НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

​ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагч үнэмлэхээ гардан авсан юм. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өнөөдөр үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх бололцоотой боллоо. Сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 13-ны өдрийг дуустал явуулах ёстой. Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллахыг хүсч байна. Та бүхэн сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ААН, байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 10 дугаар сарын 1-нээс зогсооно

​ Иргэний тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн аж ахуйн нэгж болон байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн зогсоохоор болжээ. Иймд лавлагааны хүсэлтийг хүлээж авахгүй гэж УБЕГ-аас мэдээллээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ тухай шийдвэрийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

​ ​ Орон нутгийн ИТХ-ынсонгуулийн сурталчилгаа маргааш буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэх гэж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэдүнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.2 дахь хэсэгт сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулахаар заажээ.Үүнд: сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах; нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах; хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах; сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; ухуулах байр ажиллуулах; радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах; цахим орчин ашиглах; өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй бөгөөд ийм төрлийн зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна. АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС 47 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох 47.1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх; 47.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх; 47.1.3.сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах; 47.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх; 47.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах; 47.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах; 47.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх. 47.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй. 47.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно. 47.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно. 47.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх; 47.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх; 47.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах; 47.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах; 47.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах; 47.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах. 47.6.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэний шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй. 47.7.Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй. 47.8.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно. 47.9.Дахин болон нэмэлт санал хураалт дуусах хүртэл хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно. 47.10.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно. 47.11.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно. 47.12.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 47.10-т заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ хуулийн 47.9, 47.10-т заасныг зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана. 47.13.Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 45.13, 47.1.7, 47.8-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. 47.14.Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээг авч болно. 47.15.Энэ хуулийн 47.13-т заасан зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авч болно.

Батлан хамгаалах яам алба хаагчдадаа 70 хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууц олголоо

​ Батлан хамгаалах салбарын офицер, ахлагч, ажилтан албан хаагчид 70 хувийнхөнгөлөлттэйүнээр орон сууцаа өмчилж авах батламжаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраасгардан авлаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, аливаа нөхцөлд үүргээ биелүүлэх боломжоор хангах тогтолцоог төлөвшүүлнэ гэсэн заалтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх тухай тогтоолыг гаргасан. Өнөөдрийн байдлаар тус яам 562 айлын орон сууцыг худалдан шилжүүлэх, 29 орон сууцыг хувьчлахад шаардлагатай материалыг бүрдүүлж 300 гаруй айлд албан тушаалын орон сууц эзэмших гэрчилгээг олгоод байна. Тус яам 562 айлын орон сууцыг худалдан шилжүүлэх, 29 орон сууцыг хувьчлахад шаардлагатай материалыг бүрдүүлж 300 гаруй айлд албан тушаалын орон сууц эзэмших гэрчилгээг олгожээ. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 21,7 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, 4 хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10,3 хувь нь айлын байр, хашаа байшин хөлслөн амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Иймд албан тушаалын орон сууцнуудыг хувьчилснаар цэргийн алба хаагчид өөрийн өмчтэй болж, хувьчилсан байрнуудын ашиглалт сайжирч, орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байгаа цэргийн алба хаагчдад зориулсан орон сууц барих хөрөнгө төвлөрч, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн алба хаагчид албан үүргээ сэтгэлхоёрдолгүйгүйцэтгэх, ажиллаж амьдрах таатай нөхцөл бий болохоос гадна хувьчилж авсан орон сууцаа ашиглах, захиран зарцуулах, өв дамжуулах зэрэг олон давуу тал бий болох юм. Эх сурвалж: БХЯ

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

​ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай цахим хурал хийлээ. Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийв. Бэлчээр, зудын эрсдэл, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тухай, Мах, мал бэлтгэлийн тухай, Отор нүүдэл, малын эрүүл мэнд шилжилт хөдөлгөөний талаар яамны холбогдох газрын дарга нар мэдээлэл өглөө. Цахим хурлын төгсгөлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дараах үүрэг чиглэл өглөө. Үүнд: Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт оруулах малыг эрүүл ахуй, угаалга, туулгад нэгбүрчлэн хамруулах, Аймаг, орон нутгийн удирдлагууд өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг шуурхайлах, Эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, бэлчээрийн даацад малын тоог тохируулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Эх сурвалж: ХХААХҮЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.