М.Энхсайхан АН-ынхаа дотоод зөрчлийн золиос болов, харин дараагийнх нь...?
2020-05-12 15:05:42 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нар Ардчилсан намынхандаа 30 жилийнх нь ойгоор айдас хүйдсээр дүүрэн сюрприз барилаа. Энэ бол Ерөнхий сайд, тус намын дарга асан М.Энхсайханд анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял оноосон явдал юм. Дараа нь Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд нарын ээлж шүү... гэх хатуухан сануулга бүхий энэхүү шүүхийн тогтоолыг нэрэн дээрээ шүүгчид гаргасан ч нэдэр дээрээ Ерөнхийлөгчийн дардастай гэдгийг Ц.Элбэгдорж тэргүүтэй эсрэг бүлэглэлийнхэн нь сайн мэдэж байгаа. Иймдээ ч хотын мэр асан Э.Бат-Үүл Зандаахүүгийн Энхболдын шүүгч М.Энхсайханыг урьдчилж сайтар төлөвлөж бэлтгэсэн ялаараа яллалаа. Илтэд зохиомол хэргээр хүнийг яллаж байгаагаа ичгүүр сонжуургүй харууллаа. Эрх мэдэлтэнтэй сөрсөн хүн бүхнийг яллана гэдгээ Тройка М.Энхсайханаар жишээ болгон үзүүлэв гэж твиттерт жиргэлээ. 2019.01.16.Тэр өдөр юу болсныг санаж байна уу. Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын газрынхантай уулзахдаа Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар би хандаж байна. Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад УИХ-ын 40 гишүүн 2015 онд авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг гардан гүйцэтгэх ажлыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Шалгана уу. Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулъя гэж мэдэгдэж байв. Гэвч тэдгээр баримтыг Ерөнхийлөгчөөс гардаж асан Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Хэн нэгний захиалгаар хэрэг шалгахгүй ээ гэх тэрслүү мэдэгдэл хийж, З.Энхболдын хүн гэгддэг Б.Жаргалсайханд Ерөнхий прокурорын ажлаа хүлээлгэн өгсөн. Ийнхүү шүүх, прокурорыг гартаа атгасан Х.Баттулга, З.Энхболд хоёрын түншлэл хүчээ авав. Төд удалгүй З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа Ардчилсан намын даргын ахлах зөвлөх гэх жижигхэн суудлаар солив. Өнгөн дээрээ С.Эрдэнийн зөвлөх ч өөртөө бол Ардчилсан намын дарга болох нь тэр ээ. Хувь улстөрчийн зүгээс Тавантолгойг ард түмэндээ авч үлдсэн гавьяатан бол З.Энхболд гэх пиар тоглолтоо ч хийж эхлэв. Зуумтгай З.Энхболдын улс төрийн рингэн дээр голлон тоглогчоор залрах гэсэн хүсэл болон Ц.Элбэгдорж тэргүүтнээс өс хонзонгоо авах гэсэн Х.Баттулгын ашиг сонирхол ийнхүү нийлж, М.Энхсайханыг ялласнаар эхний сануулгаа өглөө. Иргэн Х.Баттулга гэх гарын үсэгтэйгээр Ерөнхий прокурорт гардуулсан 178 хуудас материалынхаа ид шидийг тэд яг нэг жилийн дараа үзэв шүү! Иртэй бяртай байхдаа М.Энхсайхан мэтийг яллаж чадахгүй бол Ерөнхийлөгч байхын хэрэг юусан билээ. Эгзэг нь таарчихаад байхад Хонгилын түлхүүр-ээ тааруулж чадахгүй бол З.Энхболд ба Тавантолгой гэсэн пиар ажиллагаа ч үнэмшилгүй болох гээд байсан юм чинь... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, амин найзаасаа тамгыг нь гардаж авсан Х.Баттулга 1996-2000 оны хар түүхийг давтаж эхлэв. Ардчилсан холбоо эвсэл-ийн үед нам, төр хэрхэн үймж, хагарч, задарч, хэд хэдэн нөхдөө шорон руу илгээж байсан гашуун сургамжийг тэр өөрийг нь Ерөнхийлөгч болтол өндөрт өргөсөн намынхан хийгээд ард түмэнд эргэн сануулахуйц эвгүй алхмуудыг хийх боллоо. М.Энхсайханыг яллах прокурорын дүгнэлтийг хар л даа. ...УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулан хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.3.1 дүгээр зүйлийн 1.3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай гэжээ. Хэдийгээр М.Энхсайханыг яллах дүгнэлт хэдий ч Ц.Элбэгдорж оо, хууль чам руу очиж явна шүү гэсэн сануулга мөн байгаа биз. УИХ-ын 2020 оны сонгууль тун удахгүй болох гэж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын лидерүүдийн шархан дээр давс цацаж, хагарлыг улам дэврээж байгаа нь юуны учир вэ. Нэгэн цагт Шонхор фракцийг хамт байгуулж явсан хуучны анд С.Эрдэнийг Ардчилсан намын дарга байхад, бүр З.Энхболдыг түүний ахлах зөвлөхөөр томилж явуулчихаад намаа муухай харагдуулах улс төр хийдгийнх нь цаад зорилго юу юм бол...? Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Х.Баттулга Тавантолгойг надад өгчих гэж орж ирсэн. Би зөвшөөрөөгүй. Тэр цагаас эхлэн элдэв хагарал, бутралыг өдүүлсэн кино хийх боллоо гэх утгатай зүйлийг хэвлэлийнхэнд ярьж байв. Экс Ерөнхийлөгчийн хэлсэнтэй утга нэг гэмээр үйлдлийг Х.Баттулга Ерөнхийлөгч болсон хойноо ч давтсан хэвээр аж. Учир нь тэрбээр УИХ-д Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх тодотголтой өөрийн гэсэн бүлэгтэй болохыг хүсч яваа. Тиймдээ ч Өвөрхангайгаас шахагдсан Асашёорюү Д.Дагвадорж, Баянхонгорт бүдэрч яваа Н.Түвшинбаяр, Чингэлтэйд горилоод чадахгүй байгаа Г.Уянга, Ховдод байн байн нэр дэвшдэг ч ялагддаг Ш.Адьшаа нарт тойрог нэхэн шантаажилж сууна. УИХ-д кнопчидтой болохын тулд Төрийн тэргүүн ийнхүү сурсан аргаа хэрэглэж, Ардчилсан намынхан тийш хонгилын түлхүүрээ эргэлдүүлж сууна. Харин тэр уурандаа М.Энхсайханд нэг машины хэрэг тохоод явуулчих шив. Тээр жил Ардчилсан холбоо эвсэл-ийнхэн төр барих үед казиногийн хэрэгт холбогдсон гурван гишүүнд тэлээний хэргээр ял үүрүүлдэг шиг! Гэвч М.Энхсайханы дараа хэнийг вэ. Э.Бат-Үүлийг үү, Ц.Элбэгдоржийг уу. Ядаж байхад С.Эрдэнийг хар даа. О.Баасанхүүг загнадаг шигээ Х.Баттулгад хилэгнэж чадахгүй л сууна. Нэгэн цагт Ардчилсан намыг даргалж явсан М.Энхсайханыг биш юм гэхэд Ерөнхийлөгч байхдаа өөрийг нь нэг бус удаа аварсан Ц.Элбэгдоржоо өмөөрч ганц ч үг дуугарахгүй байгаа биз. Дотроо Энэ Х.Баттулга, З.Энхболд хоёр юу л хийгээд байна даа гэж бодож байгаа ч С.Эрдэнэ үнэндээ айдастай байна. Өсөрхөлдөө шатсан Ерөнхийлөгчийн уурыг хүргэвэл Нийгмийн даатгалын гэх хэргийг нь дахиад сөхчихөж мэднэ шүү дээ. С.Галт-Уул
Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдээлэл хийж, бие даан нэр дэвшихээ зарлалаа. Тодруулбал, Баянгол дүүрэгт буюу АН-ын дарга С.Эрдэнийн нэр дэвших тойрогт өрсөлдөнө хэмээсэн юм. Учир нь АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээсУИХ-д нэр дэвшихээр горилогчдоос авч буй 100 сая төгрөгийн дэнчинг хүчингүй болгож, төрийн албан тушаал хашиж байхдааавилга, албан тушаалын хэрэгт холбогдож, нийтийн эрх ашгийг хохироосон этгээдүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн.Тэд тавдугаар сарын 11 буюу өчигдөр хуралдсанАН-ын ҮБХ-ны хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг гаргахыг шаардсан боловч авч хэлэлцээгүй байна. Тиймээс тус хөдөлгөөний тэргүүн Баянгол дүүрэгт нэр дэвшиж, С.Эрдэнэтэй өрсөлдөхөөр болжээ. Энэ талаар П.Галиндэв өнгөрсөн таван жилийн хугацаанд намынхаа шударга, боловсролтой олон залуусын хамт АН-ын болохгүй, бүтэхгүй зүйлийг засч залруулах, бохир улс төрчдөөс Монголын төрийг цэвэрлэхийн төлөө тэмцлээ. Өнөөдөр С.Эрдэнэ даргаар удирдуулсан АН зөвхөн мафижсан улс төрчдийн хэсэг бүлэглэл болсон байна. Мэдлэг боловсролтой жирийн нэг ардын хүү өнөөдөр энэ намаас УИХ-д нэр дэвших эрхгүй, боломжгүй болсон байна. АН ардчиллыг төлөөлж чадахгүй болчихлоо. С.Эрдэнэ ардчиллыг илэрхийлж, хамгаалдаг хүн биш байна. Тийм учраас энэ бохирдсон улс төрчдөд хариуцлага тооцож, Монголын улс төрөөс зайлуулах ёстой гэдэг хатуу шийдвэрт хүрсэн. Тиймээс миний бие Баянгол дүүрэг АН-ын дарга С.Эрдэнийн эсрэг бие даан нэр дэвших шийдвэрийг албан ёсоор гаргаж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчиллын нэрийг барьж Монголын улс төрийг бохирдуулсан. Улс төрд орсноосоо хойш сүүлийн 20 гаруй жил Баянгол дүүргийн хамаатсан саднаараа дүүргэж, гэр бүлээрээ нийлж дарангуйлж байгаа. С.Эрдэнийг зайлуулснаар Монголын улс төр цэвэрших эхлэл тавигдана. Тиймээс ард түмнээсээ, залуучуудаасаа дэмжлэг хүсэж байна. Өнөөдөр Монголын улс төрд хийх их цэвэрлэгээг С.Эрдэнээс эхэлье. С.Эрдэнийн эсрэг хууль, намын дүрмийн хүрээнд дэмцээд дийлсэнгүй. АН тэр чигээрээ мөнгөтэй хүмүүсийн барьцаанд орсон байна. ҮХ-ийн Цэц С.Эрдэнэ хууль зөрчөөгүй гэх дүгнэлтийг гаргаж өгсөн. Энэ нь хууль шүүхийн байгууллага, улс төрийн намтайгаа нийлээд мөнгөтэй хүмүүсийн барьцаанд орсон байна хэмээсэн юм.
Улсын баатар Э.Бат-Үүл мэдэгдэл хийж, МАН-ын дарга, нарийн бичгийн дарга нар хэвлэлээр намайг гүтгэж байна. Тиймээс би МАН-ын удирдлагуудтай нэг тойрогт өрсөлдөж, сонгогчдын шүүхээр орно хэмээв. Товчхондоо ийм утга бүхий түүний мэдэгдэлд үгэн дунд үг явсныг зарим нэг нь анзаарсан биз. Тодруулбал, З.Энхболдтой өрсөлдөнө гэж хэлснээс хойш хэвлэлээр гүтгүүлж байна. М.Энхсайханыг улс төрийн зорилгоор шоронд хийсэн, одоо намайг ч тийм хувь заяа хүлээж байна гэх үгийг хэлсэн нь олны анхаарлыг татав. З.Энхболд хаана дэвшинэ, би тэнд нь очиж өрсөлдөнө. Ардчиллаа хамгаалж, намаа цэвэрлэнэ хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан түүний байр 360 эргэж өөрчлөгдсөнд З.Энхболд нөлөөлөв үү гэж хардахад хүргэж буй юм. Нэгдүгээрт, намаасаа бус бие даан нэр дэвшихээ зарлаж, тэр дундаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын нэр дэвших тойрогт очиж өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан тэрбээр АН-ын байранд, тэр ч бүү хэл тусгайлан зассан индэр дээрээс мэдэгдэл хийсэн нь З.Энхболдын шахалт байв уу гэж хардахад хүргэв. Хоёрдугаарт, М.Энхсайхан ял хүлээсэн нь түүнийг ийнхүү шийдвэрээ өөрчлөхөд нөлөөлсөн гэж хардах үндэслэл байгаа юм. Шүүхээс 4,6 жилийн хорих ял аваад байгаа Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэргийн талаар эргэн сануулахад 2019 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтийг баримтын хамт Улсын ерөнхий прокурорт өгсөн. Энэ үеэр тэрбээр Эдийн засгийн асар их өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс гаргаад гаднынханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээ байгуулах ажлыг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Ингэхдээ Ерөнхий сайд асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь баримтаар нотлогдсон хэмээж байв. Харин энэ үед Ерөнхий сайдын Тамгын газрын даргаар ажиллаж, хамгийн ойр байж, зөвлөж байсан хүн нь З.Энхболд байсан. З.Энхболдыг хардахын учир нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед М.Энхсайхан Монгол Улсын сайдаар томилогдож, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байв. Харин З.Энхболд үүнд эсрэг байр суурьтай байсан ба Тавантолгой төслийг Шинхуа, MCS хоёрт үнэгүй өгөх гэж байсныг болиулсан баатар мэтээр өөрийгөө ярьдаг. Тодруулбал, З.Энхболдыг сөрсөн хүн М.Энхсайхан байсан юм. Харин дараагийн хүн болох Э.Бат-Үүл М.Энхсайханыг улс төрийн зорилгоор шоронд хийсэн, одоо намайг ч тийм хувь заяа хүлээж байна хэмээн мэдэгдэл хийж З.Энхболдтой өрсөлдөнө гэсэн байр сууриасаа ухараад байна. Эндээс харахад М.Энхсайхан ял хүлээсэн нь түүнийг айлгасан нь илт. Учир нь тэрбээр хүүтэйгээ нийлж нийслэлийн төсвөөс завшсан байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдан шүүхээс салахаа байсан. Сүүлийн үед энэ хэрэг нь эрчээ авч ял хүлээж ч магадгүй нөхцөл байдал үүссэн. Харин үүнд Стратогийн хэрэг дээр Үндсэн Хуулийн Цэцэд хүртэл нөлөө үзүүлсэн гэгддэг З.Энхболд нөлөөлсөн байж ч болзошгүй. Ямартай ч Улсын баатар ингэж яаран сандран мэдэгдэл хийж, хэлсэн үгнээсээ буцсан нь З.Энхболдын шахалтад орж, эрх баригч намыг эсрэг аргагүй эрхэнд хийсэн үндэслэл муутай мэдэгдэл гэж ойлгогдохоор байгаа юм.
Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн 280 сая ам.долларын асуудалд ч холбогджээ
2020-05-12 14:53:41 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Түүний хувьд анх удаа мэдүүлэг өгч байгаа хэрэг биш. Зангиагаа засч, гутлаа тослон толины өмнө эргэлдээд очиж мэдүүлэг өгснөөс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн. Хуулийнхан дуудаад ирэхээ байсан, хил гараад сураг алдарсан гээд олон улс даяар эрэл сурал болсон. Гэтэл мань хүн твиттерт Би хуулийн байгууллагынханд хэлсэн юм сан, удахгүй очино гэсээр саяхан цар тахлын үеийн тусгай нислэгээр эх орондоо ирж, хорионд байсаар саяхан сулрав. Ингэснээр АТГ-аас байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. Түүнийг ямар хэрэгт шалгаж байгаа талаар өчигдөр УИХ дахь шударга гэгдэх таван гишүүн мэдээлэл хийх үедээ дурдсан. Тодруулбал, Оюутолгой-н гэрээг байгуулахад Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын нөлөө орсон эсэх, мөн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилд Эрдэнэтийн зэсийн олборлолт ид оргил үедээ байсныг Засгийн газраас онцгой дэглэмийн үед тогтоосон байна. Тухайн үед Эрдэнэт-ийн дарга нар нэгдүгээр гарын үсгээ зурж чадахгүй болтлоо эрсдэл гарсан талаар ч дурдлаа. Тодруулбал, Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий этгээдүүд Эрдэнэт-ийн зэс тээвэрлэлтэй холбоотой 270-280 сая ам.долларын хэрэгт холбогджээ. Жилийн өмнө улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдэх авлига, албан тушаалын 23 хэргийг хуульд заасан хугацаанд яаралтай шийдвэрлэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нарын таван гишүүн жилийн өмнө ерөнхий прокурор Жаргалсайханд албан бичгээр өгсөн. Тэгвэл өчигдөр дээрх хэргийн шийдвэрлэлт, шалгалтын явцын талаар гишүүд Улсын Ерөнхий прокурорын газраас дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Тэдний хэлснээр ямартай ч дээрх авилга, албан тушаалын 23 хэрэг 40 болж задарсан байна. Өөрөөр хэлбэл, нэг хэрэг 5-6 хэрэг болж задран шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Прокурорын байгууллагаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэн, зарим хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Төрийн банкнаас 20 тэрбумыг авсан гэх Шинжан шинпан компани буцааж төлсөн байна. Тавантолгойн орд газраас 358 тонн нүүрс алдагдсан гэх хэргийг шалгаад шинжээчийн дүгнэлтээ хүлээж байгаа. Нийт шалгалтын явцад 48 тэрбум төгрөгийн улсын орлого болгон буцааж төлсөн байна. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллах нэг жилийн хугацаанд банк, уул уурхай, нам дагасан МАНАН бүлэглэл байдгийг үнэхээр мэдэрлээ. Анх энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой вэ гэж эрэлхийлдэг байсан бол одоо хэн хамааралгүй вэ гэхдээ тулж байна. Сонгууль дөхөж байна. Одоо Монгол хүний итгэмтгий зан дээр тоглолт хийж, яллагдагчаар татагдсан маш олон хүн УИХ-д нэр дэвших гэж байна. Энэ нөхдүүд энэ долоо хоногийн сүүлээр нэр дэвшигчийн мандатаа авчихвал нэр дэвших эрхтэй болчихно. 60 тэрбумын гэх хэргийг шийдвэрлээгүй байхад 100 сая төгрөгийг нэр дэвшигчдээс авсан хэрэг гарлаа гэсэн юм.
Нийтэлсэн:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
2020-05-12 10:44:24 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав. Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замындоод бүтцийнбуюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ. Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой боллоо. ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн мөн төмөр дагуух өртөө, зөрлөгийн ажлыг хариуцаж, эхнээс нь ашиглалтад оруулж эхэллээ. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг халуун хүйтэн ус, халаалттай барьж, байгуулсан нь дараа, дараагийн өртөө, зөрлөгийн жишиг болж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргүүд нь сард хоёр сая төгрөгийн цалин авч байгаа юм. Харин Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замындээд бүтцийнажлыг Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн ажилчид гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ. Бетон дэрний үйлдвэрлэлийг дотоодын Улаанбаатар БҮК ХК, Дорнод ган хийц ХХК, УБТЗ ХНН, Монгол технологи бүтээмж ХХК зэрэг аж ахуйн нэгж хариуцан хийж байна. УБТЗ ХНН мөн төмөр зам дагуух агаарын шугамын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд нийт 380 км урт агаарын шугам барьж байгуулахаар төлөвлөж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын рейльс төмрийг угсрахад бэлтгэж байна Засгийн газрын шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн нутагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг хариуцан ажиллах Тавантолгой төмөр зам ХХК-ийг байгуулсан билээ. Тус чиглэлийн төмөр замын ажлыг өнгөрсөн оноос эрчимжүүлсэн бөгөөд доод бүтцийн ажлыг ирэх сард, нийт ажлыг 28 сарын дотор дуусгахаар төлөвлөжээ. Энэ чиглэлд мөн 100 хувь дотоодын компаниуд ажиллаж байгаа юм. Мөн Монголд анх удаагаа төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг авто замаар тээвэрлэн авчирсан байна. Ингэснээр дээд бүтцийн ажлыг эхлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан 100 км төмөр зам барьж, байгуулж дуусгах юм байна. Цар тахлын үед ажлын байрыг хадгалж байна Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байна. Мөн энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын трассын дагуу ажиллах үеэрээ туслан гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний ангиудын алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, гүйцэтгэлийн түвшинг жигдрүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй