Шанхай хотод суух ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа болов

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Уг ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дах консулын газруудын ахлагч буюу дуэн Люк Декер нарын хүндэт зочид оролцов. Шанхай хотод Монгол Улсын ЕКГ байгуулагдсанаар 25 сая хүн амтай тус хотод үйл ажиллагаа явуулж буй 72 дахь ЕКГ болж байна. Шанхай дахь ЕКГ нь Шанхай хот болон Шянши, Фужянь, Жөжян, Аньхуй, Жянсу мужийг хариуцан ажиллах бөгөөд тус бүс нутагт ажиллаж, суралцаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, экспортын боломжийг хятадын хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд сурталчлан таниулах, тус улсын дэвшилтэт техник технологийг Монголд нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх зэргээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан энэ сарын 07-ны өдөр болж, Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2020 онд 3,678.9 гэснийг 3,806.1 гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 9.0 гэснийг 9.4 гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, төсөлд 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэсэн агуулгатай 2 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан энэ сарын 07-ны өдөр болж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. Энэ ажлын хэсэг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг сайжруулах зорилгоор ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулсан байна. Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Засгийн газрын тусгай сан, түүний төрөл гэсэн 5 дугаар зүйлийн 5.3-т 5.3.5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 5.3.19.Хөдөө аж ахуйг дэмжих сан гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан гэсэн 15 дугаар зүйлийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэсэн 16 дугаар зүйл болгон өөрчилж, 16 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 16.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн 80 хувь дэмжив. Түүнчлэн Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан хэмээх төслийн 16 дугаар зүйлийн заалтуудыг өөрчлөхийг, төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн 21 дүгээр зүйл нэмэхийг тус тус дэмжлээ. Мөн тусгай санг шинээр байгуулах, татан буулгахтай холбоотой зохицуулалтын талаарх ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх найруулгын саналууд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат БНСУ-ын Боловсон хүчний удирдлагын яамны дэд сайдтай уулзав

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус улсын Боловсон хүчний удирдлагын яамны дэд сайд Chung Mann Seuk-тэй уулзав. Боловсон хүчний удирдлагын яам нь 2014 онд байгуулагдсан бөгөөд төрийн албан хаагчдыг ажилд авахаас эхлээд тэтгэвэрт гарах хүртэл хүний нөөцийн удирдлагын бүхий л асуудлыг хариуцдаг байна. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг дэд сайд тэмдэглэв. Мөн Узбекстан, Казахстан зэрэг оронтой төрийн албан хаагчийг сургах, төрийн албаны холбогдох хууль боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг дурдав. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд олон ажил хийхээр тохирсон. Хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат илэрхийлэв. Монголын төлөөлөгчид Хүний нөөцийн удирдлага -2019 сэдэвт олон улсын хуралд оролцсон байна. Хурлыг 2013 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил улс орнуудын Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүд, болон олон улсын байгууллага, тэргүүлэх компаниудын төлөөлөл оролцжээ. Хурлаар Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал шилжилт зэрэг хурдтай өөрчлөлтөд чиглэсэн олон нийтийн хүний нөөцийн чиг хандлагын талаар ярилцаж санал солилцлоо. Хүний нөөцийн сүлжээг дэмжихэд туслах, хариуцлага, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай эрдэмтэн, судлаачид ярьж байв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД АНДРЕС УНГАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрес Унгаг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа эдийн засаг, цахим засаглал, мэдээлэл, кибери аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов. Мөн Монгол, Эстонийн ГХЯ-д хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах талаар санал солилцов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.