Т. Бат-Оргил: Хэн нэгэн баяжихдаа бусдын хоолыг булааж, хоосруулж болохгүй

Төрсөн газар: БНМАУ, Улаанбаатар хот, Найрамдлын район Боловсрол: Эрх зүйч, MBA Хэлэх дуртай үг: Цагааны тэсрэг хар. Зөвийн тэсрэг амархан УИХ-д бие даан нэр дэвшиж буй эрх зүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа. -ХҮН-ын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүн байсан.Тус намынханд хүмүүситгэл үзүүлж, шинэ хүчин хэмээн харж байсан ч төд удалгүй бараг тарах дээрээ тулсан. Та хуульч хүний хувьд ийм байдалд хүрсэн шалтгааныг юу гэж боддог вэ? -Хүмүүс шалтгааныг хэн нэг хувь хүний буруугаас хайж, эсвэл ХҮН-ыг эрх баригчид гаднаас нь бутаргасан гэж боддог. Тийм тал байж болох ч, үүний цаад учир нь илүү гүн юм. Нэгд, өнөөгийн улстөрийн буруу тогтолцоо шинэ, хуучин гэлгүй бүх намуудын хагарал, тэмцлийг гарцаагүй нөхцөлдүүлж байна. Үүний гол учир шалтгаан нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн алиныг ч эрхэлдэггүй, ямар ч орлогогүй нам гэсэн байгууллага үлэмж их зардалтай, тэр зардлыг хэн хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал аяндаа эрүүл бус суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Аль нэг эсвэл хэсэг мөнгөтэй этгээд, бүлэглэл намыг санхүүжүүлж эхэлснээр бүх ад зэтгэрийн суурь тавигдаж, улмаар төр булингартах шалтгаан болж байгаа билээ. Улмаар, төрийн доор байх ёстой нам нь түүнийхээ дээр гарч, өөрийгөө санхүүжүүлэхийн тулд бидний хамтын мөнгийг идэж, эсэргүүцсэн хэн бүхнийг хавчих, мөшгөх боллоо. Хоёрт, шүүх, цагдаа намын дотоод асуудалд оролцохгүй гэдэг дэлхийд байхгүй гаж хууль дүрэм тогтоож, намуудыг эрх зүйн зохицуулалтын гадна гаргасан нь эх захгүй бужигнах нөхцөлийг бий болгосон. Жишээ нь, хэсэг хүн ХҮН-ын бага хурлыг огт өөр хүмүүсээр бүрдүүлж хуралдуулсныг хууль ёсны эсэхийг асууж шүүх, цагдаад хандахад Хүн амины хэрэг гараагүй л бол өөр ямарваа асуудалд төр оролцохгүй гэсэн итгэмээргүй хариу хууль сахиулах байгууллагуудаас авч байлаа. Мэдээж, энэ нь шинээр бүрэлдэж буй намуудад хамгийн эхэнд хүндээр тусч байгаа ч аяндаа эрх баригч намуудыг өөрсдийг нь ганхуулж, бүр дэлбэлэх хэмжээний цагтай бөмбөг гэдгийг тэд одоохондоо тоохгүй байна. Ухаан ороход нэгэнт оройтсон байх болно гэдгийг ч тэд ухаарахгүй байгаа бололтой. Гуравт, бид өөрсдөө ч хувь хүмүүсийн хувьд төлөвшөөгүй байжээ. Үүнд би өөрийгөө ч оруулж, хэлж байгаа юм шүү. Эрдмийн дээд эв гэж өвөг дээдэс маань зүгээр нэг сургаагүй юм байна. Техникийн мэдлэг олоход харьцангүй хялбар, харин олон хүн эвээ олж ажиллана гэдэг нь түүнээс хамаагүй хэцүү эрдэм ажээ. Бас гадаад дотоодын их дээд сургууль төгссөн л бол сайн хүн гэсэн гэнэн төөрөгдөл одоо ч их түгээмэл байна. Гэхдээ хүний сайн муугаас үл хамаарч, өөрийн зарчимдаа үнэнч үлдсэн ч хэнтэй ч эв учраа олж ажиллаж сурах нь улс төрийн том ухаан гэж надад үлдсэн сургамж юм. -1990 оноос хойш Монголын төрийг АН, МАН гэсэн хоёр нам удирдлаа. Нэг мэдэхэд л 30 жил өнгөрч. Энэ хугацаанд бид ухарсан уу, урагшилсан уу. Та юу гэж боддог вэ? -Хадны мангааг дарах гээд явсан үлгэрийн хоёр хан хүү маань нэг мэдсэн өөрсдөө ганц хоёр толгой ургуулчисан, хүний мах иддэг болчихсон байна гэдгээ ухаарахгүй нэгнээ мангас гээд л зодолдоод байна даа. Анх юуг зориод хэний төлөө явж байсан, өөрсдөө хэн байснаа санах ухаан тэдэнд үлдээгүй бололтой. Тэд одоо биднийг төлөө байлдахаа больсон. Яг л үлгэрт гардаг шиг, хүнд бэрхийг давахад сэтгэлийн хат хүрсэн атлаа алдар цуу, мөнгө агуурсанд толгойгоо алдсан баатрууд өөрсдөө мангас болжээ. Хүний эрх, ардчилал, эрх чөлөө, тэгш эрх гэдэг үг тэд хэрэггүй үедээ тайлаад хаячихдаг хуяг нь л болохоос, энгэрт нь гэрэлтдэг онгон сахиус нь байхаа больжээ. Энэ гучин жилд олсон ололт байлгүй яах вэ. Гэхдээ тэр нь дэндүү чамламаар байна. Бид үүнээс илүү ихийг хийж, бүтээж болох байсан, үүнийг хүмүүс бүгд зөнгөөрөө мэдрээд, бухимдаад байгаа юм шүү дээ. XXI зуунд хүн амын ихэнх нь гэр хороололд нүүрс түлж, өлөн зөлмөн суугаа нь гутамшиг. Тэрнээс ч илүү гутамшигтай нь энэ хоёр намыг тойрон хүрээлсэн хэдхэн хүн дэлхийн саятан, тэрбумтан аятай амьдарч байгаа явдал мөн. Хэн нэгэн баяжихад буруу байхгүй гэдэг ч, бусдыгаа хоосруулан байж баяжсан нь үнэхээр шударга ёсонд үл нийцэх билээ. Тэд өөрсдийгөө хамгаалдаг хуяг, тахартай, үйлчилдэг хиа, шивигчинтэй, хөдөлмөрөө мөлжүүлдэг хамжлага, сүнсээ худалддаг боолтой неофеодалын нийгмийг байгуулсныг дэвшил гэж үзэх үү, ухралт гэх үү. Олон улсын хамтын нийгэмлэг чухам үүнийг нь үнэлэн муу дүн тавьж хар, саарал жагсаалтанд оруулаад байна шүү дээ. -Та нийгмийн амьдралд их идэвхитэй оролцдог. Таны мэдлэг чадвар хаана ч ямар ажил хийгээд явахад гологдохгүй. Харин яагаад улс төрд оролцож, дуу хоолойгоо байнга хүргэхийг хичээдэг юм бэ. Улс төрийг та сонирхохгүй бол улс төр таныг сонирхоно гэдэгтэй та санал нэгддэг үү? -Манай гэрийнхэн өөрсдөө хэдий зориогүй ч түүнийгээ мэдэлгүй намайг төрийн албанд багаас бэлдсэн гэж боддог. Бага балчираас л хувиа битгий хичээ, үнэн, шударга яв гэж өсгөж, намайг түүхч болно гэж байхад гэр бүлийн хурлаар шийдэж хуульчийн мэргэжлийг сонгож, наймаг элсүүлсэн байдаг юм. Миний өвөг Цэндийн Намсрай гэж төр нийгмийн зүтгэлтэн хүн байсан юм. Өвөөгийн найзууд нь мөн л дандаа төрийн том хүмүүс, дандаа манайхаар орж гарч байдаг. Одоо бодохнээ албан бусаар төрийн хэргээ залгуулдаг байсан юм болов уу. ЗХУ-ын хараа хяналтанд байдаг байсан үе болохоор аминчлан тусдаа ярих зүйлүүд байдаг байсан биз. Намайг урлагийн хүн болчих вий гэж их болгоомжилно. Гэхдээ би цусан дуудлагаасаа хаа холдох билээ. Одоо ч гитараа барьсаар явна. Харин миний дуу бол миний иргэний байр суурийг илэрхийлдэг онцлогтой л доо. Би 1995 онд Хууль зүйн яаманд мэргэжилтнээр орж, тэр цагаас хойш нийгэм, эрх зүйн реформын төлөө хүчин зүтгэсээр явна. Харамсалтай нь намайг төрийн албанаас 2009 онд шахан гаргасан. Гэвч улс орныхоо төлөө зүтгэхэд заавал төрийн албанд байх албагүй. Реформ клуб гэж байгууллага байгуулаад л зүтгэж байна. Салбарын бодлогын дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжинд оруулах чиглэлээр ажилладаг юм. Олон нийтэд тэр ажил ил харагддаггүй. Харин одоо улс төрд орж дорвитой өөрчлөлтүүдийг биечилж хийхгүй бол болохгүй гэдэг бат бөх итгэл үнэмшилтэй болсон. Эрх баригч намууд ийм болсон нөхцөлд реформудыг доороос хийх ямар ч боломжгүй боллоо. Өөрчлөлтүүдийг дээрээс нь шахаж, шаардан байж хэрэгжүүлэх цаг ирлээ. -Залуусын дуу хоолой, орон зай Монголын улс төрд ус агаар мэт хэрэгтэй гэдэг ч бодит байдалд нөгөө л нэр бүхий хүмүүс сонгогдсоор нэр дэвшсээр байх юм. Өөрчлах гарц, боломж байна уу? -Би зөвхөн залуучууд гэж хэлэхгүй. Залуу сэтгэлгээтэй хүмүүс хэрэгтэй байна. Ажлын туршлагатай, буурь суурьтай, нам дагаж намирдаггүй, мэргэжилдээ үнэнч хүмүүс ус агаар мэт хэрэгтэй байна. Тийм болохоор тийм хүмүүс бие дааж нэр дэвших хэрэгтэй, тийм хүмүүсийг харин ард түмэн маань дэмжих ухаантай гэдэгт би бат итгэлтэй байна. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Хүмүүс хэрсүүжиж байна. Тэднийг тийм амархан хуурахгүй болсон шүү. Одоо энэ намуудын мөн чанарыг монголчууд маань нэвт харж, таньсан байна шүү дээ. Өнгөн дээрээ нэг их олон нам мэт байгаа болов ч цаагуураа хоёр том бүлэглэл улсын төсвийг хуваарилах гэж тэмцэлдэж байгааг хүмүүс зөнгөөрөө мэдрээд байна. Тийм ч учраас бүх намуудын нэр хүнд асар их унасан. Боломж сиймхийг хайж намууд өөрсдийн залуусыг ч хайрлахгүй бие даагч болгон нэр дэвшүүлж байна. Жинхэнэ итгэл үнэмшлээрээ бие дааж нэр дэвшиж байгаа мэргэжлийн олон сайхан хүн ч байна. Сонгогчид хэрсүү болсон тул хэнийг сонгохоо сайн мэдэж байгаа гэж бодож байна. Энэ цагт чинь нууц юм гэж байхаа больсон шүү дээ. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Яг жинхэнээсээ бие дааж дэвшиж байгаа хүн бол аль ч нам, түүний ард байгаа ашиг сонирхлын бүлэглэлд барьцаалагдаагүй. Төрийн эрхэнд гарсан хойноо намуудыг төрийн дээрээс буулгах ажилд зоригтой оролцох болно. Энэ намуудыг бүгдийг нь татан буулгаж, маш тодорхой, өндөр шалгууруудыг тавьж шинээр хоёр гуравхан жинхэнэ үзэл баримтлалтай, зөв намуудыг эмхлэн байгуулах хэрэгтэй. Тэр бүх шалгуурыг давсан намуудыг төрөөс бүрэн санхүүжүүлэх юм бол элдэв бүлэглэлүүдийг савруудаас суллаж, гэмт бүлэглэлүүдээс ангижруулах үүд зам нээгдэнэ. Улмаар УИХ-ыг ч гэсэн төсөв мөнгөний хуваарилалтаас холдуулж, мэргэжлийн байгууллагуудын чадавхижуулж, төрийн хэрэгт оролцуулдаг болох ёстой юм. Үүнд бие даагчид өнөөгийн намуудын нөлөөллөөс ангид манлайлан оролцох үүрэгтэй байх болно. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр нар намынхаа сонгуулийн штабт ажиллана

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар зарлаж, СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. Тиймдээ ч улс төрийн намууд өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт нэр дэвшигчдээ эцэслэн батлах шаардлага үүсээд байна. АН-ын тухайд маргааш Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийхээр тов зарласан бол МАН-ын Бага хурал мөн л маргааш хуралдахаар товлогджээ. Нэр дэвших квот авахыг хүссэн мөн горилсон олон зуун хүн намдаа хандиваа өгчихөөд хүлээж суугаа нь дамжиггүй. Тэгвэл нэр бүхий гишүүд өөрийн хүсэлтээр энэ удаагийн сонгуулийг өнжиж, залуу үедээ боломж олгох шийдвэр гаргажээ. Тухайлбал, энэ удаагийн сонгуулийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, С.Содбаатар нар өнжих намынхаа сонгуулийн штабт ажиллахаар болсон байна. Ц.Гарамжав гишүүний хувьд тойрогтоо хамгийн сайн ажилласан гишүүдийн нэг. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэсэн итгэл үнэмшлээ ч хамгаалж чадсан билээ. Ардын намын лидер эмэгтэйчүүдийн нэг хэдий ч энэ удаа залуу үедээ боломж олгох шийдвэрт хүрчээ. Сонгинохайрханчуудын хувьд хүлээлт үүсгэсэн гишүүн хэдий ч намынхаа сонгуульд өнөөдрөөс ханцуй шамлан оржээ. Тойрогтоо төсвийн мөнгө харалгүй Мөнх тогтвортой хөгжил сан-гийн шугамаар 2 цэцэрлэг шинээр барьж, хэд хэдэн цэцэрлэгийг өргөтгөж, сургуулийн номын өргөө, ахмадын өргөө гээд иргэдийнхээ нийгмийн асуудалд хамгийн их анхаарч ажилласан түшээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд Жадамбаа генералын хүү гэдгээрээ нийгэмд танигдсан. Хуулийн төслүүд дээр хамгийн идэвхтэй ажилладаг, тойрогтоо чамгүй хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Гэсэн ч хэд хэдэн сангаас зээл авсан зэрэг таагүй зүйлд нэр холбогдсон учраас өөрийн ухамсараар өнжих шийдвэр гаргасан байна. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар хамгийн богино хугацаанд сайдын албан тушаал хашсан нэгэн. Мөн л эхнэрийнхээ нэрээр ЖДҮ сангаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон. Тиймээс энэ удаа мөн л өөрийн хүсэлтээр нэр дэвшихгүй хэмээн шийдсэн нь улс төрийн соёл болж байна.

“Сахал”-ын баруун гар Э.Долгионд С.Эрдэнэ хүргэнийхээ тойргийг бэлэглэлээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр цахим хуралхийжээ. Хуралдаанаар долоон хүнийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр бүртгэсэн байна. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж байсан Сангийн сайд асан С.Баярцогт, Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх, гишүүн асан Г.Уянга,Блүмберг телевизийн захирал Э.Долгион нарыг Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр сонгожээ. Сангийн сайд асан С.Баярцогт, Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл нар бие дааж сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөөд байсан билээ. Тухайн үедЭ.Бат-Үүл З.Энхболдтой өрсөлдөнө, хаана дэвшинэ, тэр газар нь очиж тулна хэмээн мэдэгдэж байсан болУИХ-ын гишүүн асан Г.Уянга дэнчингийн асуудлаас болж бие даахаар болсон талаараа цахим хуудаснаа бичиж байсан ч ийнхүү АН-ыг төлөөлөх болжээ. Түүнчлэн Блүмберг телевизийн захирал Э.Долгион мөн АН-ынҮндэсний бодлогын хорооны гишүүн болсон олны анхаарлыг татаад байна. Тэрбээр Монголын олон баялагт эзэн суусан сахал Эрдэнэбилэгийн холбоотой хэргүүдэд нэр холбогддог. Гэвч тэрээр шинэ үеийн улс төр дэх олигархийн замналаа сахал ах болон генерал Хурц нарын дэмжлэгээр АН-аас эхлүүлэхээр болжээ. Түүнд С.Эрдэнэ хүргэн Баянгол дүүргийнИТХ-ын дарга В.Энхболдынхоо нэр дэвших мандатыг бэлэглэжээ.

АН-ын ҮБХ-ны гишүүд “урилгаар” нэр дэвшигчдийг эсэргүүцээд дийлсэнгүй

Маргааш буюу бямба гаригт хуралдах АН-ын ҮБХ-ны хурлаар 2020 оны УИХ-д нэр дэвшигчдээ батламжлах тов зарлагдаад байгаа. Үүнтэй зэрэгцээд энэ намд урилга заллагаар нэр дэвших эрхээ ногоон гэрлээр авч буй 10 хүнийг өчигдөр хүчээр ҮБХ-ны гишүүн болгожээ. С.Эрдэнэ даргын хэлснээр зайлшгүй шаардлагаар тэднийг өрсөлдөгчгүйгээр ҮБХ-д оруулна гэж тушаажээ. АН-ын ҮБХ-гы гишүүдийн гуравны нэг нь жил бүр ротацийн сонгуулиар шинэчлэгддэг. Харин энэ удаад урилгаар орогсод ямар ч ротаци, өрсөлдөөнгүйгээр ҮБХ-ны гишүүн боллоо. Учир нь АН-ын мөрдөж буй дүрмээр ҮБХ-ны гишүүд нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй. Тиймээс ч С.Эрдэнэ сонгуулийн жил эхэлмэгц ҮБХ-ны гишүүддээ 100 саяын дэнчингийн босго тогтоон сонгон шалгаруулалт явуулж эхэлсэн. Энэ шалгаруулалтад эцсийн байдлаар 205 хүн тэнцэж 100 сая төгрөг болон сонгуулийн зардлаа графикийн дагуу байршуулах гурван шатны гэрээ байгуулан, нэг мандатын төлөө 2-3 хүн тойрогтоо өрсөлдсөн. Эцсийн дүнгээ энэ сарын 16-нд сонсоно хэмээн хүлээж буй. Гэтэл гаднаас ийнхүү 10 хүн оруулж ирснээр хэдэн сарын турш тойргоо тойрон, тайлангаа тавьж, мөнгөө тушаасан горилогчдоос 10 нь шууд хасагдахаар болж байгаа юм. Горилогчдын 76 нь нэр дэвших мандатаа авч үлдсэн 129 нь дарга сайд болно хэмээн горьдлого тээж байгаа. Гэвч эцсийн мөчид С.Эрдэнэ гаднаас бие даагчдыг урьж, нэр дэвшүүлэхээр болсон нь АН тэднээс дээр гарчих нэр дэвшигчгүй болжээ хэмээн ажиглагдаж байна. Харин АН-ын гишүүдийнхээр бол горилогчид дунд мэдлэг боловсрол, нэр хүндээрээ тэднийг хол дагуулах шижигнэсэн олон залуус байгаа аж. Гэвч С.Эрдэнийн гол шалгуур болсон мөнгөний босгыг нь давж чадахгүй, давсан ч С.Эрдэнэ гэдэг хүнээр удирдуулан сонгуульд орохыг эсэргүүцэж байгаагаас АН-ын удирдлагууд ийнхүү гаднаас бадар барьж эхэлсэн бололтой. Уг нь С.Эрдэнийн урьж авчирсан 10 нэр дэвшигчийг дэмжихгүй, батлахгүй байх эрх ҮБХ-ны гишүүдэд бий. Учир нь АН-ын Үндсэн дүрмийн 3.6.1.3.-д Намын дотоод болон намаас төрийн сонгуульд нэр дэвшигч нь зургаан сарын өмнө намд элссэн байна гэсэн заалттай зөрчилдөж буй юм. Гэсэн ч хэдхэн хоногийн өмнө намд нь элссэн урилгын нэр дэвшигчдийг ҮБХ-нд оруулж,УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олгож байгааголон жил намдаа зүтгэж, улс төрийн шалгуурыг нь ханган, шударга өрсөлдсөн ҮБХ-ны гишүүд ньэсэргүүцээд дийлэлгүй,С.Эрдэнэ хүчээр шийдвэрлэжээ. АН ардчилсан биш дарангуйллын нам болсныг С.Эрдэнэ ийнхүү баталсаар байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд!

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газрынhttps://meduuleg.iaac.mn/цахим системд гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд мэдүүлгээ гаргах хуулийн хугацаа нь 2020 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацаанд явагдах юм. Сонгуульд нэр дэвшигчдэд зориулан хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж тус газрынwww.iaac.mnцахим хуудсанд байршуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна. Нэр дэвшигчдэд 70112484, 70112485, 70112469, 70110252, 70112427 дугаарын утсаар болон тус газрын цахим шуудангаар заавар, зөвлөмжийг өгч ажиллахаас гадна амралтын өдрүүд болох 2020 оны 5 дугаар сарын 16-ны бямба, 2020 оны 5 дугаар сарын 17-ны ням гариг, 2020 оны 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана. Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид дээрх хугацаанд тус газрынhttps://meduuleg.iaac.mn/цахим системд нэвтэрч мэдүүлгээ бүртгүүлж, улмаар цахим системд мэдүүлгээ үнэн зөв мэдүүлснийг баталгаажуулах Баталгааны маягт-ыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар мэдүүлэх хуулийн хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-20-ны өдөр шилжих шөнийн 00.00 цагт дуусгавар болж цахим систем автоматаар хаагдахыг анхааруулж байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.