Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр

УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарласан билээ. Цагтаа эхэлсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа оролцжээ. Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон бусад албаны бусад хүмүүс байлцсан байна. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга : АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс СЕХ-ы удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая гэжээ. Харин түүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. гэжээ. Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна. С.Сарнай

СЕХ: АРДЧИЛСАН НАМЫНХАН ЭХЛЭЭД ДОТООДДОО УЧРАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ, БИД ХУУЛИЙН ДАГУУ Л АЖИЛЛАНА

О.Цогтгэрэл даргатай АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээн авсангүй. СЕХ АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. АН хоёр хэсэг газар хоёр нэр дэвшүүлсэн байна. Тэгэхээр асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. АН ард иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байгаа юм гэсэн байр суурьтай байна. Товчхондоо АН-ынхныг Дотооддоо учраа ол гэв. Гэтэл АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал дахин хойшлов. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтганаар дахин хойшиллоо. Цаасан дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү 2 удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм. Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна.

“Тавантолгой” ХК 28.1 тэрбумын ногдол ашиг тараана

Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөгийн буюу нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ҮЦТХТ компаниар дамжуулан ногдол ашиг тараахаар болсон тухай Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

О.Баасанхүү: Улсын дээд шүүхээр О.Цогтгэрэлийг ардчилсан намын дарга гэдгийг зөвшөөрөөгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү тодруулга өглөө.

Засгийн газар хөл хориог сулруулж, ААН-үүдийн үйл ажиллагааг нээх асуудлыг шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар: Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай, Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотод тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл тогтоосон хөл хориог сулруулах эсэх шийдвэр өнөөдөр гарна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улбар шар түвшинд шилжүүлэх мэдээлэл байна. Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагаа шат дараатай нээгдэх нь. Мөн коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгээд 14 хоносон хүнд зарим үйлчилгээ нээлттэй байх журмыг өнөөдөр батлах учиртай.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.