ЗАСГИЙН ГАЗАР ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТӨСӨЛ ГҮЙЦЭТГЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

​ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэж байгаа зарим аж ахуй нэгж, байгууллагууд Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын нөлөөллөөс үүдэж тоног төхөөрөмжийн худалдан авалт, тээвэрлэлт хойшлогдох мөн барилгын түүхий эд материалын хомсдол, үнийн өсөлт зэргээс хамаарч гэрээний хугацаандаа ажлаа дуусгах зэрэг нөхцөлүүдээс үүдэж 2021 оны батлагдсан санхүүжилтаа бүрэн авах боломжгүй байдал үүссэнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүллээ. Захиалагч байгууллагуудын хүсэлтийн дагуу тухайн захиалагчийн хөрөнгө оруулалтын барьцаа хөрөнгийн дансанд байршуулж, 2022 онд ажлаа гүйцэтгэсний дагуу ажлын гүйцэтгэлээр олгож дуусгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийгэм, эдийн засгийн олон зорилтыг хэрэгжүүлэх, төслүүдийн төсөвт өртөг нэмэгдэх, олон жил үргэлжлэх эрсдэлээс хамгаалах боломж бүрдлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

​ Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэнНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнхэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, П.Анужин, Б.Баттөмөр, Б.Бейсен, Б.Жаргалмаа, С.Одонтуяа нар хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. 2016 онд Засгийн газар ОУВС-ийн Өргөтгөсөн хөтөлбөр-т хамрагдаж, энэ хүрээнд хэд хэдэн эдийн засгийн арга хэмжээ авахыг зөвшөөрсний нэг ньНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өндөр насны тэтгэврийг дараалсан 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг өөрчилж, 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор хуульчилсан. Үүний үр дүнд 2018 онд дараалсан 6 жил, 2019 оноос дараалсан 7 жилээс тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох болсон. Засгийн газар 2018 онд Засгийн газар ОУВС-ийн дээрх хөтөлбөрөөс гарсан бөгөөд тэр үед гаргасан шийдвэрээс хэвээр үлдсэн цөөн асуудлын нэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан өөрчлөлт гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан юм. Өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 7 жил буюу 84 сар болгон нэмэгдүүлснээр иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасаж байгаа гэдэг тооцооллыг Б.Пүрэвдорж гишүүн дурдсан юм. Хуулийн төслөөр тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааныхаа дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохоор хуульчлах, ингэснээр өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгө дүн бодитоор нэмэгдэнэ гэж үзжээ. Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хууль санаачлагчид өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн дундаж цалингаар тоггоодог байсныг 2018 онд нэмэгдүүлэн дараалсан 7 жил болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасгасан. Иймд өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийг тооцох хугацааг 5 жил болгон бууруулахаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан улсын төсөв болон эдийн засагт хүндрэл учрахгүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам уг хуулийн төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй уялдаж байгаа эсэх, тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах боломжтой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа тэтгэврийн зөрүүг арилгах талаар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийн тэтгэвэр бага тогтоогддог тул цаашид анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дараалсан 7 жилийг 5 жил болгосноор сайн дурын даатгуулагч болон хувийн салбарт ажиллаж байгаа иргэд сүүлийн 5 жилийн шимтгэлийг нэмэгдүүлж төлснөөр тэтгэврээ өндөр тогтоолгох боломжтой бол төрийн албаи хаагчдад энэ боломж хязгаарлагдмал байгаа нь шударга бус нөхцөл байдлыг үүсгэж байгаа талаар тус тус саналаа илэрхийлсэн гэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Ч.Ундрам гишүүн танилцууллаа. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн, Ч.Ундрам, С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авсан юм. Салбарын яамны зүгээс тогтолцооны шинэчлэл хийж, хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэхээр бодлогын судалгаа, төлөвлөлт хийж байгааг ажлын хэсгээс тайлбарласан. Жилд дунджаар 30 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгодог бөгөөд үүний 70 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тогтоолгодог байна.Өндөр насны тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоох хууль үлдсэн хувьд нь тооцогддог гэдгийг хэллээ. Төсөл санаачлагчийн зүгээс, амьдралд тохиолддог олон асуудал, бэрхшээлээс үүдэн иргэн дараалсан долоон жил тогтвортой ажилласан байх нь ховор гэдгийг тайлбарлав. Түүнчлэн төгрөгийн ханш, инфляцын өөрчлөлттэй холбоотойгоор дээрх хугацааны өөрчлөлт нь тэтгэвэр авагч иргэдэд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа талаарх тооцоолол, тайлбарыг хийсэн юм. Иргэдээс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх санал олноор ирүүлж байгааг Ж.Сүхбаатар гишүүн онцолж байв. 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох бол 1960 оноос өмнө төрсөн хүмүүс цалинд үндэслэсэн одоогийн аргаар, 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс дээрх хоёр хувилбараас сонгож өндөр насны тэтгэврээ тогтоолгох сонголттой байгаа гэдгийг ажлын хэсэг тайлбарласан. Засгийн газрын зүгээс иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд тогтмол анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг тухай бүр авч ирсэн болохыг онцлоод, цаашид тухайн жилийн инфляцын өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлдэг байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байсан бөгөөд уг төслийн зохицуулалтыг Засгийн газраас өргөн мэдүүлэх багц хуулийн төсөлтэй холбогдуулах саналыг хэлж байв. Мөн төслийн зохицуулалттай холбоотой тооцоолол, төсвийн боломж, шийдлийн талаар асууж, хариулт авч байсан юм. Дараа нь гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж байр сууриа илэрхийлж, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөөгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

​ Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2021.12.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаарГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудпыг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны арван хоёрдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн хэрэгжих хугацаатай холбоотойгоор төслийн 3 дугаар зүйлийг хасах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.0 хувь нь дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ. ҮргэлжлүүлэнНэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг явуулсан. Харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулсан юм. Төсвийн байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан гэв. Ж.Батжаргал гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Бичигт, Хангийн боомтоор тусгай зөвшөөрөлтэй бараа тээвэрлэх санал гаргав

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 6 дахь удаагийн уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас Гадаад хэргийн яамны туслах сайд У Жянхао ахлан оролцов. Түүнчлэн Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулах боломж, тэр дундаа хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Манай талаас Замын-Үүд-Эрээний боомтоор авто тээврийн үйл ажиллагааг шуурхай сэргээх, төмөр замын тээврийг хэвийн байдалд оруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын үйл ажиллагааг сэргээх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал боомтуудын бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Булган-Такашикен, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудаар тусгай зөвшөөрөл, нөхцөл шаардагддаг бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тодорхой санал дэвшүүлэв. Хятадын тал эдгээр саналыг чухалчлан үзэж, холбогдох арга хэмжээ авахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулж, халдвар хил дамнан тархах эрсдлийг бууруулах нь боомтуудаар бараа нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл болохыг онцлон тэмдэглэв. Талууд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэд харилцан зорчих хязгаарлалтыг сулруулах боломжийг судлахаар тогтов. Талууд мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны механизмуудын хүрээн дэх хамтын ажиллагаагаа цаашид ч бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Талууд ирэх онд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов. Хоёр улсын ГХЯ-д хооронд дэд сайдын түвшинд жил бүр зохион байгуулдаг тус яриа хэлэлцээний механизмаар хоёр улсын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, ойрын хугацааны зорилт, томоохон арга хэмжээний талаар ярилцахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцдог.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.