Үйлчилгээний цогцолбор байгуулах санамж бичиг байгууллаа

​ ЗТХЯ, МАЖХ болон МҮХАҮТ хооронд хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгууллаа. Уг санамж бичгийн зорилго нь Улсын болон олон улсын чанартай авто замыг түшиглэн нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн жолооч болон зорчигчдын аюулгүй байдал, жолоочийн ажил, амралтын дэглэмийг хангах, авто тээврийн хэрэгслийн техникийн хэвийн ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Олон улс, улсын чанартай авто замын дагуу авто зогсоол бүхий үйлчилгээний цогцолбор цаашид үйлчилгээний цогцолбор бий болгоход оршино. Талууд хамтын ажиллагаандаа Авто замын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Алсын хараа -2050, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллана. Мөн хамтын ажиллагааны чиглэлд Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин оролцох заалтыг тусган ажиллахаар боллоо. Эх сурвалж: Монголын Аялал жуулчлалын холбоо

Санал авах өдөр согтууруулах ундаа зарахгүй

Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал бол саналын хуудас хэвлэх, санал авах байр бэлдэх ажлууд байдаг. Дүүргүүд иргэддээ тухайн хороонд нэр дэвшиж байгаа дэвшигчдийг маш сайн танилцуулах хэрэгтэй. Сонгууль зохион байгуулагдахтай холбоотой мэдээллээ маш сайн өгч ажилла. Мөн иргэддээ саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт, иргэний үнэмлэх хоёроо заавал авчрах шаардлагатай гэдгийг нь сануулаарай. Зохион байгуулалтын ажлыг сайн хийж, хүмүүсээ мэдээллээр бүрэн хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах хэрэгтэй. Дүүргүүд баримт бичгийн бүрдлээ сайн хангаарай гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн УИХ-ын сонгуулийн үеэр 222 улсын байцаагч хяналт тавьж ажилласан. Сонгуулийн санал авах байранд тавигдах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллана хэмээв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа И.Баттөгс Хамгаалалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа. Санал авах байранд үзлэг шалгалт хийх саналыг нийслэлийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Мөн санал авах байрны камержуулалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн холбогдох бүх мэргэжлийн байгууллагууд сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллүүдээ танилцуулав. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, иргэдийн биеийн халууныг хэмжих, амны хаалт зүүлгэх, санал авах байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийлгэж ажиллах шаардлагатай гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэргэжлийн байгууллагуудад анхааруулж хэллээ. Мөн сонгуулийн санал авах байртай холбоотой асуудал болон бусад ажлуудыг хуулийн хугацаанд сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов. Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм.

Сонгуулийн үед "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх журам батлагдав

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгчээ. Үүнээс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм. Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншина уу.

Япон улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

​ Ирэх долоо хоногт Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу Монгол Улсад айлчлах товтой байна. БНАСАУ-д олзлогдсон япон иргэдийн асуудлаар голлон хэлэлцэнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Мөн хоёр орон хоорондын зорчигч тээврийн нөхцөлийг хөнгөлөх талаар ярилцах хүлээлттэй байна. Монгол Улс БНАСАУ-тай ойрын харилцаатай цөөн улсын нэг тул зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Саяхан ажлаа хүлээн авсан Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ Иргэдээ эх оронд нь авчрахын төлөө шаргуу ажиллана. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн гэж байсан юм. Б.Дашням ​

Г.Занданшатар: Бэлчээрийн тухай хуулиар Зөвлөлдөх санал асуулга явуулна

​ УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллах үеэрээ ирэх арваннэгдүгээр сард Бэлчээрийн тухай хуулийн төслөөр малчин иргэдийг оролцуулсан Зөвлөлдөх санал асуулга явуулна гэв. Мал сүргийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа ч бэлчээрийн даац хэтэрч, нутаг ус булаацалдсан маргаан гарах болсон тул бэлчээрийн хураамжтай болох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэхэд уулзалтад оролцсон малчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. УИХ-ын дарга Завхан аймгийн Алдархаан, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зочилж, иргэдтэй уулзалт хийх үеэрээ ирэх 4 жилд улс орноо сэргээн мандуулж, хурдацтай хөгжлийн замд гарах, тогтвортой өсөлтийг хангах төлөвлөлттэй эдийн засаг, иргэнээ дээдэлсэн, хариуцлагатай, хяналттай, ёс зүйтэй төр, хууль засагласан, шударга ёс тогтсон, эрүүл нийгмийг төлөвшүүлэхийг Монголын төр, засаг эрхэм зорилгоо болгож байгааг онцолжээ. Завхан аймгийн Алдархаан сум Монгол Улсын анхны сумдын нэг бөгөөд аймагтаа хүн амын тоо, эдийн засгийн бусад үзүүлэлтээрээ Тосонцэнгэлийн дараа ордог томоохон сум юм. Тиймээс 2019 онд тус суманд Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Сумын төв дотор ариутгах татуурга, дулаан, ус хангамжийн 4.0 км гаруй шугам сүлжээ татаж, шинээр 1.6 км засмал зам тавьжээ. Бүтээн байгуулалтын санхүүжилт 60 хувьтай, ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа юм байна. Дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг айл өрхөд хүргэх, сумын төвөө шинэчлэх бүтээн байгуулалтын ажилд иргэдээ татан оролцуулах, хийж байгаа бүхий л ажилд тэдний санал бодлыг тусгаж, бүх талын оролцоог хангаж ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар санууллаа. Булган аймгийн Хутаг-Өндөр сум бол Ардын Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг, 5000 гаруй хүн амтай, Монгол орны хойд бүсийн аялал жуулчлалын төв замдагуу оршдог, томоохон суурин газар юм. Аймаг, сум бие даан хөгжих боломжийг олгосон, төвлөрлийг сааруулж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх агуулгатай Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байгааг мэдээлж, иргэдийг хуулийн төсөлд саналаа өгөхийг уриалав. Мөн улс орноо үйлдвэржүүлэх болон халамжаас бүтээмж рүү шилжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг энэ Их Хурал онцгой чухалд тооцож байна гэлээ. Хутаг-Өндөрийн иргэдийн тавьсан санал хүсэлтийн дагуу: Сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шинээр барих хөрөнгийг төсөвт суулгах; Сум дундын эмнэлэгт зайлшгүй шаардлагатай лаборатори, шинжилгээний тоног төхөөрөмжийг ирэх оны эхний улиралд багтаан олгох зэргээр хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.