ШИ ЖИНЬПИН “БҮС БА ЗАМ” САНААЧИЛГА БОЛ “ЗУУНЫ ТӨСӨЛ” ХЭМЭЭН ОНЦОЛЖ БАЙЖЭЭ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай өмнө нь хоёр удаа уулзаж байсан талаараа дурдаад, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй энэхүү цаг үед дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой болохыг онцлон хэллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү уулзалт нь 70 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт болоод цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлох чухал уулзалт болохыг тэмдэглээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцохдоо өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн нь өнгөрсөн хугацааны харилцааны үр дүн болохыг дурдаад, цаашид энэхүү түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ажиллахаар болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын хэсэг гарган тодорхой ахиц гаргахаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, энэхүү сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээн байр сууриа илэрхийлэв.
Дээрх төслөөс гадна ОХУ, БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ.
АЙЛЧЛАЛ, ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТААС ИХ ЗҮЙЛ ХҮЛЭЭЖ БАЙНА
Өдгөө БНХАУ-д болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. Энэхүү айлчлалтай зуузай холбон “Бүс ба зам” Мэдээллийн сүлжээ Олон улсын байгууллагын Удирдах зөвлөлд Монгол Улс нэгдэн орсон чихэнд чимэгтэй үйл явдал ч болов.
Учир нь тус санаачилгад дэлхийн 82 улс орон нэгдэн орсноос “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний удирдах бүрэлдэхүүнд 25 улс багтасны нэг нь Монгол Улс гэхээр аргагүй түүхэн явдал. Тодотговол, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл дэлхийн 24 гүрэнтэй хамт мэдээллийн орон зайд хамтарна гэсэн үг. Тэгэхээр өмнөд хөршид болж байгаа айлчлал, уулзалтын тухай шинжээчдийн “дүгнэлт”, таамгаас тандая.
Нэгэнтээ “Бүс ба зам” санаачилгыг эхлүүлсэн БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин хэлэхдээ “Бүс ба зам” санаачилга бол “Зууны төсөл”, тиймээс энэхүү санаачилгын хүрээнд 78 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна” хэмээж байсан.
Энэ цагаас хойш чамгүй хугацаа өнгөрч, өдгөө “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийн хамт Цагаан хэрэмний цаана хөл тавиад буй.
Энэ дээд хэмжээний уулзалт, Ерөнхийлөгчийн айлчлал нь маш чухал үйл явдал гэдгийг хаа хаанаа онцолсон. Нөгөө талаар Монгол, Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний 25 жилийн ой тохиож байгаа нь энэ чухал уулзалтад заавал эерэг нөлөөлөл авчирна гэдгийг ч дурдсан нь бий.
Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгыг дэмжинэ, дэмжихгүй, сонирхолтой, сонирхолгүй гэсэн эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж байсан цаг бий. Харин өдгөө байдал өөрөөр эргэсэн. Энэ нь улстөрчдийн популизм, гуравдагчдын мөрөөдөлд автсан хоосон зүйл байсныг хаа хаанаа ойлгосон хэрэг. Тиймээс ихэнх эдийн засагчид, шинжээчид “Монгол Улсад Бүс ба зам санаачилгад нэгдэн орох нь зөв” гэж үзсэн. Мөнхүү “Бид том улс болох гэж хоёр хөршөөсөө хэт тусгаарласан бодлого явуулаад амжилт олохгүй. Бүс ба зам бол бидэнд олдож буй боломж, Манай улс хуурай газрын арал болж үлдэх магадлал ч бий” гэсэн бол нөгөө талаас “Бид нэгдэж хамтарч болно, гэхдээ жижиг буурай орны хувьд үндэсний бодлогоо заавал хадгалж үлдэх учиртай”-г ч сануулсан. Үүний зэрэгцээ “Далайд гарцгүй улсын хувьд энэхүү эдийн засгийн коридор манай улсаар дамжин өнгөрөх болсон нь асар том завшаан” гэх хүмүүс ч цөөнгүй байна. Энэ мэтчилэн нөхцөл байдлаас тандаж байхад Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж байгаа айлчлалаас асар их зүйл хүсч байгааг анзаарч болно.
Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцээр төрийн өндөр дээд түвшинд удаа дараа яригдсан. БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчилал, манай улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлал ч энэ хүрээнд өрнөсөн гэхээр хоёр улсын төрийн тэргүүнүүд санал нэгдсэн гэж харж болно. Өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөд хөршид хийж буй айлчлал ч энэ хүрээнд өрнөнө гэдгийг шинжээчид хэлж байна. Үүгээр ч зогсохгүй хоёр улсын төрийн тэргүүний айлчлалаас ихээхэн үр дүн хүлээж байгааг хэлсэн юм.
Өмнөд хөршийн тэргүүний “Зууны төсөл” хэмээн хэлсэн шиг “Бүс ба зам” санаачилга хурдтай урагшилж байгааг дэлхий нийтийн шинжээчид дурдсаар байгаа нь нэгэнт монголчуудын анхааралд оржээ. Хэдэн жилийн өмнөөс дэлхийн худалдаа эргэлтийн 70 хувийг нэг бүслүүрт багтаана хэмээсэн энэ төсөл Евразид идэвхтэй өрнөх боллоо гэх мессэж ч биднийг яаруулсан байх. Өнгөрөгч оны сүүлийн үеийн мэдээллээс харвал “Бүс ба зам”-ыг санаачилгын хүрээнд Эдийн засгийн зургаан коридор холбох учраас улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байгааг хэлсэн. Тухайлбал, Индонез, Бангладеш, Хойд Солонгос, Унгар, Пакистан, Иран, Казакстан, Камбож, Лаос зэрэг олон улс орнууд нэгдэж, төслөө хэрэгжүүлээд эхэлсэн байна. Хойд Солонгос гэснээс энэ өдрүүдэд тус улсын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтай дээд хэмжээний уулзалт хийж байгаа билээ.
Мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар бол “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж үр дүнд хүрч байгааг дуулгажээ. Үүний нэгэн ижил “Бүс ба Зам” санаачилгын нэгэн чухал коридор нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжих юм. Тэгэхээр мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан “Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрийг гурван улс боловсруулан гарын үсэг зурсан дагуу энэ ажил урагштай явж байгаа аж. Тиймээс энэ удаагийн уулзалтаас ч шинэ үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа юм.
“БҮС БА ЗАМ”-ЫН ЗОРИЛГО
Тэгэхээр “Бүс ба зам” санаачилга, энэ төсөл нь юу гэдгийг товчхон дурдах учиртай. БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга нь Торгоны замын эдийн засгийн бүс, 21 дүгээр зууны далайн торгоны замын бүсэд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачилгад багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой юм. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 2015 онд Торгоны замын эдийн засгийн бүс, 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтран байгуулах зорилго, төлөвлөгөө бүхий стратегийн баримт бичгийг гаргасан. Тэгэхээр санаачилгын зорилго нь Ази, Европ, Африкийг таван чиглэлээр холбох явдал гэдгийг тайлбарлажээ.
Тухайлбал, Торгоны замын эдийн засгийн бүсэд нэгдүгээрт, Хятадыг Европтой Төв ази, ОХУ-ыг дайруулж холбох, хоёрдугаарт, Хятад Ойрхи дорнодтой Төв азийг дайруулж холбох, гуравдугаарт, Хятад, Зүүн өмнөд ази, Өмнөд ази, Энэтхэгийн далайг хоооронд нь холбох бөгөөд 21 дүгээр зууны Далайн торгоны зам нь Хятадын эргийн боомтуудыг холбох, дөрөвдүгээрт, Хятадыг Европтой Өмнөх хятадын тэнгис болон Энэтхийг далайгаар холбох, тавдугаарт, Хятадыг Өмнөх номхон далайтай Өмнөд хятадын тэнгисээр дайруулж тус тус холбох зорилготой юм байна. Дээрхи таван чиглэлийг амжилттай хөгжүүлснээр “Бүс ба зам” нь олон улсын тээвэр, томоохон хот, боомтуудыг холбож давуу талыг бий болгох бөгөөд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны зургаан коридорыг бий болгоно.
АЙЛЧЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮНД
Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй айлчлалын баг ч өргөн бүрэлдэхүүнтэй явж байгаагаас харвал онцгой ач холбогдол өгсөн гэж болно. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид болон Ажлын хэсэг, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид дагалдан явж байна.
ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ЗУРАГДСАН БАРИМТ БИЧГҮҮД:
- Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар
- Монгол Улсын “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Хө Лифөн нар
- Монгол, Хятадын үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар
- Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шань нар
- Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр
Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар
- Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Зам, тээврийн яам хоорондын протокол
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар
- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар
- Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр
- Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёлын яам хооронд 2019-2022 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны төлөвлөгөө
- Радио, телевизийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон БНХАУ-ын Радио, телевизийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр
- Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр
- Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ
- Монгол Улсын “Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын “СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ
- Монгол Улсын “Мошеа Эко Энержи” ХХК болон БНХАУ-ын “Хятадын үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ
- Монгол Улсын “Иш Ноён Бадрах” ХХК болон БНХАУ-ын Хөбэй мужийн “Хайфу акумляттор” ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ
- Шинэ дэлхий холбоо болон мазаалай хамгаалах сан хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.