Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд зочиллоо

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд урилгаар зочлож, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчив. Ерөнхий сайдыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хамт сууж, Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цаг үеийн асуудлаар зам зуураа ярилцаж, саналаа солилцлоо. Зам, тээврийн салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хүргэв. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил хийгдэж байна. Тус чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж хоёр эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон. Одоогоор үндсэн ажлынхаа 60 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Замын хучилтийн болон бусад ажлууд үлдсэн. Энэ зун үеэр, ус их байсны улмаас 29 хоногийг алдсан. Замын ажилд ийм олон хоногийг алдана гэдэг их сөрөг нөлөөтэй. Ямар ч байсан замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 01-нд нээсэн. Замын ажил дуусаагүй байгаа үргэлжлүүлээд хавар хийгдэнэ гэлээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хотын захирагч С.Амарсайхан нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар санал солилцож, ярилцлаа. Түлшний түгээлт жигдрэх шатандаа орсон. Айл өрхүүд ч хэрэглээндээ хэвшиж байна гэж үзэж байгаа. Борлуулалтын цэгүүдээ нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мөн хяналтын цэгүүд ажиллаж, түүхий нүүрс нэвтрүүлэх, борлуулахгүй байхад хяналт тавьж ажиллаж байгаа. Агентлагуудын удирдлагуудаас бүрдсэн 24 цагийн штаб байгуулсан. Дүүргүүд дэх бөөний цэгүүддээ савлалт мөн хийж байна гэсэн мэдээллийг Хотын Захирагч С.Амарсайхан өглөө. Мөн айлуудад суурилуулах утаа мэдрэгчийн асуудлыг маш сайн судалж, аль нь илүү давуу тал, боломж бололцоотойг харж, харьцуулалт туршилтыг хийж, энэ сардаа багтаагаад иргэдэд хүргэхээр ажиллаж байна гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотод утааны байдал багасаж, түлшний чанар сайжирч, хүмүүс сайн түлш гэдгийг нь ойлгож мэдэрч эхэлж байна. Огт хэрэглэж хэвшээгүй шинэ зүйлийг хэвшүүлэхэд мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа шаардана. Тиймээс түлшний хэрэглээний талаарх урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажиллах хэрэгтэй. Утаа багасаж байгаад бүх хүн баяртай байгаа гэдэгт би итгэлтэй байна. Утааны асуудал дээр улс төр хийнэ гэдэг утгагүй асуудал. Бид бүхэн нэг л уушигтай, нэг агаараар амьсгалдаг учраас утаагүй болох асуудал хүн бүхэн санал санаачлагатай оролцох хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байрыг сайшааж, Энэ их зүгээр шийдэл болжээ. Холбогдох албаны хүмүүсийн хамт явж, цаг хугацааг хэмнэн, ажлаа хурдан шуурхай хийх боломжийг бүрдүүлсэн байна гэсэнд Хотын Захирагчийн зүгээс Шаардлагатай тохиолдолд та авч ажил хэрэгтээ ашиглахад нээлттэй. Олон машин явж, замын түгжрэл үүсгэхгүй. Гол нь явж байхдаа асуудлаа хэлэлцэн, шийдвэр гаргах, цаг хугацаа хэмнэх давуу талтай гэж тодотгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АЭХ: Бэлгийн дарамттай холбоотой заалтыг ЭХ-д ЭРГҮҮЛЭН ТУСГАХЫГ ШААРДАВ

Дэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу байдаг, эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүд илэрхийллээ. 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлд Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд 1 сараас 3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3 сар хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалт, хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ны өдөр УИХ хүчингүй болгосон. Ингэснээр бэлгийн дарамтын талаарх үг, өгүүлбэр зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлдсэн. Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хэн тооцох эсэх нь тодорхойгүй хэвээр тунхаг төдий байна. Мөн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас дээрх заалтуудыг хассан нь бэлгийн дарамтыг таслан зогсооход хүндрэл учруулж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байна. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос нийт эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай тусгахыг шаардаж байна. Уг шаардлагыг УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НББСШУ-ны байнгын хорооны дарга, Улсын их хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарт хүргүүллээ.

Төсвийн мөнгийг салхинд хийсгэсэн “Монгол дайван” компанид хариуцлага тооцно

2013 онд улсын төсвөөс 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд орших Хилчин хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн байна. 4,5 тэрбумын төгрөгийн ажлын үр дүнд инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшин сонгогдсон Ц.Гарамжав гишүүнд Хилчин хотхоны оршин суугчид дутуу, чанарыг шаардлага хангаагүй хийсэн дэд бүтцийн ажлыг гүйцээж төвийн цэвэр бохир, дулаанд холбуулах тал дээр анхаарал хандуулж өгнө үү гэж хүссэн байна. Тойргийн сонгогчдийнхоо хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Өргөдлийн байнгын хороонд асуудлыг хандуулж холбогдох байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилга хот байгуулалтын яам руу удаа дараа шаардлага хүргүүлжээ. Гэсэн өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутайгаас оршин суугчид хохирсоор байгаа юм. Тиймээс Өргөдлийн байгын хорооноос хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа өрнүүлж Хилчин хотхоны оршин суугчид, Нийслэлийн удирдлагууд, Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Дахин төлөвлөлтөөр Хилчин хотхоны инженерийн шийдлийг төвийн шугамд холбох ёстой байсан. Мөн дулааны асуудлыг шингэрүүлсэн хий ашиглан шийднэ гэсэн анхны төлөвлөгөө байсан юм билээ. Харамсалтай нь өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж иргэд зутруухан амьдарч байна. Утаанаас салахын тулд хотхоны дулааны өөр шийдлээр буюу төвийн шугамтай холбох ёстой гэж үзэж буйгаа хэлсэн. Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн гэх Монгол дайван компанийн төсвийн гүйцэтгэлийн хяналтыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, төсвийн мөнгийг буцаан төлүүлэх, дутуу гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авсан Барилгын хөгжлийн төв болон зураг төсөл төсөв нь батлагдаагүй ажилд санхүүжилт олгосон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хөндөж байсан. Хариуцлагын асуудлыг дахин ярих ёстой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр шийдлээ. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлт нэрээр Монгол дайван компани төсвийн хөрөнгөнөөс 4,5 тэрбум төгрөгийн ажил авахдаа зураг төсвөө батлуулаагүй. Чанарын шаардлага хангахгүй ажил хийж үлдээснээр төсвийн хөрөнгө үрэн таран болж иргэд хохирсоор өнөөдрийг хүрлээ. Тус компанийнхан явган хүний зам талбай зассан, гэрэл тавьсан төдийхөн ажлаар төсвийн 4,5 тэрбум төгрөгийг ашигласнаа цайруулах гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг үр дүнд хүргэхийн тулд төрийн байгууллагууд идэвхтэй ажиллаж, хууль зөрчиндахин төлөвлөлтийн ажил авсан, гүйцэтгэл хангалтгүй хийсэн Монгол дайван компаниас төсвийн мөнгийг нэн даруй гаргуулж, төсвийг ч, иргэдийг ч хохиролгүй болгохын төлөө ажиллана гэдгээ Ц.Гарамжав гишүүн хэлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын дарга, ЦЕГ дарга нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсад хууль бус үйл ажиллагаа явуулсан 800 орчим Хятад иргэдийг цаг алдалгүй илрүүлэн зохих журмын дагуу албадан нутаг буцаах ажиллагааг амжилттай зохион байгуулсан ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг болон бие бүрэлдэхүүнийг нь сайшаалаа. Цаашид улс эх орны үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ улам нэр төртэй сахин биелүүлэхийг хууль хүчний байгууллагынханд үүрэг болголоо. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухайзарлигийг өчигдөр гаргасан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, албан хаагчдад танилцуулав. Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.