Эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээр хийх үүрэг бүхий АН-ын Ажлын хэсгийнхэн бусад намын Ажлын хэсэгтэй зөвшилцөж дуусчээ. АН-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, гишүүн Ч.Сайханбилэг, Шударга ёс эвслийн Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан, гишүүн Д.Тэрбишдагва нар өчигдөр үдээс хойш энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. АН МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл болон ИЗНН-ыг сонгож, 75:25 харьцаатайгаар Засгийн газраа хамтран байгуулахаар тохиролцсон байна. Тэдний хамтарч гар гасан тунхаглалд Үндсэн хуулийн хүрээнд улс орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой хамтран ажиллахаар тохиролцож, хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн хамтарсан Засгийн газар нь үйл ажиллагаандаа АН-ын Монгол хүн хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын Амьдрал хөтөлбөр, МАХН-МҮАНын Шударга ёс эвслийн Монголоо аврах таван хувьсгал мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтыг тусган, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ард иргэддээ ил тодоор тогтмол мэдээлж, үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах болно гэж тунхаглаж байна гэжээ. Үүнийг Ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга уншиж танилцуулсан юм. Тунхаг бичигт АН, ИЗНН болон Шударга ёс эвслийн Ажлын хэсгийн ахлагч нар гарын үсгээ зурж, баталгаажуулжээ. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бие даагч гишүүд нэгдэх эрх нь нээлттэй юм байна. Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж, УИХын дарга, Ерөнхий сайдыг томилно. Улмаар Засгийн газраа байгуулах, ямар бүтэцтэй байхыг тогтоож, бялуу хуваах ажилдаа орох юм. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа талууд 2016 он хүртэл тогтвортой ажиллахаар гарын үсгээ зурцгаажээ.
Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон ч Алтангадас фракц яамгүй хоцрох нь ээ
2012-07-18 12:45:55 Нийтлэгдсэн: Улс төрАН-ынхан яамдаа хувааж, бялуугаа хүртээж эхэллээ МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хийх хэлэлцээг АН-ын бүлгээс томилогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтнүүд өчигдөр, өнөөдрийн турш үргэлжлүүлэн хэлэлцэж, тохиролцож байгаа билээ. Тэгвэл бялуу хуваах үйл ажиллагааг анхааралтай хянаж буй АН-ынхан өчигдөр орой дотооддоо ширүүхэн хуралдаж, яамдаа эхний байдлаар фракцууддаа хуваасан тухай баттай эх сурвалжаас сонстов. Бидний олж авсан мэдээлэл худлаа биш л бол АН-ынхан энэ удаа намын дарга Н.Алтанхуягийнхаа фракц буюу Алтангадаст Ерөнхий сайдын суудал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас өөр бялуу өгөхгүй байхаар ярилцаж, шийдсэн гэнэ. Энэ ч утгаараа Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр нь албан тушаалтай үлдэж, үүнээс өөрөөр илүү харж, билүү долоох боломж Алтангадасынхны хувьд хаагдаж буй бололтой юм. Бүрэн эрхт хугацаа нь дуусгавар болж буй С.Батболдын Засгийн газар 11 яамтай. Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатайгаа нийлээд 14 сайдтай байлаа. Харин энэ удаа Н.Алтанхуягийн Засгийн газар 14 яам, 17 сайдтай болж байгаа сурагтай. 14 яамныхаа дөрвийг нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд бэлэглэж буй бол нэг яамаа ИЗНН-д өгөхөөр болжээ. Ингэхээр ард нь есөн яам үлдэж байгаа биз. Үүнийхээ дөрвийг нь Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-д, хоёрыг нь Л.Гантөмөрийн даргалдаг Нэг ардчилал фракцид, гурвыг нь МҮДН-д өгөхөөр өчигдөр орой яригдсан байна. Нэг ёсондоо АН-ын фракцууд эхний байдлаар яамдаа хуваан авч, бялуугаа хүртээх алхамаа хийсэн байна. Энэхүү бялуу хуваалт ихэнхид нь таалагдвал нэр нь яригдаж буй сайд нарыг удахгүй баталгаажуулах биз ээ. 14 яамыг 14 сайд толгойлно. Эдэн дээр Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу Монгол Улсын сайд нэмэгдвэл 17 сайдтай болох тооцоо гарч байгаа юм. Ийм байдлаар Н.Алтанхуягийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах нь ээ. Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийн Алтангадас фракцид яагаад яам өгөхгүй хэмээн АН-ынхан ярилцаж, тохиролцоход хүрнэ вэ гэдэг асуудал урган гарч байна. Үүнийг намаа ялалтад хүргэж чадаагүй гэх шалтгаанаар Н.Алтанхуягт хариуцлага тооцъё гэдэг асуудлыг Х.Баттулга гишүүн хөндөж тавьсантай холбон ойлгож болох аж. Тодруулбал уржигдар буюу энэ сарын 16-ны өдөр АН-ын ҮЗХ-ны хуралдааны үеэр Х.Баттулга гишүүн мөн л энэхүү яриаг сөхөж, дэлгэсэн байна. Тэрбээр Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод гэсэн аймгуудад АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг бид анхнаасаа эсэргүүцэж байсан. Ялангуяа Говь-Алтай аймагт нэр дэвшсэн Б.Ариунсан гурвын гурван удаа нэр дэвшээд уначихсан байхад дахиад нэр дэвшүүлж, бүхэл бүтэн тойрог алдаад байхдаа яадаг юм. Хөвсгөл, Дорнодын тухайд Л.Гүндалай, П.Алтангэрэл нарыг битгий нэр дэвшүүл, бид дэмжихгүй шүү гэж орон нутгийн АН-ын хорооныхон хэлсээр байтал дэвшүүлээд бас хоёр тойрог алдчихлаа гэж ихээхэн бухимдалтай нь аргагүй орилж, хашгирч байсан гэнэ. Энэ үгээ Х.Баттулга гишүүн өчигдөр болсон АН-ын дотоод хуралдаанаараа ч давтаж байсан аж. Тэгэхээр АН-ын даргын суудлаас унагах нь битгий хэл харин ч Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудлыг өглөө, үүнээс өөрөөр сайхан загнаж чадахгүй, битгий давар гэсэн байдлаар Х.Баттулга тэргүүтнүүд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарт шахалт үзүүлсэн бололтой. Харин Н.Алтанхуягийн хувьд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, мөн Нийслэлийг АН удирдах боломж анх удаа ирлээ. Ард түмэн ийм их итгэл үзүүлснийг бид чамлаж болохгүй. Улсыг удирдах дөрвөн том эрх мэдэл бидний гарт байна. Үүнийг ашиглаж, зөв менежментээр явах хэрэгтэй гэсэн утгатай зүйлийг ҮЗХ-ны хуралдааны үеэр хэлж байжээ. Ямартай ч өчигдөр АН-ынхан дотооддоо нэлээн ширүүхэн хуралдаж, яамдаа эхний байдлаар хувааж авлаа. Энэ хуваарилалтыг хэрэв шог байна гэж үзвэл Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадасынхан өөрчлөлт хийх хэрэг гарах биз ээ.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө зуншдаггүй гэдэг шиг энэ жилийн наадам аваргагүй өндөрлөлөө, ардын нам ч Засгийн газарт багтсангүй. Аваргууд-хүндлэлээ даалгүй архайлдаж, айраг цэгээнд сагадаг цаг өнгөрсөн бололтой. Үндэсний бөхийн үнэлэмж өндөрсөж, үе үеийн түрлэг болсон эрүүл саруул, эр бяр жигдхэн бэлтгэлтэй, хэн нь ч хэнийгээ өеөдүүлж чадах залуус хэдэн арваараа байтугай хэдэн зуугаар барилдах болж, төрийн наадмын их шөвгийг таах аргагүй болжээ. Б.Бат-Эрдэнэ аварга шиг багладаг, Г.Өсөхбаяр аварга шиг өндөр, А.Сүхбат аварга шиг уран мэхтэй, М.Мөнгөн арслан шиг уяж байгаад унагадаг залуус ч олширсон. Ийм чадварлаг, чансаатай бөхчүүдийг төрөн гарахад хамгийн их анхаарал хандуулж буй Үндэсний бөхийн холбоо, аймаг, нутаг нугын бөхийн галуудыг ивээн тэтгэгч нарт наадамчин түмэн баярлаж талархах учиртай. Наадмаа будилаан булхайгүй сайхан боллоо хэмээн ам халж байгаа бол маргааш намар гэдгийг бас санах л учиртай. Хэдийгээр сонгууль дууссан ч Засгийн газраа байгуулж амжилгүй улсын баяраа тэмдэглэсэн улстөрчид одоо л ажлаа хийж эхлэв. Гэхдээ наадмын өдрүүдэд тэд зүгээр суулгүй тохиролцоогоо хийсэн бололтой. Ард түмэн наадмаас шинэ бөхийг хүсдэгтэй адил улстөрд ч үүнийг хүсэмжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл, олон түмэн улиг болсон намууд, удаа дараагийн хуйвалдаан, худал амлалтаас залхаж, сонин содон сонголт хийж эхэллээ. Энэ нь ч өнгөрсөн сонгуулийн дүнгээс илэрхий харагдсан. Энэ жилийн наадмын бөхөөр аварга, арслангууд эхний даваануудад өвдөг шороодсонтой адил лидер, олны танил улстөрчидтэй намууд олонх болж чадсангүй. Өөрөөр хэлбэл, гудамжны тэмцэгчид-ийг УИХ-д шууд оруулж ирсэн хэрэг. Намууд дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний санал авч чадаагүй нь аваргагүй наадамтай адил санагдлаа. Ху угшилтай нам нэрээ сольж, хоёр хуваагдсанаас АН-ынхан дундуур нь шургалан ялалт байгууллаа гэж үзэх хүн олон бий. Мөн АН өрсөлдөгчөө хүч тарамдсан үед нь үнэмлэхүй олон болчхоод, давсан бөх шиг туг тойрохгүй яасан юм бол гэж тавлах хүн ч байна. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ гэдэг. Түүнтэй адил Ху гаралтай нам хоёр хуваагдсан ч өндөр санал авч АН-ынхны үнхэлцгийг хагалчих шахсан. Байгуулагдаад хагас жил ч болоогүй МАХН л гэхэд богино хугацаанд олны таашаал хүлээж МАН, АН хоёрыг сүрхий бажигдууллаа. Хэрэв Н.Энхбаярыг, С.Нарангэрэл нартай нь сонгуульд орох эрхийг нь хасаагүйсэн бол, бас экс Ерөнхийлөгчийг аймгаар явах эрхийг нь хязгаарлаагүй бол сонгогчдын санал хэрхэн өөрчлөгдөх байсан нь өдгөө харагдаж байна. Юутай ч нэгэн үе хоёр Мөнх хэмээгдэж явсан дархан аварга Ж.Мөнхбат, дархан аварга Х.Баянмөнх шинэ үедээ түрэгдэн зүлэг ногоон дэвжээгээ орхисон шиг АН, МАН хоёр моодноос гарч, монголчууддаа мартагдах үе ирнэ гэдэг сануулга өглөө. Монгол жудаг, дийлдсэн талд нь ордог халх араншин, улам бүр доройтож яваа нэр хүндээсээ болж ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй, эрийн сайндаа хэдэн суудал авсан мэт сагах. хэрэггүй л баймаар. Арай илүү суудал авсан АН МАН-аас бусад нам, эвсэлтэй нэгдэж, Засгийн газраа байгуулахаар болж байна. Хэдийгээр Ерөнхийлөгч Шударга ёс эвсэлтэй нэгдэхийг нь зөвшөөрөхгүй байсан ч АН-ынхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, арга мухардсан. Харин намын нөхөд нь урьд нь замын дундаас зангаа хувиргаж, буруугаа баахан бухсан болохоор MAH-тай нийлэхээс ичсэн биз. Гэсэн ч тэд айдсаа даван эвслээ байгуулахаас аргагүй боллоо. Хууль, хүчний бүх байгууллага АН-ын талд байгаа тул Шударга ёс эвслийнхэн Н.Энхбаярыгаа тагтаа мэт торноос чөлөөлөхийг шаардана. Тэгэх ч эрхтэй, бас хэрэгтэй байх. АН мөн ИЗНН-тай эвсэх саналаа хүргүүлжээ. Цаадуул нь Засгийн газрын хоёр суудлаа өгвөл хамтарч болох юм гэсэн хариу өгчээ. Энэ мэтчилэн АН-ынхан сөрөг хүчнийхээ хүчийг сааруулахын тулд МАН- аас бусад нам, эвсэл, бие даагчидтай Засгийн газрын суудлаар наймаалцаж байгаа сурагтай. Гэхдээ тэд бүгд АН-ын саналыг үг дуугүй зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Учир нь дөрвөн жилд юу эс болох вэ дээ. Тэгээд ч урьд нь АН эвсэж нэгдчихээд, эргэж яаж бухаж болдгийг маш тод харуулсан. Мэдээж өөрсдөөс нь бусадтай эвсэж буйг нь харж суугаа МАН- ынхан ч зүгээр суухгүй. Ардчилсан намынхан Н.Алтанхуяг шигээ овжин. Тун сайн гэрээ хэлэлцээр хийхгүй бол нэг өглөө л бусдыгаа гол гаргачихсан байж мэднэ. Урвагсад, гомдогсод, увайгүй нөхдийг элсүүлж, гудамжны хөдөлгөөн өрнүүлж, Засгийн газрыг огцруулж чадна. Эсвэл ерөөсөө ажил хийлгэхгүй шаналгана. Эцэстээ Засгийн газар огцорвол АН-аас бусад нь шавартай хутгалдаж, 2016 онд ганц ч суудалгүй үлдэж ч мэднэ. Н.Энхбаярыг өрөвдөж санал өгсөн өвгөд, хөгшид нь ч цөөрнө. Үлдсэн хэд нь бас л худлаа амлагчид гэсэн үнэлгээтэйгээр сонгууль өгнө. За яах вэ, АН төр засгаа, УИХ-аа байгууллаа гэж бодъё. Ардчилсан Ерөнхийлөгчтэйгөө нийлээд, нийслэлтэйгээ хавсраад чухам л үзүүлээд өгье гэж саная. Үнэхээр сайн ажиллах ч юм билүү, хэн мэдлээ. Харж л байя. Яагаа вэ үхрийн бөөрийг олон жижиг хэсгээс бүрддэг мөртлөө хамгийн сайн ажиллагаатай гэж ярьдаг даа. Түүн шиг ямар ард түмэн байна, тийм л төр засаг байдаг хуулийн дагуу эрээвэр хураавар Засгийн газартай дөрвөн жилийг барах уу, эсвэл Засгийн газар тарах уу гэдгийг харъя. УИХ-ыг тараая гэвэл МАН-д боломж нь бий. Одоо дахин сонгууль болбол МАХН тэр чигээрээ гарч ирнэ гэж айгаад тэд зүрхлэхгүй биз дээ, хулчгар амьтас. Улс гүрнээ, ард түмнээ гэж бодохоосоо илүү амин хувиа бодсон хэд хэдэн фракцтай МАН-ын суудал цаашдаа сонгууль бүрээр цөөрвөл гайхах хэрэггүй. Одоо орон нутгийн сонгууль хүлээж байна. Түүний наана түргэн амжуулах ажил энэ намд их бололтой. Гэхдээ ялагдсандаа харамсаж, намынхаа ирээдүйн төлөө санаа зовж буй хүн нэг л байхгүй байх шигээ. Угаасаа хувиа боддог хэдэн дарга нар нь дассан амьдрал, далдын хамгаалалтдаа эргээд орж амжсан болохоор арга ч үгүй юм уу. Энэ ацан шалаанаас гаръя гэвэл парламентад сонгогдсон Ху гаралтай хоёр намын бүлэг нэгдчих хэрэгтэй бус уу. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр гэж үг бий. Сайн үйлсийн төлөөх үйлсэд ичих хэрэггүй ч гэдэг. Өнгөрснийг мартаад, эргэж нийлж төр барьж чадахгүй юу, юуны төлөө Ху гаралтай намыг дэмжиж, нийт саналын 49 хувийг өгсөн юм бэ гэдгийг бас бодох л асуудал. Энэ бол бүлгийн тухай л бодол. Харин намын шинэчлэлийн тухайд цаг хугацаа харуулна биз. Ямартай ч тэнгэр хөмөрчихсөн биш,тэсвэртэй ард түмэнтэйн хувьд хэрхэхийг нь харах л үлдлээ. Ж.Нарангэрэл
АН Засгийн газраа бүрдүүлэх гэж ийш тийшээ их л үсчих болж. Уг нь, Шударга ёс эвсэлтэй хамтарч засаг барина гэдэгтээ нэг хэсэг итгэлтэй байсансан. Гэтэл баяр наадмын дараачаас ааш нь хувирав. ИЗНН-тай ч эвсэнэ, бие даагчдыг ч багтаана гэх шиг. Олон намын төлөөлөлтэй Засгийн газар байгуулах гэж байгаа бололтой. Магадгүй ингэх нь МАН-ыг УИХ-д ганцаардуулах бодлого нь бололтой юм. Гурван бие даагч, ИЗНН-ын хоёр гишүүн, Шударга ёс эвслийн 11 гишүүнийг бүгдийг нь АН-ынхан эгнээндээ нэгтгэхийг хүсчээ. Тиймээс ИЗНН-д БОАЖЯ-аа өгөх гэнэ. Харин нэгдэх хүсэлт гаргасан бие даагчдыг хэрхэн харж үзэх юм бол. Эхнэр хүүхдийг нь ажилд оруулж өгөх нь үү. Яах нь уу харж л байя. Ямартай ч, бие даагчдад сайдын суудал амлахгүй л болов уу. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Харин Шударга ёс эвсэлд 4-5 яамаа өгөхөөр хэлэлцээрийн ширээний ард суусан. Иймэрхүү байдлаар АН яамдаа ийш тийш нь тарааж шиднэ. Дараа нь цуглуулаад авчихна гэж бодож байж болох талтай. Тэр цаг нь дараагийн сонгуулийн өмнө байх гэж улс төр судлаачид тааварлаж байгаа болов уу. Ер нь, АН бие даагчдыг эгнээндээ оруулах нь ямар ашигтай вэ. Хууль санаачлан батлахад нь гурван кноп дутаж юуны магад гэж үзсэн хэрэг үү. Бүү мэд. Засаг бүрдүүлэх эрх авсан АН-ынхан бие даагчдыг сонирхоод эхлэхээр зарим нэг нь эхнээсээ биеэ тоож эхэлж. Үйлдвэрчний эвлэлийн нэрийг ашиглан УИХ-д сонгогдсон С.Ганбаатар Би Засагт орж доошоо орохгүй гэсэн утгатай зүйл яриад сууж байх жишээтэй. Харин МАН-аас хөөгдөж Хөвсгөлд бие даан нэр дэвшсэн Ц.Даваасүрэн Би нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртэй оролцсон. Тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олговол АН-ын хамтарсан Засгийн газарт орсон ч болж байна гэлээ. Харин Х.Болорчулуун дундыг барьж хаашаа явахаа мэдэхгүй байна гэсэн. Засаг төр хаашаа эргэх нь мэдэгдэхгүй энэ үед тэрээр Дорнод аймагт ажиллаж буй сурагтай. Түүнийг МАН-д орно гэсэн яриа бий. Гэхдээ тэрээр үүнийг няцаасан. Ийнхүү АН-ынхан МАН-ын гишүүд л биш бол хамтарсан Засгийн газар байгуулна хэмээж байгаа бололтой.
МАН-ын гишүүн асан, Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Даваасүрэн АН-д элсэх сурагтай. Хөвсгөл аймгийн АН-ын хороог бусад аймгийнхнаас илүү хүчтэй баг гэж ярьдаг. Тэд өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймгийн АН-ын хороог нэг компани, нэг гэр бүлийн нам болгож хувиргасан гэдэг асуудлаар Л.Гүндалайг дэмжихгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн төдийгүй энэхүү тэмцэл, эсэргүүцлээ бие даагч Ц.Даваасүрэнг дэмжсэнээр намын удирдлагадаа ойлгуулсан байна. Хэрэв уг яриа үнэн бол намын нэр дэвшигчээ биш, бие даагч Ц.Даваасүрэнг дэмжсэн тэд сонгуулиар тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн гэсэн үг юм. Тиймээс ч Хөвсгөл аймгийн АН-ын хорооныхонтой үзэл бодол таарч, тохирсон бие даагч Ц.Даваасүрэн АН-д элсэх сураг гарлаа. Бие даагч өөрийн бүлэг, фракц УИХ-д байхгүй гэдэг утгаараа оруулсан санал, асуудлууд нь дэмжигдэж, газар авдаггүй, сул, дорой байдгийг мэдэж буй учраас Ц.Давасүрэнгийн хувьд АН-д элсэх нь магадгүй оновчтой сонголт болж мэдэх юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй