Л.Оюун-Эрдэнэ: Хүнд суртал үүсгэдэг төрийн үйлчилгээг хүнээс хамааралгүй болгоно

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа. Тэрээр энэ үеэр Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийх ажлууд эхэлсэн. Нэг яам, нэг хувийн хэвшил дангаараа цахимжих нь хангалттай бус, салбар бүхэнд энэ шилжилт хийгдэх ёстой. Салангид угсрагдаж буй системүүдийг нэгтгэе. Энэ үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагудын оролцоо чухал гэдгийг онцоллоо. Нээлттэй явуулсан хэлэлцүүлгээр -Төрийн хариу үйлдэл удаан байдаг, -Цахим шилжилтийг ухаалгаар хийх, -Vision fund байгуулах, - Цахим үндэстэн болоход дунд шатны хүмүүсийн оролцоо үүргийг анхаарах -Инновацийн тухай хуулийн дагалдах дүрэм журмуудыг боловсруулах -Тоон бичиг үндэстэн хөтөлбөрийг өргөн цар хүрээтэй дэмжих -Олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх, Цахиурын хөндийд гаргах Монгол мөрөөдлийг бий болгох -Nest хөтөлбөр шиг технологийн институт байгуулах, сайн инженерүүдийг маш олноор бэлтгэх зэрэг саналууд яригдлаа. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хувийн хэвшлүүд, гарааны бизнесүүд, олон улсад IPO амжилттай гаргасан компаниудаа төртэй хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын шийдэл нь байхыг уриаллаа. Уулзалтын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд мэдээлэл технологи, бүтээлч үйлдвэрлэл байгааг онцлоод гарааны бизнесүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, Олон улсад Засгийн Газар хамтарч бонд гаргах зэрэг шийдлүүд байх боломжтойг дурдлаа. Мөн оролцогчдоос гарсан цахим мөнгө, цахим гарын үсэгтэй холбоотой асуудлыг дараагийн Засгийн Газрын хуралдаанаар follow-up хийж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Shared Vision Fund-ийг байгуулах чиглэлээр судалгаа хийж танилцуулах ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд хариуцууллаа. Ирээдүй, хойч үед маань технологийн салбарын үсрэнгүй хөгжлийн энэ үед боловсролын салбарын системийн өөрчлөлт хэрэгтэйг онцоллоо.

Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 оны туршид тэмдэглэнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар энэ сарын 4-ний өдөр утсаар ярив. Сайд нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг, олон талт механизмуудын хүрээнд хөгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахад илүү уялдаатай, нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ. Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 оны туршид худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон чиглэлээр өргөн хүрээнд тэмдэглэхийн ач холбогдлыг Гадаад харилцааны сайд нар өндрөөр үнэлж, энэхүү түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж буйг онцлон тэмдэглэв гэжГадаад харилцааны яамнаас мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж гардууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын нэн эрсдэлтэй нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ. Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудад санал, хүсэлтээ илгээсэн билээ. Улмаар УОК-оос гамшгийн үнэлгээ хийж, Засгийн газар тогтоол гарган Баянхонгор аймагт л гэхэд 480 тонн өвс, 450 тонн тэжээлийг үнэгүй болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хуваарилсан нь малчдад тараагдаад дуусчээ. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нутагтаа байгаа болон өөр аймгийн нутагт отроор явж буй малчин өрх бүрд 300.000 төгрөгийн хүчит тэжээлээр тусалж байгаа юм. Энэ тусламжийн хүрээнд Баянхонгор аймгийн 12011 өрхөд 3113 тонн тэжээл хуваарилагдсаны 477 тонн нь аймаг очоод байгаа аж. Түүнчлэн МУЗН-ээс 240 өрхөд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 264 өрхөд малын тэжээл өгсөн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тус аймгийн ахмад настнууд, малчин 14000 өрхөд зориулж, 140 тонн гурил, 70 тонн цагаан будаа, 7000 ширхэг цай, нийт 400 тонн хүнс, тэжээл авчирснаа гардуулан өгөв. Мөн 100.000 ширхэг маскийг аймгийн Онцгой комисст өглөө. Аймгийн төвийн иргэд малчдын нэг настай 10.000 гаруй малыг тэжээж, онд оруулж байна. Эдгээр малыг албан байгууллагууд 50-100-гаар нь хуваан авч, ажилтнууд ээлжээр маллаж байгаа аж. Түүнчлэн гидропоник аргаар, хөрсгүй технологиор бэлтгэсэн улаан буудайн соёолжийг сум, албан байгууллага, айл өрхүүд тариалж, малдаа өгч байгаа юм байна. Энэ ажилд NNCC ХХК-ийн захирал, тус аймагт хэрэгжиж буй Энх Монгол зоригт төслийн удирдагч, агрономич З.Чулуунцэцэг арга зүйгээр тусалж, сургалт явуулан, дадлагажуулснаас гадна аймгийн төвд хүлэмжийн тариалалт эрхэлж, одоогоор 19 тонн тэжээл бэлтгэн нийлүүлээд байна. Энэ аргаар 5 хоног ургуулсан тэжээлээр 20 хоног тэжээсэн мал 7-10 кг таргалж байгаа аж. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон холбогдох ажилтнууд энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрийнхөө талаар танилцуулав. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд ингэний сүү, сайжруулсан түлш үйлдвэрлэх, малын тэжээл, хүнсний ногооны кластер үйлдвэрлэл эрхлэх, шинэ суурьшлын бүс байгуулах, Шаргалжуутын рашаан сувиллыг шинэчлэн хөгжүүлэх зэрэг олон төслийг аймгийн захиргаатайгаа хамтран хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРӨӨС 12 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНО

Улсын онцгой комисс хуралдан 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. Онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм. Энэ нь цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилготой. Эрүүл мэндийн яам Нэг хаалга-Нэг шинжилгээ гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна. Эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Хөл хорио тогтоох хүртэл хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээхтэй холбоотой цогц төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах юм. Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн харьяалалтай иргэдийг PCR шинжилгээнд хамруулж сар шинийн баяраас өмнө нэгдсэн зохион байгуулалттай буцаана. Харин хөл хорио тогтоосноос хойш эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л Улаанбаатар хот руу ирэх, хотоос гарахыг зөвшөөрнө. Сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх тухай Засгийн газрын шийдвэрийг аймаг, сумдын удирдлагууд тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ёстойг Улсын онцгой комисс анхаарууллаа. Хөл хорио дууссаны дараа аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллыг дэглэмийг сайтар сахиулж, хэвийн горимоор ажиллуулна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Хятадын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав

Өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажилдаа орсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад улсаас Монгол Улсад суугаа зарим Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа. ЭНЭ ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ АЙЛЧЛАЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт илгээсэн баярын илгээлтийг уламжлав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар, түүний дотор энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх, оны хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал зэрэг асуудлаар санал солилцсон байна. Элчин сайд И.К.Азизов Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагчийн хувиар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсжээ. НОГООН ГАРЦ-ЫН ЖУРМЫГ ТОГТВОРТОЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД САНАЛ НЭГДЭВ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гээс Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Б.Батцэцэг сайдад баяр хүргэсэн захидал ирүүлснийг тэмдэглэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд Чай Вэньруй нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцааны идэвхтэй хандлагыг хадгалах зорилгоор тохиромжтой үед хоёр талаас дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, Ногоон гарц-ын журмыг тогтвортой хэрэгжүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар сайд нар санал нэгдсэн гэжГадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.