Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй. Улс үндэстний маань түүх уусан бүдгэрэх учиргүй

Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ойэнэ Ням гарагттохиолоо. Энэ түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос Тусгаар тогтнолын үнэ цэнэ эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн удирдлага дор зохион байгуулсан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх Бүх ард түмний санал асуулгын түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хуралд оролцогчид болон Монголын ард түмэндээ дэвшүүлэв. Энэ түүхт өдрийг монгол хүн бүр, та бид, бидний үр хүүхэд, хойч үе ямагт эрхэмлэн дээдэлж, санан тэмдэглэж байх учиртай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, хуралд оролцож буй Г.Бумцэндийн зээ охин Долгорсүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, нагац дүү Сүрэн нарт талархал илэрхийллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг Монголын ард түмэн батлан илэрхийлсэн аравдугаар сарын 20 бол түүхэн өдөр. Түүх үнэнээрээ байх ёстой. Цагийн урсгалд бүдгэрч, мартагдах ёсгүй. Тухайн үед БНМАУ-ын иргэдийн 54 хувь нь л бичиг үсэг мэддэг байсан ч сонгуулийн насны 487 мянган иргэний 98.6 хувь нь тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн. Энэ түүхийг манай ахмад үеийнхэн бүтээсэн. Тусгаар тогтнол гэдэг бол юугаар ч сольшгүй үнэ цэнэ. Ардчилал, эрх чөлөөний маань үндэс суурь нь тусгаар тогтнол юм гэж онцоллоо. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 74 жилийн өмнөх тусгаар тогтнолын санал асуулгын үр дүнг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолын талаарх ямар нэгэн санал асуулга ирээдүйд явуулахыг хориглосон заалт оруулсныг тэмдэглэв. Бид өнгөрсөн түүхээ санаж, сургамж авч, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшиж байх учиртай. Энэ хэвээрээ байгаад байж болохгүй нь тодорхой байна. Тиймээс өнгөрсөн 27 жилийнхээ алдаа оноог дүгнэж, 10 гаруй жил ярилцаж мэтгэлцсэн ч шийдлээ олоогүй байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдэх ёстой гэж бид үзсэн. Улс гэр нь хүчирхэг, хүн ард нь баян чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой улсыг цогцлоон бүтээхийн төлөөх түүхэн сонголтын өмнө бид ирээд байна. Монгол төрийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом гуай Бидний ард түмэн хүн бүр дор бүрнээ хичээн зүтгэж, хөдөлмөрлөж тэмцвээс гэр орноо өөд нь татаж чадна гэж хэлсэн байдаг. Үнэхээр монгол хүн бүр ажиллаж хөдөлмөрлөж, санаа нэгдэн зүтгэж байж л гэр орноо ч, улс орноо ч өөд нь татна. Монголчууд Үндсэн хуулийн болон нийт нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, зөв үйл хэргийн төлөө санаа сэтгэл нэгдэн зүтгэх хэрэгтэй байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжээрэй гэж Та бүхэндээ хандан уриалж байна. Энэ бол 1945 оны аравдугаар сарын 20-ны тусгаар тогтнолын үйл хэргийн үргэлжлэл юм шүү гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 17-ны өдрийн үдээс хойших хуралдаанаарМонгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийннэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9-д Төсвийн төслийг дараахь 4 үе шаттайгаар хэлэлцэнэ, 25.9.1-д нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд төсвийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд илтгэл тавина хэмээн заасан байдаг. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд төслийн төслийн талаар танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд үдээс хойших хуралдаан асуулт, хариултаар үргэлжилсэн. УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүн, холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тайлбар авсан. Засгийн газрууд сүүлийн жилүүдэд макро түвшний олон асуудал шийдвэрлэж ажилласныг гишүүд тэмдэглэж байв. Нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангах бүтээн байгуулалтын монголын талаас гаргах 10 хувийн хөрөнгө оруулалт буюу 70 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан эсэхийг О.Батнасан гишүүн тодруулж, Ч.Хүрэлбаатар сайдаас тайлбар авав. 2016-2019 он эдийн засгийн хүнд сорилтыг туулсан жилүүд байсан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг нэмэх болгох, өрийн дарамтыг бууруулж, төсвийн алдагдлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах, ОУВС-тай хамтран ажилласны үр дүнд дампуурлын ирмэг дээр байсныг өнөөдрийн түвшинд хүргэхээр өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан болохыг тэрбээр дурдсан. Өнөөдрийн хэлэлцэж буй төсвийн төслийг ач холбогдлыг тэрбээр чухалчлаад аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийг хэр анхаарсан болохыг лавлаж асуусан. Түүнчлэн гадаад болон дотоод эрсдэл өндөр байгаа учраас төсвийн орлогыг бодитой төлөвлөх, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байгааг анхаарах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн өртөгт хязгаар тогтоох аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай гэдэг саналыг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. 13.8 их наяд төгрөгийн зарлагатай, 11.7 их наяд төгрөгийн орлоготой, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг хэлэлцэж буйг тэрбээр онцлоод төсвийн алдагдлын талаарх төлөвлөлтийн талаар тодруулсан. Сангийн сайд, АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн эрсдэл учруулж байгаа, санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн бууралт ирэх оны төсвийн жилийн гадаад эрсдэлд зүй ёсоор тооцогдож байгааг тайлбарлав. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, саарал жагсаалт-тай холбоотойгоор банкуудын активын эх үүсвэрийн шалгалт банкуудтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд, өвөлжилтийн нөхцөл байдал зэрэг дотоод эрсдлүүд бий тул нөхцөл байдлыг бодитоор үнэлсний үндсэн дээр тооцоо, судалгааг хийж төсвийн төслийг боловсруулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Хоёр их наяд төгрөгийн алдагдал нь тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал бөгөөд нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого гэдэг ялгаатай ойлголт болохыг тайлбарласан. Тэнцвэржүүлсэн орлогод тогтворжуулалтын болон Ирээдүй өв сан-гийн орлогууд тооцогдоогүй болохыг хэлж байв. Эдгээрийг тооцвол нэг их наяд төгрөгийн алдагдал гэж тооцож болох ч гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд төсөвт орлого талд бүртгэлгүй, зөвхөн зардал хэмээн бүртгэгддэг учраас төсвийн алдагдал болж харагддаг гэлээ. Ямар ч тохиолдолд төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл, бондын хүүгээр нөхөхгүй гэдэг зарчмыг баримталжээ. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг л улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим баримталж байгааг Сангийн сайд хэлсэн. 100 төгрөг зарцуулаад 48 төгрөг нь л эргэн төлөгдөж, үлдсэн 52 төгрөг нь алдагдал болдог сангууд руу хөрөнгө оруулахын бол үр дүнгүйгээс эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг бууруулна хэмээн үзжээ. Төсвийн төслийг ил тод, үр ашигтай, цахим хэмээн тодотгон томъёолсон бөгөөд эдгээрийг хангах, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйгаа хэлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд төсвийн хэмнэлтийн хүрээнд батлан хамгаалах салбарын нийгмийн хамгааллыг дордуулсан 4 өөрчлөлтийг эдийн засаг өсөлттэй болж, төсөв ашигтай болох үед зохих ёсоор шийдвэрлэнэ хэмээн Сангийн яам, Засгийн газраас хэлж байсан шийдвэрээ эргэн санахыг Ж.Энхбаяр гишүүн сануулж байв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ядуурлыг бууруулах, баялаг бүтээх, ажлын байр бий болгох, аж ахуйн нэгжээ дэмжих, үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлсон төсөв байх шаардлагын талаар санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн худалдаа нь улсын төсөвт ямар ч орлого, ашиг авчирдаггүйг шүүмжлээд байгалийн баялаг ашиглалтын чиглэлээр төр тусгай бодлого гарган, баялгийн оновчтой, үр ашигтай, хүртээмжтэй менежментийг хэрэгжүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессын гэрээний өртгийн өсөлтийг шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат аймгуудын төсвийн хуваарилалт илт зөрүүтэй байгааг шүүмжилж байв. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нийгмийн хамгааллын чиглэлээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх төсвийг төсөлд тусгасан байгааг онцоллоо. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Эрүүл мэндийн даатгалын сангаас төр-хувийн хэвшлийн эрүүл мэндийн тарифын зардлыг адил олгох тухай хуулийн төслүүдийн хүрээнд олон жил яригдсан асуудлуудыг энэ удаагийн төсвийн төсөлд шийдвэрлэн, засаж залруулан зөв голдиролд оруулах алхамыг хийж, ахиц дэвшил гаргаж буй ач холбогдлыг тэмдэглэн хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Ганболд, Х.Нямбаатар нар нийслэлийн хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэхтэй холбоотой тайлбар, мэдээлэл, саналыг гаргаж, Засгийн газрын гишүүдээс хариулт, мэдээлэл авсан. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд чухал байр суурь эзэлдэг Өмнөговь, Орхон аймгуудын төсвийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг нар байр сууриа илэрхийлж, Сангийн сайдаас тодруулга хийж хариулт авсан. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн сал барыг төрөөс дэмжих асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагын талаар санал гаргав. УИХ-ын гишүүн М.Энхболд төсвийн төслийн хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд, Засаг дарга нарыг оролцуулан байр суурийг сонсох, төсвийн төслийг уялдуулах чиглэлээр тодорхой ажлыг дөрвөн шатны хэлэлцүүлгийн аль нэгд хийх саналыг гаргасан. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.2-т хоёр дахь хэлэлцүүлгээр бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төсвийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж гарсан санал, дүгнэлтийг томъёолон Төсвийн байнгын хороонд өгөх ба тус хороо эдгээр болон гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд нэгдсэн хуралдаан санал тус бүрээр ил санал хураалт явуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО-Г “ЭЗЭН ХААНЫ СЭНТИЙД ЗАЛАРСНЫГ ТУНХАГЛАХ ТӨРИЙН ЁСЛОЛ”-Д ОРОЛЦОНО

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно. Энэхүү төрийн ёслолд Япон Улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна. Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор Монгол Улс манай чухал гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа нотолно.

Түрээсийн орон сууцанд хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэхийг хүслээ

УИХ-ын даргын захирамжийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг энэ сарын 16-ны өдөр Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Б.Баттөмөр, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац, Монгол Улсын Хөгжлийн банк, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын ахмадын холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Үндэсний зөвлөл, Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Ээлтэй ертөнц зэрэг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Өнгөрсөн онд гэхэд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцтай холбоотой гурван тогтоолыг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Холбогдох яам, агентлагуудын тайлбар мэдээллийг сонсохын зэрэгцээ Буянт-Ухаа 2 хорооллын барилгын явцтай 3 удаа газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзаж, тулгамдсан олон асуудлыг нь шийдсэн. Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийн хамруулах, Түрээсийн орон сууцыг иргэд түрээслэнгээ өмчлөлдөө шилжүүлэх журмуудыг батлуулсан. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үүднээс Өргөдлийн байнгын хорооноос санаачлан Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн банктай хамтран ажиллах Гурван талт менежментийн гэрээ-г байгуулж, баригдаж дуусаагүй, гацаанд байсан барилгын ажлуудыг эрчимжүүллээ. Мөн УИХ-аас түрээсийн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 гаруй тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн баталсан. УИХ-аас анх удаа ипотекийн зээлийн журамд инженерийн дэд бүтцээ шийдсэн 120м.кв хүртэлх талбайтай гэр хорооллын амины орон сууцанд ипотекийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гээд 2020 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэхэд иргэдийн орон сууцжуулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд энэхүү хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. 2018 оны байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь нь орон сууцанд, 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш нийт 700 гаруй иргэдээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлжээ. Өнгөрөгч 07 дугаар сард Нийслэлийн орон сууцны корпорацын зохион байгуулсан 972 айлын энгийн болон түрээслээд өмчлөх байрны цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан нь орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн эрэлт өндөр байгааг харуулж байгаа юм. Гэтэл 2020 оны улсын төсөвт түрээсийн орон сууцны санхүүжилтэд зориулж 60 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс даруй 2 дахин бага байгаад хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжлэлтэй хандаж байсан юм. Нийслэлийн орон сууцны корпорацаас 580 айлын орон сууцыг энгийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр 8 зорилтот бүлгийн хүрээнд цахим бүртгэл явуулсан. Нийт бүртгүүлсэн иргэдийн 87.8 хувь нь түрээслээд өмчлөх, 12.2 хувь нь энгийн түрээсийн хэлбэрийг сонгосон байжээ. Хоёр долоо хоногийн хугацаанд 35 гаруй мянган иргэн бүртгүүлснээс эхний шатны шалгаруулалтад 580 иргэн тэнцэж, цаасаар материалаа өгчээ. Үүнээс одоогийн байдлаар 130 иргэн хугацаандаа материалаа өгөөгүй, цахимаар бүртгэлийн баримтаа нотолж чадаагүй гэх үндэслэлээр хасагджээ. Хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд цахим бүртгэл учир дутагдалтай, шударга явагдсан эсэхэд эргэлзсэн, бөглөж байгаа асуумж нь тухайн иргэнийг бүрэн илэрхийлэх боломжгүй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квот хангалтгүй, шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн эрэмбэлсэн нь тодорхойгүй байсан талаар асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан юм. Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм хариулахдаа, Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн анх удаа явуулсан. Ялангуяа цахим бүртгэлийн асуумж дээр голлон дүгнэлт хийж байна. Цаашид илүү сайжруулна. Харьцангуй хүндрэл, чирэгдэл багатай болсон гэж үзэж байгаа. Засаж, сайжруулах ялангуяа зорилтот бүлгийн ангилал дээр анхаарах зүйлс бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ жил 5 хувийн квот байгаа. Дараа дараагийн орон сууцанд нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэлээ. Харин цахим бүртгэлийн явцад хууль зөрчсөн үйлдэл гарсан эсэх талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн хариулт өгсөн юм. Тэрбээр, Өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн Засаг даргад манай байгууллагаас зөвлөмж хүргүүлсэн. Энэ дагуу тодорхой ажлууд эхэлсэн. Ялангуяа түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгсөн иргэдийг цахимаар бүртгэх, эрэмбэлэх ажил хийгдсэн. Одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар дээр шалгагдаж байгаа хэрэг байхгүй. Өмнө нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу холбогдох шалгалтуудыг хийж, албан тушаалтантай холбоотой асуудал тогтоогдоогүй учраас харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Эдгээр нь иргэд албан тушаалтны нэрийг барьж, залилсан үйлдлүүд байсан. Цаашид ийм асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх бодитой ажлууд хийх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Мөн ил тод, нээлттэй байдлыг хангаж, аль болох хүний оролцоог багасгах тал дээр анхаарах хэрэгтэй. Зохих түвшинд программ хангамжийг сайжруулах, асуумж дээр байгаа бусад гэдэг хувилбарыг хасаж, илүү нарийвчилсан асуултуудыг оруулахыг зөвлөж байгаа гэв. Мөн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн нэг асуудал нь өмнөх Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэд орон сууцаа өмчлөх эрхтэй болох боломжийн талаар болон түрээсийн орон сууцны чанар стандартыг асуудал байлаа. Улсын комисс барилгыг хүлээж авахдаа хариуцлагатай хандаж, стандартын шаардлагыг нарийн шалгах хэрэгтэйг албаны хүмүүс хэлсэн. Харин түрээсийн орон сууцаа худалдаж авах гэрээг нэг ч иргэн хийгээгүй байна. Түрээсийн гэрээнээс дамжуулаад худалдаж авах гэрээнд шилжсэн өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд төлбөрөө хэрхэн төлөх асуудал яригдаж эхэлнэ гэдгийг Төрийн орон сууцны корпорац ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэллээ. Иргэдийн зүгээс цаашид орон сууцжуулах асуудлыг зөвхөн төсвийн эх үүсвэрийг хүлээгээд суух биш нийгмийн даатгалын шимтгэлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт ашигладаг Сингапурын туршлагыг нэвтрүүлж, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх саналыг гаргаж байсан юм. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд улсын хэмжээнд 3054 орон сууц байна. Ирэх хоёр жилийн хугацаанд Яармаг (Солонго 1, 2 хороолол), Найрамдлын зам (Баянголын ам төсөл), Ногоон нуур гэсэн гурван газарт 8000 айлын орон сууцыг барих асуудал шийдэгджээ. Орон сууц барих асуудалд хамгийн их хүндрэл үүсгэдэг нь газар. Тухайлбал, Ногоон нуурт түрээсийн орон сууц барих 5 га газрыг чөлөөлсөн ч газраа чөлөөлөхгүй, дуртай үнэ хэлээд суудаг гурван айлаас болж барилгын ажил саатах эрсдэлтэй байгаа. Төрөөс асар их мөнгө зарцуулж барилга барьдаг. Дийлэнх зардал нь газар чөлөөлөхөд зарцуулагдаж байгааг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хэлсэн. Цаашид ипотекийн зээл, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг бодлогын түвшинд зохицуулж, Орон сууцны тухай хуулийг шинэчлэх, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах шаардлагатайг ч албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэсэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ. УИХ-аас түрээсийн орон сууцтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулснаар хэлэлцүүлэг өндөрлөлөө. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.