УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2016 оны сонгуульд их хэмжээний мөнгө тараасан бичлэг цацагдав

УИХ-ын ээлжит сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчдийн элдэв бичлэг задрах нь олшров. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн МАНАН бүлэглэлийн гар, хөл болж их мөнгө босгох ажиллагааны тухай бичлэг задарсан бол энэ удаад АН-аас УИХ-д сонгогдсон З.Нарантуяа гишүүний мөнгөний сүлжээтэй холбоотой бичлэгийг сошиалд сэвж эхэллээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн үеийн бичлэг юм. АН-ын хамгийн шударга, тулхтай гишүүдийн нэгээр нэрлэгддэг төлөв эмэгтэйчүүдийн нэг бол яах аргагүй З.Нарантуяа. Гэвч харагдах байдал нь түүнийг бүрэн илтгэхгүй гэдгийг тус бичлэгээс харж болох юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө маш их хэмжээний мөнгийг зарцуулсан бөгөөд сонгогчдын саналыг худалдаж авах ажиллагааг зохион байгуулсан байх юм. Үндсэндээ тэрбээр төрд гарахын тулд их хэмжээний мөнгө тараах ажиллагааг зохион байгуулсан нь ийнхүү баримтаар бичигдэн үлдсэн байна. Өдгөө Завхан аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ авсан тэрбээр энэ удаад ямар муу арга хэрэглэхийг таахад бэрх. Санал худалдаж авах ажиллагаанд гаршсан тэрбээр энэ удаад улам нарийн аргаар үзэх нь гарцаагүй. УИХ-ын гишүүн болохын тулд З.Нарантуяа хэчнээн төгрөг зарцуулсан бэ? Сонгуулийн штабынхантайгаа зах зухаас нь ярьж буй бичлэгийг сийрүүлбэл Бүх ухуулагчиддаа албан ёсоор 200, 200-г өгчихсөн байна. Одоо 200 дутуу. Бүх ухуулагчийнхаа нэмэх 200-г тооцоод хадгалчихъя. Тэгээд ялсныхаа дараа мөнгийг нь өгөх үү, хэзээ өгөх вэ, урд өдөр нь байсан ч яахав. Ямар ч байсан 27 гэхэд өгчихсөн байя. Тэгэнгүүт мөлхөө гэж 1900 хүн байна. Ганц аюул. Мөлхөөгийн тоогоор би 592 сая төгрөг өгөх юм байна. Тэгэхээр мөлхөөг нэг штабт дунджаар тэд байна гэж тооцоод нэг мөнгө өгье. Тэрийгээ цаанаа жижиглээд олон хүнд өгнө үү, бөөнөөр нь нэгийг өгнө үү өөрсдөө мэд гээд өгчихье. Энэ бүх мөнгөнийхөө тооцоог би намд өгнө. Гарвал би 300-г хийх ёстой. Өнөөдөр 200-г хийчихсэн байгаа. Одоо энэ бүх тооцоонд 100 бол гарна. Би энийгээ өгөөд тооцоогоо ийш нь өгчихнө. Тэгээд намаас мөнгө нэхэх хүнгүй боллоо шүү дээ, тиймээ. Бензин, машинуудыг нь өгчихлөө. Мөлхөөгийн мөнгийг тооцоод өгчихсөн. Тэгэхээр ямар нэгэн гомдолгүйгээр та нар өгөх байх гэж бодож байна хэмээн ярьсан нь бичлэгтэйгээ баримт болон үлджээ. Нэр дэвшигчид тодроогүй, хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй байхад горилогчдоосоо 100 саяыг татан, хууль зөрчиж эхэлсэн АН-ынхан иймэрхүү байдалтайгаар сонгуульд оролцох нь дамжиггүй болов. Намын удирдлагууд нь сонгуулиар хууль зөрчөөд ч болов хэрхэн мөнгө босгох талаар нүдэн дээр нь үлгэрлэсээр атал нэр дэвшигчид нь ч мөн З.Нарантуяагийн адилаар мууд гарших нь лавтай биз ээ.

О.Баасанхүү МАНАН бүлэглэлд орсон түүхээ ярьжээ

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим сүлжээгээр тарсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нартай их хэмжээний мөнгөний талаар ярьж буй аудио бичлэгийг эхлээд эвлүүлэг гэж гүрийсэн боловч эцэст нь хүлээн зөвшөөрлөө. Бичлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү 100 мянган доллар өгчих. Тэгвэл асуудалгүй хийлээ гэх зэргээр ярьсан нь ямар нэгэн тохироо хийж байгаа нь илэрхий. Чухам ямар тохироо хийсэн тухайгаа О.Баасанхүү бичлэг задарсны дараа ярьжээ. Тэрээр Бичлэгт ярьсан зүйл болсон. МАХН-ын Бага хурлыг зохион байгуулах мөнгө дууссан. Тийм учраас зургаа заръя гэж бодоод Ж.Батзандан намайг Б.Хурцтай холбож яриад байдаг болохоор би Б.Хурцаас миний асуудлыг шийдэж өгөх боломж байна уу гэж тусламж хүссэн. Тэр өөрийнхөө найз гэдэг талаасаа Ж.Бадамжунай гэдэг хүнтэй уулзуулсан. Тэдэнтэй намаа яаж санхүүжүүлэх тухай, сард найман сая төгрөг, жилд ойролцоогоор 90-100 сая төгрөгийн асуудлыг л ярьсан гэж олон нийтэд ил болсон бичлэгнийхээ тухай тайлбар хийв. Чухамдаа түүний энэ тайлбар бол О.Баасанхүүгийн МАНАН бүлэглэлд орсон товч түүх аж. 2016 оны сонгуулиар О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаярын ивээлд багтаж, УИХ-ын гишүүн болсон. Ийм ч учраас түүнийг Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан гэлцдэг. Тэрээр УИХ-ын гишүүн болоод МАХН-ыг даргаасаа булааж авахыг оролдсон. Яг тэр үед түүнд мөнгө хэрэгтэй болсон учир Б.Хурцад хандсан бололтой. Ингэж түүний МАНАН бүлэглэлтэй холбогдсон түүх эхэлжээ. МАХН-ыг Н.Энхбаяраас булааж авах зорилгоор намын гишүүдийнхээ хурлыг зохион байгуулахдаа өөрөөсөө 127 сая төгрөг зарцуулж, 60 сая төгрөгөөр нь намын гишүүдээ Баянгол зочид буудалд байрлуулсан гэж О.Баасанхүү ярьжээ. Энэ мэтээр МАХН-д нөлөөтэй болоход түүнд их хэмжээний мөнгө хэрэгтэй байсан учир тэрээр Б.Хурцад хандсанаа ил шулуухан ярьчихав. Уг нь О.Баасанхүүгийн хувьд ард түмэн мандат олгож, УИХ-ын гишүүн болсон. Энэ боломжийг тэрээр шударга ёс, ёс зүйт төрийн төлөө ашиглах ёстой байтал улс төр, эдийн засгийн МАНАН бүлэглэлд ашиглах санаа сэджээ. Ингэхдээ бүр МАХН гэдэг намаа МАНАН-гийн халаасанд оруулахыг хүссэн байна.Гэвч Н.Энхбаяр түүнд ийм боломж олгоогүй учир тэрээр арга буюу МАНАН дээрээ очсон байна.

Л.Орхон: Монголын улс төрчид бусдын хоолыг булаадаг луйварчдын баг болчихсон

УИХ-д бие даан нэр дэвшихийг горилогч Техникийн ухааны доктор, профессор Л.Орхонтой ярилцлаа. -Уул уурхайн салбар эрчимжиж, Монгол Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа ч нөгөө талдаа байгалийн нөхөн сэргээлт хийлгүй үлдээснээс сүйтгэгч нэр зүүх болсон. Та хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарах ямар асуудал байгаа гэж боддог вэ? -Монгол Улсад өнөөгийн байдлаар 50 гаруй төрлийн 3000 гаруй орд байгаа ба нийт нутаг дэвсгэрийн 5.5 хувийг эзэлдэг. Уул уурхайн салбар нь Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг боловч нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд мөн нөхөн сэргээлт хийлгүй зөвхөн олборлолт явуулж уурхайн овоолгыг шинэ технологи гарахаар олборлоно гэсэн компаниуд бас байна. Жишээ нь: Эрдэнэтийн УБҮ, зарим нэг алтны компаниуд. Эсрэгээрээ нөхөн сэргээлтийг маш сайн хийж гүйцэтгэдэг компаниудад Багануурын нүүрсний уурхай, Монполимет, Бороо гоулд гэх мэт. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөл бүрийн төсөл, судалгаа явуулдаг боловч, төрийн бодлогод нөлөөлдөг түүнээс улбаалж хууль, эрх зүй боловсронгуй болдог эсэхийг үнэндээ сайн мэдэхгүй юм. Хэрэв хууль байдаг бол тэр нь ямар ч байсан хуулийн цоорхойг ашиглан хэрэгждэггүй гэж миний бие боддог. Тиймээс хуулиа боловсронгуй, товч тодорхой, иргэдэд ойлгомжтой байж, хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ. -Төр түшилцэх хүн туршлагатай байх ёстой гэсэн үгээр шинэ хүмүүсийг сонгох боломжийг хаах явдал байдаг. Төр түшилцэхэд олон жилийн туршлага хэрэгтэй юу эсвэл төрдөө үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэл чухал уу? -Ер нь төр түшилцэнэ гэж ярихаас илүүтэй иргэд сонгогчдыг төлөөлж байгаа төлөөлөгч гэвэл зохистой юм болов уу гэж боддог. Мөн төрд ард иргэддээ үйлчилдэг, үнэнч, сэтгэлтэй, сэтгэлгээтэй, эх оронч, эрдэмтэн, инженер хүн байх ёстой. Туршлагатай хүн гээд сайн зүйл дагуулахгүй, муу муухай зүйлийг хаацайлж,бүлэглэл хамгаалагч болж буйг бид харсаар байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, шударга хүнийг олон нийт үгүйлж байна. -Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Олон хүн ирээдүйнхээ төлөө ийм алхам хийж байгаагаа онцолдог? -Тийм ээ. Миний бие энэ талаар боддог ч үгүй байлаа. Гэвч сүүлийн хоёр жилд өнгөрсөн 20 жилд юу болов гээд уншаад судлаад үзсэн чинь энэ улс төр гэдэг чинь бөөн булхай луйварчдыг баг болчихсон, бусдын хоолыг булаагаад сууж байхыг мэдэрсэн. Ийм хүмүүсийн үнэн төрхийг олон түмэнд тайлбарлаж ойлгуулж өгөх хэрэгтэй гэдгийг ухаарч энэ алхмыг хийж байна. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Намын дотор болж буй үйл явдлыг олон нийт дэлгэсээр байна.Тэд юу хийж, ямар арга замаар төрийн эрхэнд гарах гэж байгааг би хэд хэдэн харж байна. 1. Намдаа гомдсон хүмүүс байна 2. Намаа шантаачилж буй хүмүүс 3. Хэн нэгний гар хөл бологсод 4. Хамгийн ноцтой нь өс хонзонгийн талбар болгож байгаа явдал юм. Ер нь энэ 30 жил бид хүссэн хөгжилдөө хүрч чадав уу, бидний сонгосон ардчилал энэ мөн үү гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Олон хүн үгүй л гэж хариулах байх. Тиймээс энэ жил олон бие даагчид ийнхүү гарч ирж, нийгмээ энэ хүмүүсээс цэвэрлэхийг хүсч байна. Нэг ёсондоо бие даагчид гэдэг бол нийгмийн захиалга юм. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Одоо иргэд, сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж байгаа. Иймд ЗӨВ хүнээ л сонгоосой гэж хэлэх байна. Учир нь: Нам гэж байхгүй харин эрх ашиг, бүлэглэл гэж бий гэж миний бие Facebook, Twitter-ээр бичиж байсан. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. -Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье, баярлалаа.

Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх 76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм. Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй. Үүнд нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан. Тус намаас нэр дэвшигчид Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Иеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхний төлөөллөөс бүрджээ. Мөн Сонгуулийн тухай хуульд Нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасны дагуу 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр сонгоод байна. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.

Ж.Оймандах: Шударга бус тогтолцоог өөрчилсөн шилдэг туршлагыг нэн тэргүүнд нутагшуулах хэрэгтэй

Мэргэшил: Олон улсын хуульч, доктор Боловсрол: Москвагийн ОУХИСургууль (ОХУ), Виржиния Их Сургууль (АНУ) УИХ-д бие даан нэр дэвшихийг горилогч Олон улсын хуульч, доктор Ж.Оймандахтай ярилцлаа. -УИХ-д эдийн засагч, хууль эрх зүйч хүмүүс түлхүү байгаасай гэсэн санал, хүсэл байгаад ч эцсийн дүнд хүссэн хүмүүс гарч чаддаггүй явсаар өнөөдрийг хүрлээ. Өөрөөр хэлбэл мөнгө, амлалтанд олон нийт хууртсаар байна. Та үүнийг засах ямар арга зам байна гэж хардаг вэ? -Сонгуулийн тогтолцоог сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Тогтолцоог өөрчлөхийн тулд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Түүнээс гадна сонгуулийн явцын шударга, ил тод явуулах зорилгоор иргэний байгууллагуудтай бид болох ёстой. Төрийн бус байгууллагын институцийн нэмэр алга гэдгийг бид энэ 30 жилийн түүхээс харлаа. Одоо харин олон нийтийн институц-ийг Монголд хуулиар баталгаажуулах хэрэгтэй. Олон нийтийн институц буюутийм байгууллага ньтөр, нийгэм болон хувийн хэвшлийн дунд нийгмийн төлөөллийг хангаж өгдөг дэлхийн хамгийн сүүлийн хөгжил болоод байна. Түүний өвөрмөц онцлог нь олон. Жишээлбэл, тийм байгууллага тэнцүү байдлаар төр, хувийн хэвшил болон олон нийтээс санхүүжилт аа авдаг тул аль нэг тал нь өөртөө илүү үйлчлэхийг шаардаж чаддаггүй юм. Харамсалтай нь одоогийн байдлаар олон нийтийн институц-ийг санаатайгаар Монголд үгүй болгож түүний оронд амархан нөлөөлөлд автах боломжтой институц буюу ТББ-ыг хөгжүүлээд байгаа нь цаанаа нууц тоглоом үүсгэж байгаа мэт хардах сэтгэл төрүүлж байна. - Олон нийтийн шүүмжлэл дагуулдаг зүйлийн нэг нь бизнес эрхлэгчдээ дарамталдаг, шударга бус өрсөлдөөн байгааг онцолдог. Төр хувийн хэвшил рүү хэт халдан, бизнесийг нь унагах алхам, шийдвэр гаргадаг. Түүний нэг томоохон жишээ бол ЖДҮ. Та энэ мэт хууль бус үйлдлийг дахин давтагдахгүй байх ямар гарц байна гэж хардаг вэ? -Энэ асуултад нэг өгүүлбэрээр хариулах боломжгүй юм. Гэхдээ аливаа алдаа, доголдлын суурь анхдагч шалтгааныг бид олж чаддаг болгомоор байна. Тэгээд тус шалтгааныг олчхоод хамгийн зөв бөгөөд нийгэмд ээлтэй шийдэл гаргаж сурмаар байна. Тэгсний дараа л зөв шийдэл яримаар байна. ЖДҮ-ийнсангаас мөнгө хулгайлсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой. Тэр хүмүүст зөв бөгөөд хамгийн гол нь шударга хуваарилалт хий гэж өгөөд байхад бүр өөрсдөө авчихсан явж байсан шүү дээ. Ийм, жудаггүй идэж, уусан жишээ манай улсад хирээс хэтэрч байна. Шийдэл нь цогц арга хэмжээ авах шаардлагатай тул нэг өгүүлбэрээр яриад дуусахгүй, Гэхдээ нэг зүйлийг нэн яаралтай хийх хэрэгтэй. Тэр нь, бусад улсад хэрхэн ийнхүү асуудалтай тэмцэж чадсан сайн туршлагаас судлан нутагшуулах хэрэгтэй. - Бие даагчдыг дэмжихгүй байх тухай зарим нэг сайт, нийгмийн сүлжээнд мэдээлэл харагдах юм. Шинэ, намын харьяалалгүй хүн сонгох хэрэгтэй байгааг энэ олон жилийн сонголт бидэнд харуулж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? -Ардчилсан нийгмийн язгуур зарчим нь хүний эрх юм. Бие даагч бол хувь хүн. Тэр хүний эрхийг нь өөртөө булааж авах санаархал зарим жудаггүй намуудад харагдаад байна. Бие даагч бол аливаа намд захирагдахгүй хувь субъект болохоор түүнээс болгоомжилж эмээгээд байх шиг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21-р зүйлд Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй. гэж заасан байдаг. Монгол Улс энэхүү тунхаглалыг хүлээн зөвшөөрөөд удаж байгаа. Тэгэхээр, хэрэв бие даагчийн эрхэд халдах юм бол Монгол Улс олон улсын тунхаглалд халдаж олон улсад нэр хүндээ унагаан найрсаг харилцаагаа алдана гэсэн үг юм. Олон улсад нэр хүндээ алдвал олон хар жагсаалт-ад шууд орж Монголын эдийн засгийн болоод нийгмийн амьдралд шууд утгаараа аюул тулгарна. Иймд, бид амаа нээхээс өмнө тухайн салбарын олон зөвлөх экспертээс эхлээд сайтар судалдаг дадалтай болмоор байна гэдгийг хэлмээр байна. -Та яагаад бие дааж УИХ-д нэр дэвших болсноо тайлбарлаж өгнө үү? -Улс төрийн тогтолцоо гажуудаж авилгын тогтолцоо ноёрхох аюултай Монгол Улсад тулгараад байна. Олон улсын зүгээс олон удаа биднийг өршөөж толгойг мань илсэн болов ч бид чин сэтгэлээсээ суралцаж хэрэгжүүлэх хүсэл алга. Үүнд, намуудын буруу хөгжил шууд нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Иймд, олон улсын сайн туршлагыг Монголд нутагшуулж харин нутагшуулсан олон улсын муу туршлагыг авч хаях ажлыг хийх хүсэлтэй. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудаас бидэнд санал болгосон хууль тогтоомжууд өөрчлөн өөрийн далд бүлгүүдэд зориулж оруулсан муу, буруу, жудаггүй зохицуулалтыг авч хаяж өөрчилнө гэсэн үг. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Шалтгаан нь маш энгийн. Хүмүүсийн намд итгэх илтгэл үнэмшил унасан, улмаар тодорхойгүй орон зай үүсч түүндбие даагчид орж ирж байна. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Хамгийн том нь гэвэл намд захирагдахгүй түүнийг сонгосон ард иргэддээ л захирагдаж хариуцлага хүлээнэ. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. -Баярлалаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.