Төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зориулж Япон улсаас $233 саяын тусламжийн зээл авахыг дэмжив

​ Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичгийн төслийг 2020.10.08-ны өдрийн Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөж, 2020.10.09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, 2020.11.05-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсныг танилцуулгадаа тэмдэглэв. Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдах бөгөөд нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэж Сангийн сайд танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар зээлийн хэлэлцээрийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг дэмжихгүй талаар байр сууриа илэрхийлэв. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 71.4 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боловгэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

С.Баярт холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 1-нд буюу өнөөдөр болно. Анхан шатны шүүхээс С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан гэж үзсэн. Харин Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис трейдинг компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзсэн байдаг. Улмаар түүнийг таван жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Ерөнхий сайд асан С.Баярын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Түүнийг анхан шатны шүүхээс албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэх, Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргасан байдаг. Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцсэнээр давж заалдах шатны шүүх хурал товлогдоод байна.

НИЙСЛЭЛ, АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ АЙМАГТ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 10 ХОНОГ СУНГАНА

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд халдвараас сэргийлэх, тархалтыг зогсоох зэрэгтэй холбоотой ямар арга хэмжээ /худалдаа, үйлчилгээ, аймаг доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт/ авч хэрэгжүүлэхээ тухайн аймгийн Онцгой комисс, Засаг дарга шийдвэрлэх юм. Гэхдээ олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээг орон даяар хориглосон хэвээр байна. Төрийн болон хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аймаг хооронд, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах зэргийг сайд нар болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа. Цаашид: - Эрчим хүч - Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт - Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт - Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт - Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт - Банк, санхүү, хөрөнгийн бирж - Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж - Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага - Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт - Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл - Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр - Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр - Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр - Бараа материалын цахим худалдаа, хүргэлт - УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/ - Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага - Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат - Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй.Харин бусад байгууллага, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй юм. 12 дугаар сарын 10-ны дотор Архангай, Сэлэнгэ аймгийн иргэдийг Улаанбаатар хотоос явуулж, дээрх аймгуудад байгаа хотын иргэдийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын ээлжийг 21 хоног болгож, тухайн аж ахуйн нэгжүүдийнх нь саналд үндэслэн ээлж солих хуваарь гаргаж эхэлжээ. Уурхайчид тусгайлсан цэгүүдэд шинжилгээ өгсний дараа ээлжээ солилцох юм. Гадаад улсад байгаа иргэдийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 10 хоногт татаж авахгүй. Энэ хугацаанд бүх тусгаарлах байранд шалгалт хийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөх нөхцөл бүрдүүлэх, нэг өрөө-нэг хүн, нэг өрөө-нэг гэр бүл гэсэн зарчим барихаар төлөвлөжээ. Товч мэдээ - Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор ажиллуулахаар болов. - Халдварын голомтот бүсэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах, хавьтагчдыг олж тогтоох, тусгаарлах байр, хяналтын цэг, эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн 4143 алба хаагчид урамшуулал олгохоор болов.

Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгаж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээлээ

Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж 19 хоногийн хугацаанд Монгол Улс даяар шилжсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хориог цаашид сунгах эсэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас улын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн хөл хориог хэвээр үлдээхээр болжээ. Тэгэхдээ халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон халдвар гараагүй нутгуудад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм байна. Харин нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу 2020.12.11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгахаар боллоо. Түүнчлэн хөл хорионы хязгаарлалтад үл хамаарч байсан 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргав.Ингэснээр: Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэх үйл ажиллага Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллагын үйл ажиллагаа Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа Гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа Арьс шир, ноос ноолуур, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа Сав баглаа боодол, хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа Бараа материалын цахим худалдаа, хүргэлтийн үйл ажиллагаа Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /тооны хязгаарлалттай/ Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хязгаарлалтад үл хамаарах юм. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.