З.Баянсэлэнгэд 220 саяар орон сууц авч өгөх үү

Төсвийн байнгын хороо 2013 оны төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлэхээр өчигдөр шийдвэрлэлээ. Шинэ Парламентын гишүүдийн орон сууцны хэрэгцээнд 220 сая төгрөг төлөвлөөд байгаа нь анхаарал татав. Гишүүдийн орон сууцны зориулалтаар өнгөрсөн жил 500 сая төгрөг тусгуулахаар УИХ-д оруулж байсан. Тэр үед энэ зардлыг хэлэлцүүлгийн үеэр шууд хассан. Харин энэ удаад УИХ-ын Тамгын газарт орон сууцтай холбоотой тулгамдсан асуудал орж ирж байгаа учраас 220 сая төгрөг тусгасан байна. Энэ нь Улаанбаатарын цэмцгэр хороололд гурван өрөө байр худалдан авахад л хүрэлцэх мөнгө билээ. УИХ-ын шинэ гишүүдийн дотор орон сууцгүй нэг бус эрхэм байдаг аж. Тэднээс нэн түрүүнд Чингэлтэй дүүргийн гэр хороололд амьдарч буй З.Баянсэлэнгэ гишүүнд орон сууц олгох магадлалтай юм. Парламентын босгоор азтай тохиолдлоор алхсан тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгогдон суга дэвшээд байгаа боловч шүүх хуралд ээрэгдэн бас чиг барцад нь арилаагүй л яваа.

З.Баянсэлэнгэ, Ш.Түвдэндорж нар Байнгын хорооны даргаар томилогдлоо

УИХ-ын чуулганаар хоёр байнгын хорооны дарга нарыг томиллоо. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Хууль зүйн байнгын хорооны даргаар, З.Баянсэлэнгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус томиллоо. З.Баянсэлэнгийн толгойлох Нийгмийн бодлогын байнгын хороонд Р.Амаржаргал, А.Бакей, Баянсэлэнгэ, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, С.Ганбаатар Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, С.Дэмбэрэл, С.Одонтуяа, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, Г.Уянга, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар багтсан байна.

31 дэх Засаг дарга замын хөдөлгөөнөөс ажлаа эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос батламжаа гардан авсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулахаас ажлаа эхэлнэ гэлээ. Тэрбээр батламжаа гардсаныхаа дараа Юунаас ажлаа эхлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Хамгийн түрүүнд хийх ажил нүдэн дээр ил байна. Зам засварын ажилтай уялдаад ямар хүнд байдал үүссэн нь ил байна. Замын хөдөлгөөний үйл ажиллагааг яаралтай ойрын үед зохицуулах ёстой. Өвөлжилтийн бэлтгэлийн талаар сэтгэл зовоосон мэдээллүүд байна. Ийм тулсан ажлуудад ханцуй шамлан орно гэлээ. Тэрбээр Засгийн газрын ордноос гарангуутаа Нийслэийн төр, захиргааны Хангарьд ордонд очиж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тамга тэмдгээ хүлээн авлаа.

З.Энхболд ойрын хүрээнийхээ хүмүүсээ зөвлөхөөрөө сонгож эхэлжээ

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр томилогдсон байна. Хэдийгээр тойргийн маргаан нь эцэслэгдээгүй боловч энэ асуудлыг шийдтэл Их хурлын дарга зөвлөхөөрөө ажилуулах санал тавьсан гэнэ. Нам дотроо нэр хүндтэй, бас ч итгэл хүлээн Их хурлын дэд даргаар хүртэл ажиллаж байсан Г.Батхүү ийнхүү улс төрийн зөвлөхөөр ажиллах болов. УИХ-ын дарга З.Энхболд төрийн ажил тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг сүүлийн үед байнга хэлэх болсон. Тиймээс ч Их хурлын ажилд байнга тусалж, өөрт нь зөвлөх хүмүүсийг хэн байх вэ гэдгээ эхээс нь тодруулж, багаа бүрдүүлж эхэлжээ. УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгээс гадна хэд хэдэн зөвлөхийн нэр тодорхой болжээ. Тэдний дотор Боролдой студийн захирал Д.Мягмар болон МУИС-ийн багш Н.Ганзориг нарын нэрс ч дуулдаж байна.

 УПЕГ-ын удирдлагууд УИХ-ын даргатай уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболдтой Монгол Улсын прокурорын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр үдээс хойш уулзаж баяр хүргэн ойрын үед хийж байгаа ажлууд болон боловсон хүчний нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, техникийн шинэчлэлийн талаар танилцууллаа. УПЕГ-аас орон нутгийн прокурорын байгууллагуудыг байртай болгох, боловсон хүчнээ сэлгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарч аймаг бүрт прокурорын мэдлийн орон сууцны байртай болохоор ажиллаж байгаа. Ажиллагсдын ажлын ачааллыг жигдлэх, давтан сургалтад хамруулах, хэргийн явц байдалтай шуурхай танилцаж мэдээлэл солилцох теле хурал хийх, онлайн сүлжээнд холбох зэрэг ажлуудыг хийж эхлээд байна. Мөн ойрын хугацаанд дүрэмт хувцасныхаа загварыг шинэчилж Ерөнхийлөгчөөр батлуулахаар ажиллаж байгаагаа Ерөнхий прокурор танилцуулав. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Өнгөрсөн сонгуулийн маргаантай асуудлуудыг шийдэхэд хэр удах талаар тодруулахад Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Холбогдох байгууллагуудтай ярилцсан. Аль болох шуурхай, шударгаар шийдэх болно. Энэ удаагийн сонгуулийн маргаантай асуудлуудыг үнэн зөв шийдэхгүй бол дараа дараагийн сонгуульд сөрөг нөлөөтэй. Мөн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын талаар хуульд зарим өөрчлөлт оруулахгүй бол эрх зүйн хувьд зохицуулалтгүй хүндрэлтэй асуудлууд бий. Энэ талаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яаралтай баталвал сайн байна гэлээ. Өнөөгийн байдлаар Прокурорын байгууллагын нийт ажиллагсдын 67 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.