Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Нарухитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцлоо. Төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг улс, олон улсын болон бусад байгууллагын өндөр түвшний зочид, төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн тэргүүний хувьд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант эзэн хаан Нарүхито-г эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцож байгаа нь Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэл, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Ёслолд Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, мужуудын захирагч, эрдэмтэн, зохиолч, тамирчин, бизнес эрхлэгч гээд 1600 орчим хүн оролцлоо. Япон Улс эзэн хаанаа дэлхий нийтэд зарлан тунхаглаж буй баярт өдрийг үндэсний баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД И.В.МОРГУЛОВТОЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ны Москва хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ны Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд нар хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар, түүний дотор ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга, хөтөлбөр болон байгуулах баримт бичгийн талаар санал солилцов. Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээний талаар болон Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн ярьсан. ОХУ-ны Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов монгол, оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа тэмдэглэж, монголын талын санал, байр суурийг оросын тал нааштайгаар судалж, цаашдын хоёр улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн уулзалтын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахаар талууд тохиролцов.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гарреттийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүн орны хувьд үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, ойр дотно хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилтуудын талаар мэдээлж, ардчиллыг улам бэхжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв. Ноён Т.Гаррет АОХН-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн ба ирэх онд Румын Улсад болох АОХН-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохыг урьсан байна. АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гарретт 10 дугаар сарын 20-23-нд манай улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр манай төр засгийн албаны хүмүүс, иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улс дахь ардчилал хийгээд ардчиллыг бэхжүүлэх үйл явцын талаар судалж байгаа юм. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо-тай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сарын 21-ний өдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан Хагибис хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэв. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзо-тай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг гэв. Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абе Шинзогийн дэвшүүлсэн Энэтхэг-Номхон далайн үзэл санаа-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоер улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уламжилсаны хариуд Абэ Шинзо чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх хоер талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийг Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна гэв. Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-аас жил бүрийн 10 сард Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж байхаар боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Их хурлаас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжин, эрхзүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Жижиг, дунд үйллвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг эзэндээ очдог болгосон гээд энэ хуулийн үр өгөөж их бий. Мөн Татварын багц хууль батлагдсан. Салбар хамаарахгүйгээр 1 хувийн татвар төлдөг болсон нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй нөхцөл үзүүлж байгаа нэг хэлбэр юм. Цаашид жил болгоны Төсвийн тухай хууль хэлэлцэж эхлэхээс өмнө буюу 10-р сард жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй УИХ-аас уулзах ажлыг уламжлал болгон зохион байгуулж байхыг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ тодотгосон юм. Мөн тэрбээр оролцогчдын зарим нэг асуултад хариулт өгсөн юм. Үүндээ, Мэргэжлийн нэгдсэн холбоодын тухай хуулийн төслийн асуудлаар байнгын хорооны нээлттэй сонсгол хийх чиглэл өгсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 11 сарын 15-аас хойш хэлэлцэж эхлэх бөгөөд эдгээр хуулиудад саналаа нэгтгэж өгөхийг хүссэн юм. Мөн энэхүү хэлэлцүүлэгт гарсан санал зөвлөмжөө нэгтгэж өгөх нь УИХ-аас гарах бусад шийдвэрт чухал шаардлагатай болохыг онцоллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ, ХХААХҮЯ, ХНХЯ, Татварын ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сангаас төлөөллүүд оролцсон юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, холбогдох мэргэжилтнүүдээс асуулт асууж, хариулт авсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч эхэлсэнд баяртай байгаагаа хэлэлцүүлэгт оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байлаа. Харин хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгамдаж байна гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллах сонирхолтой залуус цөөн, ихэнх нь төрийн алба, эсвэл гадаад улсад гарч ажиллах сонирхолтой, 700-1.0 сая төгрөгийн цалинтай ажлын байран дээр залуучууд ирж ажиллахгүй байгаа тухай ярилаа. Төрөөс МСҮТ-үүд, түүнд суралцагчдыг дэмжиж тэтгэмж өгч байгаа ч өөрчлөлт гарахгүй байна. Иймээс МСҮТ-д суралцаж байгаа суралцагчидтай төгсөөд ажиллах нөхцлийн тухай гэрээ хийх, зөвхөн төрийн алба биш ажилчин эгнээгээ мөн дэмжих хэрэгтэй байгаа тухай ихэнх хүмүүс санал хэлж байсан юм. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ямар бодлого барьж байгаа тухай асуулт асууж, анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал Татварын багц хуультай холбоотой мэдээллүүдийг өгч, асуултад хариулсан юм. Татварын ерөнхий газар цахим хэлбэрт шилжиж байгаа учир цаастай холбоотой чирэгдэл, хүнд суртал бүрэн арилсан. Аж ахуй нэгжүүд тайлангаа цахимаар тайлагнаж хэвшиж байгааг дурдаж байлаа. Мөн шинэ хуулиар татварын урамшууллыг жилд 4 удаа олгодог болсон нь үйлдвэрлэл, эрхлэгчдийг дэмжиж буй томоохон шинэлчлэл гэдгийг онцолж байсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр УИХ-ын дарга Г.Занданшатар баялаг бүтээгчдийг дэмжиж жил бүр жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж байхаар болсонд талархал илэрхийлсэн юм. Төрөөс боловсон хүчний асуудалд онцгой анхаарахгүй бол цаашид Монгол улс боловсон хүчний хомсдолд орох аюул байгааг хэлэлцүүлгийн төгсгөлд сануулж байсан юм. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.