МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОУВС, ЖАЙКА-ИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТАВДУГААР ХУРАЛД ОРОЛЦЛОО

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны хүмүүсийн хамт 2-р сарын 12-оос 13-ны ѳдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн бүсийн оффис, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Тавдугаар хуралд оролцлоо. Уг хурал нь Хөгжиж буй Ази: Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь сэдвийн дор болж өнгөрсөн ба Ази Номхон далайн орнуудын тѳв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаач нар оролцлоо. Хурал Тогтвортой хөгжлийн зорилтууд болон хүртээмжтэй өсөлтөд хүрэх нь, Хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихийн зэрэгцээ төсвийн болон өрийн тогтвортой байдлыг хангах нь гэсэн 2 дэд сэдэвтэй өрнөсөн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эхний хэлэлцүүлэгт оролцов. Түүнчлэн, хуралд оролцсон тѳлѳѳлѳл Японы Сангийн яам, ОУВС болон ЖАЙКА-ийн тѳлѳѳллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Д. АРИУНАА: ШИНЭЭР ГАРГАСАН 20000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТИЙГ ДУУРАЙХ, ХУУРАМЧААР ХИЙХ БОЛОМЖГҮЙ

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50 төгрөг, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж,гүйлгээнд гаргаж эхэлжээ. Уг асуудлаар Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодрууллаа. -50 төгрөгболон 20000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг дахин шинэчлэх болсон шаардлага, үндэслэлньюу вэ? -Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх гэсэн үндсэн үүргийг хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг зогсоох, түүнтэй тэмцэх тал дээр мөн анхаарч ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үүрэг, зорилтын хүрээнд ажилласан бөгөөд Монголбанкин дахь 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдийн нөөц дуусах шатанд орсон байсан тул нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон. Нэгэнт шинээр нөөц бүрдүүлж байгаа тул нэгмөсөн найдвартай байдлыг нь хангахуйцаар сайжруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Бид олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий элементүүдийг оруулан сайжруулж, шинэчиллээ. Жишээ нь, хуурамчаар үйлдсэн тэмдэгтээс төвөггүй ялгаж таних боломжтой хамгаалалтын элементүүд болох микро оптик хөдөлгөөнт гадаргуутай тууз, 3-н хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулсан хамгаалалтын цоо шинэ элемент агуулснаараа онцлог. Эдгээр хамгаалалтын шинэ таних тэмдгүүдийг оруулж өгснөөр монгол төгрөг хуурамчаар үйлдэгдэхээс найдвартай хамгаалагдаж, иргэд жинхэнэ мөнгөн дэвсгэртийг хялбархан таних боломжтой болж байгаа юм. -Тэгэхээр эдгээр мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаар хийх магадлал өндөртэй учраас хамгаалалтыг дахин сайжруулж байна гэж ойлгож болох уу? -Монгол Улсын хэмжээнд нийт илэрсэн хуурамч мөнгөн дэвсгэртүүдийн дийлэнх нь 20000 төгрөгийн дэвсгэртийг дурайлган хийсэн байдаг. Манай улсын хувьд нийт илэрсэнхуурамч мөнгөн дэвсгэртийн 90 гаруй хувь нь 2006 оны 20000 төгрөг байна. Учир нь анхны дэвсгэрт дээрххамгаалалтын элемент тааруу, сул байдгаас үүдэн дөхүүлэн дуурайлгаж хийхээр оролддог байна. Тиймээс 2009 онд сайжруулсан ч 2006 онд хэвлэгдсэн нь гүйлгээнд ашиглагдсаар л байгаа. Харин 2019 онд үйлдвэрлэж, одоо гүйлгээнд нэвтрүүлж байгаа 20000 төгрөгийн дэвсгэртийг дуурайх боломжгүйгээр ил хамгаалалтын элементүүдийг илүү нарийвчлан сайжруулж өгсөн. Иймээс 2006 оны 20000 төгрөгийг хуурамчаар үйлдэж буй явдлыг зогсоох, сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс гүйлгээнээс татан, төлбөр тооцоонд ашиглахгүй байх, улмаар 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд татаж дуусгасан байх Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гараад байна. Энэ хугацаанд иргэдийн гар дээр байгаа 2006 оны 20000-ын жинхэнэ дэвсгэртийг банкууд дээр болон Монголбанкин дээр шинэ дэвсгэртээр сольж өгөх ажил хийгдэнэ. -Эхний ээлжинд хэчнээн төгрөгтэй тэнцэх хэмжээний 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртийг шинээр хэвлэх вэ. Одоо зах зээлд эргэлдэж байгаа хуучин 50 болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг эргүүлэн татах юм уу? Тухайн мөнгөн дэвсгэртийн Монголбанкин дахь нөөц дуусч байгаа тохиолдолд дахин үйлдвэрлэх шаардлага бий болдог. Мөнгөн тэмдэгт бүр өөрийн насжилт, илэгдэх хугацаатай. Зарим мөнгөн тэмдэгт илүү урт насжилттай байдаг бол зарим нь иргэдийн хайхрамжгүй эсвэл хэт их хэрэглээнээс болж богино хугацаанд гэмтэж мууддаг. Шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахын хувьд зөвхөн банкуудаас гаргасан захиалгын тоо хэмжээгээр гаргадаг тул эргэлддэг хэмжээндээ хэвээр байна гэсэн үг. Аливаа улсын төв банк мөнгөн тэмдэгтийн нөөцөө бүрдүүлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний хүрээнд л хийгдэж байгаа ажил юм. Гүйлгээнээс зөвхөн 2006 онд үйлдвэрлэсэн 20000 төгрөгийн дэвсгэртийг л татна. Бусад дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэнэ. -Цагаан сараар бусад мөнгөн тэмдэгтээс сонгож, шинэ мөнгө хэвлэх үү? -Цагаан сард зориулж шинэ дэвсгэрт үйлдвэрлэдэггүй. Аль нэг дэвсгэртийн нөөц бий болгох нь олон шат дамжлагатай, шийдвэр гаргалтын хувьд ч олон процедур дамжиж байж хийгддэг тул урт хугацаа шаардсан ажил байдаг. Тийм амар богино хугацаанд хийчихдэггүй, ялангуяа шинэчлэн сайжруулж буй тохиолдолд 2-3 жил шаардагддаг. Цагаан сарын баяраар иргэд данснаасаа бэлэн мөнгө ихээр авах, хуучин дэвсгэртээ шинээр солих эрэлт маш их өсдөг. Үүнээс үүдэн банкууд Монголбанкнаас зузаатгалдаа шинэ мөнгөн дэвсгэрт ихээр авдаг түүнийгээ иргэдэд тухайн баярт зориулж олгодог үзэгдэл нь шинэ мөнгө үйлдвэрлэдэг гэсэн буруу ойлголт төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Цагаан сарын баярын дараа эдгээр бэлэн мөнгө банкуудад буцан орж ирдэг бөгөөд банкууд түүнийг Монголбанкинд эргэж тушааснаар бүх зүйл эргээд хэвийн байдалдаа ордог нь жил бүр тохиолддог хэвшмэл үзэгдэл болсон. Угтаа бол энэ үзэгдлийн мөн чанар нь Цагаан сарын баярт зориулж шинээр мөнгө хэвлэж буй явдал огт биш юм. -Монголбанк 50000-тын мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэсэн яриа гардаг. Ийм боломжтой юу? -Тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, онцлогоос хамаарч өөр өөр төрлийн материал, нэрлэсэн үнэ бүхий мөнгөн тэмдэгтийг дэлхийн олон улс орнууд гаргадаг. Төлбөр тооцоонд ашиглагдаж байгаа мөнгөн дэвсгэрт бүрийн нэрлэсэн үнэ болон тэдгээрийн бүтэц нь эдийн засгийн нөхцөл байдал, зах зээл дээрх бараа, үйлчилгээний үнийн түвшинд хэр нийцтэй, зохистой байна вэ гэдгээс хамаардаг тул дэвсгэртүүдийн бүтцийг өөрчлөх боломжтой. Гэхдээ одоогоор ийм асуудал тавигдаагүй байна. -Монголбанк мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалалтыг сайжруулах нэрийн дор зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх гэж байна гэсэн хардлага байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? -Мөнгөн дэвсгэртийг шинэчлэн сайжруулж гүйлгээнд гаргах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс огт өөр.Монголбанк арилжааны банкуудаас ирсэн хүсэлтийн дагуу зузаатгалыг хийдэг. Ингэхдээ банкууд Монголбанк дахь өөрийн харилцах дансанд байгаа мөнгөний хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ямар дэвсгэртээр, хэдий хэмжээний бэлэн мөнгө авах шийдвэрээ өөрсдөө гаргадаг. Шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг ч мөн адил энэ зарчмаар банкуудаас хүсэлт ирэх тохиолдолд л гүйлгээнд гаргадаг тул их хэмжээгээр мөнгө нийлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь хий хоосон хардлага юм. Түүнчлэн ийм замаар мөнгө нийлүүлэх гэж байна гэж хардаж байгаа бол сарын статистик үзүүлэлтээс мөнгөний нийлүүлэлтийн бүтцийг харах хэрэгтэй. Түүн дотор гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө гэдэг үзүүлэлт сар бүрээр байж байгаа. Тэрхүү үзүүлэлтийн сар бүрийн өөрчлөлтийг хараад байвал Төв банк бэлэн мөнгө их хэмжээгээр гаргаж уу, үгүй юү гэдэг нь тов тодорхой харагдана. Тиймээс дахин хэлэхэд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн дэвсгэртүүдийг шинэчлэн сайжруулж байгаа нь аль ч улсын Төв банкны хийдэг л ажил. Бид олон улсын төвшинд хэрэглэгдэж байгаа технологийн талаар судалгаа хийж, мөнгөн тэмдэгтүүдийнхээ эдэлгээ даах чанар, хуурамчаар хийгдэхээс хамгаалагдсан найдвартай байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. -Цаашид бусад мөнгөн тэмдэгтийн хамгаалалтыг сайжруулж, шинэчлэх үү? -Монголбанк энэ ажлаа үргэлжлүүлэн хийж байна. 2018 онд 5000 төгрөгийн хамгаалалтын элементийг мөн л сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан шинэчлэн сайжруулж гүйлгээнд нэвтрүүлсэн. Үүний үргэлжлэл 50, 20000 төгрөгийн дэвсгэртэд хийгдлээ. -Шинээр мөнгө гаргаж байгаатай холбоотойгоор төгрөг үнэгүйдэх, инфляц өсөх нөхцөл үүсэх үү? -Зөвхөн энэхүү сайжруулж шинэчилсэн мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргаж байгаатай холбоотойгоор төгрөг үнэгүйдэх, инфляц өсөх нөхцөл байдал үүсэхгүй гэдгийг баттай хэлэхээр байна. Учир нь энэ үйл ажиллагаагаар мөнгөний нийт нийлүүлэлт өсөхгүй юм. Эх сурвалж: iToim

2006 ОНЫ 20000 ТӨГРӨГИЙН ДЭВСГЭРТИЙГ ГҮЙЛГЭЭНЭЭС ТАТНА

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна. Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно. Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.

ШИНЭЧИЛСЭН ХАМГААЛАЛТЫН ЭЛЕМЕНТ БҮХИЙ МӨНГӨН ТЭМДЭГТҮҮДИЙГ ГҮЙЛГЭЭНД ГАРГАНА

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо. Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм. Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргана. Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангаж, нөөцийг дахин бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх явдалтай тэмцэхэд анхаарал хандуулж, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн хамгаалалтын элементийг сайжруулж, шинэчлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Ц.АЛДАРМАА: ЦАХИМ МӨНГӨ НЬ МӨНГӨН ХӨРӨНГӨД ЧӨЛӨӨТЭЙ ХӨРВӨДӨГ БАЙХ ЁСТОЙ

Төлбөрийн үйлчилгээний зөвшөөрөл, хяналтын талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаатай ярилцлаа. Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээний хэдэн төрлийн зөвшөөрөл олгоод байна вэ? Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос дагаж мөрдсөн. Энэ хууль батлагдахаас өмнө нь зөвхөн банк л төлбөр тооцооны зөвшөөрөлтэй байсан. Хууль батлагдсанаар банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ эрхлэх боломжтой болсон. Одоогоор Монголбанкнаас төлбөрийн хэрэгсэл буюу карт гаргах, хүлээн авах, төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, цахим мөнгөний үйл ажиллагаа эрхлэх, клирингийн систем ажиллуулах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа гэсэн 5 төрлийн зөвшөөрлийг олгосон. Зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг манай цахим хуудасны Төлбөрийн систем цэсээс харах боломжтой. Зөвшөөрлийг илүү дэлгэрүүлж, жишээгээр тайлбарлана уу? Бид бүхний сайн мэдэх төлбөрийн карт нь цахим төхөөрөмжийн тусламжтайгаар банканд байрших данс эсвэл бусад этгээд дээрх төлбөр төлөх зориулалттай дансанд хандаж, мөнгөн хөрөнгөө шилжүүлэх боломжийг олгож байдаг төлбөрийн хэрэгсэл юм. Энэхүү төлбөрийн хэрэгслийг гаргах хүлээн авах, хүлээн авах зөвшөөрлийг бүх банк авсан. Банк бус хуулийн этгээд болох Хай пэймэнт солюшнс ХХК нь төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг авсан. Энэ нь цахим худалдаанд түлхүү хэрэглэгдэх төлбөрийн үйлчилгээ юм. Хэрэглэгчээс тодорхой мөнгөн хөрөнгийг урьдчилж байршуулсны дагуу тухайн мөнгөн хөрөнгөтэй ижил хэмжээтэй олгогдсон, зөвхөн төлбөр төлөх, шилжүүлэг хийх зорилгоор ашиглагдах, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа бол энэ нь цахим мөнгө юм. Хуулинд цахим мөнгө нь хэд хэдэн шинжийг нэгэн зэрэг агуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг байх. Тодруулж хэлэхэд, цахим мөнгө нь төгрөгтэй ижил үнэ цэнэтэй байх ёстой. Жишээ нь 100 төгрөг нь 100 цахим мөнгө бөгөөд 100 төгрөгийг банкан дахь баталгааны дансанд байршуулна гэсэн үг. Ингэснээр харилцагчийн цахим мөнгийг төгрөгөөр баталгаажуулж байна. Мобифинанс ББСБ-аас гаргасан Кэнди үйлчилгээ нь Монголбанкнаас цахим мөнгөний үйлчилгээний зөвшөөрөл авсан үйл ажиллагаа юм. Цахим мөнгийг жижиглэнгийн төлбөрийг хурдан төлөхөд ашиглана. Их дүнтэй гүйлгээ хийх бол банкны дансаа ашиглах нь тохиромжтой. Монголбанкнаас 3 төрлийн төлбөрийн системыг хариуцан ажиллуулдаг. Үүнд их дүнтэй буюу 3 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний Банксүлжээ систем, бага дүнтэй буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээний Автомат клиринг хаус систем болон дүнгийн хязгаарлалтгүй төлбөрийн картын клирингийн систем байна. Үүнээс гадна ХХБ нь картын системийн дэд гишүүн банкуудын төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор клирингийн системийг ажиллуулах зөвшөөрлийг авсан. Банкнаас бусад этгээд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх тохиолдолд төлбөр тооцооны төлөөлөгч банкыг сонгож хамтран ажиллах хуулийн зохицуулалттай бөгөөд одоогоор Хас банк энэхүү зөвшөөрлийг аваад байна. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид техник технологи, мэргэжлийн боловсон хүчний болон Монголбанкнаас тодорхойлох бусад дэмжлэг үзүүлдэг этгээдийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэгч гэнэ. Энэ дагуу Гурван зуун жар файнанс ББСБ ХХК, ХХБ, Датабэйнк ХХК болон ККТТ ХХК процессорын зөвшөөрлийг авсан байгаа. Зөвшөөрлийн материал бүрдүүлэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ? Зөвшөөрөл хүссэн материал ирүүлэхдээ хэд хэдэн анхаарах асуудал байна. Тухайн үйлчилгээг нэвтрүүлэх зах зээлийн хангалттай судалгаатай байх, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкнаас гаргасан журам, дүрэмтэй сайн танилцаж, өөрсдийн эрхлэхийг зорьж байгаа үйл ажиллагааны дүрэм журмыг тэдгээрт нийцүүлсэн байх, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг зээлийн эх үүсвэрээр биш, хууль ёсны үйл ажиллагааны орлогоос бүрдүүлсэнийг нотлох баримт бичгийг ирүүлэх, харилцагчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа. Ирүүлсэн материал нь хоорондоо уялдаа холбоо сайнгүй, үг үсэг найруулгын алдаа ихтэй байна. Нэг анзаарагдсан зүйл гэвэл зөвшөөрлийн материал өгснөө заавал зөвшөөрөл авах ёстой гэж ойлгодог, гэтэл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй, бүрдэл дутуу байх, хангалттай нотолж чадахгүй асуудал гардаг. Бид энэ тохиолдолд зөвшөөрөл хүсэгчид татгалзсан хариу өгдөг. Хууль, журмын шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрлийг нь олгоод явж байгаа, одоогоор давхардсан тоогоор 20-н зөвшөөрөл эзэмшигчидтэй болжээ. Зөвшөөрлийг хэр хугацаанд шийдвэрлэдэг вэ? Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичгийг бүрэн гүйцэд гэж Монголбанкнаас үзсэн бол зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 60 хоногийн дотор шийдвэрлэнэ. Харин нэмэлт материал шаардлагатай тохиолдолд шийдвэрлэх нийт хугацаа 180 хоногоос хэтрэхгүй байх зохицуулалттай. Энэ нь нэмэлт материал авч дахин шалгах, шаардлагатай үед системтэй биечлэн танилцах, уулзалт хийх, нөөц төвийн үйл ажиллагааг шалгах зэрэгтэй холбоотой. Нэмэлт материалыг хуульд заасан хугацаанд ирүүлэхгүй байх асуудал гарч байгааг цаашид зөвшөөрөл авах хүсэлттэй байгууллагууд анхаарах нь зүйтэй. Хуулинд заасан хугацаанд нэмэлт материал бүрдүүлж ирүүлээгүй бол Монголбанкнаас зөвшөөрөл олгох боломжгүй юм. Төлбөрийн системд хэрхэн хяналт тавьдаг вэ? Төлбөрийн системийн хяналтыг хэрэгжүүлэхдээ системийн хувьд чухал гэж үзсэн тоон мэдээлэл цуглуулах, үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, хяналт тавих, шаардлагатай өөрчлөлт хийх гэсэн үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Манай хэлтсийн зүгээс Төлбөрийн системийн тайланг улирал бүр гаргаж, Монголбанкны цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлдэг, оператарын үнэлгээг жил бүр хийж удирдлагуудад танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг. Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол хуулийн хариуцлага хүлээх үү? Мэдээж хүлээлгэнэ, хуулинд төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийг Монголбанкнаас олгоно гэсэн, эдгээрийг зөвшөөрөлгүй эрхлэхийг хориглосон заалт бас байгаа. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулбал манайхаас зогсоох хүртэл арга хэмжээ авах боломжтой тул эд хөрөнгөөр хохирч болзошгүй юм. Хэрэв зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэгчээс болж иргэд хохирвол яах вэ, Алдсан мөнгөө олж авахад нь зориулсан зохицуулалт гэж бий юу? Өөрөөр хэлбэл банкны хадгаламж бол даатгагдсан байдаг. Банкнаас бусад байгууллага төлбөрийн хэрэгсэл гаргах тохиолдолд Монголбанкнаас тавьж байгаа нэг том шаардлага нь баталгааны данстай байх. Энэ нь яах вэ гэхээр төлбөрийн хэрэгсэл гаргах ББСБ эсвэл хуулийн этгээд нь банканд баталгааны данстай байна гэсэн үг. Иргэдээс мөнгө хөрөнгө авч түүнийх нь оронд төлбөрийн хэрэгсэл өгөх ба иргэдээс авсан мөнгийг 100 хувь банканд дахь баталгааны дансанд байршуулж, түүнийгээ Монголбанканд тогтмол шалгуулж байх ёстой . Ингэснээр таны мөнгийг авч хадгалсанаас үүсэх эрсдэлээс хамгаалж байгаа юм. Харин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд ийм зохицуулалт байхгүй тул өндөр эрсдэлтэй. Тийм ч болохоор саяхан Монголбанкнаас мэдэгдэл гаргаж зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг зарласан. Ярилцсанд баярлалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.