САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн I улирлын ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болж санхүүгийн системд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Монголбанкнаас банкны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал; Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид буюу үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг хянаж, зохицуулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар; Төлбөр тооцооны шинэ горимд шилжих бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан; Шинэ төрлийн корона вирусын улмаас санхүүгийн салбарт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тус тус хэлэлцэв. СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Б.ЛХАГВАСҮРЭН: МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ЗӨӨЛРҮҮЛЭХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХЭД ДЭМЖЛЭГ БОЛНО

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. -Мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар буулгаж 10 хувь болгох шийдвэр гаргасан нь эдийн засгийн нөхцөлд байдалтайгаа хэрхэн уялдуулсныг юуны өмнө тайлбарлана уу? Ковид-19 вирусийн тархалттай холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил суларч байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих бүхий л боломжуудыг судалж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Эдийн засгийн өсөлт сүүлийн 5 улирал дараалан буурч, 2020 эхний хагаст ч үргэлжлэн саарахаар байна. Уул уурхайн салбар 4-р улиралд өмнөх оны мөн үеэс 16.2 хувиар буурсан нь 2019 оны өсөлт хүлээлтээс доогуур гарахад голлон нөлөөлсөн бол энэ онд цар тахлын нөлөөгөөр уул уурхайн салбараас гадна уул уурхайн бус салбарын өсөлт саарахаар байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт саарах нь тээврийн салбарт, хөл хорио нь аялал жуулчлал, нийтийн хоол, зочид буудал, бусад үйлчилгээ болон худалдааны салбарт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ бүтээгдэхүүний цэвэр татварын орлого багасахаар байна. Дотоод эрэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, эдийн засгийн идэвхжил сэргэх үед зээлийн хүүний харьцангуй таатай нөхцөлийг бий болгоход энэхүү бодлогын арга хэмжээ дэмжлэг болно. Хамгийн гол нь инфляцийн түвшин сүүлийн жил хагасын хугацаанд буурч, 6 орчим хувьтай байгаа нь энэ боломжийг олгож байна. Мэдээж дунд хугацаандаа эдийн засгийн гадаад тэнцэл алдагдахгүй нөхцөлд иргэдийн хэрэглээ нэмэгдэж, хувийн секторын хөрөнгө оруулалтын өртөг буурснаар эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ гэж төсөөлж байна. -Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулах саналыг оруулна гэж байсан боловч 1 нэгж хувиар буурууллаа, бодлогын хүүний өөрчлөлт инфляци болон гадаадын валютын ханшинд дарамт болох уу гэдэг болгоомжлол байдаг. 2020 оны эхний 2 сард экспорт 30 хувиар, импорт 10 хувиар буурч, нийт гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 21 хувиар бага буюу 1,521 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 235 сая ам.доллараар буурсан хэдий ч гадаад худалдааны тэнцэл 21 сая ам.долларын ашигтай гарлаа. Ковид-19 вирусийн нөлөөгөөр манай нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспорт түр зогссоны зэрэгцээ Хятадын эдийн засгийн өсөлт сааран, дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ цаашид экспортоо сэргээх нь хамгийн чухал бөгөөд Засгийн газрын зүгээс эхний алхмууд хийгдэж эхлээд байна. Вирусийн халдварын эсрэг аюулгүй байдлыг сайн хангасны үндсэн дээр нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх гэж байгаа нь зөв алхам гэж харж байгаа. Түүнчлэн түүхий эдийн зах зээлд бий болсон алтны үнийн өсөлт, нефтийн үнийн бууралт, Оюу толгойн хөрөнгө оруулалт валютын урсгалд дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, одоогийн байдлаар нефтийн үнэ 45%-иар буураад байна. Өнгөрсөн жил нефтийн үнэ дунджаар 64-65 ам.доллар байхад Монгол Улсын бензин болон дизель түлшний бүлэг барааны импортын төлбөр 1.2 орчим тэрбум ам.доллар байсан. Энэ жилийн хувьд нефтийн гэлтгүй нийт импорт ялангуяа хөрөнгө оруулалтын импорт үргэлжлэн саарна гэж хүлээж байна. Төв банкны гадаад валютын нөөц манай улсын импортын 9 сарын хэрэгцээг хангахаар байгаа бөгөөд энэ нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр дүн юм. Мөн энэ онд төлөгдөхөөр хүлээгдэж байгаа томоохон өр төлбөрүүдийг валютын нөөц болон ханшид дарамтгүйгээр шийдэхээр ажиллаж байна. -Энэ удаагийн бодлогын шийдвэр хүүг өөрчлөхөөс гадна банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан. Энэ арга хэмжээ бодит эдийн засагт яг ямар үр нөлөө үзүүлэх вэ? Энэхүү бодлогын арга хэмжээ нь банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих үндсэн зорилготой. Мөнгөний бодлогын хорооноос банкуудын төгрөгийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хувьд тогтоосон заавал байлгах нөөцийн хувийг одоо мөрдөгдөж буй 10.5 хувиас 8.5 хувь болгон бууруулах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр системийн хэмжээнд банкуудын 324 тэрбум төгрөг заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж байна. Бодлогын хүүтэй харьцуулахад тус арга хэмжээний нөлөөлөл нь эдийн засаг болон санхүүгийн системд илүү хурдан илэрдэг. Тэр утгаараа өнөөдрийн энэ төвөгтэй нөхцөлд шууд нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэн хосолмол арга хэмжээ авч байна гэж ойлгож болно. -COVID-19-ийн нөлөөнөөс болж ерөнхийдөө эдийн засгийн идэвхжил буурсан нь банкуудад зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учруулж болохоор нөхцөл байдал үүсч мэдэхээр байна шүү дээ. Иймд энэ эрсдэлээс сэргийлсэн бодлогод Мөнгөний бодлогын хороо хэрхэн анхаарсан бэ? Дээрх 2 арга хэмжээн дээр нэмээд хүүний коридорын өргөнийг мөнгөний бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувь байхаар шинэчлэн тогтоолоо. Ингэснээр бодлогын хүүний коридорын дээд хязгаар буюу Төв банкны овернайт репо санхүүжилтийн хүүг нэмэлт 1 нэгж хувиар буюу нийт бодлогын хүүний бууралтыг оролцуулан тооцвол 2 нэгж хувиар буурууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Төв банкны санхүүжилтийн өртгийг бууруулж, зээлийн эргэн төлөлтөөс шалтгаалсан хөрвөх чадварын болзошгүй эрсдэлээс банкны системд учирч болох санхүүгийн дарамтыг бууруулах зорилготой. Энэ үед олон Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж байгаагийн үндсэн шалтгаан нь санхүүгийн системийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж улмаар санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжилж, санхүүжилтийн өртөг нь бага байлгахад дэмжлэг болохыг зорьж байна. АНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлагын олон нийтэд өгсөн мэдээлэлд маш тодорхой тайлбарласан байгаа. Бодлогын хүүг бууруулснаар вирусийн тархалтыг зогсоохгүй ч санхүүжилтийн өртөг зардлыг бууруулснаар эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэж мэдээлсэн. Бодлогын шийдвэр гарснаар нааштай өөрчлөлтүүд гарахаар болж байгаа хэдий ч хорио цээрийн дэглэм тогтоосноор бизнесийн үйл ажиллагаа саарч, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарынханд маш хүнд тусч байна. Төв банк, банкны салбарын зүгээс тодорхой ямар нэг дэмжлэг үзүүлж болох уу? Төв банк буюу Монголбанкны тухай хуулиар тухайлсан хувь хүн, хуулийн этгээд, салбарыг онцгойлон зээл, санхүүжилт олгохыг хориглосон байдаг. Бусад улс орнуудын Төв банк ч ийм л хуулийн зохицуулалтад үйл ажиллагаа явуулж байгаа. Төв банкууд ийм эх үүсвэр, тийм санхүүжилт олгохоор боллоо гэдэг нь бүгд л аль нэг банк, санхүүгийн зуучлагчаар дамжин эцсийн зээлдэгчид буюу бизнес эрхлэгчдэд очно. Эх үүсвэр санхүүжилт хэр хүртээмжтэй байх, санхүүжилтийн зардал хэр хэмжээтэй байх гэдэг нь Төв банкны бодлогын шийдвэрээс тодорхой харагдаж байгаа. Төв банк мөн хуулиараа банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон бүтээгдэхүүн үйлчилгээний хүү, шимтгэлийн үнэ хэмжээг тогтоох, бууруулах, зогсоохыг хориглосон байдаг. Энэ утгаараа зээл хүүтэй холбоотой асуудалд зөвлөмж чиглэл өгөхөөс өөрөөр шууд нөлөөлөх, оролцох эрхгүй. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны удирдлага Монголын банкны холбооны төлөөлөлтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнээр уулзан, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед санхүүгийн системийн хэвийн ажиллагааг хангахад хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон. Мөн зээл төлөлтийн хуваарь зөрчигдөх, үндсэн өр, хүү төлөлттэй холбогдуулан ямар арга хэмжээ авч болох, зохицуулагчийн зүгээс үүссэн нөхцөл байдалтай нийцүүлэн холбогдох хууль журам, эрх зүйн баримт бичигт ямар өөрчлөлт оруулах боломжтой талаар зөвлөлдсөн. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан банкуудын зүгээс харилцагч бизнес эрхлэгчдийг түр хугацаанд торгууль, алдангиас чөлөөлөх, хорио цээрийн дэглэмийн үед зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой талаар зөвлөж, зохицуулагчийн зүгээс нөхцөл байдалтай уялдуулан журам заавраа зөөллөх боломжтойг уламжилсан. -Таны бодлоор цаашид анхаарах гол асуудал юу вэ? Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь нэлээд цогц, жорын шинжтэй шийдвэр гэдгийг өмнөх хариултуудаас анзаарсан байх. Хэдийгээр улс орнуудын Төв банкууд мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих шийдвэр гаргаж байгаа хэдий ч хямралын суурь шалтгаан эмчлэгдэхгүй бол цаашид хэчнээн мөнгөний бодлогыг өөрчлөөд ч үр дүн хязгаартай гэдгийг бид ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ хямралт нөхцөлийн шалтгаан бол өвчин, түүнээс үүдэлтэй эдийн засгийн сааралт. Тиймээс уг шалтгаан буюу өвчний тархалт буурч, эмчилгээ үр дүнтэй болсноор иргэдийн айдас арилж, хэвийн ажил амьдрал эхэлнэ. Ингэснээр хөл хорио тавигдаж, дотоод борлуулалт нэмэгдэж, гадаад худалдаа сэргэж, бизнесүүд сэргэнэ. Төгрөгийн үнэ цэнийг хадгалах, улмаар өсгөх, ханшийг тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах талаар судалгаа, тооцоолол хийж байгаа, удахгүй захиргааны шинжтэй шийдвэрүүд гаргана. Тухайлбал, валютаар хийгдэж байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, валютын харилцах хадгаламжийн дансыг цэгцлэх, хадгаламжийн даатгалд хамруулах эсэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зэрэг алхмууд ойрын үед хийгдэнэ.

Н.Энхбаяр: Төсвийн шаардлагагүй зардлаа танахгүй бол эдийн засаг маш хүнд байдал руу орох гээд байна

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. Дэлхий даяар дэгдэж буй Коронавирусын эрсдэлтэй холбоотойгоор эдийн засаг хүндэрч буй энэ үед Сангийн сайд төсвийн зардлаа танаж, төсвөө тодотгохгүй гэж зарласан. Та энэ мэдэгдлийн талаар ямар байр суурьтай байна вэ? Эдийн засаг хүндрэлд ороод байгаа үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, коронавирусын халдварын тархалт дэгдээд 70 гаруй хоног өнгөрч байна. Хоёрдугаарт, дараагийн давлагаа болж байгаа зүйл нь өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хямрал. Мөн өчигдөрхөн Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдэгдсэнээр халдварт өвчний тархалтыг нарийвчлан хянах боломжгүй боллоо. Чөлөөтэй тархах эрсдэл үүслээ гэж мэдэгдсэн. Энэ нь олон улсын зах зээл дээр гурав дахь савлагааг үүсгэж байна. Үндсэндээ олон улсын хөрөнгийн зах зээл бүтэн сарын туршид савлаж байна. Коронавирус нэг бүс нутагт бус дэлхий нийтээр тарж байна. 120 мянган хүн өвчилсөн, 110 гаруй улс оронд тархсан байна. Энэ бол дэлхий нийтийг хамарсан асуудал боллоо. Нөгөө талаар энэ нь зөвхөн өвчлөлийн асуудал биш, эдийн засаг, санхүүгийн асуудал болж байна. Нэг өдөр намжихгүй нь тодорхой. Асуудал намжтал 1-2 сарын хугацаа байна. Энэ хугацаанд дэлхий нийтийн хүрээнд тасалдаж байгаа бизнесийн үйл ажиллагаанаас хамаараад дэлхийн эдийн засаг ямар хэмжээний хүндрэлд орох вэ гэдгийг нарийвчлан гаргах боломжгүй байна. Ерөнхийдөө энэ нөхцөл байдал нэлээд гүнзгий хямрал руу хөтлөх дүр зураг харагдаж байна. Ийм нөхцөлд бид доривтой арга хэмжээг авах ёстой. Арваад хоногийн өмнөөс улс орнууд яаралтай арга хэмжээ авах ёстой гэж G7-ын бүлгийн уулзалтаар уриалсан. ДЭМБ-ын тэргүүн одоогоос 14 хоногийн өмнө энэ өвчний эсрэг бололцоотой бүхий л арга хэмжээгээ авахыг улс орнуудад уриалсан. Тэр дундаа мөнгөний болон төсвийн бодлогоор хариу арга хэмжээ ав гэсэн. Тэр дор нь Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулсан. Мөн Австралийн төв банк бодлогын хүүгээ бууруулсан. Өчигдөрхөн Их Британийн төв банк бодлогын хүүгээ бууруулж байна. Улс орнууд эдийн засаг, бизнесээ дэмжих хариу арга хэмжээг аваад эхэллээ. Монголбанк ч бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулах арга хэмжээ авлаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд зөвхөн мөнгөний бодлогоор хүндрэлийг даван туулах боломжгүй гэдгийг олон улсын байгууллагууд хэлээд байна. Олон талын арга хэмжээ авах ёстой. Үүний нэг тал нь төсвийн бодлогын арга хэмжээ. Гэвч төсвийн талаас арга хэмжээ авагдахгүй, хоцрогдолтой яваад байна. Сангийн сайдын тайлбарлаж байгаагаар бодлогын хүүгээс гадна арилжааны банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаар эдийн засаг тэлж эдийн засаг руу ихээхэн хэмжээний мөнгө орж, хэвийн байдалд орно. Аж ахуйн нэгж байгууллагууддаа эргээд дэмжлэг болно гэсэн тайлбар өгсөн. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ? Бид өнгөрсөн 10 гаруйхан жилийн хугацаанд хоёр удаа ийм хүндрэлийг туулсан. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 2014-2015 оны туршид үргэлжилсэн эдийн засгийн сааралт. Эхний тохиолдолд дэлхийн эдийн засгийн хямрал байсан учраас богино хугацаанд 8-9 сар үйл явц нь болоод өнгөрсөн. Тухайн үедээ Засгийн газар, УИХ-аас шуурхай арга хэмжээ авч 2009 оны гуравдугаар сар гэхэд ОУВС-тай Стэнд бай хөтөлбөрөө тохироод санхүүгийн дэмжлэг аваад явсан. 2009 оны дунд үеэс эдийн засаг тогтворжиж эхэлсэн. 2014-2015 онд гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан, эрэлт хумигдсан учраас удаан хугацаанд аажим үргэлжилсэн. Энэ үед эдийн засгийг дэмжихийн тулд бодлогын хүүг бууруулах арга хэмжээг Монголбанкнаас авч байсан. Аажим өрнөж байсан үйл явц учраас Монголбанкнаас авсан мөнгөний бодлогын хүүг бууруулах арга хэмжээ хэдийгээр хугацааны хоцрогдолтой ч гэсэн 5-6 сарын дараа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж очсон. Тэгээд ч нэмэр болоогүй. Учир нь ажилгүйдэл их хэмжээгээр нэмэгдэж байсан. Энэ удаа бодлогын хүүг бууруулж байгаа нь зөв. Гэхдээ энэ нь хүндрэлийг даван туулах хангалттай арга зам биш. Асуудал нь, халдварт өвчний онцгой нөхцөл байдлаас хамаараад үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан. Хоёрдугаарт, экспорт хязгаарлагдчихлаа. Энэ бол компанийн өөрийн үйл ажиллагаанаас хамаараагүй, гадаад хүчин зүйлээс хамаарч байна. Ийм нөхцөлд үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүд зээлээ төлөх чадваргүй болж байгаад нь ямар дэмжлэг үзүүлэх вэ гэсэн асуудал яригдаад байна. Үүнд мөнгөний бодлого хүрч нөлөөлж чадахгүй. Үзүүлсэн ч гэсэн тэр нь хангалттай бус. Энэхүү бодлогын шийдвэр нь хожуу нөлөөлнө. Урьд өмнөх түүх нь ч тийм байсан. 5-6 сарын дараа бодлогын нөлөө гарна. Өнөөдрийн Сангийн сайд таны хэлээд байгаа 2014-2015 оны хямралын үед төсвөө тодотгох, зардлаа танах талаар ярьж байсан бол өнөөдөр тэс өөр зүйлийн талаар ярьж байна. Ярьж байснаасаа эсрэг зүйл ярих нь сонгуульд зориулсан төсвөө хамгаалах арга хэрэгсэл болоод байна уу гэж хардах нөхцөлд хүргээд байна. Сүүлд хийсэн тайлбараас нь харахад төсөв тодотгох шаардлага байхгүй. Хоёрдугаарт, төсвийг тэлж байж хямрgлыг даван туулна гэсэн ийм хоёр үндэслэл хэлсэн. Тийм юм уу гээд үзэхээр онолын хувьд боломжгүй. Тэр тусмаа манайх шиг эдийн засагтай нөхцөлд. Зах зээл нь хөнжсөн, бизнес нь жигдэрсэн улс орнуудын хувьд тодорхой бизнесийг дэмжсэн нөхцөлд тэр нь эргээд татвар төлдөг, татварын орлого нь нэмэгддэг үр өгөөж байж магадгүй. Гэтэл манай орны нөхцөлд гадаад зах зээлээс төсөв бүрдэх орлого нь хумигдсан байхад зарлага талаа өндөр хэвээр байлгана гээд байна. 2020 оны төсвийн орлого тал нь 11 их наяд төгрөг олохоор төлөвлөсөн. Зарлага талдаа 13.8 их наяд төгрөг зарцуулахаар баталсан. Гэтэл тодотгол хийхгүйгээр 13.8 их наяд төгрөгийн зардлыг хэвээр нь байлгая гэж байна. Үүссэн бүх нөхцөл байдлаас харахад орлого хувимагдах нь тодорхой байна. Олох ёстой орлогын хэмжээ буурч 8-9 их наяд руу очиход зардлаа дагаад танахгүй бол төсвийн алдагдал нэмэгдэнэ. 2 их наядын алдагдал 3-4 их наяд руу тэмүүлэх нь байна. Эдийн засаг хүндэрвэл хамгийн түрүүнд ажиллах хүчний тоо буурна гэдгийг эдийн засагчид сануулж байгаа. Таны хувьд ямар төсөөлөл гаргасан бэ? Бид нарын хувьд гадны олон улсын байгууллагаас ирсэн зөвлөх биш. 20-30 жил ажилласан Монгол Улсын эдийн засгийн талаар ярьж байна. Өнгөрсөн 13, 14 жил хоёр удаа хямралыг туулсан. Монгол Улсын эдийн засаг савладаг, хамааралтай, хүндэрдэг гэдгийг бүгд мэдэж байна. Экспортын цоохон түүхий эдээс хамааралтай орлого орж ирдэг учраас тэнд нэг доголдол үүсэхэд л маш олон салбар дээр доголдол үүсч байна. Экспорт хязгаарлагдлаа худалдаа үйлчилгээ салбар гээд маш олон салбар орлогогүй болж байна. 2008 оны үед ажилгүйдэл 137 мянгад хүрч байсан. 2014-2015 оны үед 127 мянгад хүрч байсан. Яг энэ үр дагавар давтагдах нь тодорхой болж байна. 2-3 сарын хугацаанд үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хязгаарлалаа. Нэгдүгээрт, ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, бизнесийн үйл ажиллагаа доголдож байна. Жижиг аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл орлого нь орж ирэхгүй бол удаан оршин тогтноход хэцүү. Монгол Улсын эдийн засгийн цикл яаж явдаг вэ, ямар үр дүнд хүргэдэг тоо, жишээ нь бодитой байна. Сэргийлэх арга хэмжээ авах боломж нь ч байна. Хамгийн багадаа 10 мянган хүний ажлын байрыг цомхотгох эрсдэл байвал тэрийг нь багасгаад 2-3 мянга болгох. Төсөв дээр байгаа үрэлгэн зардлуудаа хэмнээд бизнесээ дэмжих арга хэмжээрүү чиглүүлээч ээ. Тэрнээс биш төсвөө танаад борцлоод зарлагаа байхгүй болгоод өг гэсэн зүйл хэлээгүй. Тэр тусам урсгал зардлыг тана гэж хэн ч хэлээгүй. Бодитой ямар зөвлөгөө өгч байна вэ? Тухайлбал, зээлийн хүүгээ бууруулах гэх мэт дэмжлэг үзүүл гэж яриад байгаа. МҮХАҮТ-аас таван зүйл заалт бүхий 20 санал хүргүүлж байгаа гэсэн. Та бүхний хувьд өнөөдрийн эрх баригчдад хандаж хэлэх ямар зөвлөгөө байна. 123 мянган аж ахуйн нэгжээс 84 мянга нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Эдгээрийн 70 хувь нь жижиг аж ахуйн нэгж. 1-9 ажлын байртай, худалдаа үйлчилгээний газар, цайны газрууд байна. Эдгээр газрууд хамгийн түрүүнд өртөнө. 2-3 сарын хугацаанд бизнесийн үйл ажиллагаа хаагдахад тэсэхгүй. 100-200 хүнтэй гадаад худалдаа эрхлэж байгаа барилгын компаниуд бол тэсч магадгүй. Улсаас тендер авдаг байгууллагууд бол улсаас тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр авсан, барьцаа хөрөнгө, тоног төхөөрөмжтэй байгууллагууд. Гэтэл нэг өрөө оффисоос өөр зүйлгүй найман нэрийн дэлгүүр шиг газрууд үүнийг тэсэхгүй. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол ажлын байрыг хадгалахад чиглэсэн арга хэмжээ юм. Энэ бол халдварт өвчин гэдэг талаасаа биш дэлхий нийтэд анх удаагаа тулгамдаж байгаа асуудал гэдгийг олон улсын байгууллагууд хэлээд байна. ДЭМБ, олон улсын байгууллагууд бүх талын арга хэмжээг ав гээд уриалаад байгаа юм. 1-2 сарын асуудал биш удаан хугацаанд үргэлжилсэн үйл явдал болохоор байна. Хамгийн эцэст нь хүн болгонд хүрч очих хохирол нь ажилгүйдэл, ядуурал, орлогогүй болох асуудал юм. Үүнийг хамгаалах арга хэмжээ авах ёстой. Үүнд эх үүсвэр гаргаж болно. Тэрийг гаргахын тулд төсөвт тодотгол хийгээч ээ. Эх үүсвэр хаана байна вэ гэхээр ач холбогдолын эрэмбээр дарааллуулахаар нэн чухал биш зардлуудаа танахад гарч ирнэ. Хуучин барилгыг өнөөдөр нураах хэрэг байна уу, хөшөө дурсгалыг одоо барих шаардлага байна уу, сумын төв дээр байгаа хуучин барилгыг нураагаад шинээр барилаа гээд ажлын байр нэмэгдүүлэхгүй. Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах, хүү төлөлтийг царцаах хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Энэ тал дээр төрөөс оролцох болможгүй гэж байгаа. Тэгэхээр арилжааны банкууд сайн дураар шийдвэр гаргаж, хүү бууруулахыг хүлээх ёстой юу? 2000 оноос өмнө төрийн оролцоотой банкуудтай байсан. Одоо бол төрийн өмчит банктай гэж хэлэхэд хэцүү болсон. Үндсэндээ хувийн хэвшлийн банкны тогтолцоотой салбар бий болсон. Ийм нөхцөлд төрөөс оролцоод банкуудыг зээлийн хүүгээ зохицуул гэж хэлэх бололцоо байхгүй. Мөнгөний бодлогоор шинээр олгох зээлийн хүүг бууруулж байгаа боловч урд олгосон зээлийн асуудлыг шийдэх тодорхой эзэнгүй байна. Ийм нөхцөлд арилжааны банкууд бүх эрсдэлийг хүлээж чадахгүй. Магадгүй 1-2 банк багахан хэмжээнд энэ эх үүсвэрийг гаргаж чадна. Зээлийн хүүгийн алдангийг багасгахаас цааш хэтэрч чадахгүй. Зээлийн хүүг бууруулах хэмжээний чадвартай банк манайд одоогоор алга. Зээлийн хүүг бууруулах, алдангийг нөхөх тухай асуудал яригдаж байгаа бол төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх эх үүсвэр гаргаж өгч байж энэ хэрэгжинэ. Түүнээс биш арилжааны банк бүх харилцагч нараа урьж уулзаад зээлийн хүүг бууруулах боломж одоогоор байхгүй.

Монголбанкны худалдан авсан үнэт металл 4.9 тоннд хүрэв

Монголбанк 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн байна. Үнэт металлын худалдан авалт өсөхөд дараах шалтгаанууд нөлөөлөв. Үүнд: Дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн; Өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан; Он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөлөв. Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 грамм алтны дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард дунджаар 140,292.94 төгрөг байв. Харин 2020 оны 3дугаарсарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ 1 гр алт 147,096.92 төгрөг, 1 гр мөнгө 1,492.43 төгрөг тус тус байна. Монголбанк нь 2020 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ингэснээр дотоодын зах зээл албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой юм. Эх сурвалж: МОНГОЛБАНК

Уурхайчид халуун цэгт ажиллаж буй бие бүрэлдэхүүнд тусламж хүргэлээ

Шинэ төрлийн корона вирусын халдвар Монголд бүртгэгдсэн энэ онцгой цаг үед Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уурхайчид ээлжит тусламжаа Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бие бүрэлдэхүүнд хүргэлээ. Тодруулбал, Орхон аймгаас гарч, орох замын постууд болон ариутгал халдваргүйжүүлэлтийн хэсгүүд дээр, тусгаарлалтын хяналтын халуун цэгт ажил үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүнд хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалт, ариутгалын багаж, резинэн гутал зэргийг хандивлав. Баялаг бүтээгч уурхайчдын халуун сэтгэл шингэсэн тусламжийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбод гардуулсан юм. Б.Жигдэнгомбо дарга Онцгой нөхцөл байдлын үед Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 2500 орчим байцаагч халуун цэг дээр цаг наргүй ажиллаж байна. Нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын багаж хүрэлцэхгүй байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид маань дэм үзүүлж байгаад талархаж байна. Бид та бүхний тусламжийг Буянт-Ухаа боомт дээр ажиллаж мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцах болно гэж ярилаа. М.Одгэрэл

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.