Н.ЭНХБОЛД: ЗЭВСЭГТ ХҮЧИНД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРЭГ НЭМЭГДЛЭЭ

Звэсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хаврын чуулганы төгсгөлд эцэслэн батлагдлаа. Монгол Улсын зэвсэгт хүчний хувьд томоохон шинэчлэл, эрх зүйн орчныг авчирсан гэж үзэж буй хуулийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлог юунд оршиж байгаа талаар Та мэдээлэл өгнө үү? Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь агуулга өргөнтэй, онцлогтой. Учир нь Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхэн хөгжлийнхөө явцад байгаагүйгээр өргөжин хөгжих шинэ эрх зүйн зохицуулалтыг энэ хуулинд тусгаж өгсөн юм. Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг гэсэн хоёр төрлийн цэргээс бүрддэг байсан бол шинэ хуулиар Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын, тусгай хүчний цэрэг гэсэн шинэ төрлийн цэрэгтэй байхаар хуульчлан тогтоолоо. Үүнийг дагаад Зэвсэгт хүчний удирдлагын бүтэц, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтад өөрчлөлтүүд орох юм. Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчин улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг бид харж, бахархаж байна. Шинээр байгуулагдах Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэрэг ямар үүрэг гүйцэтгэх вэ? Манай улсын хувьд өмнө нь Барилгын цэрэг хэмээх бие даасан цэргийн байгууллагатай байсан түүхэн туршлагатай. 1963 оноос улсын хэмжээнд их барилгын ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгон өрнүүлж, барилга, барилгын материал үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор Барилгын цэргийн ерөнхий газрыг Батлан хамгаалах яамны дэргэд байгуулсан байна. Түүнчлэн, барилгын цэргийн ангиудыг олноор байгуулсан байдаг. 1963 онд Барилгын цэрэг байгуулагдсан цагаасаа 1990-ээд оныг хүртэлх хугацаанд 5889 барилга байгууламжийн 17668,4 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 4825 барилга байгууламжийг барьж ашиглалтад хүлээлгэн өгч, 11170,3 сая төгрөгийн барилгын материал, хийц үйлдвэрлэсэн байдаг. Түүнчлэн 376 үйлдвэрийн барилга, сум, сангийн аж ахуйн төв, механикжсан ферм, үрийн үтрэм зэрэг аж ахуйн зориулалттай 1397 барилга, Төрийн ордны өргөтгөл, Залуучуудын соёлын төв, Найрамдал олон улсын хүүхдийн зуслан, Халх гол, Баянцагааны нуруу, Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөө, Бөхийн өргөө зэрэг нийгэм, соёлын 1110 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтад өгсөн. Мөн хугацаанд барилгын 30 гаруй мэргэжилд 40 мянга гаруй хүнийг бэлтгэж улсын барилгын салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд томоохон хувь нэмрийг оруулсан байна. Барилга-инженерийн цэргийн үндэс суурийг шинээр тавих ажил 2010 оноос эхэлж Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс сүүлийн 10 гаруй жилд барилга-инженерийн 6 анги байгуулсан. Шинээр байгуулагдсан барилга-инженерийн ангиуд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвийн 400 цэргийн байр, ЗХ-ний 339 дүгээр ангийн алба хаагчдын 40 айлын орон сууц, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа халдвартын эмнэлгийн байр, ЗХ-ний 120, 123, 311, 353 дугаар ангийн соёл, спортын төв, ЗХ-ний 340 дүгээр ангийн албан тушаалын 40 айлын орон сууц, Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын барилга зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 2019 оноос ЗХЖШ-т бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулснаар цэргийн барилга-инженерийн анги, салбаруудын техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна. Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд дээрхээс гадна улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд голлох үүрэгтэй оролцож байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төсөл болон Халх гол сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг дурьдаж болно. Дээр дурдсан ажлын үзүүлэлт, үр дүнгээр улс орны стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног, төхөөрөмжөөр хангагдсан, зохион байгуулалттай хүч хэрэгслээр хийж гүйцэтгэх нь өндөр үр дүнтэй болохыг төр, засгийн удирдлага анхааран үзэж, Зэвсэгт хүчний бүтцэд төрлийн цэрэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Барилга-инженерийн цэргийг байгуулснаар Зэвсэгт хүчнийг чадваржуулах, цэргийн алба хаагчдад нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэх, цэргийн насны залуучууд цэргийн алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, мэргэжил эзэмшиж, мөнгөн хуримтлал үүсгэх зэрэг давхар ач холбогдолтой. Зэвсэгт хүчний тухай хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан шинэ төрлийн цэргийн удирдлагын байгууллага, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох, үндсэн үүргээ биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс техник, тоног төхөөрөмжийн хангалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хуульд орсон бас нэг асуудал нь гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах, түүнийг хэрэгжүүлэх Кибер аюулгүй байдлын цэрэг-ийг Монгол Улсын Зэвсэгт хүчинд байгуулах талаар та дээр дурдсан. Энэхүү асуудлыг хуульд тусгах ямар хэрэгцээ, шаардлага байсан бэ? Хүн төрөлхтөн хуурай газар, агаар, ус, сансар гэх байгалиас заяасан 4 хэмжээст орон зайд амьдарч ирсэн. Гэтэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүний оюун ухаан, мэдээллийн технологийн дэвшил, түүний хэрэглээнээс бий болсон хийсвэр орон зай буюу кибер орон зай бий болж, манай дэлхийг бүхэлд нь бүрхээд байна. Дэлхийн кибер орон зайн аюулгүй байдал үндсэндээ алдагдаж, улс орнуудын аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлж байна. Дэлхий дахинд үйлдэгдсэн кибер халдлагын улмаас жилд дунджаар 2 их наяд ам долларын эдийн засгийн хохирол учирч байна. Халдлагыг нягтлан шинжилж үзвэл 80 орчим хувь нь гэмт хэргийн, эдийн засгийн сэдэлтэй байхад үлдсэн 20 орчим хувь нь улс төрийн зорилготой үйлдэгдэж байна. Олон улсад кибер орон зайг зэвсэгт тэмцэл хийх боломжтой 5 дахь талбар болохыг албан ёсоор зарлан энэ талбарт үйл ажиллагаа явуулах Кибер командлалуудыг байгуулж асар их төсөв, хөрөнгө зарцуулж байна. Тухайлбал, 2019 онд АНУ 15 тэрбум, БНХАУ 7.3 тэрбум ам долларын хөрөнгийг кибер цэрэгтээ зарцуулаад байна. Манай улс шиг жижиг орнууд ч кибер цэргийг байгуулах, бүрдүүлэх чиглэлд том гүрнүүдээс дутахгүй анхаарч байна. Жишээлбэл, Эстони улс 1,3 сая хүн амтай жижиг улс хэдий ч НАТО-ийн кибер аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бие даасан кибер командлалтай, 300 орчим кибер цэрэгтэй улс болоод байгаа нь томоохон Зэвсэгт хүчинтэй улсуудыг ч энэ чиглэлээр ардаа орхиод байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Зэвсэгт хүчний мэдээлэл холбооны суурь сүлжээг шинэчлэх, нэгдсэн хяналт хийх, кибер халдлагыг мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг суурилуулах төслийг энэ оны 8 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын төв байрлах Дата төвийг барих шийдвэрийг гаргуулаад байна. Энэ бүхэн нь Кибер аюулгүй байдлын цэрэг-ийг байгуулах үндэс, суурь нь болж өгөх юм. Энэ хуулиар эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн Зэвсэгт хүчний нэг төрлийн цэрэг болох Тусгай хүчний цэрэг-ийн талаар тодорхой мэдээлэл өгөөч, та? Орчин үеийн дайн, байлдаан, сүүлийн үед явагдсан зэвсэгт мөргөлдөөнд хийсэн үнэлгээ дүгнэлтээс харахад Хосолмол (hybrid, гибрид) дайн-ы шинж чанарыг агуулсан уламжлалт бус цэргийн аюул, халдлагаас эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашиг, үнэт зүйлсийг хамгаалах нь улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдлын шаардлага болж байна. Энэхүү хосолмол дайны хамгийн аюултай шинж чанар нь дайн ба энхийн ялгаа, зааг нь мэдэгдэхгүй тийм нөхцөлд эсрэг талын зүгээс аливаа улс, үндэстний нийгмийн сэтгэлгээнд шууд бус, зөөлөн аргаар нөлөөлж төрийн тогтворгүй байдлыг үүсгэх, цаашлаад үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа байлгах, гүнзгийрүүлэх, улмаар үндэстэн дамнасан корпораци, тэдгээрээс санхүүжилттэй зохион байгуулалттай гэмт хэргийн болон шашны бүлэглэл, тусгайлан бэлдсэн цэргийн хүчнийг ашиглаж хүссэн үр дүндээ хүрч чаддагт оршиж байгаа юм. Дэлхийн улс орнууд энэ аюул заналын эсрэг сайтар зориуд бэлтгэгдсэн бүрэлдэхүүнийг ашиглах нь тохиромжтой гэж үзэн стратеги, оперативын тусгай үүрэг гүйцэтгэх томилгоот хүчин (тусгай хүчин, түргэн байрлах хүчин гэх мэт)-ийг бий болгон хөгжүүлж байна. Манай улсын хувьд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт Зэвсэгт хүчинд тусгай хүчнийг бий болгож, хөгжүүлэх бодлогын зорилтыг дэвшүүлэн, түүнийгээ энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажуулаад байна. Уг хүчнийг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд одоо байгаа тусгай томилолтын, түргэн байрлах хүчний, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа цэргийн нэгтгэл, ангийг түшиглэн зохион байгуулахаар бид төлөвлөн ажиллаж байна.

БИЕ ДААГЧДЫГ ДЭМЖИЖ БАЙГААГАА СОНГОГЧИД ИНГЭЖ ДҮГНЭЖЭЭ

Сонгуулийн хуулийн 29.2, 31.2,31.3-д заасны дагуу бие даан нэр дэвшихийг горилогчид өөрийг нь дэмжиж буй 801 хүний гарын үсгээ зуруулах ажлаа БИД76-гийнхан хуулийн хугацаандаа амжилттай дуусгалаа. Сонгогчид бие даагчдыг дэмжиж байгаа нь ямар нэг намын харьяалалд орж, намын бодлого нэрээр олон нийтийн өмчид хуруу дүрээгүй гэдгийг хэлж байв. Мөн өөр өөрсдийн зүгээс дүгнэлт гарган, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэл, зорилготой мэдлэг чадвартай эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид байгааг талархан хүлээн авч байгаагаа онцолжээ. БИД76 нэгдлийн бие даан нэр дэвшихийг горилогчдын 31 хувь нь эрдэмтэн, профессор, 33 хувь нь магистр ,19 хувь нь магистрантур үлдсэн нь докторант юм байна. Нийт 208 бие даагчдаас эхний 87 хүний мөрийн хөтөлбөрийг улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зөв зүйтэй хөтөлбөр гэж дүгнэсний дотор БИД76 нэгдлийн олон хүмүүсийн нэр багтсан юм. Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 22-ноос дотор бие даан нэр дэвшихийг горилогчдын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг СЕХ өгөх учиртай.

Сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагаас эхэллээ. Одоогийн байдлаар,баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 бие даан нэрээ дэвшүүлэгч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн аваад байна. Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/15 дугаар захирамжаар байгуулагдсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүлээн авна. Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм гэжСонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

НАМАА ЯЛУУЛАХ ХАРИУЦЛАГАТАЙ ҮҮРГИЙГ Я.СОДБААТАР, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ХҮЛЭЭЖ, ЭНЭ СОНГУУЛИЙГ ӨНЖИНӨ

УИХ-ын ээлжит сонгууль болоход 38 хоног үлдэж байна. 4 жилийн давтамжтай явагддаг их хурлын сонгууль ард түмний хувьд ирэх дөрвөн жил хэнээр удирдуулж, хэрхэн зөв сонголт хийх, ямар улс төрийн намыг сонголтоо болгох вэ гэсэн нарийн зурвас дээр ирдэг. Улс төрийн нам болоод улс төрчдийн хувьд ч мөн ялгаагүй өндөр хариуцлага үүргийн өмнө ирж сонгуульд ялалт байгуулах чанга үүрэг төв штабыг удирдан ажиллаж байгаа нөхдөд ирдэг. Тэгвэл 2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн төв штабыг Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нар удирдан ажиллаж, нэр дэвшихгүй өнжихөөр болсон байна. Уг нь тэд дэвшсэн бол намдаа нэг нэг суудлыг асуудалгүй авчирхаар улс төрчид. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд Өвөрхангай аймгаас хоёр дахь удаагаа сонгогдон УИХ-д сууж байгаа, сонгогдсон тойрогтоо хамгийн их ажил хийсэн гишүүдийн нэг. Гэсэн ч энэ удаа тэрээр намынхаа гал тогоог барьж, төв штабаа удирдан кординатлхаар сонголтоо хийжээ. Мэдээж туршлагатай, итгэлтэй хүнээ МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгож түлхүүрээ өгсөн нь мэдээж. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хувьд ч ялгаагүй залуу туршлагатай улс төрч, 2016 оны УИХ-ын сонгуульд нам нь 65 суудал авч олонхи болоход мөн намынхаа генсекээр ажиллаж байлаа. Энэ удаагийн сонгуульд Говь-Алтай аймагт нэр нь хүчтэй яригдаж байсан ч тэрээр нэр дэвшихээс татгалзаж, намаа сонгуульд амжилттай оруулах сонголтыг хийжээ. Сөрөг хүчин АН-ын хувьд мөн шилдэг, нуруутай гэсэн улс төрчдөөрөө сонгуулиа удирдуулан ажиллахаар болсон байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдаж амжилттай оролцсон УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Тагнуулийн ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нар АН-ын сонгуулийг удирдана.

Орхон аймагт нэр дэвшихээр яригдаж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх нэрээ татаж, сонгуулийн төв штабт ажиллахаар болжээ

Монгол Ардын Намын Бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж байна. Бага хурлаар МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ албан ёсоор тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлснээр Орхон аймагт нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Бат-Энх нэрээ татжээ. Тэрбээр намынхаа сонгуулийн төв штабт ажлын хэсэг ахалж ажиллахаар болж, ийнхүү нэрээ татсан байна. Ц.Бат-Энх нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, 2009-2013 онд Орхон аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос хойш МАН-ын нарийн бичгийн даргын үүрэгталбыгхашиж байсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.