Шадар сайд Д.Тэрбишдагва орон нутийн удирдлагуудад гурван үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээ болоод өвөлжилт хүндэрч болзошгүй арван аймгийн Засаг дарга, онцгой комиссын гишүүдтэй холбогдож тэдний санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шадар сайд хурлыг нээж үг хэлэхдээ Өнгөрсөн зун, намар нийт нутгаар бэлчээрийн гарц сайн байсан. Аймгуудаас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр энэ жил улсын хэмжээнд нийт 177 мянган малчин өрхөд 40,7 сая мал өвөлжүүлэх бэлтгэлийг хангасан байна. Энэ жил өвөлжиж, хаваржих нийт малын хэрэгцээнд өнөөдрийн байдлаар нийт хадлангийн 92,8 хувь буюу 1158,5 мянган тн өвс, 35,6 мянган тн ногоон тэжээл, 38,6 мянган тн гар тэжээл бэлтгэж хадлан тэжээлийн бэлтгэл дунджаар 87,6 хувьтай байна. Малчид өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоо урьд жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй байгаа бөгөөд улсын тусгай хэрэгцээний зургаан бүс нутагт нийтдээ 1,5 сая малыг отроор өвөлжүүлэх боломжтой байгаа ч одоогийн байдлаар зургаан аймгийн 450,0 гаруй малыг оруулах захиалга, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлсний дагуу харилцан гэрээ, хэлцэлүүд хийгдсэн байна хэмээн цаг үеийн мэдээлэл өгчээ. Ус, цаг уурын хүрээлэнгээс 2012-2013 оны хүйтний улирлын төлөв байдлыг ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, хур тунадас олон жилийн дунджаас их орно гэж мэдээлсэн билээ. Тиймээс видео хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулж Баянхонгор аймгаас Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумууд байнгын эрчим хүчинд холбогдоогүй тул дизель түлш, генератор худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдүүлж өгөхийг Шадар сайд хүсэхэд Засгийн газрын 96 дугаар тогтоолоор дээрх гурван сумдын дизель түлшний зардалд зориулж 73,358,500 төгрөг олгосныг дуулгасан байна. Мөн Дорноговь аймгаас сум дундын отрын бүсийг таван газарт байрлуулсан ч усны хомсдолтой байгаа учраас эхний ээлжинд гурван худаг гаргахад шаардагдах 100,0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг хүсэхэд, ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал улсын хэмжээнд ирэх жил 1000 худаг гаргах тул зохион байгуулалтад ороод хүсэлтээ манай яаманд тавихад шийдэхэд ямар нэгэн асуудалгүй гэж хариулжээ. Энэ мэтчилэн аймаг бүр шийдвэрлэх асуудлаа тавьсны дараагаар Шадар сайд дүгнэж, орон нутгийн удирдлагууд, онцгой комиссын гишүүдэд хандан гурван үүрэг чиглэл өгч, 14 хоногийн дотор ажлын албандаа тайлан мэдээ ирүүлэхийг даалгав. Үүнд: 1. Аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүйн нөөцөд заавал бэлтгэх өвс, тэжээлийг орон нутгийнхаа нөөц, боломжид түшиглэн ойрын үед зам, даваа хаагдахаас өмнө татан байршуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх, 2. Энэ жилийн ургацын дүнгээс харахад Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудад үр, товарын хэрэгцээнд тэнцэхгүй буудай багагүй хэмжээтэй гарч байгаа тул холбогдох яам, газруудад уламжлан малын тэжээл бэлтгүүлж худалдан авах талаар тодорхой ажил зохион байгуулах, 3. Орон нутагт мал, махны нөөц бүрдүүлэлт харьцангуй удааширалтай явагдаж байгаа тул Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу мах боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэх махны тоо хэмжээг нэмэгдүүлэх, мах ихээр бэлтгэсэн сум, малчдыг үйлдвэрүүдтэй холбож өгөх тал дээр илүү анхаарал тавьж ажиллах шаардлагатайг онцоллоо.

АН-ынханд өөр сонголт байхгүй

АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэзээнээсээ Ц.Элбэгдоржтой таарамж муутай. Гэвч түүнийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх эрх Н.Алтанхуягт ч, Алтангадас-ынханд ч байхгүй. Ц.Элбэгдорж Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулснаасаа хойш Н.Энхбаярын алдааг давтахгүйг тун их хичээсэн. Н.Энхбаяр шиг эхнэрээсээ өөр найзгүй, намаараа дүүрэн дайсантай болохгүйн тулд мань эр сайн ажиллаж, хууль цагдаагийнханг өөрийнхөө гарт оруулж чадсан. Н.Энхбаяр юм болгон дээр гарч ирж цээжээ дэлдэж, өөрөө өөрийнхөө гавьяаг магтуулахыг хүсдэг байлаа. Тэгвэл тэр бүхнийг далдаас удирдсан. Үүний үр дүн ч гарав. Хэдийгээр түүний хийсэн ажил, байгуулсан гэж нэг их сүртэй зүйл байхгүй ч нэр цэвэр үлдэж байна.

С.Болдхэт, Р.Гончигдорж, Б.Мэдрээ нар төрийн тэтгэлэггүйгээр хүүхдээ сургаж чадахгүй гэж үү

Шинэчлэлийн Засгийн газрынхан ил тод байдал гэх хуучирсан үгээс татгалзаж, transparency-г монголчлон тунгалаг төрийн үйл ажиллагааг ард түмэнд амласан. Энэ амлалтыг ажил хэрэг болгох буухиа Хууль зүйн салбараас, тус яамны сайд Х.Тэмүүжингээс эхэлсэн нь олон нийтэд таалагдаж эхэллээ. Тус яамны вэб сайт амь орж далд мэдээллийг ил болгосны эхнийх нь Хууль зүйн яамны захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа болон төгсөж ирсэн албан хаагчдын жагсаалт байв. Жагсаалтад суралцагчдын овгийг харахад л зиндаа үнэртэх аж. Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр 2004-2006 онд Шинэ Зеландын Виктория их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцсан, одоо Гадаад харилцааны яаманд ажилладаг гэж бүртгэсэн байх юм. Тийм ээ, үнэхээр тэр хүү ГХЯ-нд атташе, Гэрээ эрх зүйн газрын дэд захирал зэрэг албыг хашиж байгаад өнгөрсөн жил АНУ-ын Сан Франциско хотод ерөнхий консулаар томилогдсон нь тухайн үед дуулиан тарьж байв. Түүнчлэн цэнхэр дуулгатан болж Суданд энхийг сахиулахаар явах гэж байна, Батлан хамгаалах яамнаас түүнд дэслэгч цол өгчээ гэх мэдээллүүдээр аавынхаа урмыг мялааж байсан сайн хүү байгаа юм. Мөн ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаа саяхан хүлээлгэн өгсөн Д.Сандаг-Очир хурандаагийн охин С.Хишигбаяр, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалангийн хүү Б.Оргилсайхан нар АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн аж. Цагдаагийн байгууллагад насаараа ажилласан хурандаа нарын хүүхдүүд ч бас Хуульчийн хүүхэд хуульч байх ёстой гэдэг дээр санал нэгддэг бололтой. Гэвч яагаад жирийн иргэний хүүхэдтэй шударга өрсөлдөж болохгүй гэж. Тухайлбал, цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ агсны хүү Австралид, ХЗДХ-ийн сайд асан Л.Цогийн хүү АНУ-ын Калифорнийн олон улсын их сургуульд эрх зүйч мэргэжлээр тус тус суралцжээ. Энэ сайн хэрэг. Яагаад хуульчийн хүүхэд хуульч болж болохгүй гэж. Үүнийг эсэргүүцвэл ёстой орчин цагийн хэлмэгдүүлэлт болох биз. Харин энд нэг л асуудал бий. Жирийн иргэдийн хүүхдүүд хэчнээн мэдлэгтэй, авьяастай байлаа ч хүссэн сургуульдаа, тэр тусмаа Засгийн газрын тэтгэлгээр суралцаж чаддаггүй. Энэ бол биелэшгүй мөрөөдөл. Гэтэл Шинэ Монгол-чуудын хүүхдүүд ОХУ-д суралцахыг ч голж чамладаг болсон нь харагдаж байна. Учир нь жагсаалтаас харахад сүүлийн үеийн дарга нарын хүүхдүүд голдуу АНУ болон барууны бусад оронд суралцах болжээ. Харамсалтай нь тэд мэргэжлээрээ ажилладаггүй. Чухам энэ асуудлаар уржигдар Хууль зүйн яамны шинэ удирдлагууд шүүмжлэл өрнүүлсэн. Тэдний шүүмжлэл олон хүнийг чихээ бөглөхөд хүргэжээ. УИХ-ын гишүүн асан С.Болдхэтийн охин Хулан АНУ-ын Нью-Йоркийн их сургууль, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн хүү Мөнхөө Бриджпортын их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар 2010-2012 онд суралцаж төгссөн байна. Б.Мэдрээ захирал саяхнаас Капитрон банкийг Ажнай-тай хамтран тэнцүү хэмжээгээр эв найртай эзэмшихээр болсон сураг дуулдах болсон. Уг нь төрөөс тэтгүүлж хүүхдээ сургахдаа тулаагүй нүнжигтэй банкир юмсан. Мөн УИХ-ын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн охин Нямцэрэн 2006-2009 онд Истерн Кентаки их сургуульд эрх зүйн чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалжээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн охин Уянгахишиг ХБНГУ-ын Боннын их сургуулийг, УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга Н.Батцэрэгийн хүү Мельбурнийн их сургууль, Индианагийн их сургуулийг төгссөн гэхчлэн энэ бүртгэл үргэлжлэх аж. Тэд үнэхээр хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж чадахгүйд хүртлээ ядуурсан уу гэвэл, үгүй. Төрд ажиллаж буй давуу эрхээ ашиглан утсаар ярих төдийд ардын хүүхдүүдийн боломж болох Засгийн газрын тэтгэлгийг булаасаар ирсэн учраас сургалтын төлбөрийг бүтнээр нь төлдөггүй. Хүүхдүүддээ ч Чи төрийн мөнгөөр сурсан учраас мэргэжлээрээ ажиллаж төлөх ёстой гэж сургаагүйг олон жишээ харуулдаг. Тухайлбал Наран группийн ерөнхийлөгч С.Болдхэт 1999 онд буюу андуурч эндүүрдэг 17 чингэлэг спиртээ ид борлуулж баяжиж байхдаа охиноо АНУ-д сургуульд явуулсан байдаг. Охин нь эрхзүйн чиглэлээр магистр хамгаалаад ирсэн гэх боловч эцэг нь Ив роше дэлгүүртээ гоо сайхны хуурамч бүтээгдэхүүн, хортой варьене тэргүүтнээ зарсаар байна. Лав л тэр охин аавдаа хуулийн дагуу бизнес эрхлэхийг зааж чадсангүй. Хууль зүйн яамны нэр дээр гадаадад суралцаж ирсэн хуульч, эрх зүйчид сайндаа л АТГ, ЦЕГ-т бичиг хэргийн ажил эрхэлдэг. Эндээс би юу хүсээд байна вэ гэхээр төрийн мөнгөөр суралцсан хүмүүс ирээд мэргэжлээрээ, тэр тусмаа өндөр үр бүтээлтэй ажилладаг байх ёстой. Өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд түүнийг сургахад төрөөс зарцуулсан зардлыг хүү, алдангитай нь эргүүлэн төлдөг байх хариуцлагын тогтолцоог нэхмээр байна. Тус яамны нэр дээр ОХУ-ын ДЯЯ-ны удирдлагын академид суралцсан М.Ганболд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажилласан, Ц.Амгаланбаяр ч мөн дээрх сургуулийг төгсөж ирээд Замын цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт үр бүтээлтэй ажиллаж байгаа. Тэдэн шиг тэтгэлгээр суралцсан зардлаа төлдөггүй юмаа гэхэд мэргэжлийг нь эзэмшсэний хувьд энэ салбарт ямар нэг хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг байх хэрэгтэй. Ямартай ч шинэчлэлийн Засгийн газрын нэг салбар хаалттай мэдээллийг ил болгож, зөвхөн дарга нарын, эсвэл хуучин, шинэ хуульчдын хүүхдүүдийг сургадаг байсан тогтолцоог өөрчлөхөөр шийджээ. Тэдний дэлбэлэх ёстой дараагийн торх нь МИАТ. Тус компанийн нэр дээр үеийн үед дарга нарын, эсвэл нисэгчдийн хүүхдүүд харь газарт сурахаар оддог. Ирээд мэргэжлээрээ ажиллаад байдаг бол Монголын тэнгэрээр дүүрэн дарга нарын хүүхдүүд нисэж байх учиртай. Гэвч хувийн бизнесээ хийж байгаад яваандаа гоё СV үзүүлээд сонгуульд өрсөлдөх л бодолтой байдаг бололтой. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд олигархиудын тогтоосон тогтолцоог задалж дээд боловсролыг террор-оос чөлөөлж жирийн иргэдэд тэгш боломж олгоно гэдэгт найдаж байна. У.Оргилмаа

 МАН-ын гишүүд цалинг нэг сая төгрөг болгоно

УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр хуралдлаа. Тус хуралдаанаар 2013 оны Төсвийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Энэ удаагийн төсөв нэмэгдсэн ч нийгмийн халамжийг сайжруулах тухай огтхон ч тусгаагүйд шүүмжлэлтэй ханджээ. Тухайлбал, цалин нэмэх эсэх талаар ямар нэг хөрөнгө төсөвлөөгүй нь учир дутагдалтай гэж үзэж буй юм. Тэдний үзэж буйгаар төсөв нэмэгдсэн учир инфляцийн түвшинтэйгээ уялдуулж цалинг ч гэсэн тодорхой хувиар нэмэх ёстой гэнэ. Хэрэв төрийн албан хаагчдын цалинг нэмбэл хувийн хэвшлийнхний цалин ч дагаад нэмэгдэнэ хэмээн тус намынхан тооцож байгаа гэнэ. Тэдний хувьд Засгийн эрх барих хугацаандаа, ялангуяа сүүлийн гурван жилийн хугацаанд цалинг нэг сая төгрөг болгох зорилт тавьж байжээ. Учир нь тэдний тооцоо судалгаагаар инфляци өсч байгаа эдгээр жилүүдэд уг зорилт биелэх боломжтой байсан гэнэ. 2013 оны Төсвийн тухай хуульд байгаа өөр нэг зөрчилтэй зүйл бол их хэмжээний буюу 110 тэрбум төгрөгийг ямар ч задаргаагүй оруулж ирсэн нь анхаарал татаж байгаа аж. Өмнө нь ийм тохиолдол байгаагүй бөгөөд цаашид энэ мэт буруу жишиг тогтож болзошгүй хэмээн тус намынхан ихэд болгоомжилж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-аар хэлэлцэж буй ирэх оны Төсвийн тухай хуульд энэ мэт алдаатай зүйл олон байгаа тул тус намын гишүүд уг хуулийн цэг, таслал бүр дээр сайтар анхаарч ажиллахаар болсон гэдгээ намын гишүүд мэдэгдлээ. Нийслэл таймс

 УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хорооны дарга нартаа чадуулжээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Сонгинохайрхан дүүргийн хорооны дарга нар чаджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрбээр сонгогдсон дүүргийнхээ иргэдтэй уулзахаар очсон ч бараг хүн ирээгүй гэнэ. Уг нь эрхэм гишүүн Сонгинохайрханы эрчим хүчинд холбогдоогүй айл, өрхүүдтэй уулзахаар товлож, холбогдох яам, газраас нь төлөөлөгч дагуулаад нэлээн сүртэй очсон юм билээ. Гэвч иргэд нь байтугай дүүргийнх нь хорооны дарга нар ч бараагаа харуулаагүй гэнэ. Сураг дуулах нь ээ хорооны дарга нар Л.Эрдэнэчимэг гишүүний уулзалтын зарыг иргэддээ хүргээгүй юм байх. Өдрийн шуудан Э.Долгион

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.