Хөшигний цаана хувиарлагдаж байгаа албан тушаалын бялуунаас хувь хүртэгчид

Албан тушаалын томилгоо ид өрнөж байна. Яамдууд шинэхэн сайд нараа хүлээж авч, Төрийн нарийн бичгийн дарга нараа угтах гэж бараг бүтэн сар бужигнав. Сайд дарга нар яамны ажилтайгаа танилцах нэрээр өдөр өнжилгүй энд тэнд бужигнуулж, ажил хийх ч хүн олдохгүй, дарга нарт гоё харагдах гэж зовж байгаа. Одоо тэгвэл ирэх долоо хоногоос Дэд сайд нараа угтах их ажил өрнөнө. Сандал ширээг нь зөөж, өрөө савыг нь бэлтгэж, дахиад л дэд сайд ажилтайгаа танилцах нэрээр энд тэнд баахан бужигнаан болж төрийн яам, агентлагууд нэг төрлийн хүндэтгэл, хүлээн авалтын үүрэг л гүйцэтгэж байна. Гэхдээ хөшигний цаана өрнөж байгаа албан тушаалын хувиарлалт нэг л биш. Саяхан л төрийн ордонд цай зөөдөг байсан туслах хүүхнүүд яамны хэлтсийн дарга болон дэвшиж байх юм. Ан-ынханы хувьд ажлын дадлага туршлага гэдэг зүйлийг бус харин аль фракцийнх вэ гэдгийг нь л анхаарч албан тушаалд томилж байгаа бололтой. Дэд сайдуудын томилгоон дээр ч энэ нь тун тод харагдаж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд- И.Нарантуяа АН-аас УИХ-д сүүлийн үед байнга нэр дэвшиж байгаа ч байнга яллагддаг энэ бүсгүй сонгууль болохоор л сэрж ирдэг энэ бүсгүй Хан талст компанийн эзэн гэнэ. Хан талст ХХКомпани нь 1997 онд Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар Хүнс Маш хувьцаат компаний нийт хувьцааны 96 хувийг худалдан авснаар байгуулагдсан аж. Ямартай ч энэ компани нь барилга угсралт, зам гүүр барих, уул уурхайн хайгуул, олборлолтын ажил хийж үйл ажиллагаа маань өргөжин тэлж байгаа гэнэ. Ямартай ч И.Нарантуяа хатагтайгийн мэдэлд Хурдны зам ХХК, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Булнайн Түшиг ХХК, Уул уурхайн хайгуул, олборлолтын ажил эрхэлдэг Төв ЭрдэнэсантХХК компаниуд байдаг бололтой. АН-ын бийлэгжүү хүүхнүүдийн нэг энэ бүсгүйг мөнгө төгрөг хандилаж, дарга нарыг дэмждгээрээ л албан тушаалд хүрдэг, бас сайдын суудалд очиж байгаа гэж АН-ынхан тааламж муутай байна. Хууль зүйн дэд сайд- АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр Сүүлийн үед Монголын улс төрд Ч.Өнөрбаяр гэгч нэг нөхөр гарч ирэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн татаасны хүн гэгддэг, хэний ч үл таних энэ залуу албан тушаалыг ёстой л нэг солих шиг болж байна.Ц.Элбэгдоржийн татаасаар АТГ-ын Тамгын газрын даргаар томилогдсон энэ эр Н.Энхбаярыг хорих үед гарч ирж байлаа. Түүнийг хэдхэн хоногийн өмнө Ц.Элбэгдорж өөрийнхөө дэргэд татаж авчирч Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх гэсэн албан тушаалд томилсон. Гэвч долоо ч хонолгүй Хууль зүйн дэд сайдаар томилогдо гэж байна. Чухам ямар ид шидтэй болоод энэ залуу долоо хоногийн дотор хоёр том албанд томилогдох болж байгааг хэн ч ойлгохгүй байна. Батлан хамгааллын дэд сайд- ҮЗХ- ны гишүүн Г.Байгальмаа МоАХ-ын нарийн бичгийн дарга Г.Байгальмаагийн тухайд тэрбээр тун нууцлаг нэгэн. Түүний тухайд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гарын хүн гэдгээс өөр мэдээлэл бараг л байхгүй. Намдаа байгуулсан гавьяа ч үгүй гай ч үгүй энэ хүн бас л ямар шалгуураар Батлан хамгаалах яам гэдэг дан эрчүүдээс бүрдсэн том салбарыг удирдахаар томилогдож байгааг хэн ч ойлгохгүй байна. Түүний намтар ч бас нимгэн. 2002-2006 ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар ахлах байцаагч,2006 оноос одоог хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн алба л хашиж байж. Өр барагдуулж явсан учраас энэ бүсгүйг Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж чадна гэж бодоогүй л байлтай юм. Эрчим хүчний яамны дэд сайд- Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар Дэд сайдад нэр дэвшигчдээс хамгийн нэр муутай нь. Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар гэж төслийн мөнгө идэж сурсан нөхөр бий гэж хэвлэлүүд байнга бичдэг. Монголчуудыг гал алдах вий гэсэндээ донор орнууд ТЭЦ-4-т буцалтгүй тусламж үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан юм. Ц.Баярбаатар дарга энэ станцын захирлаар ажиллаж байхдаа мөнгө цохиж сурсан нэгэн гэнэ. Эрхэм дарга Улаанбаатараас 80 км зайтай, Төв аймгийн Баянчандмань суманд харьяалагдах нутаг дэвсгэрт хувийн эдлэн газар, тохилог шилтгээнтэй юм. Тэрбээр өөрийнхөө эдлэнг Эрчим хүчний шугам 10 км-ээс татаж цахилгаанаар хангасан гэдэг. Хотын захын хорооллынхон харуй бүрийд гэрэлгүй гудамжаар тэмтчин үгээ хэлж явахад Ц.Баярбаатар дарга хувийн эдлэндээ сайжруулсан хайрган зам тавьж, гудамжны гэрэлтүүлэг хүртэл зоожээ. Аль ч засагт тал алддаггүй Ц.Баярбаатар албан тушаалаар намуудын амыг барьдаг байсан гэх мэдээлэл мөн чих дэлсдэг билээ. Тухайлбал, 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл, 2000-2004 онд МАХН дангаар Засгийн эрх барьж байх хугацаанд Ц.Батбаатар ТЭЦ-4-т даргын алба хашиж байлаа. Харин Хамтарсан Засгийн газрын үед Эрчим хүчний газрын даргаар томилогдож, Шинэчлэлийн Засгийн үед бүр дэд сайд болон томрох гэж байна. Хөдөлмөрийн дэд сайд- Б.Ургамалцэцэг АН-ын нарийн бичгийн дарга, хvний нөөцийн хэлтсийн дарга Б.Ургамалцэцэг гэгч бас л хэний ч үл таних хатагтай дэд сайдад яригдаж байна. АН-ынхан боловсон хүчин муутай учраас намынхаа хүний нөөцийн ажилтанг Хөдөлмөрийн яам толгойлж чадна гэж бодсон бололтой юм. АН-ын хүүхнүүд түүнд тийм ч талтай бус. Тэр ч бүү хэд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай элдэв холбоотой гэж ярих хүн ч мэр сэр гарч байсан удаатай. Тэрбээр Н.Алтанхуягийн тусламжтай хилийн чинадад сурч, түүний удирддаг Туул ротари клубынх нь байнгын ажиллагааг удирдаж байж. Тэр ч байтугай Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга болсон даруйдаа Д.Ургамалцэцэг гэгч энэ бүсгүйг дэргэдээ авчирч, нарийн бичгийн даргаар томилсон юм гэдэг яриа тарж, АН-ынхан бухимдаж байна. Сангийн дэд сайд- О.Магнай Хамгийн танил нэр дэвшигч. Гэхдээ олон хүн Бурхан минь. О.Магнайд Сангийн яамыг өгчихвөл төрийн алба юу болох юм бэ? хэмээн уулга алдаж байна. Гудамжны жагсаалаар олонд танигдсан энэ хөөргөн залуутай Ч.Улаан ч гэсэн хамтарч ажиллахаас айж байгаа сурагтай. Гэхдээ түүнийг Сангийн дэд сайдад Ц.Элбэгдорж түлхүүлж байгаа гэнэ. Мань эрийг Ерөнхийлөгч болсны дараа О.Магнай түшиж тулж, нам доторхи олон асуудлыг нь зохицуулж байсан учраас Элбэгээ дэмжиж байгаа бололтой. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда Түүний хувьд Боловсролын дэд сайдаар ажиллаж үзсэн. Гэхдээ илүү дутуу гарахаар юу ч хийгээгүй нэгэн. Гэхдээ АН-ынхан эрх мэдэлд хүрэх болгонд Ч.Куланда хатагтай бялуу хүртэж байдаг учраас АН-ынхан тийм ч тааламжтай бус байна. УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Батбилэг УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү Б.Батбилэг дэд сайд болно гэнэ. Миний дөрвөн хүү Монголын толгой 10 баяны тоонд дөрвүүлээ ордог хэмээн мэдэгдсэн Б.Батбаяр гишүүн өнгөрсөн сонгуулийн үеэр Миний хүүг УИХ-д нэр дэвшүүлэх боломж олгодоггүй юм бол би өөрөө нэр дэвшинэ. Ардчилсан нам аль нэгийг нь сонгох учиртай хэмээн шаардаж байлаа. Харамсалтай нь мундаг улс төрч гэгдээд байгаа энэ залуу уул уурхайн лиценз, газрын наймааны хэрэг, тендерийн асуудалд байнга нэр холбогдож байдаг нэгэн. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд- О.Чулуунбат Харин МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн дэд сайдуудын нэг О.Чулуунбатын тухай ярихын ч хэрэг байхгүй. Банк дамдууруулсан тэрбумтануудын жагсаалтыг тэргүүлдэг энэ эрхмийн талаар Аалзны тор гэдэг бараг бүхэл бүтэн ном гарчихсан байгаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд- Ч.Чимэдцэрэн МАХН-ын гишүүдийн нэг. Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга. Энэ хүн барилгын салбарын талаар ямар мэдлэгтэй, бас урьд нь ямар алба хашиж явсан нь ч тодорхой бус. Ганцхан зүйл тодорхой байгаа нь Н.Энхбаярыг цээжээрээ хамгаалагчдын л нэг гэнэ. Уул уурхайн дэд сайд- Д.Дэлгэрцогт Дэд сайдад нэр дэвшигчдээс хамгийн боловсролтой нь. Тэрбээр 2005-2007 онд Төрийн өмчийн хороонд хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, 2008 оноос Монгол Үндэсний Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Бүтээмж, Чанарын удирдлагын төвийн захирлаар ажиллаж байгаа аж. Гадаад харилцааны дэд сайд- Э.Батшугар Намбарын Энхбаярын хүү. Элбэг хангалуун амьдрал, эрх мэдэл гэдгийн амтыг сайн мэдэх энэ залуу Гадаад харилцааны дэд сайд болохоор зүтгэж байна. Ирээдүйн Ерөнхийлөгчийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байхад нь Э.Батшугар мэндэлж түүнийг аав болгожээ. Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн дэд сайд- Б.Цогтгэрэл Симба Батаа гэгч дуулиант эртэй бизнесийн хамтрагч байсан энэ эр Шинэчлэл банкаа зарж, удалгүй улс төрд хөл тавьсан. МҮАН-ыг эхнээсээ санхүүжүүлж, бас 2008 оны сонгуульд гол албыг нь залгуулж байсан энэ тун овжин, бас чамлахааргүй хөрөнгө мөнгө хурааж амсан нэгэн. Б.Цогтгэрэл нь эдийн, засагч, хуульч мэргэжилтэй.

 Ардын намынхан аргаа барж байна

Төрийн эрхийг олон жил атгаж, эрх мэдэлтэй явсан Ардын намынхан өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, УИХ дээр 25 гишүүнтэй атлаа бүлэг ч байгуулж чадахгүй, байнгны хорооны хурал дээр ч орох эрхгүй яг л шоовдор хүүхэд шиг улс төр хэмээх гал тогооны хатавч бараадаж байгаа. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нударга зангидаж, уурлаж бухимдсан Ц.Нямдорж хорон үгээр АН-ынханг байн байн заналхийлж байгаа ч тэд яаж ч чадахгүй аргаа барж байна. Тиймээс МАН-ынхан Соц интернд гомдол гаргаад үзэхээр шийдсэн бололтой. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Цөөнхөө хүндлэх,дуу хоолойг нь сонсох Олон улсын Парламентын Холбооны зөвлөмжийг чанд сахиж ирсэн улс төрийн хүчний хувьд,энэ байгууллагын гишүүний хувьд Монголын ардчиллын баталгаа болсон Үндсэн хуулийг зөрчсөн Монголын парламентад өрнөж буй энэхүү нөхцөл байдлыг Олон Улсын Парламентын холбоо үнэн зөвөөр дүгнэж, бодит нөхцөл байдлыг Олон Улсын Парламентын гишүүн орнуудад өөрийн шугамаар тайлбарлаж, мөн цөөнхийн эрх зөрчигдөж буй асуудлаар Олон Улсын Парламентын Холбоо байр сууриа илэрхийлэхийг хүсч байна гэсэн утгатай захидал илгээжээ. Гэвч тэднийг Соц интерн тоох уу? Тоогоод АН-ын дураараа дургиж байгаа нөхдөд нөлөөлж чадах уу? гэдэг асуудал тун эргэлзээтэй юм.

 Амьдрал мэдэхгүй гишүүдээс болж төсвийнхөн цалингаа авч чадахгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гацаанд ороод байна. Энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм. Хэсэг нь төр засагтаа гомдоллож, зарим нь гадаадад томилолтоор зугаалж буйгаас болоод гишүүдийн ирц бүрдэхгүй, гишүүдийн ирц бүрдээгүйгээс төсвийн тодотголоо хэлэлцэх боломжгүй, төсвийн тодотголоо хэлэлцэн, батлаагүйгээс болоод төсвийн байгууллагынхан цалингаа авч чадахгүйд хүрээд байгаа юм байх. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч ийнхүү гацаанд орлоо. Арга нь барагдсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хуучин төсөв чинь будаа болчихсон шүү дээ. Төсвийнхний цалинг өгмөөр байна, хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэврээр барьцаалж болохгүй. Нөхцөл байдал хүнд байна, татварын орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарчихсан, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ бид Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгох ёстой ч энэ бүхэн болохгүй болчихоод байна. Тиймээс та бүхэн төсвөөр бойкот хийж болохгүй, төсвийн тодотголыг дэмжихгүй байгаа бол дэмжихгүй гэдгээрээ саналаа өг хэмээн бухимдав. Харин УИХ-ын дарга З.Энхболд Өглөө 54 гишүүн ирцэнд орж бүртгүүлсэн. Одоо байхгүй гараад явчихсаныг ажил тасалснаар тооцно. Хурал зохион байгуулагчид гишүүдийн картыг хий, хийхгүй бол ажлаас чинь хална гэж мэдэгдлээ. Ер нь бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бухимддаг нь яах аргагүй зөв. Төсвийнхөн, тэтгэврийнхэн гээд л төсвийн тодотголоос шалтгаалж цалин, мөнгөний гацаанд ороод буй иргэд гишүүдийн гоморхол, тунирхал, зугаа цэнгэлээс шалтгаалаад өрнөөс өр, өлөн зэлэн байдалд орж болохгүй шүү дээ. Энэ өдрүүдэд амьдрал буцалдгаараа буцлаад, үр хүүхэд, ар гэрийнхнээс эхлээд мөнгөний асуудал ундарсаар л байна. Амьдрал мэдэхгүй, мөнгөгүйн зовлонг амсаагүй гишүүдээс болж цалин, тэтгэвэр хэзээ буух бол хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болж буй асуудал хэрээс хэтэрлээ, хэцүүдлээ гэж гомдоллох хүмүүс олон байна даа. Гишүүдээ ээ, хэт улстөржиж, намчирхахаасаа өмнө ард түмнийхээ амьдралыг бодолцоод, ажлаа хийж болсонгүй юу. Та бүхнийг гоморхож, зугаалаад явж байх зуур төрийн ажлыг явуулж буй доодсууд чинь өлсөхийн ирмэгт ирээд байна.

Б.Наранхүү гишүүн өрөөндөө вискидээд завгүй сууна

Өчигдөр үдээс хойш буюу энэ сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүү Төрийн ордон дахь өөрийн өрөөндөө хэсэг УИХ-ын гишүүн, гаднаас зочлон ирсэн найзуудынхаа хамт виски-дээд тун ч завгүй сууж байна лээ. Өрөөгөөр нь дөнгөж шагаймагц л виски хамар сэтлэх шахам үнэртэж, өөрийнх нь том том дуугарах дуу хоолой хонгилоор цуурайтах шахам сонсогдсон юм. Харин хамт вискидэх УИХ-ын нэр бүхий гишүүдийн нүүр улайж, нэлээд халдаг дээрээ тавьсан байна лээ. Уг нь Төрийн ордонд сархад хэрэглэх нь битгий хэл тамхи татахыг ч хориглодог. Гэтэл УИХ-ын шинэхэн гишүүн Б.Наранхүү төрийн ордны журмыг хээвнэг зөрчиж, өрөөндөө архидах болжээ. Монголын хуулийг гуулийн чинээ тоож, хүндэтгэдэггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү энгийн бизнесмен байхдаа ч янз бүрийн хэрэг төвөгт орооцолдсон тухай сонсогддог байлаа. Мөнгөөр зодон байж УИХ-д суучихаад наад зах нь Төрийн ордны журмыг зөрчиж буй тэрбээр хууль тогтоох дээд байгууллагад ирэх дөрвөн жилд хэрхэн суух нь нэн сонин байна. Хууль санаачилж, батлалцдаггүй юмаа гэхэд хуулиа дээдэлж сурах эхний алхам Б.Наранхүү гишүүнд шаардлагатай ажээ. Ер нь УИХ-д хувийн бизнесээ л цэцэглүүлэх зорилготой орж ирдэг УИХ-ын гишүүд их бий. Өмнөх УИХ-д ч байсан, одоо ч Б.Наранхүүгээс авахуулаад цөөнгүй бий бололтой. Ийм хүмүүсээр төрөө мануулсан монголчууд, тэр тусмаа дундговьчууд тун гоомой хүмүүс юм даа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.