ХЯТАДЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТ 74 САЯ ТОНН БОЛОВ

Өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний импорт 74.5 сая тонн болсон байна. Энэ нь өмнөх оноосоо 15 орчим хувиар өссөн дүн бөгөөд сүүлийн зургаан жилийн дээд хэмжээ юм. Блумберг Интеллеженсийн шинжээчид Хятадын коксжих нүүрсний импортыг 74.9 сая тонн болно хэмээн таамаглаж байсан юм. Харин Хятадын нийт нүүрсний импорт 299.7 сая тонн болж, зургаан хувиар өссөн байна. Арваннэгдүгээр сард коксжих нүүрсний импорт нь огцом нэмэгдсэн ч 12 дугаар сард огцом буурч 1.7 сая тонн болжээ. Үүний 1.57 сая тонныг нь Монгол Улс нийлүүлсэн байна. Харин Монгол Улсын тухайд өнгөрсөн онд 36.8 сая тонн нүүрс экспортлоод байна.

Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдэвт чуулга уулзалтыг анх удаа Орхон аймагт зохион байгуулж байна. Чуулганд 400 орчим жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр хүрэлцэн иржээ. Мөн, энэ чуулганы үеэр зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчлалаа. Чуулганд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ц.Батзул, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тэргүүтэй Орхон, Булган аймаг дахь ХАҮТ-ын төлөөллүүд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд оролцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох чиглэлд илүүтэй анхаарч, 16 аймагт түншлэл бий болгосон талаар дурьдаад, дотоодын үйлдвэрлэгчдэд дангаар бус хамтарсан хэлбэрээр ажиллах нь үр дүнтэй болохыг онцолсон. МҮХАТ нь ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад зах зээлд арьс шир, ноос ноолуур, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортлох өргөн боломжтойг тэмдэглэлээ. Монгол Улсын эдийн засгийн шинэ модульд томоохон уул уурхайн компанийг түшиглэн бичил бизнесийг хөгжүүлэх тухай тусгажээ. Энэ ч утгаараа Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулсан өнөөдрийн чуулган өндөр ач холбогдолтойг тэрээр онцоллоо. Монгол Улсын хэмжээнд тогтоодог өрсөлдөх чадварын 2019 оны үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлсэн бол Булган аймаг жагсаалтын 21-рт бичигдсэн. Хоёр аймаг нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжихөд энэ удаагийн чуулган эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ. Бизнес эрхлэгчидтэй 2019 оны ололт амжилтаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаагаа зөвлөлдөн, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсохоор зохион байгуулж буй чуулганы нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах боломжийн талаар цэгцтэй ойлголт өгөхийг зорьлоо. Бид 2019 онд амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Бид 2020 онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ. Уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуйн төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа чуулганд оролцогчдод тавьсан илтгэлдээ, үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авалтын бодлого, орон нутгийн худалдан авалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтыг зах зээлийн үнийн түвшинд, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласнаар 2019 онд худалдан авалтаас 60 тэрбум төгрөг хэмнэсэн тухай тэрээр танилцуулсан юм. Мөн үйлдвэрийн худалдан авалтын бүхий л мэдээлэл шилэн болж, www.tender.gov.mn сайт дээр нээлттэй, ил тод байршиж байгааг Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдэд хэллээ. Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2016 онд 5.2 тэрбум, 2017 онд 14.6 тэрбум, 2018 онд 46 тэрбум, 2019 онд 48.2 тэрбум төгрөгийн өссөн дүнгээр дэмжиж худалдан авалт хийсэн байна. ErdenetToday.mn

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан ФАЙНЭНШИАЛ ТАЙМС сонинд Хятадын талаар Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүргэж байна. Хятадын удирдагчид эдийн засгийн талаар илүүтэй санаа зовох боллоо. Чингэхдээ тэд санхүүгийн тогтвортой байдлыг тэргүүн зэргийн зорилт гэж үзэж байна. Өдгөө эдийн засгийн өсөлт уруудах төлөвтэй болж, бүтцийн, институцийн, мөчлөгийн шинжтэй олон олон асуудлууд тулгарч байгаа талаар Хятадын төрийн мэдээллийн агентлаг саяхан цохон тэмдэглэжээ. Энэхүү байдлыг газар дээр нь судлуулахаар банк, санхүүгийн тэргүүлэх/топ/ ажилтнуудыг орон нутагт илгээж, өрийн асуудлыг хэлэлцэж, АНУ-тай үүссэн худалдааны зөрчлийг хязгаарлагдмал хэмжээнд шийдэх эхний шатны хэлцлийн үр дүн, Хятадын талаас хийсэн буулт зэргийг тайлбарлаж ойлголтод хүрэх ажээ. Энэ бүхний цаана шийдэх асуудлын жагсаалтын нэгдүгээрт ажлын байр гэдгийг Хятадын коммунист намын эдийн засгийн бодлого тодорхойлогчид мэдэж байгаа. Намын зүгээс эдийн засгийн өсөлт буурах хандлагыг 2020 оны эхээр саармагжуулж чадаж байгааг нийгэмд хүргэж, түүхэн шинжтэй дараах 2 том зорилтыг энэ онд хангасан тухайн тунхаглан мэдээлэх явдал ажээ. Нэгдэх нь ядуурлыг үгүй болгосон тухай бол хоёрдахь нь арван жилийн өмнө амласанчлан нэг хүнд ногдох орлогыг хоёр дахин өсгөх зорилт 2020 онд бүрэн хэрэгжиж , Хятад улс дунд орлоготой орнуудын тэргүүн эгнээнд орсныг зарлах явдал ажээ. Энэхүү хэмжээ өдгөө 2019 оны байдлаар 10000 ам доллар даваад байгаа юм. Ирэх 10 жилийн тухайд эдийн засгийн өсөлтийн сааралтыг зөв удирдах үндсэн зорилт тавигдаж буй бөгөөд , санхүүгийн тогтвортой байдлыг хангах, түргэсэж буй насжилтыг тойрсон асуудлыг шийдэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг шинэ шатанд гаргаж эрс нэмэгдүүлэх зэрэг томоохон сорилтууд тулгарна. Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэд байхыг ирэх 3 гуравдугаар сард болох Ардын Их Хурлын чуулганы шийдэл гартал нийтэд зарлахгүй нь ойлгомжтой ч зарим тайлан мэдээллээс үзэхэд эдийн засгийн өсөлт 6 хувьд арай ч хүрэхгүй байхыг Хятадын засгийн газар зөвшөөрч, мөнгө, төсвийн оновчтой бодлогоо хадгалах ажээ. Төрөөс эдийн засгийг мөнгөний нийлүүлэлт, зээллэгийг нэмэгдүүлэх замаар дэмжих бодолгүй гэж байгаа боловч Төв банк нь бодлогын хүүгээ бууруулж, банкуудаас төв банкинд заавал байлгах нөөцийн хэмжээг багасгаж, жижиг пүүс компаниудад хүрдэг зээлийн шугамыг нэмэгдүүлж, хүндрэлд орсон 3 банкыг батлан даалаа. Байдал ийнхүү төвөгтэй байгаа ч эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд 6 хувьд арай хүрдүггүй юм аа гэхэд өсдөгөөрөө өснө өө. Хөрөнгө оруулалт, экспорт, үл хөдлөх хөрөнгийн зах зээл илүү хурдацтай өсөх боломж бий. Санхүүгийн салбарт үймээн гаргах эрсдэлтэй, хөрөнгийн эх үүсвэр нь найдвар муутай олон зуун жижиг банкууд, хөрөнгө мөнгөний гачигдалтай, өр зээлэнд баригдсан орон нутгийн засаг захиргаадыг тойрсон хүндрэл эрсдлүүд байгааг санхүүгийн болон зохицуулах үүрэг бүхий төрийн байгууллагууд сайтар мэдэрч ажиллаж байгаа. Туг дарцаг болсон, бас өр, зээлийн дарамтад орсон хувийн хэвшлийг дэмжин ажиллах тухай гоёмсог яриа байдаг ч бодлого, үйл ажиллагаа нь хэлсэнтэйгээ нийцэхгүй урьдын адил үр ашиг муутай, алдагдалтай ажилладаг улсын үйлдвэрийн газруудыг дэмжих талдаа хэвээр байгаа. Өргөн хэрэглээ өсөж буй ч өр нэмэгдэж, зээлийн үйлчилгээ(үндсэн өр, хүү)-ний төлбөр хурдтай өсөж, амьдралын зөрүү тэгш бус байдал ихтэй, ажлын байр санаа зовоодог зэрэг нь хэрэглээг хязгаарлаж байна. Хот суурин газрын ажил эрхлэлтийн өсөлт 2012 он хүртэлх арван жилд жилдээ 4 гаржй хувиар буурч байсан бол сүүлийн жилүүдэд 2.5 хувиар буурчээ. Үндэсний Статистикийн Товчооны мэдээгээр 2014 оноос хойш үйлдвэр, барилгын салбарт бараг 17 сая ажлын байр үгүй болж, сүүлийн хоёр жилд жил бүр 6 хувиар буурчээ. Үйлчилгээний салбарт ажлын байр жил бүр 3 орчим хувиар нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлийг өнөөг хүртэл тогтвортой байлгаж байна. Энэ салбарт ч бас ажлын байрны өсөлт саарч, бага цалинтай, бүтээмж муутай ажлын байр хорогдож байна. Ажиллах хүчний өрсөлдөх чадвар дутмаг байгаагаас боломжоо алдаж, мэргэжлийн ур чадвар нь ажлын шаардлагатай нийцэхгүй болж байна. Ажиллах хүчний 40-өөс доош хувь нь дунд сургууль төгссөн, 20 хүрэхгүй хувь нь мэргэжлийн коллежийн боловсролтой байна. Худалдааны дайн сөргөлдөөн хятадын ажил эрхлэлтэд шинэ аюул занал учруулж байна. Учир нь зарим компаниуд худалдааны маргааны сөрөг дагавраас зайлхийхийн тулд хятадын зах зээл дэх нийлүүлэлтийн сүлжээнээс гарах асуудлыг авч үзэх боллоо. Худалдааны гаалийн тарифын асуудал нь технологийн албадан шилжүүлэлт, оюуны өмчийн сул хамгаалалт, кибер хулгай, худалдааны нууцийн аюулгүй байдал, дотоодын бизнест давуу эрх олгодог аж үйлдвэрийн бодлого, хувийн компанийн удирдлагад намын зүгээс оролцох явдал зэрэг тарифын бус саад тотгоруудыг нэмэгдүүллээ. Америкийн болон Европын Холбооны Худалдааны танхимын хоёулангийнх нь мэдээгээр тэдний олон гишүүд бизнесийн сүлжээнийхээ хэсгийг Азийн бусад орнууд болон Мексик руу Хятадаас шилжүүлсэн буюу шилжүүлэхээр хэлэлцэж буй ажээ. Худалдааны дайн сөргөлдөөн нэг хэсэгтээ үргэлжлэх төлөвтэй байгаа хийгээд нийлүүлэлтийн сүлжээний төлөвлөлт хэрэгжилт удаан хугацааны бас өртөг зардал ихтэй үйл явц учраас ажлын байр яваандаа багасаж, ирэх жилүүдэд магадгүй сая саяар хорогдох хүлээлт байна. Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал 2019 оны Засгийн газрын болон намын голлох хэлэлцүүлэг бүрийн хамгийн тэргүүн ээлжийн асуудал болсон бөгөөд цаашдаа энэ асуудал төр засаг, намын анхаарлын төвд хэвээр оршиж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх зорилтой уялдаж явна гэдгийг бид хүлээж байна. Гэхдээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтыг эхлэн хэрэгжүүлэнэ гэж нийтлэлийн эхэнд яригдсан бодлого нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажил эрхлэлийг өсгөхөд нөлөөтөй арга биш юм. Бүтцийн болон мөчлөгийн шинжтэй арга хэмжээ авч, нөгөө талаас хөдөлмөрийн зах зээл дэх тэгш бус байдал үргэлжлэн нэмэгдвэл ажил эрхлэлт улам бүр тодорхой бус нөхцөлтэй тулгарна. Нэг талаас зээллэгийг хязгаарлах, нөгөө талаас эдийн засгийн хурдтай өсөлтийг хангах хоёрын тэнцвэрийг олох гэсэн Бээжингийн нарийн ухаан явуургүй байж болох юм. Мэдээж засгийн газар өсөлтийг эрчимжүүлэхийг хичээнэ. Байдлыг зөв чиглэлд оруулах оновчтой бодлогын тухайд ярина гэвэл зээллэгийг хязгаарлах явдлыг дэс дараатай аажим хэрэгжүүлж, зах зээлийн илүү их баримжаатай шинэчлэл хийж, өнгөрсөн хэдэн арван жил хэрэгжүүлж ирсэн нээлттэй хаалганы бодлогыг үргэлжлүүлэхийг шаардахын зэрэгцээ өнөөгийн засаглалын бүрдээд буй шинэ тогтолцоог бүрэн шинэчлэх эсвэл бүхэлд нь эсрэгээр болгох явдал болно. Өөрөөр хэлбэл тогтвортой байдлыг хангах тухай хэт ихэдсэн хүсэл яг эсрэг үр дүн авчрах эрсдэлтэйг анхаарвал зохино. Олон улсын харилцааны эдийн засагч, судлаач Д.Даваасамбуу 2020 оны 1дүгээрсар 8

Б.ТӨГСБАЯР: Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага ажлын байрыг хамгаалж үлдэхэд анхаарлаа чиглүүлж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллага болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, гүйцэтгэх зөвлөл, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн бүтэц шинэчлэгдэн ажилласаар нэгэн оныг үдэж байна. Идэвхтэн сонгуультны XII бага хуралдааны шийдвэрээр ҮЭХ-ны даргын үүрэгт ажлыг хүлээн авсан Б.Төгсбаярыг энэ удаагийн зочноор урьж ярилцлаа. -Та Эрдэнэт үйлдвэрийн 6600 ажилтны эрх ашгийг хамгаалах ҮЭХ-ны удирдлагаар сонгогдон ажилласан нэг жилийн хугацаандаа ямар ажил амжуулав? -Өнгөрсөн хугацаанд байгууллагын төдийгүй гишүүд, ажилчдын хувьд багагүй зүйлийг хийж хэрэгжүүллээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хөндлөнгөөс харахад Хамтын гэрээ байгуулдаг газар мэтээр хүмүүс хардаг. Гэтэл үгүй юм. Хамтын гэрээ бол бидний хийх ажлын ердөө нэгээхэн хэсэг. Бид бага хурлаас хойш байгууллага дээр яригдсан бодлогын асуудлаа цэгцэллээ. Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 46 настай. Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа байх үед үйлдвэрчний байгууллага 1974 онд үүсэн байгуулагдсан. Тэр цагаас өнөөг хүртэлх хугацаанд үе үеийн холбоодын дарга нар тодорхой хугацаанд сонгуульт ажлаа гүйцэтгэж байсан ч тодорхой бодлого, алсын хараа, эрхэм зорилгогүй явсаар ирсэн. Эдгээрийг цэгцлэхээр өнгөрсөн оны тавдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн идэвхтэн сонгуультны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг 2020-2031 он хүртэл хөгжүүлэх 5 зорилт бүхий богино, дунд, урт хугацааны хөгжлийн концепци, үзэл санааг баталлаа. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцитой уялдуулан боловсруулсан. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага богино хугацаанд буюу 2019-2022 он хүртэл хөгжлийн ямар түвшинд хүрсэн байх вэ, ажилчдын бодит орлого яаж өсөх вэ гэдэг дээр эзэн биетэй бодлогоо тодорхойлж гаргасан нь 2019 оны хамгийн том, өгөөжтэй ажил болсон гэж дүгнэн хэлмээр байна. Түүнчлэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс авсан татвар хураамж юунд зарцуулагдаад байна вэ гэсэн санхүүгийн холбогдолтой асуудлаа нэг тийш шийдвэрлэлээ. МҮЭ-ийн холбоо 36 гишүүн байгууллагатай. Эдгээрээс хамгийн анх нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт боловсруулсан нь манай салбар холбоо юм. Зарцуулалтаа гишүүддээ тайлагнах журмаар явж байна. Бид 2019 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа сар шинийн босгон дээр тогтмол хэвлэлээр дамжуулан бүх гишүүддээ хүргэхээр бэлтгэлээ хангаж эхэлсэн. Дараагийн нэг томоохон ажил нь хамтын гэрээ хэлэлцээрийн асуудлыг нэлээд нухацтай авч үзлээ. Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжлийнхөө явцад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай 12 удаагийн Хамтын гэрээ-г амжилттай байгуулсан. Миний бие эдгээрийн 7 гэрээнд гар бие оролцож, сүүлийн хоёр гэрээг өөрийн биеэр үйлдвэрийн Ерөнхий захиралтай үзэглэсэн. -Ажилчдын ярьдаг, хамгийн их анхаарал татсан сэдэв нь цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай байдаг. Цалингийн нэмэгдлийг хангалттай бус гэж үзэх хүн олон байна? -Уурхайчид маань нэг зүйлийг ойлгоосой гэж би хүсдэг. 2011-2016 оны хооронд цалин 150 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол 2017 онд 10 хувь, 2018 онд 15 хүртэл хувь, 2019 онд 20 хувь нэмэгдлээ. Үндсэндээ сүүлийн 3 жилийн хугацаанд цалин 45 хувиар нэмэгдсэнийг харж болохоор байна. 2020, 2021 онд цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр тооцоо судалгаатай төсөвлөн, нэгдсэн шийдэлд хүрснээр 2020-2021 онд хэрэгжүүлэх гэрээгээ байгуулсан. Үйлдвэрчний эвлэлийн холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаад юу хийв гэсэн асуултад нэг зүйлийг тодорхой хариулъя. Бид 2018-2019 онд хэрэгжүүлэх гэрээнд 40 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, 2020-2021 онд 53.6 тэрбум төгрөгийн гэрээг баталсан. Энэ мөнгө цалин хэлбэрээр, соёл, ахуйн хэлбэрээр бодит орлогыг нэмэгдүүлэн ажилчид болон гишүүдэд хүрнэ. Цалинг 10 хувиар нэмнэ гэдэг нь бага хувь мэт сонсогдох боловч мөнгөн дүнд шилжүүлэхэд хамгийн багадаа 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө босгох хэрэгтэй болно. Энэ бол бага мөнгө биш. Олборлолтоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд гаргасан хэмнэлтээс дээрх мөнгийг шийдвэрлүүлэхээс биш, зэсийн ханш бага байгаа энэ үед санааны зоргоор нэмэх ямар ч боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Сангийн яам 2019 онд зэсийн ханш 6271 ам.доллар байна гэж баталсан байтал төлөвлөснөөс 400-500 ам.доллараар бага байсаар он дууслаа. Дээрх ханшийн зөрүүнээс үүсэж болох эрсдэлийг одоогийн үйлдвэрийн удирдлагууд зөв менежмент боловсруулан хэрэгжүүлсний дүнд даван туулсан гэж хэлж болох юм. Үйлдвэрчний эвлэл энэ бүх нөхцөл байдлыг харгалзан хамтран ажилласан. Бид ингэж зөвшилцөж ажилласныхаа хүчинд бүтээсэн баялгаасаа улсдаа татвар төлж, Хамтын гэрээ-гээр дамжуулан ажилчдынхаа бодит орлогыг нь нэмэгдүүлж чадсан гэдгийг хэлмээр байна. -Цалингаас гадна хэд хэдэн нэмэгдэл гарсныг Хамтын гэрээ-ний зөвшилцлийн үр дүн гэж ойлгож болох уу? -2007 оноос хойш хөдлөөгүй байсан удаан жилийн нэмэгдлийг нэг дахин нэмж, 2003 оноос хойш тогтмол өгч байсан амралтын эрх бүхий 150 мянган төгрөгийг нэмэгдүүлж, орон сууцны хөнгөлөлтийг 12 сая төгрөгт хүргэсэн. Ажилчдын ойлгодоггүй нийгмийн олон асуудал Хамтын гэрээ-нд давхар яригддаг. Тухайлбал, ажилтан чөлөө авах шаардлага гарахад Захиргаа чөлөө өгч байна гэж ойлгодог. Гэтэл энэ бүхэн Хамтын гэрээ-нд заагдсан учраас аль аль талдаа хэрэгжилтийг хангаж явааг мэддэг байх хэрэгтэй. Ажилтны суралцах хүсэлтийн дагуу үйлдвэрийн удирдлага 3 сарын чөлөө өгдөг байсныг нэг жил болгосон. Нэг жилийн хугацаанд ямар ч хүн сургууль төгсөөд диплом авах боломжгүйг тайлбарлаж, ярилцсанаар сургууль төгсөх хүртэл 2-3 жилийн хугацаанд ажлын байрыг нь хадгалах боломж бүрдлээ. Монгол Улсын аль ч дүрэм, журамд ийм заалт байхгүй атал манай Хамтын гэрээ-нд туссан учраас биелэгдэж байна. Түүнчлэн тэтгэвэрт гарахад өгдөг нэг удаагийн тэтгэмжийг 16 сар байсныг 24 сар болгосон. Манай үйлдвэр ТӨҮГ болсонтой холбогдуулан нэг удаад 36 сарын тэтгэмж авах ёстой гэж буруу ойлгоод байх шиг байна. Энэ мэт олон өөрчлөлт гарсан. Одооноос бид аль болох эдийн засгийн тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй төсөл боловсруулж байна. Энэ нь үндэслэл суурьтай учраас захиргаанд хүлээн зөвшөөрөгдөхөд харьцангуй хялбар болсон. Төр, захиргааны дээд байгууллагууд ч биелэх боломжтой гэдэг дүгнэлт гарган, гэрээг бүртгэлд оруулж байна. Цалинг ямар ч тооцоололгүйгээр нэмнэ гэж ам гараад, улс төрчид шиг попрох эрх бидэнд байхгүй. -Цалинг 100 хувь нэмэх боломжтой гэдэг байр сууринаас ажилчдад мэдээлэл хүргэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Энэ хэр бодитой вэ, тооцоо судалгаа хийж үзсэн үү? -2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд бий. Миний бие үйлдвэрийнхээ 6600 ажилтныг төлөөлж Татварын багц хууль болон Нийгмийн даатгалын тухай, Ашигт малтмалын тухай, Хөдөлмөрийн тухай хуульд гар бие оролцсон. Хөдөлмөрийн тухай хууль хараахан батлагдаагүй байгаа хэдий ч дээрх хуулиудад хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах томоохон заалтууд оруулж өгсөн. Эрдэнэт үйлдвэр Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөж, Монгол Улсад татвар төлөх үүрэгтэй. 2019 оны тухайд манай үйлдвэр нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлгох нь зөв юм. Илүү гарсан ашгаас хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, цалингийн нэмэгдэл зэрэг саналаа оруулдаг. 2020-2021 оны цалингийн нэмэгдэл ч ийм л зарчмаар явсан. Зөрчил гаргасан хүнд сахилгын шийтгэлийг давхардуулахгүйгээр урамшуулал цалинг нь бүтэн олгоё гэдэг дээр шийдэлд хүрсэн. Тэгэхээр 13 дахь сарын цалин буюу үр дүнгийн урамшуулалд тухайн хүн жилд авсан дундаж цалингаа бүтэн авна гэсэн үг болж байна. 13 дахь сарын цалинг нэг сараар олгодог гэж хэлээд байгаа ч сайн бодвол 1,5 сарын цалинтай дүйцэх хэмжээний мөнгийг ажилтан авч байна. Сүүлийн үед энэ мөнгийг улстөржүүлэх хандлага гараад байгаа ч Хамтын гэрээ-ний 3.17 заалтын дагуу олгогдож байгаа урамшуулал цалин юм. -13 дахь сарын цалинг бусад уул уурхайн компанийн жишгээр ижил түвшинд өгөх үндэслэл бий юу? -Бид 2020 онд хэрхэн ажилласнаас хамаарч үр дүнгийн урамшууллаа 2021 оны эхээр авах болно. Энэ нь 2020 онд хэрэгжих Хамтын гэрээ-нд туссан заалтууд хэрэгжиж байгаа хэлбэр гэж ойлгох нь зөв юм. Одоо буух 13 дахь сарын урамшуулал цалин нь 2018 оны Хамтын гэрээ-нд тусгасан заалтын хэрэгжилт буюу 2019 оны ажлын үр дүнгээр олгогдохоор болсон. Ерөнхий захиралд хүсэлт гаргаад, шууд 2 сарын цалингаа авах боломжтой гэж харах нь учир дутагдалтай. 2020-2021 оны Хамтын гэрээ нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болсоор хийгдсэн анхны гэрээ болж байна. ХХК байх үед ТУЗ-тай ярилцаж байгуулдаг байсан бол статус өөрчлөгдсөнөөр ТӨБЗГ, Монгол Улсын Засгийн газар гэрээнд хяналт тавьж байна. Тийм ч учраас эдийн засгийн тооцоо судалгаатай, шинжлэх ухаанч байдлаар хийгдсэн. Манай гэрээ Монгол Улсын хэмжээнд нэг номерын Хамтын гэрээ болохыг МҮЭХ-ноос үнэлж дүгнэн, 2019 онд Шилдгийн шилдэг цом, өргөмжлөл олгосон. -Үйлдвэрийн удирдлага, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай харилцан зөвшилцсөний үндсэн дээр байгуулдаг Хамтын гэрээ өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ? -2018-2019 оны Хамтын гэрээ-г 102.6 хувийн биелэлттэй дүгнэсэн. Өмнөх 10 гэрээ 90 орчим хувьтай биелж байсан бол өнгөрсөн оны тухайд хангалттай гэдэг үнэлгээ авлаа. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага асуудлаа зөвөөр илэрхийлж чадвал ажил олгогчийн зүгээс татгалзах зүйл байдаггүйг харуулсан гэж болно. Үйлдвэрийн үе үеийн удирдлага ажилчдынхаа төлөө л байсан. Цалин нэмэхгүй, хасъя гэдэг дарга байсангүй. Хамгийн чухал нь Үйлдвэрчний эвлэл бодлогоо хэрхэн явуулж, асуудлаа яаж тавьж байгаагаас эцсийн шийд шалтгаалж байна. -2020-2021 онд хэрэгжүүлэх гэрээнд ажилчдын эрх ашигт нийцсэн заалтуудын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Гэрээний 26 заалтад их, бага нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн гэрээг зарчмын хувьд нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 2.12-т заасны дагуу хугацаанд нь байгуулахыг бид зорьсон. Өмнө нь 4, 5 дугаар сард гэрээ байгуулах явдал гарч байсан бол анх удаа үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөө батлагдахаас өмнө гэрээгээ байгуулж чадсан нь ололт юм. Хэдий цалингаа нэмнэ гэж хэлсэн ч тухайн зардлыг төсөвт суулгаагүй, гэрээнд бодит орлого нэмэгдүүлэх заалт нь ороогүй тохиолдолд биелэх үндэслэл байхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, өмнөх гэрээнээс дордуулахгүй, сайжруулах ёстой гэж үзсэн. 13 дахь сарын урамшуулал цалинг жилд нэг удаа өгдөг бол хувь тогтоон цалинг нэмэгдүүлэх нь сар тутмын бодит орлогыг өсгөх давуу талтай гэж харж байна. Уул уурхайн бусад компанитай харьцуулсан яриа их гардаг ч энэ талаар судлаад үзэх хэрэгтэй гэж зөвлөе. Өнөөдөр уул уурхайн салбарын цалингийн доод хэмжээ 641 мянган төгрөг байна. Бусад уул уурхайд 800 мянган төгрөгийн цалинтай ажилтан 13 дахь сарын цалингаа 3 сараар авлаа гэж бодоход 2 сая 400 мянган төгрөгийг нэг удаад авч байх жишээтэй. Гэтэл манай үйлдвэрийн ажилтны доод цалин 1 сая 250 мянган төгрөг байгаа. Цалин нэмэх тухай асуудал нь дан ганц ажилтны бус тухайн өрх айлын, хотын хэмжээний асуудал гэдгийг ойлгох нь зөв байх. Үндсэндээ Орхон аймгийн нийт хүн амын 30 орчим мянга буюу хувьд Хамтын гэрээ шууд утгаараа нөлөөлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр цалингаас гадна нийгмийн чиглэлээр авдаг тусламж үйлчилгээтэй. Энэ бүхнийг тооцож үздэггүй ч мөнгөн дүнгээрээ 1 сая 500 мянган төгрөгийг нэмэгдэл хэлбэрээр авч байгаатай маргах хүн гарахгүй байх. Кемпийн системээр ажилладаг бусад уул уурхайн компаниудаас олон давуу тал бидэнд бий. -Сонгуульт хугацаандаа та болон XII бага хурлын бүрэлдэхүүн юу хийхийг зорьж байна вэ? -Би улс төрийн нам, хүчинд зүтгэж үзээгүй. Ажилд орсон үеэсээ үйлдвэрчний байгууллагатай холбогдсон. Баяжуулах үйлдвэрт ажилд орсны дараа 20 хүн хариуцсан Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн зохион байгуулагч, удалгүй цехийнхээ 100 хүнийг хариуцсан тэргүүлэгч гэдэг албыг хашсан. Дараа нь хамт олныхоо хүлээлгэсэн итгэлийг дааж Баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны даргаар сонгогдон ажилласан. Өөрөөр хэлбэл, би үйлдвэрийнхээ Үйлдвэрчний эвлэлийн удирдлагаар сонгогдвол Ийм зүйл хийнэ гэсэн бодолтой байсан учраас тууштай явж ирсэн. Сонгуульт ажил өөрийн гэсэн хугацаатай. Энэ хугацаандаа ажиллаад, ажлаа нэр төртэй өгнө гэж боддог. Ажлаа хүлээлгэн өгсний дараа хамт олныхоо, уурхайчдынхаа эгнээнд мөр зэрэгцэн ажиллана. Тиймээс ч одоогийн ажиллах хугацаандаа бүтэн нэртэй, хүний төлөө ажилламаар байна. Ямартаа ч бодож явсан зүйлийнхээ эхлэлийг тавьсан. Энэ бол Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концепцийг боловсруулан баталж, 2019-2022 он хүртэл хөгжүүлэх богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Хувь хүн, албан байгууллагад анхдагч хэрэгцээ гэж байдаг. Түүний адил бид ч анхан шатны хэрэгцээгээ хангаж ажиллахыг зорьж байна. 2019-2022 оны туршид ажилчдынхаа бодит орлогыг 50 хувь нэмнэ гэж төлөвлөсөн, энэ бүхний төлөө явсаар байх болно. -Аливаа зүйл цаг үеэ дагасан хөгжлийн замналтай байдаг шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага өнөөдөр ямар хөгжлийн замаар явж байна вэ? -Дэлхий нийтэд Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага гэдэг ойлголт бий болсон. Энэ тал дээр гаднын орнуудаас туршлага судлах уулзалтууд хийж байна. Шинэ цагийн үйлдвэрчний байгууллага ажлын байрыг хамгаалж үлдэхэд гол анхаарлаа чиглүүлсэн. Бүтээмж, инновацийн ололт амжилт, техник технологийн хөгжлийн хурдыг даган алсдаа ажлын байр хумигдах эрсдэлтэй байна. Тэр үед одоогийн ажиллах хүчнээ хэрхэн хамгаалж үлдэх вэ гэдэг маш чухал асуудал. Бид үйлдвэрийн өргөтгөлийн ажлыг дэмжиж, хамтран оролцох нь нэг талаас шинэ ажлын байр үүсгэх, нөгөөтээгүүр хумигдаж байгаа ажлын байраа хамгаалж үлдэх боломжтой гэж харсан. Бид энэ сэдвээр өнөөдөр ярихгүй бол 5 жилийн дараа яриад юу ч шийдэгдэхгүй. Мөн хөдөлмөрийн нөхцөлийн асуудал байна. Бид сүүлийн 7 жилийн турш хөдөлмөрийн хүнд нөхцөлд байсан 3 ажлын байрны асуудлыг удаа дараа ярьсаар хортой нөхцөлд шилжүүллээ. Хамтын гэрээ-ний 6.1 заалтын дагуу 120 хүний эрх ашгийг ярьсан энэ шийдвэр тухайн хүний тэтгэвэрт гарах хугацааг 5 жилээр урагшлуулахад дөхөм болсон. Энэ бүгдийг цогцоор нь хэн нэг хүн дангаараа хийх боломжгүй. Ажил олгогч буюу Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг хамт олон, нөгөө талаас Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 50, 50 хувийн оролцоотой байгуулсан Хамтын гэрээ-г төр баталгаажуулсан учраас хүчин төгөлдөр мөрдөгдөх болно. Бидний ажил сайн байна. Төгс хүн гэж үгүй тул надад мэдэхгүй, чадахгүй зүйл байхыг үгүйсгэхгүй. Хүч хүрэхгүй зүйл ч гарч болох ч цаана нь гарахын төлөө ажиллана. Нийт уурхайчдадаа хандан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа дэмжиж, ойлгож, хамтран ажиллаарай гэж хүсье. ERDENETTODAY.MN И.Чинтогтох Фото: Б.Баттөгс

ХАБЭАХ-ийн нэрэмжит волейболын тэмцээнд 7 багийн 50 гаруй тамирчин оролцлоо

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс санаачлан зохион байгуулсан Ерөнхий захиргааны ажилтнуудын волейболын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, 7 багийн 50 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлэх, спортоор хичээллэх сэдлийг төрүүлэхэд чиглэсэн энэ удаагийн тэмцээнд холимог багуудаас шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээнд Хуулийн хэлтэс, Дотоод аудитын хэлтэс, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хамтарсан баг тэргүүлж, дэд байрт Маркетингийн хэлтэс, гуравдугаар байрт ХАБЭА-н хэлтэс, дөрөвдүгээр байрт АБК баг тус тус шалгарлаа. Гар бөмбөгийн тэмцээнд бүтцийн нэгжийн удирдлагууд баг бүрдүүлэн оролцож, залуу тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөн нь тэмцээнийг сонирхолтой болгосон юм. Тус тэмцээнийг Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажиллагчдын дунд уламжлал болгон зохион байгуулж, тамирчдынхаа ур чадварыг ахиулахад анхаарна гэдгээ ХАБЭА-н хэлтсээс мэдэгдсэн юм. ERDENETTODAY.MN

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.