НЭГ КИЛОГРАММ НООЛУУРАНД 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2020.04.29/-ийн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төсөлд малчдыг дэмжихээр ноолуурын асуудлыг тусгав. Засгийн газраас ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан хэдий ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас зах зээл хумигдаж, дотооддоо хэрхэн ноолуур бэлтгэх асуудал тулгарсан. Иймд УИХ-аас ноолуурын үнийн асуудалтай холбоотой санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг энэ сарын 24-нд байгуулж, Л.Элдэв-Очир гишүүн ахлан ажилласан. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын дээрх тогтоолын төсөлтэй хамтатган хэлэлцлээ. Ингэснээр тогтоолын төсөлд ноолуур бэлтгэх болон худалдан авах үнэтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан заалтыг оруулсан юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, А.Сүхбат, О.Батнасан нар танилцуулга хийсэн. Угтогтоолд малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнээр тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох заалтыг орууллаа.Түүнчлэн ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүн экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудыг тэглэх асуудлыг шийдвэрлэх, ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагчдыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах зохицуулалтыг хийхээр тусгажээ. Ингэснээр малчид ноолуураа борлуулах, худалдан авагчид, үндэсний үйлдвэрлэгчид, гадаадын худалдан авагчид ноолуур бэлтгэх боломжийг бий болгох, зах зээлд ноолуурын бодит үнэ тогтоох боломжтой гэж үзсэн байна. Энэ тухайд УИХ-ын гишүүн Ш.РаднаасэдТушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь аль аль талдаа амьдралд ойр, бодитой хувилбар юм хэмээн онцолсон бол УИХ-ын гишүүн Л.Элдэв-ОчирНэмэгдлээр олгох 200 тэрбум төгрөгийг Сангийн яамтай ярилцаж тохирсны дагуу Засгийн газраас гаргана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тал талын төлөөллийг оролцуулсан. Жишээ нь, Говь компанийн захирал Ц.Баатарсайхан, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан нарын хүмүүсийг оролцуулсан. Уг тогтоолын саналд үйлдвэрлэгчдийн санал нэлээд орсон гэлээ.

ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн зургаа дахь дугаарыг хүргэж байна. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 4-р сарын 16-аас 4-р сарын 23-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыгэндээстатаж авна уу.

COVID19-Хөл хориог хавтгайруулсан нь эдийн засагт маш их хохирол учруулж байгааг бизнес эрхлэгчид онцолж байна

COVID19-Хөл хориог хавтгайруулсан нь эдийн засагт маш их хохирол учруулж байгааг бизнес эрхлэгчид онцолж байна БНХАУ-ын Ухань хотоос эхэлсэн COVID19 халдвар тархсаар дэлхийн 213 улс оронд тархаж, 2,5 сая орчим хүн халдвар аваад байна. Энэ цар тахал эрүүл мэндэд хохироогоод зогсохгүй эдийн засгийн хүндрэл учруулж, дэлхийн олон оронд эдийн засгаа аврах ажлыг эс дараатай хийсээр байна. Монгол Улсын Засгийн газар дараах арга хэмжээг авч эхэлсэн. - НДШ, татвар төлөөгүйн улмаас ноогдуулдаг торгууль, алдангиас аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөх, - 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүдийг ААНОАТ-аас түр чөлөөлөх, - 500,0 сая төгрөг хүртэл үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх, - ЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлийн батлан даалтын дээд хэмжээг бууруулах, - Борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжийн ажилчдад сар бүр 200,000 төгрөг олгох, - Ажилтан, ажил олгогчийн төлөх НДШ, ажилтнуудын төлөх ХАОАТ-ыг цалингаас суутгахыг түр зогсоох Энэ арга хэмжээ нь хэр үр дүнтэй байгаа, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцэж байгаа эсэх, тэдэнд ямар асуудлыг хэрхэн шийдвэл үр дүнтэй байгаа талаар Улаанбаатар хотын худалдааны танхимаас судалгаа хийлээ. Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн их тулгамддаг асуудал гэж олон жил ярьж байгаа ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөнгөлж төрөөс даах болсон, 500,0 сая хүртэл үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх гэсэн хоёр шийдвэр хамгийн их эерэг нөлөө үзүүлэхээр байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ 2 шийдвэрийг өөрсдийнх нь бизнест маш сайн дэмжлэг болж чадна гэж үзсэн аж ахуйн нэгж нийт оролцогсдын 50,4% 55,3%-ийг тус тус эзэлж байна. Маш сайнаар нөлөөлнө гэж үзсэн дараагийн шийдвэрүүд ААНОАТ, НДШ төлөөгүй алданги, торгуулиас чөлөөлөх, ААНОАТ-аас 6 сарын турш чөлөөлөх шийдвэрүүд болсон байна. Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэрүүдээс аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж чадахгүй гэж хамгийн олон хариулт авсан шийдвэр нь ажилчдад сар бүр 200,000 төгрөг олгох (37,3% нь ажил олгогчид дэмжлэг болж чадахгүй гэж хариулсан), түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ноогдох татварыг хөнгөлөх шийдвэр (32%) тус тус байлаа. Ямар арга хэмжээ авах нь хамгийн үр дүнтэй байгаа талаар дараах саналыг өгч байна. - Хувийн хэвшлийнхэнд татаас, шууд мөнгөн дэмжлэг олгох - Жилийн 3 хувийн хүүтэй эсвэл хүүгүй, барьцаагүй зээл олгох - Төрөл бүрийн хяналт, шалгалтын дарамтыг багасгах, захиргааны аргаар нэмж саад болохгүй байх - Бүх үйл ажиллагааг хавтгайруулан хааж, зогсоохыг болиулах - Дулаан, цахилгааны төлбөрөөс түр чөлөөлөх - НӨАТ-аас нэг удаа бүрэн чөлөөлөх, төрөл бүрийн татварыг багасгах - Тендерийг ил тод болгох, гүйцэтгэгч нь урьдчилж сонгогдсон тендер зарлахаа болих, аж ахуйн нэгжүүдэд шууд ажил шаардлагатай байна гэж онцолжээ.

1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн НӨАТ-ын буцаан авдаг дансаар олгоно

Эрдэнэс Тавантолгой ХК-иас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.27/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд 2020 оны тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг тараах ажиллагаа эхэлнэ гэдгийг дуулгасан юм. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 18.5 хувийг эзэмшиж буй 2 сая 511 мянга 818 иргэнд 199 тэрбум 736 сая 1094 төгрөгийн ногдол ашиг тараана. Иргэдийн ногдол ашиг нь брокер диллерийн компаниар дамжин, иргэдийн бүртгүүлсэн дансанд орно. Өнөөдрийн байдлаар 2 сая 36 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд үүнээс ердөө 300 мянган иргэн нь банкны дансаа хувьцааны данстайгаа холбожээ. Иймээс банкны дансаа холбоогүй иргэдэд ногдол ашгийг нь НӨАТ-ын буцаан олголтоо авдаг дансаар нь шилжүүлэхээр ярилцаж тохирсон гэж тус компанийнХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэлэв.

А.АНАНД: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛАХАД ОРЛОГО БУУРСАН ГЭХ НОТЛОХ БАРИМТ ШААРДАХГҮЙ

Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал А.Анандтай ярилцлаа. Ипотекийн зээлийн хугацааг 6 сараар хойшлуулах шийдвэр яг ямар зээлдэгчдэд хамааралтай вэ. 5, 8 хувийн хөнгөлөлттэй зээл авсан зээлдэгчдэд үү, эсвэл банкны эх үүсвэртэй ипотекийн зээлд хамрагдсан хүмүүст үйлчлэх үү? - Энэ хөнгөлөлт маань төрөөс санхүүжүүлж байгаа 5 болон 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хувьд хэрэгжиж байгаа. Банкнаас санхүүжүүлсэн ипотекийн зээлд энэ хөнгөлөлт хэрэгжихгүй. Зургаан сар хүртэлх хугацаагаар хойшлуулахдаа тухайн иргэн маань банкинд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй. Зөвхөн хүсэлтээ тавихад хангалттай. Иргэд хүсэлтээ өгөхөд тодорхой хугацаа тавьж байгаа юу? - Зээлдэгч 5 дугаар сарын 1-нээс өмнө банкиндаа хүсэлтээ өгсөн байх ёстой. Улмаар 6 дугаар сарын 1-нээс өмнө банкин дээрээ очоод, гэрээ байгуулах хэрэгтэй. Жишээ нь 8 хувийн ипотекийн зээл авсан иргэн банкинд орлогоо нотлох шаардлагатай юу? - Банкнаас орлого нотлох ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Нэгэнт гаргасан шийдвэр хэрэгжихгүй байна гэх гомдол их байна. Монголбанкнаас гаргасан шийдвэр арилжааны банкуудад очсон болов уу? - Монголбанк, МИК, ипотекийн зээлийг хэрэгжүүлж байгаа 11 арилжааны банк хоорондоо тохиролцоод, шийдвэрээ гаргасан. Шийдвэрийг арилжааны банкуудад хүргүүлсэн. Тэгэхээр одоо хэрэгжихэд ямар нэгэн асуудал байхгүй. Иргэдийн хөндөж байгаа асуудлын хувьд жишээ нь банк 3 сарын хугацаанд үлдсэн зээлийнхээ нийт дүнгээс хүү тооцож авахаар байна гэх асуудлыг хөндсөн байна. Үүн дээр та хариулт өгөөч? - Зээлээ хойшлуулсан 6 сарын хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөр иргэдээс шаардах ёсгүй. Тухайн зээлдэгчийн эргэн төлөлт доголдсоноос хойш зээлийн үлдэгдэл хугацааг 6 сараар хойшлуулж, долоо дахь сараасаа анх төлж байсан хуваариараа төлөөд явна. Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Хэрэглээний зээл гэж яг юуг хэлж байна вэ гэдэг дээр тайлбар хэлнэ үү? - Хэрэглээний зээл гэдэг маань тухайн өрх, иргэдийн хувийн хэрэглээндээ зориулж байгаа зээлийн бүтээгдэхүүнийг л хэлж байгаа юм. Тухайлбал, малчны зээл, цалингийн зээл, лизинг, кредит картын зээл гэх мэтчилэн. Хэрэглээний зээлийн хугацааг сунгахад ямар нэгэн бичиг баримт шаардах уу. Тухайлбал, иргэдийн хувьд хэрэглээний зээлийг хойшлуулах асуудал ажилгүй болчихсон иргэнд хамаарахгүй гэх асуудлыг хөндсөн байгаа? - Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх тухайд арилжааны банкны зүгээс иргэний орлого ковид-19 цар тахлын улмаас хүндрэлд орсон гэдгийг өөрсдөө тогтооно. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалуудыг үндэслэн өөрсдийн боломжит нөөцдөө тулгуурлан орлого тасалдсаныг тогтоож болно. Тэгэхээр заавал бичиг баримтыг бүрдүүлж байж, тухайн банк өөрсдөө асуудлаа шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу? - Банкууд үүнийг дотоод журмаараа зохицуулж өгнө. Монголбанкны зүгээс ийм, тийм бичиг баримт бүрдүүл гэсэн зүйл байхгүй. Гэхдээ Монголбанк энэ шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа. Энэ долоо хоногоос эхлээд, нөхцөл өөрчилсөн бүх хэрэглээний зээлийн мэдээллийг аваад, нэгтгэхээр төлөвлөж байна. Хэрэглээний зээл авсан иргэд орлогоо нотлоод, 12 сараар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно гэсэн үг үү? -Тийм. Тухайн зээлдэгч эргэн төлөлт нь хүндэрсэн тохиолдолд 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор банкиндаа хүсэлтээ гаргана. Банкууд иргэдийн хүсэлтийг цахимаар болон бичгээр авч байгаа. Улмаар банкууд харилцагчтайгаа холбогдоод, холбогдох шийдвэрийг гаргаад, гэрээг шинэчлээд явна. Ахмадуудын тэтгэврийн зээлд ч бас хамааралтай юу? - Эргэн төлөлт нь хүндрэлд орсон тэтгэврийн зээл байхгүй. Тийм учраас тэтгэврийн зээлд үйлчлэхгүй гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хэрэглээний зээл болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саадгүй болсон гэж ойлгож болох уу? -Хэрэглээний зээлийн хувьд дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын шийдвэр гараад, 14-ний өдөр бүх банкуудад шийдвэрийг хүргүүлсэн. Ипотекийн зээлийн хувьд ч мөн адил бүх шийдвэрүүд очсон байгаа тул саадгүй хэрэгжээд явна. Хэрэглээний зээлийн хувьд нийт зээлдэгчдийн тэдэн хувь нь хамрагдах боломжтой гэх судалгаа гарсан уу? - Хэрэглээний зээлийн хувьд зээл авах дээд хугацаа нь 30 сар, зээлдэгчийн сарын төлбөр сарын орлогын харьцаа нь 60 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалтууд 2019 оноос хойш авсан зээлүүдэд үйлчилж байдаг. 2019 оноос өмнө авсан буюу эдгээр хязгаарлалтаас давчихсан байгаа зээлүүдийн хувьд хугацаагаа сунгах боломжгүй байсан бол одоо хугацаагаа сунгаад зээлийн сарын төлөлтөө багасгах боломжтой болсон гэсэн үг. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийн ойролцоогоор 40 хувийг бүрдүүлж байгаа. Бусад зээлдэгчдийн хувьд зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулаад хугацаагаа сунгаад явах боломжтой байсан. Иргэдийн зүгээс банкин дээр их хүнд суртал гаргаж байна, хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй гэх гомдлыг их хэлж байна шүү дээ? - Одоо бүх шийдвэрийг банкуудад хүргэсэн учраас ийм асуудал гарахгүй. Ярилцсанд баярлалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.