаатай байгаагаа ойлгуулснаар үйл явдал эхэлсэн аж. Мэдээж бизнес эрхлэн амжилттай үйл ажиллагаа явуулдаг Баяраагийн хувьд дараагийн шинэ ажлаа эхлүүлэхэд татгалзах зүйл байсангүй. 2018 оноос хойш Хашикова түүнтэй нэлээд хэдэн удаа уулзан ярьж тохиролцсоны үндсэн дээр Монь Ивээл ХХК-ийн гүйцэтгэх захирал Баяраа нь багын найз Сэргэлэн буюу Хашикова Сатошид итгэж, 2019 оны 11-р сард Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Ивээл хотхоны 41Б байрны 1001 тоотод орших 75.13м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг авто зогсоолын хамтаар 565.000 юань буюу 250 орчим сая төгрөгийг төлбөрт тооцож шилжүүлсэн гэдэг. Улмаар 2020 оны 1-р сард 350.000 юань буюу 155 сая орчим төгрөгийг Хашиковагийн зөвшөөрсний дагуу түүний хамтрагч Баянсан /Bayansang/-д шилжүүлж өгчээ. Эдгээр төлбөрийг төлсний дараа Монь Ивээл ХХК нь Хоёр Мэлхийт гэх газарт нэмэлт хөрөнгө оруулж, томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж байтал хэрэг бишдээд явчихав. Гэтэл Монь Ивээл ХХК-д худалдсан гэх Хашиковагийн хөрөнгө нь түүний хамтран амьдрагч Ц.Цэвэлмаагийн нэр дээр байдаг болж хувирав. Тус компанийнхан учир зүйгээ олохын тулд Ц.Цэвэлмаатай холбогдсон боловч сайх эмэгтэй -Би та нараас ямар ч мөнгө төгрөг аваагүй. Тэр Хашиковатайгаа учраа ол гээд тас гүрийчих нь тэр. Хэрэг явдал үүгээр төгссөнгүй. Үнэн хэрэгтээ Монь Ивээл ХХК-д Хашиковагийн зарсан гэх дээрх эд хөрөнгө Хашиковагийн хамтран амьдрагч Ц.Цэвэлмаагийн өмч хөрөнгө биш болж таарав. Баяраагийн худалдаж авсан дээрх эд хөрөнгийн жинхэнэ эзэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны И Шинь Үйлдвэр ХХК-ийн захирал Яao Хай Tao гэгч огт өөр хүн байсанд хэргийн учир оршино. Гэтэл тэдгээр луйварчдад давхар хулхидуулж орон сууц болон бэлэн мөнгөө алдсан хохирогч тал ганцхан Баяраагаар тогтсонгүй. Утасны үзүүрээс хөөгөөд явбал дээрх хөрөнгө мөнгийг босгож, монголын талд хөрөнгө оруулсан анхдагч жинхэнэ эзэн аандаа тодроод ирэв. Мэдээж Хашикова Сатоши гэгч этгээд энэхүү улс дамнасан хулгай луйвар, залилангийн хэргийг орь ганцаараа үйлдчихсэнгүй. Үүнд заавал нэг учир шалтгаан гарч ирэх нь дамжиггүй. Тэрээр хань хамсаатантай, хамжин дэмжигчтэй дээрх залилангийн хэргийг үйлдэхдээ Монголын иргэн Ц.Цэвэлмаа гэгч хамтран амьдрагч эмэгтэйгээ оролцуулсан байдаг. Ашид арвижих үндэс ХХК-ийн захирал Ц.Цэвэлмаа, түүний хамсаатан Хашикова Сатоши нар ӨМӨЗО-ны И Шинь Үйлдвэр ХХК-ийн захирал Яао Хай Taoтай анх хамтран ажиллахаар тохиролцон гэрээ байгуулж, тухайн компанийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Баянтүмэн суманд Улаанбуудайн рапс зэргийн стандарчилсан тариалангийн суурь газар байгуулж, хятад руу экспортлох махны үхэр тэжээх талаар тохиролцож, цаашид малын тэжээлийн иж бүрэн тариалангийн эрчимжүүлсэн мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхээр болсныг тухайн үеийн баримт материалууд гэрчилнэ. Ц.Цэвэлмаа, Х.Сатоши нарын залилах гэмт хэрэг нь 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны И Шинь Үйлдвэр ХХК-ийн захирал Яао Хай Taoтай анх хуулийн дагуу гэрээ байгуулсан мэт дүр эсгэсэн халхавчин дор Монголд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгүүлсний эцэст дээрх эрхмийг мань эхнэр нөхөр хоёр үгсэн хуйвалдаж, луйвардсанаас үүдэлтэй. Зүүн гар талаас: Цагаан цамцтай Хашикова Сатоши Монгол Улсын хууль тогтоомжид итгэж, хамтран ажиллах гэрээг хуулийн дагуу үйлдэж, хөдөө аж ахуйн салбарт томоохон хөрөнгө оруулсан Яао Хай Тао гэх эрхэм ийнхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу нийт 4.400.000 юань буюу 1.586.681.000 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтыг 17 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн санхүүгийн баримт миний өмнө дэлгээстэй байна. Монгол Хятад хоёр орны хилийн зааг бүсэд байрлах Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт орших газарт Махны үхэр тэжээх болон малын тэжээл, газар тариалан-гийн зориулалтаар 2017 онд нийт 1050 га талбайд тариалалт хийсэн ба 250 га талбайд улаан буудай, 20 га талбайд гурвалжин будаа, 530 га талбайд малын тэжээлийн ургамал, 250 га талбайд тосны ургамал /рапс/ тариалалт хийсэн бөгөөд 280 га талбайгаас ургац хураасан ажээ. Түүнчлэн 2016 онд 530 толгой үхэр, 2017 онд 624 толгой үхэр, 2018 онд нийт 1064 толгой үхэр, харин 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 1318 толгой үхэр тоологдсон тухай тоо баримт бий. Гэвч мань эхнэр нөхөр хоёр сүүлчийн хөрөнгө оруулалтыг авсны дараачаар буюу 2019 оны 9-р сараас И Шинь Үйлдвэр ХХК-ийн захирал Яао Хай Таогоос холбоогоо нэгмөсөн тасалж, усанд хаясан чулуу мэт сураггүй алга болчихов. Энэ хугацаанд Ашид арвижих үндэс ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Батцэцэг гэгчээр дээрх бий болсон их хэмжээний эд хөрөнгийг үрэн таран болгуулж, дур мэдэн захиран зарцуулах бохир луйврын ажиллагаагаа явуулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг гэрээгээр халхавчлан бусдын итгэлийг олж, луйвардсан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь хуулийн наад захын мэдлэгтэй хүнд ил тодорхой харагдана. Түүгээр зогсохгүй Хятадын иргэн Яао Хай Таогийн хөрөнгө оруулалт хийсэн их хэмжээний өмч хөрөнгө дээр мань хоёр эзэн суугаад зогсохгүй шунал нь улам дэвэрч, дээрх хөрөнгийг дур мэдэн өөрсдийн өмч мэтээр өрөөл бусдад ойлгуулсны үндсэн дээр Монь Ивээл ХХК-ийн захирал Баяраад хууль бусаар давхар зарж борлуулаад зогсохгүй түүнээс нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг луйвардаж шамшигдуулсан залилангийн хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Мөрдөх албанаас одоог хүртэл шийдэхгүй гацаасан хэвээр байна. Зүүн гар талаас: Ашид арвижих үндэс ХХК-ийн захирал Ц.Цэвэлмаа, И Шинь Үйлдвэр ХХК-ийн Яао Хай Тао, Хашикова Сатоши Гэтэл голдуу өөрийн дотны найз, сайн таньж мэддэг хятад иргэдийг олзлон авч, давхар залилсан гэх Хашиковагийн хэрэг юуны учир ийнхүү цаг хугацаа алдаж, өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширсныг Улсын мөрдөн байцаах газар болон Улсын ерөнхий прокурорын газраас нэхэн асууя. Үүнийг яалтгүй хууль, хяналтын байгууллагын ажилтнуудыг авлига, хээл хахуульд автсантай холбоотой гэх хардлага өөрийн эрхгүй төрүүлж байгаа нь нууц биш. Хаана хууль бус зүйл оршиж амь орно, тэр улс оронд авлига, хээл хахууль байнга цэцэглэж, хөрс шороогоо хууль бус мөнгө-өөр бордож байдаг жамтай. Тийм байдлыг нийгмийн түүчээлэгч хуульч, сэтгүүлчид дэлгэн тавьж, олон нийтийн анхааралд ойртуулж, төр засгийн сонорт хүргэж гэмээнэ энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсоох ёстой. Гэвч өнөөдөр дэлхий даяаршиж, ямар ч улсын иргэн бай тухайн улс оронд өөрийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулж, ажиллаж амьдрах боломж нөхцөлийг улс орон бүр хууль дүрэмдээ тусгаж ягштал баримталж ирсний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалтаар боссон бүхэл бүтэн улс орон төдийгүй хот ч байдаг. Үүний үр дүнд ард иргэдийнх нь ахуй амьдрал хөл дээрээ бат зогсож, түүний итгэлцэл дээр хоёр орны иргэдийн хооронд бизнесийн үйл ажиллагаа улам өргөжин тэлж, өөр өөр салбарт хамтрах явдал зонхилох болсон нь нууц биш. Гэтэл манай орны хувьд байдал эсрэгээр байгаа нь даанч харамсалтай. Хятад иргэдийг хохироосон монголчуудын талаар үл ойшоосон хандлага газар аваад зогсохгүй хууль хяналтын байгууллагын доод, дунд шатныхантай үгсэн хуйвалдаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг уландаа гишгэн авлига, хээль хахуулийн замаар асуудлыг шийддэг бусармаг байдал энэ сүүлийн гучаад жилийн дотор ямар их газар авсныг яг тийм байдалд орж хохирсон иргэд өөрсөд дээрээ мэдэрч, шүүх цагдаагаар олон жил явж, үр дүнд хүрэхгүй цаг хугацаа, эд материал, хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар үлэмж хохирсны эцэст мэдэрдэг аж. Тиймд аргаа барахдаа хэвлэл мэдээлэлд хандаж, баримт фактуудыг дэлгэснээр Шүүх, цагдаагийн газарт явж буй хэрэг маргаан нь хөдөлгөөнд орж, шударга үнэн ялдаг тохиолдлууд дийлэнх байна. Эхэндээ хоёр хүний хоорондох эд хөрөнгийн маргаан нь Шүүх, цагдаагаар яваад ч шийдэгдэхгүй удааширч, хууль бус үйлдлүүд даамжирч байгааг нь даруй таслан зогсоохгүй бол эцэстээ хоёр улсын иргэдийн хоорондох асуудал болж хурцдаж мэдэхээр аюул нүүрлэсээр байна. Аливаа бизнес гэдэг иргэд болон хуулийн этгээдүүдийн хоорондын итгэлцэл дээр тогтож, гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг нааш нь Монгол руу татаж, цаашид өрнөж хөгжих хөрсийг нь бэлдэх гэж чамгүй хөрөнгө мөнгө хаядаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь луйвар залилангийн уршгаар элсэнд ус хийхтэй адил уусан замхарч алга болдог нь цаашлаад Монголд орж ирэх байсан маш олон гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхээд зогсохгүй Монгол Улсын нэр хүндийг хүртэл шороотой хутгаад хаядаг нь нууц биш. Хэн нэгний арай гэж босгосон бизнесийг төрд ажиллаж буй цагаан захтнууд хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, улайм цайм луйвардаж авсан нь шүүхээр тогтоогдсон олон тохиолдлыг нэрлэж болно. Ард иргэдэд үйлчилгээ үзүүлнэ гэж татварын мөнгөөр цалинжиж суудаг тэдгээр луйврыг гардан хийдэг төрийн албан хаагчдыг гар хөлөө болгож, дээрээс нь удирдаж буй хүмүүс нь тоотой нэр бүхий улс төрчид байдаг гэдгийг мэдвэл зохино. Хууль ёст Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа учраас гадаад дотоодын иргэд ялгаагүй хэн нэгэнд залилуулж, эрх ашиг нь зөрчигдөж, эд хөрөнгөөр хохирсон бол шударга шүүхээр шүүлгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой. Хууль ёсны дагуу хийгдсэн мэт харагдах хамтран ажиллах гэрээгээр халхавчлан хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдлээ иргэний хэрэг маргаан мэт харагдуулах гэсэн гэмт этгээдүүдийн үйлдэл, гэмт сэтгэлгээнээс илүү давж гарахгүй байгаа өнөөгийн хууль, хяналтын байгууллагын эмгэнэлт дүр төрхийг энэ удаад товчхондоо дурдахад ийм байна. Аль ч хөгжиж буй улс оронд гадны хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, бизнес эрхлэх таатай хууль эрх зүйн орчныг нь бий болгодог бөгөөд үүний нэг бэлээхэн жишээ нь, Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Нур-Султан хотыг нэрлэж болно. Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улс оронд бүтээн байгуулсан тэр их хөрөнгө, барилга байгууламжуудаа өвөртлөөд авч явахгүйгээс хойш тэр бүх үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө тухайн улсын баялаг болж үлдэх нь тодорхой. Бид дэлхийн нийтийн ийм бэлээхэн жишээг соргог анхаарч, нүдний өмнө байгаа туршлагуудыг Монголынхоо хөрс шороонд буулгах нь илүү үр дүнтэй. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн, хөөсөн туусан, залилсан энэ мэт гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлүүдийг яаралтай хуулийн хүрээнд таслан зогсоох учиртай. Тэгж байж энэ улс оронд гадны хөрөнгө оруулагчид мөнгөө татаж төвлөрүүлнэ, ашигтай нөхцөлөөр бүтээн байгуулалт манай улсад хийгдсэнээр ажлын байр бий болж, ард иргэдийн ахуй амьдралд хүртэл үр өгөөжөө өгөх алсын хараатай бодлогыг Төр засгаас хэрэгжүүлэх ёстой билээ. Дараагийн дугаарт энэ мэт их хэмжээний эд хөрөнгөөр хохирч, цаг хугацаа болон сэтгэл санаа эд мөнгөөр хохирсон иргэдийн мөрөөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ажиллуулж, ОНМХ-ээр нээлттэй мэдээлж, Шүүх хуулийн байгууллага төдийгүй Төр засгийн сонорт хүргэж, мэлмийг нээж, хохирсон гадаад дотоодын иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалахад тус нэмэр болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Сэтгүүлч, докторант М.Эрдэнэчимэг
ХЗБХ: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021-05-14 09:33:11 Нийтлэгдсэн: Эдийн засагУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэнМөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, тандан судалгаанд тусгагдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, төслийг боловсруулсан байна. MNS 52742017 стандартын дагуу ломбардын үйл ажиллагааг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй тул барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарсныг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав. Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг төдийгүй үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхойгүй, орлого нь холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагтай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Эдгээр нь иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрснийг Х.Нямбаатар сайд төслийн танилцуулгын үеэр мэдээллээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2015 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг санхүүгийн үйлчилгээний төрөлд хамааруулж, тусгай зөвшөөрлийн механизмыг бий болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих субьект, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Иргэнд олгох зээлийн үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, хяналт, стандарт байхгүй, улсын төсөвт тус зээлийн үйл ажиллагаанаас олсон орлогоос татвар төлсөн тохиолдол байхгүй, хэт өндөр хүү, алданги тооцож, гэрээ байгуулны шимтгэл, хураамж авдаг. Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн нийт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний мэдээллээс үзэхэд 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар 23.983 үл хөдлөх хөрөнгө барьцаалагч иргэн 56.996 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, харин тодорхой, тусгай зөвшөөрөлгүй 4137 хуулийн этгээдэд 91.988 барьцааны гэрээ байгуулсан байгаа нь үүний цаана эдгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй компаниуд болон иргэд ашиг олох зорилгоор байнга иргэдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, өндөр хүүтэй зээлийн үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж байгааг дурдав. Нөгөө талаас, шүүхийн ачааллыг нэмэгдүүлэх голлох хэрэг маргааны нэг нь зээлийн гэрээтэй холбоотой байдаг бөгөөд нийт маргааны 39 хувийг эзэлдэг. Үүний 20 гаруй хувь нь бүртгэл, тусгай зөвшөөрөлгүй, ашгийн төлөө байнгын зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид байгаа гэв. Хуулийн төсөл батлагдснаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэгдсэн бүртгэл бий болгосноор тэдгээрийн мөнгөний эргэлт тодорхой болж, татвар шударгаар төлдөг болох, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулгай, залилангийн гэмт хэрэг, мөнгө угаах, татвараас зайлсхийх эдийн засгийн гэмт хэргүүд буурахад нөлөөлнө гэж үзсэн байна. Бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд хүү авах эрхгүй байх зохицуулалтыг тусгаснаар бүртгэлгүй, татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах нөхцөл бүрдэнэ гэлээ. Х.Нямбаатар сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож буй учраас эдийн засагт Great reset буюу их сэргэлт хийхийг уриалав. Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий боллоо. Хямралын нөхцөл байдал энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байна. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, 2020 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар агшив. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байна. МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт санаачилгыг дэвшүүлж байна. Тус санаачилгад, I.Цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх (Нийгмийн даатгалын шимтгэл ба татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монгол Банкны мэдээллийн санд ангилал буурсан аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах) II.Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах III.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах IV.Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох V.Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах зэрэг саналууд багтжээ. Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны өнөөгийн байдал: - Дэлхийн банк Монгол Улсын бодит ДНБ 2021 онд 6.8%-иар, 2022 онд 7.2%-аар тэлнэ гэж таамаглаж байна. - Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.8 хувиар, 2022 онд 5.7 хувиар тус тус өснө таамаглаж байна. - 2020 оны Монгол Улсын нийт экспортын 93%-ийг Уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн байна. ДНБ 5.3 хувиар буурав. - Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна. - Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгдэв. - Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь нь татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай байна гэв. - 2020 оны бизнес итгэлийн индекс -0.28 гарсан ба энэ нь гадаад зэх зээлд таагүй хандлагатай, экспортын өсөлт саарсан, ГШХО буурсан 2015 оны индекстэй ойролцоо дүн болж байна. Бизнес итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг бөгөөд үндсэн үзүүлэлтүүд бүгд өмнөх оноос буурсан дүнтэй байна. - 2020 онд нийт 132 мянган ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн ба 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч үндсэндээ мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж байна. - Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар шат дараалан нэмэхээр болсон. Үүнд 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр болсон. - 2021 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН (160 мянган даатгуулагч), НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна. - Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зорилт бүхий жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож буй зээлэнд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 5,542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс 648.7 тэрбум төгрөгийг 9,400 (1,443 ААН, 7,957 иргэн) зээлдэгчид олгож 366.7 тэрбум төгрөгийн 2,850 хүсэлтэд татгалзжээ. - Монгол банкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгжүүд 8 мянга, иргэн 300 мянга орчим болжээ. - 2020 оны байдлаар нийт 2,276,868 зөрчил гарсан бөгөөд түүнд ноогдох торгуулийн хэмжээ нь 66 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2021 оны эхний 4 сарын байдлаар нийт 449,165 зөрчил бүртгэгдсэн бөгөөд түүнд ноогдох торгуулийн хэмжээ нь 16.7 тэрбум төгрөг байна. Эх сурвалж: МҮХАҮТ
Монголбанк 2021 оны 4 дүгээр сард 1.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 4.3 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тн-оор буурсан үзүүлэлт юм. 2021 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 61 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 4 дүгээр сард 160,616.05 төгрөг байлаа. График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг) График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн) График 3. 2021 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ИРЭХ ОНЫ ДОЛООДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
2021-05-10 11:10:46 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу 233 км гол замын 201 км-ыг хийгээд байна. Төмөр зам ашиглалтад орсноор: - Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно, - Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна, - Автотээврийн осол, зөрчил буурна, - Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой, - Байнгын 2,000 орчим ажлын байр бий болно, - Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ. Төмөр замын захиалагчаар Тавантолгой төмөр зам компани, ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэйшнл, туслан гүйцэтгэгчээр 62 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төслийн хүрээнд 200 гаруй аж ахуйн нэгж, нэг ээлжинд 3,000 инженер, техникийн ажилтан, 1,200 хүнд даацын машин ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаянчиглэлийн гол төмөр замын урт 416.2 км, дэлгэмэл урт нь 463 км, нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Одоогоор 422 км-ыг нь үндсэндээ угсарч дуусгасан, мөн зургаан зөрлөгийг Улсын комисст хүлээлгэж өгөөд байна. 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байгаа, өнгөрсөн онд доод бүтэц, гүүр, хоолойн ажил хийсэн олон аж ахуйн нэгж мөнгөө аваагүй тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав. Төмөр зам Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхай болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулна. Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэл хийж байна. Төмөр замтай болсноор 30 орчим томоохон орд газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм. Стратегийн ач холбогдол бүхий дээрх хоёр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээ авч байна. Улстөржилт, талцал зэргээс болж 12 жил төмөр замаа тавьж чадаагүй. Энэ хэрээр Монгол Улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ гэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй