УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллахаар боллоо
2020-10-07 08:39:35 Нийтлэгдсэн: Улс төр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар энэ сарын 06-ны өдөр Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманнтай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллаж ирсэн уламжлалыг тэмдэглээд ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх үеэр хамтран ажиллаж байснаа санан дурсахад таатай байдаг хэмээв. Түүнчлэн тэрбээр, Монгол Улс парламентын засаглал, парламентат ёсыг сонгосон сонголтдоо үнэнч байх ёстой гэсэн байр суурь баримталдгаа илэрхийлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу улстөрийн нам, улстөрийн намын санхүүжилт, ашигт малтмал, өмчтэй холбоотой хуулиудыг боловсруулахад шаардлагатай судалгаануудыг хийхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын шинэ тутам байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл өгч, Парламентын судалгааны хүрээлэн ХБНГУ-ын Бундестагийн Судалгааны хүрээлэнтэй байнгын хамтын ажиллагаа тогтоон, хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар саналаа хэлэв. Энэ үеэрээ Улсын Их Хурлын Тамгын газар Конрад-Аденауэр сантай уламжлалт харилцаагаа улам ахиулж, өргөжүүлэн хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол-Германы парламентын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөнийг тэмдэглэсэн юм. Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманн Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн зорилгууд Конрад-Аденауэр сангийн ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх зорилготой нийцэж буйг тэмдэглээд, хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх саналыг таатай хүлээн авч буйгаа онцолсон юм. Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Хүрээлэн байгуулагдаад удаагүй учир чадавх бэхжүүлэх, олон нийтэд парламентын боловсрол түгээх, хуулийн төсөл боловсруулах шатны болон бусад судалгааны чиглэлээр хамтарч ажиллах саналаа мөн илэрхийллээ. Ийнхүү талууд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Германы Бундестагийн Судалгааны хүрээлэн хамтарч ажиллах чиглэлүүдийн талаар тодорхой санал солилцохын зэрэгцээ УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллахаар ярилцлаа. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзана
2020-10-07 08:34:47 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзана. Ерөнхийлөгчийн орон нутгийн иргэдтэй хийх уулзалт: 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 12:00 цагаас, 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрт 17:00 цагаас тус тус болно хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Ерөнхийлөгчтэй утсаар ярьж, хүлцэл өчив
2020-10-07 08:32:25 Нийтлэгдсэн: Улс төр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр Монгол Улс нь гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш байлгах сонирхолтой байдгийг илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар түлхүү хөгжүүлэх нөөц, боломжуудын талаар санал солилцлоо. Тухайлбал, АНУ-ын Конгресст өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, оёдлын болон сүлжмэлийн салбарын хөгжлийг урагшлуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих чухал ач холбогдолтой болох талаар ярилцаж, энэ чиглэлд болон Монгол Улс-АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв. Ярианы төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нарыг түргэн эдгэхийг хүсэж байгааг монголын ард түмний өмнөөс уламжилж өгөхийг хүссэн байна.
Усан цахилгааны станцын чиглэлээр Япон улсад мэргэжилтэн сургана
2020-10-06 10:57:51 Нийтлэгдсэн: Улс төр Япон улсад усан цахилгаан станцын чиглэлээр тодорхой тооны мэргэжилтэн бэлтгэх боломжтой болохыг Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки мэдэгджээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг өгчээ. Уулзалтын эхэнд элчин сайд Кобаяши Хироюки чухал хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргээд манай хоёр улсын найрамдалт харилцаа 1990 оноос хойш хөгжиж, түншийн харилцаа өргөжин бэхжиж ирсэн ба Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд ТЭЦ-IV ТӨХК-д дэмжлэг тусламж үзүүлж ирсэнийг дурдав. Хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, нар салхины станц байгуулах төслүүдийн талаар харилцан үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Япон улс нь манай улсын томоохон хандивлагчийн нэг бөгөөд Монгол Улсын хөгжилд бодитой тус нэмэр оруулж байдагт талархлаа илэрхийлэв. Цаашид эрчим хүчний томоохон эх үүсвэр өргөтгөх төслүүд болон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн гэжЭрчим хүчний яамнаас мэдээллээ.
Япон улсын Гадаад хэргийн сайд манай улсад энэ сарын 9-10-ны өдрүүдэд айлчилна
2020-10-06 10:54:16 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлж байна. Тэрээр аравдугаар сарын 09, 10-ны өдөр (баасан, бямба гарагт) айлчилна. Тэрээр манай улсад он дараалж айлчилж буй нь энэ юм. Сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм. Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Гадаадаас ирж байгаа зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байна гэлээ. Японд Ковид-19 өвчний нийт халдварын тоо 80 мянга орчим байгаа ба халдварын тархалтыг тогтоон барьж чадаж байгаа гэв. ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос Япон улс манай улсын хувьд худалдааны чухал түнш бөгөөд 2016 оноос хойш хийсэн Монголтой хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байна. Худалдааны эргэлт 600 сая орчим ам.доллар, хөрөнгө оруулалт 900 сая орчим ам.доллар байгаа ба айлчлалын үеэрх хэлэлцээрээр эдгээрийг хэрхэн өсгөх, Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хэрхэн хамтран ажиллах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцана. Айлчлалын дараа үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх болно гэлээ. Мөн энэ дашрамд мэдээлэл өгөхөд, энэ онд тохиож буй Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг аравдугаар сарын 8-ны пүрэв гарагт тэмдэглэхээр болжээ. Энэ хүрээнд томоохон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Монгол Улс, БНСУ нь стратегийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаа ба Монгол БНСУ-ын харилцаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй