Оюуны өмчийн газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ

​​ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргыг томилжээ. Уг албан тушаалд Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Энхсүхийг томилсон байна. Тэрбээр өөр ажилд шилжин томилогдохоор өнгөрсөн сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, 2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, 2016 оны наймдугаар сарын 24-нөөс ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.

НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

​ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт (2020.09.02) өргөн барилаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 1998.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш 40 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 2016.01.01-нээс шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж байна. НӨАТ нь тухайн улс орны төсвийн орлогын голлох эх үүсвэр болдог. НӨАТ-ын бусад татвараас ялгагдахгол онцлог нь татварын тогтолцоог сайжруулах давхар зорилготой бөгөөд 2016 оны эхнээс Монгол Улсын НӨАТ тасралтгүй өсөж, далд эдийн засаг хумигдан, төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөөлөл гарч байгаа ч энэ бүхний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх үзүүлэлтээр хэмжигдэх үнэлгээний хэмжүүр байгааг анхаарах нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзэж байна. Манай улс орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөртэй орон хэдий ч НӨАТ-ын буцаан олголт харьцангуй бага байгаа нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын тогтолцоог сайжруулах зорилгоосоо илүү төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж байгааг харж болно. Өөрөөр хэлбэл манай улсын НӨАТ-ын орлого өсөж, үүнийг дагаад орлого цуглуулах чадвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч үр дүнд нь инфляцийн болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна. Учир нь НӨАТ бол шууд бус татварын төрөл бөгөөд аливаа шууд бус татвар нь үнийн бодлогод нөлөөлж, үнийн хөөрөгдөл гарах нь ажиглагддаг. Хэрэглэгчдийн төлөх үнэ шууд бус татварын нөлөөгөөр нэмэгдэнэ. Чухам ямар хэмжээгээр нэмэгдэх нь тухайн бараа, ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаарна. Энэ нөлөөлөл инфляцийн түвшин өсөхөд нөлөөлдөг. Шууд бус татвар нь бага орлоготой хүмүүст илүү дарамттай, өндөр орлоготойхүмүүстарай бага дарамттай байна. Үүнээс үзвэл орлогын түвшингийн хувьд урвуу татвар юм. Түүнчлэн ашигт ажиллагааны түвшингээс үл хамаарч ногддог тул ашгийн түвшин багатай татвар төлөгчдөд хүндээр тусдаг. Ашгийн түвшин багатай бизнес нь ихэвчлэн хөдөлмөр илүү шаардсан ажлууд байдгаас борлуулалтын татвар нь ажилгүйдлийн түвшинд нөлөөлж байдаг. Улмаар борлуулалтын татвар нь ихэнх тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд илүү дарамт учруулах ба томоохон бизнестэй өрсөлдөх чадваргүй болгох эрсдэлтэй гэж үзжээ. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар ногдуулж байгааг 5 хувь болгож багасгахаар хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын өөрчлөлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдэн, эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа

​ УИХ-ын дарга Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ноён Филип Малоун парламентын тэргүүнээр дахин сонгогдсонд нь УИХ-ын дарга Г. Занданшатарт баяр хүргээд COVID-19-өөс шалтгаалждэлхий дахиндхүндхэн сорилт тулгарч байгаа ч танай орны хувьд зөв зүйтэй арга хэмжээ авч, дотооддоо халдвар тархаалгүй барьж чадсан цөөхөн улсын нэг болсон нь том амжилт гэж бодож байна. Манай улсын хувьд нөхцөл байдал хүндэрсэн ч бид тодорхой арга хэмжээ авч байгаа. Энэ дашрамд манай улсын иргэдийг нутагтаа буцахад нь тусалж дэмжсэнд талархал илэрхийлье гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс нь Их Британи улсыг гуравдагч хөршийнхөө нэг гэж үздэг гэдгийг онцлон тэмдэглээд, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн дэлхийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх асуудал зогсонги байдалд ороод байгаатай холбоотойгоор түүнийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, таатай нөхцөл боломж бүрдүүлж, бэрхшээл саадыг хамтран арилгах асуудал эрхэлсэн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог УИХ-д байгуулахаар 20 гаруй гишүүн төсөл өргөн барьсан. Удахгүй шийдвэр гарна. Тус Түр хорооноос гадаад улс орноос Монгол Улсад суугаа Элчин сайдууд, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, асуудлаа хамтарч ярилцах зэргээр ажиллах болно. Ноён Элчин сайд Таныг энэ ажилд анхаарлаа хандуулахыг хүсэж байна гэв. Ноён Филип Малоун зайлшгүй дэмжиж, хамтарч ажиллах ёстой асуудал мөн гэдгийг онцлоод, Манай улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Зарим компаниуд аль хэдий нь хамтарч ажиллаад эхэлсэн. Гэхдээ анхаарах асуудлууд ч байдаг. Тухайлбал хууль эрх зүйн орчин тогтвортой, ойлгомжтой байх нь чухал. Цаашид манай хөрөнгө оруулагчид илүү олноор Монгол Улсад хөрөнгө оруулж, энэ талын хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэв. Төр, засаг, парламентын тогтвортой байдал нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, эхлүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажлуудаа амжилттай дуусгаж, үр дүнд хүргэх боломж гэж бид харж байна хэмээн тэрбээр тэмдэглэлээ. Элчин сайд Филип Малоун Их Британи улс Европын холбоог орхин гарснаар шилжилтийн байдалд байгаа хэдий ч энэ оны сүүл гэхэд гадаад худалдааны шинэ бодлого хэрэгжиж эхэлнэ гэлээ. Уулзалтын үеэр Их Британийн боловсролын хөтөлбөр, хөрөнгийн зах зээлийн тогтолцооны арга туршлагаас суралцах асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Манай улсад боловсролын тогтолцоогоо цэгцлэх, Монголын онцлогийг тусгаж, дэлхий дахины шилдэг ололтыг шингээсэн сургалтын хөтөлбөртэй болох асуудал яригдаж байгаа.COVID-19-ийн нөхцөл байдал намжих үедЛондонгийн хөрөнгийн биржийн туршлагаас суралцах, хамтран ажиллах боломж олдоно гэдэгт найдаж байна гэлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БИЙ БОЛГОНО

ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлт, сургалт арга зүйн семинарт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов. Ирэх 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй тус академийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах хэрэгцээ, шаардлага бий болж байгаа талаар тэрбээр тус академийн багш нарт дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм. Мөн тус академийн захирал Д.Сүрэнчимэг өнөөгийн үйл ажиллагаагаа ЗГХЭГ-ын даргад танилцуулав. Тус академийн хувьд чиг үүргийнхээ дагуу төрийн албан хаагчдыг төрийн албаны захиалгаар мэргэшүүлж, сургадаг. Тийм ч учраас Монгол Улсын төрийн ой санамжийг түүчээлэх, төрийн албан хаагчдыг бэлтгэдэг гол бааз суурь гэхэд болно. Монгол Улс анх удаа төрийн бодлогоо урт хугацаанд төлөвлөж, түүнд хүрэх дунд, богино хугацааны төлөвлөлт бүхий Алсын хараа-2050 бодлогын баримт бичигтэй болж, засаглалын тогтвортой байдлыг эхлүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Уг баримт бичигт төрийн албыг урт хугацаандаа хэрхэн бэхжүүлэхээр тусгасныг илтгэлдээ дурьдсан юм. Монгол Улсын хөгжлийн бодлого ямар үе шатуудыг туулсан, ирээдүйд ямар болох нь хөгжлийн урт хугацааны бодлогод хэрхэн тусгагдсаныг тус сургуулийн багш, эрдэмтдэд танилцуулсан. Энэ хүрээнд Удирдлагын академийн удирдлага, багш нарт хэд хэдэн чиглэлийг өгсөн юм. Тэрбээр, Шинэчлэл бол Уламжлал гэдэг модонд ургасан навч гэдэг. Тийм учраас өмнө туулж ирсэн түүх, алдаа, оноогоо бид дүгнэж урагшлах ёстой. УИХ-аар саяхан батлагдсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албаны шинэчлэлийн асуудал маш тодорхой тусгагдсан байгаа. ЗГХЭГ, төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи хамтраад төрийн албан хаагчийн цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг ирэх дөрвөн жилд хийж дуусгана. Монгол төрийн хүний нөөцийн бодлого тодорхой байх ёстой. Жишээ нь, 2030 он гэхэд аль салбарт ямар мэргэжилтэн эрэлттэй байх, хаана ямар хэрэгцээ, шаардлага үүсэх нь одооноос тодорхой болох ёстой. Дэлхийн чиг хандлага ч ийм байгаа. Боловсролын байгууллагууд ч үүнд суурилж мэргэжилтэн бэлтгэх чиг хандлагаа тодорхойлж болно. Энэ зүг рүү бид явах цаг болсон. Өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчдын нэгдсэн тоо, насжилт, салбар бүрийн хүний нөөцийн хэрэгцээ, шаардлага зэрэг мэдээллийн нэгдсэн сан байхгүйгээс байгаа тоо, мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй явж ирсэн нь нууц биш. Дараагийн нэг асуудал нь төрийн албан хаагчдын сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах явдал. Төрийн нийт албан хаагчид Удирдлагын академийн сургалтанд жигд хамрагдаж чадахгүй байна. Хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Төрийн албан хаагчийн сургалтын цахим номын сан бий болгоно. Энэ нь төрийн нэгдсэн Е Mongolia цонхонд байрших байдлаар нээлттэй мэдээлэл, мэдлэг түгээх арга хэлбэр рүү шилжиж орох ёстой. Мөн төрийн албан хаагчдын хөгжлийн Олон улсын хурлыг ирэх дөрвөн жилд Монгол Улсдаа зохион байгуулах зорилт тавьж ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал бид дэлхийн бусад улс орнуудаас туршлага судлах, тэдний хаана яваагаа мэдэж чадна. Үүнээс гадна Удирдлагын академийг өргөжүүлж, одоо байгаа газрыг нь түшиглээд орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын томоохон кампусыг ирэх дөрвөн жилд байгуулна. Дэлхийн ТОП гэгддэг, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 11 сургуультай гадаад харилцааны хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийг Удирдлагын академийнхан Төрийн албаны зөвлөлтэй хамтарч боловсруулах шаардлагатай байгаа. Энэ мэтчилэн төрийн албыг бэхжүүлэхийн төлөөх Удирдлагын академийн бүхий л санал, санаачилгыг ЗГХЭГ-ын зүгээс бүрэн дүүрэн дэмжих болно. Мэргэшсэн, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй Монгол төрийн албан хаагчдыг хөгжүүлцгээе гэлээ

П.Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томиллоо

​ Edit Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар П.Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томиллоо. П.Одонбаатарыг наймдугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилоод байсан бол өнөөдөр ТЕГ-ын даргаар томилжээ. Наймдугаар сарын 25-ны өдөрТагнуулын ерөнхий газрын дарга, Генерал Д.Гэрэл болон Дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. П.Одонбаатар нь 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч; 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч; 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга; 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга; 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан гэж ТЕГ-аас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.