Монголын тал БНХАУ-аас нийт өрийг тэглэхийг хүслээ

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо. Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа. Хоёр улсын парламентын дарга нар 2014 онд гарын үсэг зурж, ёсчилсон хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 3 дахь удаагийн уулзалтыг энэ жил Монгол Улсад зохион байгуулахаар товлосон юм. Коронавирусийн цар тахлын улмаас энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар хооронд Талын зам болон Бүс ба зам санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын Ногоон гарц түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэлээ. Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийнМонголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.Монгол Улс2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна.Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байгаа юм. Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын санаачилгыг дэмжих, коронавирусний халдвартай тэмцэхэд хамтран ажиллах, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт эрчимтэй хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын харилцаа өргөжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн юм. Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зүгээс Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дараах санаачилгыг гаргаж байна гэв. Үүнд, Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Хоёрдугаарт, парламент хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гуравдугаарт, цар тахлын халдварын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүрэх, Дөрөвдүгээрт, олон талт үзлийг дэмжин, хамт хөгжих бодлогыг баримталж, олон улсын үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ. Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Харин БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Үндсэн хууль, Хууль зүйн хорооны дэд дарга Ху Кэмин, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Шү Кэ, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны дэд дарга Цай Фан, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Жоу Сүнхэ, БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Жао Юун, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Ли Вэй нар оролцож, үг хэллээгэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. УИХ-ЫН ДЭД ДАРГА Т.АЮУРСАЙХАНЫ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРАЛ ХООРОНДЫН БАЙНГЫН УУЛЗАЛТЫН МЕХАНИЗМЫН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТАД ХЭЛСЭНҮГ Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Хөрш орнуудтай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгөх бодлогын тухайд манай улсын улс төрийн бүх нам нэгдмэл байр суурь, ойлголттой байдаг. Хятад Улсын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах бодлого баримталж ирсэн нь хоёр талын харилцаа эрчимтэй хөгжихөд чухал түлхэц болж байна. Монгол, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буйд Монголын тал сэтгэл хангалуун байдаг. УИХ-ын зүгээс хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд тустай бодит хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр Засгийн газруудын зүгээс хийж буй ажил, дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж ирсэн, цаашид ч дэмжин ажиллах болно. Хоёр орны дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох чиг үүрэг бүхийхууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин идэвхжиж буйд баяртай байна. Цаашид байнгын уулзалтын механизмын уулзалтыг жил бүр хийхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын удирдлага, Байнгын хороодын удирдлагын харилцан айлчлал, хоёр талын парламентын бүлгүүд, Тамгын газар хооронд туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Монгол Улсад 2013 оноос хойш айлчлаагүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг үүгээр дахин нотолж, БХАТИХ-ын Байнгын хорооны Ли Жаньшу даргыг ирэх онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан манай талын урилгыг уламжилж өгнө үү. Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур салбар болж ирлээ. Хоёр улсын Засгийн газар хооронд Талын зам болон Бүс ба зам санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2020 он гарсаар КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нөхцөл байдал хүнд, дэлхийн эдийн засаг хямралын байдалд байна.Хоёр орны худалдааны эргэлтКОВИД-19цар тахлын нөлөөгөөр буурсан чМонгол, Хятадын хилийн боомтын Ногоон гарц түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх өргөн боломжтой гэж үздэг. Хоёр талын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд хүндрэлтэй болж буй хэдий ч хоёр талаас хамтран дэвшүүлсэн энэхүү зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллах нь зүйтэй юм. Хоёр хоногийн өмнө болсон Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрснийг хоёр улсын парламентын зүгээс дэмжиж ажиллах саналтай байна. КОВИД-19 цар тахал тодорхойгүй хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа тул хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах үүднээс Ногоон гарц түр журмыг цаашид ч идэвхтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёр улсын аж ахуй нэгжүүдийн шууд харилцаа, хэлхээ холбоог өргөжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд тустай тул аж ахуйн нэгжүүдийн хооронд үзэсгэлэн яармаг, бизнес форум, сэдэвчилсэн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь чухал юм. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээвэр, дэд бүтцийн чиглэлээр гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгож байна. Цахим худалдаа дэлхийн худалдааны ерөнхий чиг хандлага болж буйтай уялдуулан хил дамнасан цахим худалдааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болж байна. Хятад Улс цахим худалдааны дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалтыг харьцангуй сайн хийсэн улс гэж тооцогддог тул энэ чиглэлдБүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас туршлага судлах саналтай байна. 2014 онд байгуулсан Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийг Хятадын тал соёрхон батлаагүй байгаагийн улмаас хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байгааг та бүхэн мэднэ. Энэ хэлэлцээрийг соёрхон батлах явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлэн анхаарал хандуулахыг Эрхэм хүндэт Байма Чилинь дарга Танаас хүсье. Монголбанк Хятадын Ардын банктай Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларыг зарцуулж, 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна. Тиймээс коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын нийт өрийг тэглэхийг дэмжиж Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байна. Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа нь хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол, Хятад хоёр улс өндөр хариуцлагатай, нягт хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээлэл солилцсоны үр дүнд хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй бөгөөд энэхүү амжилтыг хадгалахын тулд цаашид ч нягт хамтран ажиллах сонирхолтой байна. Манай улсынКОВИД-19цар тахалтай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн зүгээс эд материалын тусламж үзүүлж, эмчилгээтэй холбогдох мэдээллийг шуурхай өгч ирсэнд талархал илэрхийлье. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр-ийн хэрэгжилтэд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг урагшлуулах гурван талын Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг энэ сард амжилттай зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны асуудлуудыг ярилцаж тохиролцсон. Гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулах нь чухал ач холбогдолтой юм. ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Хятадын талтай илүү идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг энэ завшааныг ашиглан илэрхийлье. Энэхүү төслийг урагшлуулахад хоёр улсын парламент, Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгож байна.

1000 ОР ДЭЛГЭХЭД БЭЛЭН БАЙНА

2020-11-27 10:48:33 Нийтлэгдсэн: Улс төр
1000 ОР ДЭЛГЭХЭД БЭЛЭН БАЙНА

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэнд-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл коронавирусны халдвартай иргэдийг Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэнд-ийн үндэсний төв рүү шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилуулсан амьсгалын болон оношлогооны аппаратуудыг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэсэн. Эхний ээлжид 500 ор бэлэн, шаардлагатай бол 500 орыг нэмэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцав. Эмнэлгийн тоног төхөөрөмж, шинээр суурилуулсан аппарат лабораториудаас гадна мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг бэлтгэн Ковид-19 цар тахлын үед хэрхэн ажиллах заавар, зөвлөмжийг хүргүүлжээ. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллахыг зөвлөлөө. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

ИРГЭДИЙГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган Зорчигч тээврийг зохицуулах түр журам-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байна. Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явахаа илэрхийлжээ. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 5,300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байна. Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8,500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргана. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна. Иргэд: 1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно 2. Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө 3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын Шинжилгээний хариу авах цэснээс регистрийн дугаараар шалгаж авна 4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална 5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө 6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна 7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна 8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна. Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай. Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна. Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм. Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөжээ. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ, ДЭМЖЛЭГ ШААРДЛАГАТАЙ ӨРХӨД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ӨГНӨ

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ хүүхэд хүнс, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, Үдийн цай хөтөлбөрт зарцуулахаар нөөцөлсөн нийт 3,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, гурил, төмс, хүнсний ногоо, будаа, бусад бүтээгдэхүүн байгаа судалгаа гарчээ. Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. Үүнээс өмнө орон нутгийн оюутнуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар нутаг буцаах юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш улсын хэмжээнд цэцэрлэгийн 247 мянга, ерөнхий боловсролын сургуулийн 680 гаруй мянга, их, дээд сургууль, коллежийн 147 мянга гаруй оюутан хөл хорио, хязгаарлалтад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш теле болон цахим хэлбэрээр хичээлээ үзэж байгаа бөгөөд хамрагдалт 67.5 хувьтай гэж гарчээ. Теле хичээл, цахим сургалтад хамрагдах боломжгүй хүүхэд, сурагчдад хичээлийн агуулгыг хүргэх, сургууль завсардахаас сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Боловсролын газар ажиллаж байна. Багш нар хариуцсан анги, хүүхэдтэйгээ холбоотой байж, дасгал, даалгаврыг нь хэрхэн хийх талаар хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн дотуур байранд 209 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдэд тэжээллэг, амин дэмээр баялаг хоол, хүнсээр үйлчлэх, цэвэр ус уух боломж бүрдүүлэх, ам, хоолойг нь сод, давсны уусмалаар тогтмол зайлуулах зэргээр ажиллаж байна. Улсын хэмжээнд их, дээд сургуулийн 71 оюутны байранд 11,359, түрээсийн байранд 18,687 оюутан амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Товч мэдээ - 2020 оны 11 дүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 640 тохиолдол батлагдсан. Үүнээс 340 хүн эдгэрсэн бол ажиглалтад 28, ажиглалт, тандалт нь дууссан 312 хүн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 293 хүний 48-ынх нь биеийн байдал хүндэвтэр, 245 хүнийх хөнгөн байна. - Батлагдсан төсвийн хэмнэлтийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр зарцуулах эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгов. - 2020 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 10,3 мянган тн мах, 125,1 мянган тн гурил, 7,9 мянган тн төрөл бүрийн будаа, 1,4 мянган тн хуурай сүү, 2,1 сая ширхэг өндөг, 1,4 мянган тн ургамлын тос, 101,1 мянган тн төмс, 42,7 мянган тн хүнсний ногоо, 4,9 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Энэ нь нөөц хэвийн хэмжээнд байна гэсэн үг юм.

УЛААНБААТАР ХОТ, ОРОН НУТАГТ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМД БАЙГАА ИРГЭДИЙГ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС НУТАГ БУЦААНА

Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан: - Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг маргааш хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд дэлгэрэнгүй танилцуулах - Нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангах - Иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авах зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлэхээр шийдвэрлэв. Аппликейшн нэвтрүүлснээр иргэд, байгууллага, ахуйн нэгжүүд QR код уншуулж халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах, бэлэн байдлын зэргийг бууруулах эсэх талаар хэлэлцээгүй. Нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, гарах шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа үндэслэл, тооцоо, судалгаатай боловсруулж ирүүлэхийг комиссын гишүүд, нийслэл, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгалаа. Энэ долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Гамшигтай тэмцэх тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, Улсын онцгой комиссын хурлуудаас гарсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар комиссын гишүүдэд үүрэг болгов. Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.