Шинээр ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтийг 7-р сарын 31-ний өдрийг дуустал онлайнаар авна
2021-07-07 08:18:11 Нийтлэгдсэн: Эдийн засагХААН Банк Ковид-19 цар тахалтай холбогдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл (5%, 6% болон 8%) ийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хойшлуулах хүсэлтийг энэ 7-р сарыг дуустал онлайнаар хүлээн авч байна. Та хүсэлтээЭНДдарж илгээнэ үү. Хүсэлт гаргахдаа холбогдох мэдээлэл (Регистрийн дугаар, зээлийн дансны дугаар гэх мэт) ийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Хэрэв та мэдээллээ дутуу эсвэл буруу бөглөсөн тохиолдолд таны хүсэлт хүчингүй болох тул сайтар нягтална уу. Банк таны хүсэлтийг хүлээн авч ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах бөгөөд банкнаас тантай эргэн холбогдож нэмэлт гэрээг баталгаажуулах болно. Хэрэв та нэмэлт гэрээг баталгаажуулаагүй тохиолдолд таны хүсэлт цуцлагдах болохыг анхаарна уу. Хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хойшлуулсан хугацаанд таны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй, төлбөр эргэн төлөх хугацаанд өөрчлөлт оруулж нэмэлт гэрээ хийх юм.Жич: Дээрх заасан хугацаанд амжиж хүсэлт гаргаагүй харилцагчийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжгүй болно.Үүнээс гадна төлбөр хойшлуулсан хугацаанд ч зээлийн эргэн төлөлт хийх боломжтой болохыг сонордуулъя. Мөн өмнө нь буюу 2020 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2021 оны 1-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулж байсан харилцагчдын зээлийн гэрээнд автоматаар өөрчлөлт орж, төлбөр нь энэ оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хойшлогдох тул дахин хүсэлт илгээх шаардлагагүй. Харин дээр дурдсан хугацаанаас өмнө хүсэлт гаргаж байсан бол та дахин хүсэлт илгээх шаардлагатайг анхаарна уу. Энэхүү ажил нь Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6-р сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль-д оруулсан нэмэлт өөрчлөлт, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсантай холбогдуулж хийгдэж буй зохицуулалт юм. Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал ХААН Банкны цахим сувгууд болох Viber (94031917), Wechat (Khan Bank), Facebook (Khan Bank), Twitter (Khan Bank)-ийн чатаар хандахыг зөвлөж байна Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттайЭНДдарж танилцана уу. Харилцагч та банкаар үйлчлүүлэхдээЭрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагууөөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулахаас сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд гадагш гаралгүй зайнаас банкны үйлчилгээ авч, онлайн банк ашиглахыг зөвлөж байна ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч танд баярлалаа
Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг ирэх сараас бууруулна
2021-07-05 09:29:08 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкнаас зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг аажмаар бууруулж хэвийн горимд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, одоо 90 хоног болгосон байгаа хугацааг 2021 оны 8 дугаар сараас 75 хоног, 2021 оны 10 дугаар сараас 60 хоног, 2021 оны 12 дугаар сараас 45 хоног, 2022 оны 02 дугаар сараас 30 хоног, 2022 оны 4 дүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицуулсан байна. Монголбанкнаас банк, санхүүгийн салбарт Ковид-19 цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад шаардлагатай арга хэмжээг дэлхийн улс орнуудын туршлага, банкны болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлж ирсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд нийт 181,783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулжээ. Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээлээ. Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус тус хэвийн горимд шилжүүллээ. Банкуудад хяналт шалгалтын хүрээнд мөрдүүлж буй дээрх журам, зааварт түр хугацааны хөнгөлөлттэй зохицуулалтуудыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ. Цаашид Монголбанкны зүгээс хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд цар тахлын болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр зохих тохируулгыг хийж ажиллах болно. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг ханган ажиллах, эрсдэл хуримтлагдах, эрсдэлээс хамгаалах нөөц, хөрөнгийн хуваарилалтыг зохистой түвшинд хадгалах, төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байх зорилттой уялдана гэв. Эх сурвалж: Монголбанк
“Эрдэнэс-Тавантолгой” ХК топ 100 аж ахуйн нэгжийн 2 дугаарт эрэмбэлэгдлээ 06/29/20213
2021-06-29 09:53:35 Нийтлэгдсэн: Эдийн засагМонгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өнөөдөр танилцууллаа. Эрдэнэс Тавантолгой ХК уг жагсаалтын 2 дугаарт эрэмбэлэгдэв. Эрдэнэс Тавантолгой ХК 2020 онд 1 их наяд 677 тэрбум төгрөийн орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсад 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсний зэрэгцээ нийт хувьцаа эзэмшигч иргэддээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг арилгах зорилгоор Тавантолгой түлш ХХК-д нийт 269.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна бүтээн байгуулалтын төслүүд болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 1041.8 тэрбум төгрөг, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 883 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус хийжээ. Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд 71.4 сая тонн нүүрс олборлож, 71.0 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Мөн 9.0 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, улсад 2.2 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 2020 оны тоон үзүүлэлтүүдийг товчлон үзүүлбэл: Нийт борлуулалтын орлого 1 их наяд 677 тэрбум Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж 490.1 тэрбум төгрөг Цэвэр ашиг 149.4 тэрбум төгрөг ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг. Монгол Улсын 2020 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээний салбарын 28 компани, уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарын 24 компани, газрын тосны хангамжийн 10, барилга замын салбарын 9, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн 9, банк санхүү, харилцаа холбоо, тээвэр ложистикийн салбарын 13, хүнд үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7 компани эрэмбэлэгдсэн байна.
Б.Лхагвасүрэн: 2021 онд зээлийн өсөлтийг 15-18 хувьд хүргэх зорилготой ажиллаж байна
2021-06-25 08:33:47 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах, Монголбанкнаас урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 3-р улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад байна. Хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Инфляцын цаашдын төлөв байдал ямар байна вэ. Төв банкны зорилт орчимд хадгалагдах уу. Өсөх дарамт байгаа бол цаашид ямар бодлого баримтлахаар төлөвлөж байна вэ? Б.Лхагвасүрэн:Инфляцын түвшин 5-р сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд 6.2%, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7% байна. Өнгөрсөн он болон энэ оны эхэнд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор эдийн засгийн идэвхжил бага байсан. Тэр ч утгаараа инфляц 2-3 хувь буюу нам дор түвшинд хадгалагдаж байв. Улирлын онцлогоор 3, 4-р сараас эдийн засаг идэвхжиж, инфляц өсөх дарамт үүсэх боломжтой талаар 2021 оны нэгдүгээр улирлын мөнгөний бодлогын хурлаар хэлж байсан. Тиймээс бодлогын хүүг бууруулах эсэхийг ярьж байгаад 6 хувьд хадгалахаар шийдвэрлэж, та бүхэнд мэдээлж байв. Инфляц одоогоор 6% буюу манай зорилтот түвшний дундаж дээр ирчихсэн байна. Бүтцийг нь харвал цөөн хэдэн нэр төрлийн бараа буюу сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, нефтийн үнийн өсөлтөөс хамаарч байна. Бид үүнийг нийлүүлэлтийн шинж чанартай, түр зуурын нөлөөлөл гэж үзсэн учир бодлогын хүүг өсгөлгүйгээр хэвээр нь хадгаллаа. Инфляц цаашид өсөх дарамт байгаа хэдий ч 2022 онд буюу дунд хугацаанд зорилтын түвшинд байна гэж үзэж байна. Эдийн засаг оны сүүлийн хагаст сэргэх хэдий ч инфляц хяналтыг алдах хэмжээнд хүрэхгүй. Хэрэв инфляц зорилтот түвшинээс хэтэрвэл дараагийн шатны бодлогын арга хэмжээнүүд бэлэн, тодорхой стратеги, төлөвлөгөөгөө гаргачихаад байна. -Ковид-19-ийн халдварын тохиолдол өдөрт 2000 давж, эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотой дахин хөл хорио тавигдвал дотоодын эдийн засгийн идэвхжил сулрах магадлалтай. Эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6.9 хувь гэж тооцож байгаа юм байна. Гол нөлөөлөх хүчин зүйлс нь юу вэ? Д.Ган-Очир:Гол өсөлтийг цэвэр экспортын өсөлт бүрдүүлнэ гэж хүлээж байна. Оны эцэст нүүрсний экспорт 29 сая тн, зэсийн экспорт үнийн нөлөөллөөс хамаарч өнгөрсөн оноос өндөр байна гэж үзэж байна. Оюу толгойн баяжмал дахь агууламжийн хэмжээ өмнөх оноос өссөн гэсэн эерэг мэдээлэл бий. Санхүүгийн салбар талаас нь харвал зээлийн өсөлт 15-18 хувь байна гэж үзэж байгаа. Энэ нь хуримтлал, хөрөнгө оруулалт, ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй гэж харж байна. Мөн Засгийн газрын зардал эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд нөлөөлж байгаа. Мөнгөний бодлогын хүү нам түвшинд, зээлийн идэвхжил нэмэгдсэн, Монголбанкнаас олгож буй санхүүжилтийн хэрэгслүүд нь шууд болон шууд бус хэлбэрээр эдийн засгийг үргэлжлүүлэн дэмжих суурь төсөөлөлтэй байна. Тэр утгаараа 2021 онд эдийн засаг 6.9 хувиар өсөхөөр төсөөлсөн. Салбараар нь авч үзвэл уул уурхай, түүнийг дагасан салбарууд илүү өндөр өсөлттэй байх төлөвтэй. Харин хөл хорионд өртөж буй дотоодын зарим салбарын өсөлт нам байх төсөөлөлтэй байна. -Төгрөгийн ам.доллартай харьцах ханшид ямар нэгэн дарамт үүсэх үү? Б.Лхагвасүрэн:Энэ оны хувьд төлбөрийн тэнцэл 500 орчим сая ам.долларын ашигтай гарахаар байна. Монгол Улсын валютын нөөц 4.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь түүхэн дээд хэмжээ юм. Төгрөгийн ханш энэ он гарснаас хойш 0.02 хувиар чангарсан үзүүлэлттэй байгаа. Тиймээс энэ оныг дуустал, ойрын болон дунд хугацаанд ханшин дээр цочир савлагаа үүсэхгүй гэж харж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж бидэнд таатай нөхцөл бий болгож байгаа нь мөн хадгалагдах төлөвтэй. -Зээлийн дундаж хүү хэд байгаа талаар мэдээлэл өгнө үү? Б.Лхагвасүрэн:Хөтөлбөрийн зээлийг оруулахгүй бол зээлийн дундаж хүү 14.8% байна. -Ипотекийн зээлийг зогсоосон гэсэн мэдээлэл гарч байсан. Тайлбар өгнө үү? Б.Лхагвасүрэн:Ипотекийн зээл олгогдож байгаа. Он гарснаас хойш 6-р сарын 22-ны байдлаар 414 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Энэ оны турш ипотекийн зээл тасалдалгүй явна. Өнгөрсөн оны 10-р сараас ипотекийн зээлийн хүү 6% болсон. Эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг банк өөрөө гаргаж байгаа. Тиймээс хөтөлбөрийн зээл тасралтгүй олгогдож байгаа гэдгийг хэлье. -Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өссөн байгаа. ТБҮЦ-нд их хэмжээний мөнгө төвлөрсөн шалтгаан юу вэ. Цаашид буурах уу? Б.Лхагвасүрэн:ТБҮЦ дээр 10 их наяд төгрөг төвлөрсөн. Энэ нь банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгө. Банк энэ мөнгөөр юунд хөрөнгө оруулж, санхүүжүүлэхээ өөрсдөө бие дааж шийдвэр гаргадаг. Энэ утгаараа зээлд гаргаж, бонд, үнэт цаас худалдаж авах зэргээс ТБҮЦ-нд байршуулах шийдвэр гаргасан байна. ТБҮЦ-ны хүү нь 6% буюу харилцах, хадгаламжийн дундаж хүүнээс нэлээн доогуур тул эрсдэл багатай, ашиггүй хэлбэрээр төв банканд байршуулж байна. Бодлогын хүүг 6%-д байлгаж байгаа нь санхүүжилтийн эх үүсвэрийг эдийн засаг руу гаргах зорилготой. Одоогоор зээлийн өсөлт 6.2% байна. 2021 онд зээлийн өсөлтийг 15-18 хувьд хүргэх зорилготой ажиллаж байна. Д.Ган-Очир:Төв банк банкуудад тавьдаг шалгуураар нийт активынхаа 25 хувийг хөрвөх чадвар бүхий байлгах шаардлагатай тавьдаг. Засгийн газар үнэт цаас гаргахгүй байгаа энэ орчинд ТБҮЦ энэ үүргийг гүйцэтгэх хэрэгсэл болж байна. Энэ утгаараа 10 их наяд төгрөгийн 4 их наяд гаруй төгрөг нь энэ шалгуураар ТБҮЦ дээр байршиж байна. Үлдсэн 5.5-6 орчим их наяд төгрөг нь зээлжих бололцоотой эх үүсвэр юм. Мөн төгрөг 0 хувийн өгөөжтэй банкин дээр байвал банкууд өгөөж хайх зорилгоор гадаад валютад хөрвүүлэх, долларжилт бий болох эрсдэлтэй. Мөн зээлийн өсөлтийг нэг дор огцом бий болговол эдийн засагт эерэгээс илүү сөрөг үр нөлөөтэй байх эрсдэлтэй. Тиймээс төв банкны үнэт цаасан дээр байгаа зээлжих бололцоотой эх үүсвэрийг алгуур суллаж, идэвхжилийг дэмжье гэж үзэж байна.
Монголбанк: Ипотекийн 6 хувийн зээл олголт хэвийн үргэлжилж байна
2021-06-15 10:48:12 Нийтлэгдсэн: Эдийн засагМонголбанкнаас ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоож, банкууд зээл олголтоо зогсоосон талаар мэдээлэл цахим орчинд түгээд байна. Энэ талаарМонголбанкнаас тодруулахадИпотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилт зогсоогүй. Зээл олголт хэвийн үргэлжилж байна гэлээ. МАН 2020 оны Улсын Их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно хэмээн тусгасан бөгөөд Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлыг судлахаар Барилга хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж 2020 оны есдүгээр сард уг асуудлыг шийдвэрлэж байсан юм. Улмаар 2020 оны аравдугаар сараас эхлэн иргэд ипотекийн зургаан хувийн зээлийг авах боломжтой болсон юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй