ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАРУУН БҮСИЙН ҮЙЛДВЭРИЙГ НҮҮЛГЭНЭ

​ ​Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар 2021 оны хоёрдугаар сарын 07-ны ням гаригт Тавантолгой түлш ХХК-д ажиллав. Тус компанийн захирал М.Ганбаатар шахмал түлшний үйлдвэрлэл, түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ ямар байгаа талаар товч танилцуулга өглөө. Монгол Улсын хатуу түлшний стандартаар сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ нэг бүхэл байх ёстой. Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэдэг түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0,8-0,96 милограмм буюу стандартад нийцэж байгаа аж. Хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавин ажилладаг гэв. ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар агаар дахь хүхрийн 70 гаруй хувь нь цахилгаан станц, 27-28 хувь автомашин, уурын зуух, 7-8 хувь нь гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоожээ. 2020 оны байдлаар Улаанбаатар хотод 6,6 сая тонн хатуу түлш буюу нүүрс орж ирсний зургаан сая тонныг нь зөвхөн цахилгаан станцад хэрэглэж байгаа аж. Мөн өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 гаруй мянган авто машины 65 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байдаг. Энэ нь агаар дахь хүхрийн агууламжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа гэдгийг салбарын сайд онцолж байлаа. Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байсныг олон нийт мартсан байна. Тэр цаг үеийг даван туулахын тулд баруун бүсийн үйлдвэрийг дэд бүтцээ дагаж байгуулсан. Өнөөдөр энэ үйлдвэр түүхэн үүргээ гүйцэтгэсэн ч орчны бохирдол үүсгэсэн. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ. Бид өвлийн ид хүйтнийг даван тууллаа. Нүүлгэх талаар ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна, Ажлын хэсэг байгуулна. Танай хамт олон нүүх бэлтгэлээ сайн зохион байгуулж, нүүх хүртэл хугацаанд бохирдлыг бууруулах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй гэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.​

Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний орд-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг Эрдэнэс Силвер Ресурс ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний орд-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм. Эрдэнэс Силвер Ресурс ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм. Хүдэр баяжуулах үйлдвэр-II-ийг энэ онытавдугаар сард ашиглалтад оруулна Эрдэнэс Силвер Ресурс ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд Салхитын алт, мөнгөний орд-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна. Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий Хүдэр баяжуулах үйлдвэр-II-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Салхитын алт, мөнгөний орд нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа. Монгол хүн мэргэжлийн түвшинд ажил хийж болдог, хөдөлмөрлөж чаддагийг энэ төсөл харуулж байна Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Салхитын алт, мөнгөний орд-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ, Салхитын алт, мөнгөний орд-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй. Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа. Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой. Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг Салхитын алт, мөнгөний орд харуулж чадлаа. Цаашлаад Хармагтайн орд энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна. Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай Бороо гоулд алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй. Одоо Хармагтайн орд-ыг яг Салхитын алт, мөнгөний орд шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ. Нийтэлсэн:Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гаргажээ. Шагналыг өнөөдөр 11.40 цагт Төрийн ордонд гардуулах юм байна. Монгол Улсын Төрийн соёрхол: ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь бүтээл Монгол Улсын ардын жүжигчин: МУГЖ, дуучин С.Батсүх Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн: Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Хөгжмийн зохиолч Б.Магсаржав, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат Циркус Монголиа Хадгаа циркийн захирал Ч.Хатанбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн: Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ, Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид Гавьяат дасгалжуулагч: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагнахаар болжээ.

АЖИЛЛАХ АРГА БАРИЛАА ШИНЭЧИЛЖ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УЯЛДАА ХОЛБООГОО САЙЖРУУЛАХЫГ АНХААРУУЛЛАА

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд Нэг хаалга-Нэг шинжилгээ тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга з Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, дүүрэг хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзаж, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ковидийн цар тахлын үед иргэдийг хамгаалах, эдийн засгийг сэргээх арга хэмжээний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр дурдсан юм. Энэ удаагийн хөл хорионы хязгаарлалтаар халдварын тархалтыг хумихад дүүрэг хороо, хэсгийн дарга нарын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой гэдгийг тодотгов. Тэрбээр Ковидын цар тахлын үед улстөржилт, талцалгүйгээр өргөн цар хүрээнд нэгдэн ажиллаж, хамтын хүчээр халдварыг даван туулах болно. Үүний тулд дүүрэг хороо хэсгийн дарга нар иргэдээ үнэн зөв мэдээллээр хангах, нэгдсэн зохион байгуулалтайгаар шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Цаашид эдийн засгийг сэргээх бодлого баримталж бүх нийтийн хөл хориог хязгаарлалгүйгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө энэ удаагийн хязгаарлалтыг өндөр зохион байгуулалтайгаар хийх болно. Иймд цар тахлын эсрэг иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлж, ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой хэмээлээ.

Цар тахлын үед эдийн засгийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Чай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгон хэлэв. Ковидын цар тахлын эрсдэлтэй цаг үед эдийн засгийг дэмжсэн бодлого баримталж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй 800 айлын орон сууц хөтөлбөр, Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоохгүй тал дээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр онцлон тэмдэглэлээ. Эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд уул уурхай, мах махан экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтоор дамжих тээвэрлэлтийн хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нийцүүлэн ажиллах нэгдмэл байр суурьтай байгаагаа талууд илэрхийлж байв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.