Орон нутгийн сонгуулийн өмнө МАН хөрөнгө босгох санаатай хэд хэдэн хандивын арга хэмжээ зохиосон. Овоо мөнгө босгох санаатай Бага хурлын бүх гишүүддээ урилга хүргүүлсэн ч цаадуул нь эвтэйхэн сугарч үлдсэн гэнэ. Урилгын үнэ эхлээд 3 сая төгрөг байж. Дараа нь буурсаар нэг саяд хүрсэн ч хөрөнгөтэй мөнгөтэй гишүүдээсээ 100 хүрэхгүй сая төгрөг цуглуусан ч дэндүү чамлалтай байжээ. Орон нутгийн сонгуульд энэ мөнгө юу ч биш нь мэдээж. Бага хурлын гишүүд нь хөөрхөн залиар намаа аргалчихсан гэнэ. УИХ-ын гишүүддээ 3 саяын урилгаа хүргүүлтэл цаадуул нь би аймгийнхаа сум бүрд 2-3 сая төгрөг өгсөн, нийтдээ тавь жаран саяыг зарцуулсан худлаа гэвэл аймгийн намын хорооноос асуугаарай гээд амыг нь таглажээ. Н.Номтойбаяр гишүүн гэхэд л Дорнодын 19 сумын намын хороонд мөнгө өгсөн гэнэ. Бусад гишүүд ч гэсэн ийм маягаар намаа дэмжжээ. Гэтэл хөдөө орон нутгаас мөнгө төгрөг алга, сурталчилгааны унаа тэргэндээ ч шатахуун хийж чадахгүй байна гэсэн хэл ам байнга ирсээр байгаа гэнэ. WORD.MN Г.Инжир
Орон нутгийн сонгуультай холбоотойгоор МАН-ын дарга нарын шүд ихэд өвдөж байгаа гэнэ. Өвчний шалтгаан нь аймгийн намын хорооны дарга нар аж. сонгуульд ялагдаж магадгүй хэдэн нөхөд намын хороог удирдаж байгаа агаад Улаанбаатарт тэднийг яадаг бол хэмээн ихэд сэтгэл түгшин харж сууна. Гол айдас нь сонгуульд ялж чадах болов уу тэгээд ялдаг юм гэхэд аймаг удирдаж хүчрэх болов уу хэмээн шивэр авир хийж байгаа аж. Өмнөговь, Дорноговь гэсэн хоёр аймгийн намын даргыг бодохоор шүд өвддөг болж. Өмнийн говийн намын хорооны дарга Л.Энхболд, Дорноговийн намын хороог удирддаг Д.Энхбат нарын байдал нэлээд хүнд байгаа бололтой. Нутаг усан дахь нэр хүнд, хийсэн ажил явуулж байгаа сурталчилгаа гээд олон талаараа дэн дунтай байна гэнэ. Экс гишүүн Х.Бадамсүрэн л гэхэд орон нутгийн сонгуульд ялж чадахгүй байхаа хэмээн толгой сэгсэрсэн сурагтай. Мань хүний таамаг гомдлоос улбаатай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар аймгийн намын хороо нь түүнийг бараг дэмжээгүй тул Ажнай Д.Бат-Эрдэнэ тасархай ялалт байгуулсан. Х.Бадамсүрэн хэдийгээр ялагдсанаа хүлээн зөвшөөрдөг ч тийм олон онооны зөрүүтэй ялагдах учиргүй, нэг л но орсон хэмээн ярьж явдаг. Дорноговийн хувьд намын хорооны даргынх нь ганц ар тал болох Сод Монгол-ын Ч.Анандбазар нь нуувчинд орчихсон тул хэцүү л байгаа аж. Д.Энхбат дарга төрсөн эцгээ Хөвсгөл суманд нэр дэвшүүлсэн нь олон нийтэд таалагдаагүй гэнэ. WORD.MN Г.Инжир
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 58.3 хувийн саналаар дэмжин, баталлаа. Хуралдаанд нийт 48 гишүүн оролцсоноос 28 нь У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргалаа. Хэдийгээр У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзсан ч гэлээ улс төрөөс гарах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. WORD.MN Г.Инжир
Саяхан МАН хэд хэдэн газар хэлтсийнхээ даргыг шинээр томилсон. Далан жил төр барьсан МАН-ын хэлтсийн дарга гэхээр нэлээд сүртэй сонсогдох биз. Тэгээд тэр үү шинэ дарга нар саяхан албандаа унаа унана хэмээн шаардаж сандаргажээ. Унах унахдаа гайгүй машин унана гэсэн гэнэ. Гэтэл шинэ дарга нарын ихэнх нь Зайсан гэх мэтийн үнэтэй хороололд амьдардаг, хувьдаа тавь жаран саяын ганган тэрэг хөлөглөдөг шинэ үеийн чинээлэг залуус байгаад намын удирдлагууд жаахан дургүй байгаа аж. Тэгээд ч нэг муу зуршил тогтоод байгаа нь халагдсан дарга нар машинаа хувьчилж аваад явчихдаг болсон. Нам нь төр гэдэг угжнаасаа салсан энэ үед бүсээ чангалж бүр шаардлагатай бол нийтийн тээврийн хэрэгсэлээр ч зорчиж ажлаа бүтээхийг саяхны Удирдах зөвлөлийн хурал дээр ахмадууд нь сануулжээ. WORD.MN Б.Алимаа
Хөдөө орон нутагт сонгууль гарааны өндөр хурдтай эхэллээ. Мөнгөний уурхай гэгдээд байгаа Өмнөговь аймагт АН ахин засаг барихаар аль байдгаараа мэрийж байна. Мөнгө хөрөнгийг ч чамгүй цацаж байгаа сурагтай. Өнгөрсөн сонгуулиар сум бүрийн АН-даа 5 сая төгрөгийг гарааны мөнгө гэж өгсөн бол энэ удаад бүр хоёр дахин нэмжээ. Аймгийн ИТХ-ын тойрог болон МАН-д ялагдаж магадгүй зарим нэг сумандаа бүр 15 сая төгрөг өгсөн гэнэ. Энэ нь ямар ч байсан сурталчилгааны унаа тэрэг нь бензин тосоор тасрахгүй болсон гэсэн үг. Алслагдсан хөдөө орон нутагт машин шатахуунтай байна гэдэг нь тун чухал. Сумынхаа нутгийг хэд тойрсон ч болно гэсэн үг. Өмнөговийн АН-ынхан даргаа өөрчилж сонгуульд орох гэсэн боловч гарман дээр морио сольдоггүй гэсэн хууль ялжээ. Уг нь ИТХ-ын Ч.Батчулуун, Цогт-Цэций сумын Засаг дарга Э.Цог-Өрнөх нар намын даргад санаархаж чамгүй хор найруулсан ч дийлсэнгүй. Харин намын дарга Б.Бадраа нь хэрэв сонгуульд ялбал төр эргүүлэх гэсэн хоёр нөхөр таарсан хариу барихаа амалсан гэнэ. WORD.MN Г.Инжир
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй