З.Энхболдын үйлдэл нь Үндсэн хуульд гавьяа, Х.Баттулгад гай
2021-04-14 11:58:14 Нийтлэгдсэн: Улс төрЦЭЦ ДЭЭР ОЧСОН ...ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААГААР ЗӨВХӨН НЭГ УДАА ЗААЛТ Үндсэн хууль тойрсон нэг том маргаан ойрын үед шийдэгдэнэ. Энэ маргаан 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т ...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн өөрчлөлт оруулсан юм. Энэ заалт нь хуулийн төсөл дээрээ 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байв. Харин тухайн үед ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын санал, санаачилгаар хугацааг наашлуулжээ. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын санаачилгыг УИХ хэлэлцээд 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөхөөр баталсан байдаг. Энэ асуудлаар нэр бүхий иргэд Цэцэд хандсан юм. З.ЭНХБОЛД: ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ӨӨРЧЛӨЛТИЙН ХУГАЦААГ СОНГУУЛЬ ЯВУУЛАХААС ӨМНӨ ТАВИХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ 2019 оны есдүгээр сарын 7. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан. Байнгын хорооны дарга С.Бямбацогт ...За, ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. З.Энхболд даргын микрофоныг өгье. ЕТГ-ын дарга З.Энхболд ...Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа Зургаан жилд нэг удаа гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна. Байнгын хорооны дарга С.Бямбацогт ...Тэгэхээр түрүүнд бид нар энэ дээр нэлээд ярилцсан. Тэгээд яах вэ, Төслийн 2 дугаар зүйлийг хасах гээд санал хураагдчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болоод явчихна. Ерөнхийлөгчтэй холбоотой заалт хүчин төгөлдөр болоод явчих учраас түүнтэй холбоотой, холбогдох зохицуулалтуудыг холбогдох органик хуулиудад хийж явах бололцоо, боломж бүрдээд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол шинэ Үндсэн хуулийн эрх зүйн орчинд явах бололцоо, боломж нь бүрдчихнэ гэж үзэж байгаа. Х.ТЭМҮҮЖИН: ОДОО ХАШИЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛААРАА ДАВУУ ЭРХ ЭДЛЭХ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ Энэ асуудлаар АН-ынхан ч байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ...Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа хэрэгжүүлэх боломжийг олгоё. Нэг удаа, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. Зөвхөн нэг удаа зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй гэсэн бол АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл ...Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас Нэг удаа гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна гэж байв. З.ЭНХБОЛД: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ТАВАНТОЛГОЙ, ҮНДСЭН ХУУЛЬ... Үндсэн хуулийн энэ зүйл заалтаар Цэцэээс гадна нийгэмд маргаан үүсч, улстөрчид болоод хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ, үгүй гэсэн тайлбараар жил тойроод маргалдлаа. Мэдээж хэрэг, энэ асуудлыг Цэц шийднэ. Цэг тавина. Цэцийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдрал дээр хэрхэн буулгаснаа харуулна. Хууль зүйн талаасаа хамгаалах уу, алдах уу гэдэг хаалгач-ийн үүргийг гүйцэтгэнэ. Улстөржсөн байр сууриас харвал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын сар гаруйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эсэхийг тодорхойлно. Энэ сацуу 2019 оны тэр нэгэн өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын хэрэгжих хугацааг наашлуулах санаачилга гаргасан З.Энхболдыг шүүмжлэх, бас дэмжих хандлага олон нийтийн дунд байна. З.Энхболдын энэ үйлдлийг нэг талаас Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын даргаар ажиллаж байхдаа дахин нэр дэвших боломжийг нь хаачихаад явсан гэдэг шүүмжлэл байна. Энэ утгаар З.Энхболд нь Х.Баттулгад гай тарьчихсан болж таараад байгаа юм. Гэхдээ З.Энхболд улстөрчийн хувьд өөрийнхөө шийдвэр дээр хатуу зогссоор ирсэн нэгэн. Хорь гаруй жилийн тэртээ ТӨХ-нд байхдаа Эрдэнэт үйлдвэр дээр очиж ...Төр өмчөө мэддэг байх ёстой гээд тухай үед явагдаж байсан нэгэн том операцыг таслан зогсоож байв. Мөн дөрвөн жил гаруйн өмнө алдагдах гэж байсан Тавантолгойн ордыг үлдээх тал дээр хатуу зогссон. Энэ мэт олонд таалагдах гэдэггүй ч байр суурь нь олон нийтийн талд байсаар ирсэн нь үнэн юм. Тэгэхээр том агуулгаараа З.Энхболдын дээрх үйлдлийг Герман эрдэмтний хэлснээр ...Дээрээ зөвхөн хөх тэнгэртэй Монгол Улсын Үндсэн хуулийн талд зогссон гавьяа ч гэсэн болох юм. Б.Дамдин-Очир Эх сурвалж: Зууны мэдээ сонин
ШУУД: Х.Баттулга, Н.Энхбаяр нарт Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших ЭРХ бий юу. Хуульч Ш.Алтангадасаас тодруулж байна
2021-04-14 11:04:30 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд зохион байгуулах тов гарсан. Үүнтэй холбоотойгоор одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд дахин нэр дэвших эрхтэй эсэх маргаан улс төрийнхөн, хуульчид, олон нийтийн дунд хүчтэй өрнөж байна. Хуульчдын хувьд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдийг дахин нэр дэвших боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа.Учир нь, тэдний дахин нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хаагдсан бөгөөд үүнийг нь тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд хийсэн гэж үзэж буй. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан. Уг заалтыг Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2025 оноос хэрэгжүүлэхээр тогтсон байсан ч яг батлах үед тус хугацааг нааш татах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын саналаар нааш татаж, 2020 оны тавдугаар сарын 25-наас хуулийг мөрдөж эхэлсэн билээ.Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон юм. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь Х.Баттулгад молиго өмхүүлж түүний дахин нэр дэвших эрхийг нь хаасан байж таарлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр тухай үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд гаргасан саналдаа Үндсэн хууль нь өөрчлөгдчихөөд байхад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуулах нь зохимжгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ сонгуулиас хойш мөрдөж эхэлнэ гэхээр 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ хуулиар явуулах ёстой. Ингэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа өөрчлөх ёстой. Тиймээс ядаж жил, хагас жилийн өмнөөс Үндсэн хуулиа мөрдөхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа Ерөнхийлөгчийг зургаан жилээр, зөвхөн нэг удаа гэсэн хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ гэж байв. Ийнхүү З.Энхболдын гаргасан саналаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөж эхэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Тамгын газрын дарга нь хулхидаж, нэр дэвших эрхгүй болгосон хэргийн эзэн нь З.Энхболд юм байна.
ГАДААДАД БАЙГАА ИРГЭД EBARIMT СИСТЕМЭЭР ХЭРХЭН ТУСЛАМЖИЙН МӨНГӨӨ АВАХ ВЭ?
2021-04-13 11:47:41 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг үүгээр мэдэгдэж байна: Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн та цахим төлбөрийн баримтын систем болохwww.ebarimt.mn-д/апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоорой. Таны ибаримтад бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ. Хэрэв EBarimt-д бүртгэлгүй болwww.ebarimt.mnсайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкин дахь хувийн дансаа холбоорой. Ингэснээр уг системд бүртгэлтэй таны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд ..танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах гэсэн зохицуулалт шинээр орсон. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн тодорхой хугацаанд хүрэлцээгүйн улмаас 2,300 орчим иргэний хэрэг шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж, хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг харгалзан тус танхимыг хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжоор хангахшаардлага үүссэж аж. Иймд нийт шүүгчийн хуралдаанаар дээрх заалтын дагуу Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах асуудлыг хэлэлцээд Захиргааны хэргийн танхим долоо, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтсон байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталжээ. Түүнчлэн ... хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох тухай өмгөөлөгч Н.Ариунболдын хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг хангахаас татгалзах тогтоолыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй