Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
2021-03-08 12:00:48 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд: Монголын бахархал болсон эхчүүд, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе. Энэ өдрийг тэмдэглэх уламжлалт хандлага, агуулга нь монгол бүсгүйчүүдийн нийгмийн байдал, эмэгтэйчүүдийн эрх зэрэг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэгш байдал, шийдвэр гаргалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар саналаа дэвшүүлж, эрх баригчдаас шаардах байдаг. Өнөөдөр цар тахлын хямралт нөхцөл, эдийн засгийн доройтол, өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогын хомсдол уналтаас хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна. Ажлын байраа алдаж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд болжээ. Ажиллаж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, эмэгтэйчүүд даруй 1.35 дахин бага цалин авч байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм. Тийм учраас төр засгийн зүгээс чадах, хүчрэх хэмжээгээрээ цар тахлын нөхөн олговрыг олгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг ажилтай болгохоор хичээх ёстой. Эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг олон улстай харьцуулбал шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудаас 107 дугаар байрт эрэмбэлэгджээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төрийн алба, удирдах түвшинд ажиллах боломж хангалтай биш байна. Хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээ эрх тэгш, аз жаргалтай, ажилтай орлоготой хангалуун амьдрах нөхцөлийг хангах нь Монголын төрийн эрхэм үүрэг юм. Эмэгтэйчүүдэд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэх, оролцоог нь нийгмийн бүх шатанд хангахад Монголын улс төр, төрийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Үүний тулд төрийн бүх шатанд хяналт, тэнцвэр, иргэдийн оролцоо чухлаар шаардагдаж байгааг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шаардаж, нэхэж сануулах нь зүйтэй гэж бодож байна. Та бүхэнд баярын мэндийг дахин уламжлая. Мөнх тэнгэрийн дор монгол бүсгүйчүүд эрх тэгш, итгэл дүүрэн, тэнүүн жаргалтай байх болтугай гэжээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн эрх зүйн тогтолцооны НҮБ-ын XIV Их хуралд Х.Нямбаатар оролцож байна
2021-03-08 11:53:38 Нийтлэгдсэн: Улс төрГэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн эрх зүйн тогтолцооны НҮБ-ын XIV Их хурал-ын Дээд түвшний уулзалт 2021 оны 03 дугаар сарын 07-09ны өдрүүдэд Япон Улсын Киото хотод зохион байгуулагдаж байна. Дээд түвшний уулзалтад Дээд түвшний уулзалтад Засгийн газрын тэргүүний түвшинд 2 улс, Засгийн газрын сайдын түвшинд 82 улс, бусад өндөр дээд түвшинд 17 улс оролцож байгаагаас Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын талаар танилцуулж, үг хэллээ. Энэхүү Их хуралд Монгол Улсын Ерөнхий Прокурор болон албаны хүмүүс оролцож байна. Их Хурлын Даргаар Япон Улсын Хууль зүйн сайд Ёоко Камикава ажиллаж байгаа бөгөөд Их Хурлын үеэр оролцогч улсуудын төлөөллөөс 24 Дэд даргыг сонгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ирэх таван жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2040 он хүртэлх бодлогын баримт бичиг болон Киотогийн тунхаглалыг батлах юм. 1955 онд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Эрүүгийн эрх зүй, эрүүгийн хариуцлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдэвт НҮБ-ын Анхдугаар Их Хурал хуралдсанаас хойш 5 жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Тус Их Хурлаас олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шинэчлэлийн иж бүрэн бодлого, стратегийг тодорхойлох шийдвэрүүдийг гаргаж байсан. 2015 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх XIII Их Хурал Катарын нийслэл Доха хотноо зохиогдсон. Энэ үеэр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн эсрэг авах хариу арга хэмжээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж чухал шийдвэрийг гаргасан байдаг. Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
ОДООГИЙН ХУРДААР ЯВБАЛ ДЭЛХИЙН ХҮН АМЫН 75 ХУВИЙГ ДАРХЛААЖУУЛАХАД ДӨРВӨН ЖИЛ ШААРДЛАГАТАЙ
2021-03-08 11:13:05 Нийтлэгдсэн: Улс төрДэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Энэ хурдаар явбал хоёр тунт вакцинаар дэлхийн нийт хүн амын 75%-ийг дархлаажуулахад дөрвөн жил шаардлагатай тооцоо гарчээ. 100 хүн тутамд 95.4 тун вакцин зарцуулсан үзүүлэлтээрээ Израил Улс дэлхийд тэргүүлж байна. 2021 оны 03 дугаар сарын 07-ны байдлаар 111 оронд 300 орчим сая тун вакцинаар дархлаажуулалт хийжээ. COVAX хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Serum хүрээлэнд үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн хөгжүүлсэн COVISHIELD вакциныг түгээх эхний шатны хуваарийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн танилцуулсан байна. Хуваарийн дагуу 2021 оны 05 дугаар сарыг дуустал хөтөлбөрт оролцогч 142 улсад 237 сая тун вакцин нийлүүлэх юм. Түгээж эхэлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 08-14 хүртэлх дараагийн 7 хоногт 31 орон 14.4 сая тун вакцин хүлээн авах юм байна. 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хүн амаа дархлаажуулж байгаа тэргүүлэх 10 орон: Улс Хамрагдсан хүн (сая) Вакцины төрөл 1. АНУ 87.9 Pfizer Moderna JohnsonJohnson 2. БНХАУ 52.5 Sinopharm/Beijing Sinovac Cansino Sinopharm/Wuhan 3. Британи 22.8 Pfizer Moderna AstraZeneca 4. Энэтхэг 20.6 Bharat AstraZeneca 5. Бразил 10.3 Sinovac AstraZeneca 6. Турк 9.9 Sinovac 7. Израил 8.6 Pfizer Moderna 8. ОХУ 7.5 Sputnik V 9. ХБНГУ 7.3. Pfizer Moderna AstraZeneca 10. Эмират 6.2 Pfizer Gamaleya Sinopharm/Beijing
Засгийн газрын ээлжит бус хуралдааныг гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр 09:00 цагт хийхээр болсон. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч ийнхүү ээлжит бус хуралдааныг зарласан болохыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлсэн юм. Өчигдөр үдээс хойш УДЭТ-ын үзвэртэй холбоотойгоор халдварын тохиолдол 54-ээр нэмэгдсэн. Гуравдугаар сарын 3-наас 6-ны хооронд тоглосон Анна Каренина жүжгийг 900 гаруй хүн үзээд байгаа бөгөөд энэ сарын 9, 10-ны өдрүүдэд шинжилгээнд хамрагдах болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлээд буй. Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр болох бүх тоглолт, үзвэр үйлчилгээг цуцлах саналыг гаргаад байгаа юм.
Анхны Үндсэн хууль нь Монголын ард түмний оюун санааны их өөрчлөлт, шинэ нийгмийн үндэс суурь, ардчилсан хувьсгалын түүхэн ололт, амжилт байлаа
2021-03-07 11:22:29 Нийтлэгдсэн: Улс төр#МАН-ын дарга У.Хүрэлсүх: Анхны Үндсэн хууль нь Монголын ард түмний оюун санааны их өөрчлөлт, шинэ нийгмийн үндэс суурь, ардчилсан хувьсгалын түүхэн ололт, амжилт байлаа #МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс... #ЭхОрончдынӨдөр #МАН
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй