Санал өгдөг кнопоо андуураад дарчихаж

Чуулганы танхимд УИХ-ын даргыг сонгох үеэр АН-ын хоёр гишүүн татгалзсан санал өгчээ. Товчхондоо УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нар З.Энхболд гишүүнийг даргаар сонгохоос татгалзсан байна. Самбарт тэдний нэр гарсны дараа бусад гишүүд нь тэдэн рүү их л нухацтай харж, гайхаж эргэлзсэн байдал гаргав. Гэтэл тохой нийлэн суудаг мань хоёр гишүүн Санал өгдөг кнопоо андуураад дарчихаж хэмээн гэмээ цайруулсан юм. Уг нь АН-ын гишүүд УИХ-ын даргаа 100 хувийн саналтайгаар дэмжүүлэх гэсэн байх. Харамсалтай нь, саваагүй хоёр гишүүний санамсаргүй алдаанаас болж 95.2 хувиар дэмжигдэж дээрх санал хураагдсан юм. УИХ-ын шинэхэн дарга З.Энхболд зуумхай гэдгээрээ Монголын улстөрд алдартай. Тийм ч учраас дээрх байдалд нэг их таатай хандахгүй л байх. Саваагүй зан ч зарим тохиолдолд эзэндээ хор болдог доо.

Л.Оюун-Эрдэнэ: Манайх дуусч байгаа үнэн юм байна

Өчигдөр орой Дуурь бүжгийн эрдмийн театрын байрны эсрэг талд зам гарах гээд зогсож байтал ард нэг хүн Манайх дуусч байгаа үнэн юм байна. Фээсбүүк, твиттер дээр бол дуусчихаж. Би харин хэд хоног твиттер чинь хийлээ гэж ярих нь сонсондов. Эргэж харвал МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ нэг хүнтэй хамт явж байлаа. Энэ үед 18:05 цаг болж байсан юм. Тэд зам гараад намынхаа байр руу орж байгаа харагдана лээ. Энд хэн нэгэн хүний мууг үзэх гэсэнгүй. Хүн ойр дотныхоо хүнтэй энэ зэргийн юм ярилгүй л яахав. Гэхдээ улс төрийн ийм том намын хариуцлагатай алба хашиж байгаа хүн хаана, хэнтэй, юу ярихаа бодох хэрэгтэйг сануулах гэсэн юм. Улс төр хийнэ гэдэг чинь тиймч амар тоглоом биш шүү. Хийгүй эр хүн гэж өвөгцүүл ярьдаг даа... Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөөд буй У.Хүрэлсүхийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл тэр одоохондоо тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй хүн. Энэ үед Төрийн ордонд АН-ынхан чуулганаа хийхээр МАН-ынхныг хүлээж байсан ба МАН-ын бүлэг хуралдаж байлаа.

Н.Алтанхуягийн Засгийн газар Орон нутаг болоод Ерөнхийлөгчийн сонгуулиар ч хамтарна

Энэ долоо хоногт сайд нарын нэр албан ёсоор тодорч, С.Батболдын Засгийн газар халаагаа өгнө. АН-ынхны хувьд баяр хөөр болохоор энэхүү үйл явдлыг тохиолдуулаад УИХ-д олуулаа болсон эднийхэн амралтгүй ажиллаж, хуралдаж байна. Өчигдөр болсон АН-ын ҮЗХ-ны хуралдаанаараа тэд эвслийн Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаатайгаар байгуулах хэлэлцээрээ баталснаас гадна удахгүй болох орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиар ч хамтран ажиллах асуудлыг нухацтай ярилцсан байна. Өөрөөр хэлбэл АН, ИЗНН-ынхан 75 хувийн эрхтэйгээр, Шударга ёс эвсэл 25 хувийн эрхтэйгээр Засгийн газарт багтаж, шингэхээс гадна хоногоо тоолон хүлээж буй орон нутгийн сонгууль болооод Ерөнхийлөгчийн сонгуулиар яг энэ ирцээрээ МАН-ынхныг хуу намнахаар шийдсэн байна. Эвсэж сонгуульд өрсөлдөх тохиолдол хэзээд байдаг. Сая л гэхэд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл сонгуульд эвсэж өрсөлдсөнөөр бусад намын олон жилийн турш тэмцээд байгуулж чадаагүй амжилтыг олж чадлаа. Үүний адил АН-ынхан 90 гаруй жилийн түүхтэй МАН-ыг нэг мөсөн дарахаар шийдсэн үү, ямартай ч хамтарсан Засгийн газар байгуулсан багаараа ирэх сонгуулиудад хүч хавсрахаар шийдсэн нь өчигдөр болсон АН-ын ҮЗХ-ны 40 дүгээр хуралдаанд нэлээд маргаан дагуулсан байна. Ялангуяа Э.Бат-Үүл баатар энэхүү асуудлыг ойлгохгүй байгаагаа илэрхийлж, хамтарсан Засгийн газар байгуулж болно, гэвч яагаад заавал эдгээр жижиг намыг бид дагуулж сонгуульд оролцох ёстой юм бэ гэсэн асуудлыг тавьжээ. Үнэхээр ч ийм маргаан ҮЗХ-ны гишүүдийн дунд бий болох нь аргагүй. Нөгөөтэйгүүр эвт шаазгай буга барина гэгчээр эд энэ багаараа хаяанд ирээд буй сонгуулиадад оролцвол амжилт үзүүлэхээс гадна Н.Энхбаяр гэдэг барын амыг Ц.Элбэгдорж Бид хамтдаа шүү гэдэг зальжин аргаар таглахаар шийдсэн байж болох юм. Зөөлөн нь хатуугаа иднэ гэгчээр Н.Энхбаярыг дарж авах гэсэн Ц.Элбэгдоржийн заль мэх гэж ойлгож болно л доо. Юутай ч Н.Алтанхуяг арга ухааныхаа ачаар өөрөө Ерөнхий сайд болж, Шударга ёс эвсэл, ИЗНН-тай бус МАН-тай эвсэх сонирхолтой байсан Ц.Элбэгдорж нарын эвийг эвтэйхэн олж чадлаа. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газар ирэх он жилүүдэд Хамтарсан засгаараа ажиллаж, Орон нутаг болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хамтаараа өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлнэ гэсэн гурван гол асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаар болсон байна.

МАН-ын Генсект 3, Намын даргад 2 хүн өрсөлдөнө

МАН-ын түүхэн ялагдал гэж хэлж болох хоёр дахь ялагдалаа хүлээгээд байна. Энэ нь МАН-ын төв удирдлага, Намын дарга, Ерөнхий нарын бичгийн дарга, Орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нар, Хэлтсийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах хангалттай шалтгаан болоод байна. Үүгээр зогсохгүй Нийслэлийн сонгуульд үнэмлэхүй ялагдсан байдал нь Нийслэлийн МАН-ын хороог халаа сэлгээнд уриалан дуудаж байна. Харин энэ бүхний төгсгөл маргааш дуусах гэж байна. Тодруулбад МАН маргааш намыхнаа бага хурлаар энэ бүх асуудлыг шийдэх гэж байна. Юутай ч маргааш болох намын бараг хурлаар хэн хэн албан тушаалд яригдаж байгаа талаар хүргэе. Юуны түрүүнд МАН-ын даргын байр сууринд хоёр эрхмийн нэр явж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргаар бага хуралд санал оруулах УЗ-ийн шийдвэр гарсан байна. Үүнийг таалаагүй Хотын фракц мөн өөрийн гэсэн нэр дэвшигчээ сойхоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд хэнийг вэ гэдгээ ихээхэн нууцлаж байна. Магадгүй М.Энхболдыг нэр дэвшүүлэх магадлал өндөр байна. Ерөнхий нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар өрсөлдөх нь нэгэнт тодорхой байгаа бөгөөд тэрээр УИХ-ын гишүүн байхдаа хуулийн өндөр мэдлэгтэй, Ц.Нямдоржтой заамдалцаж байхдаа нам дотроо хэлхээ хэлчихдэг хийхээ хийчихдэг эрс зоримог шийдэмгий гэдгээ харуулсан, С.Эрдэнийг Новш хэмээн байнгын хороон дээр тас хийтэл нь дайраад авсан нь өрсөлдөгчөө толгойг нь илээд байдаггүй гэдгээ хангалттай харуулсан. Хамгийн давуу тал нь нэр хүндтэй. Мөн БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатарын нэр яригдаж байна. Тэрээр олон улсын харилцааны мэрэгжилтэй үүгээрээ ч олон жил ажилласан тул түүнийг дөлгөөн тайван их хүчтэй улс төр хийхгүй хэмээн ярилцаж байна. Гэвч тэрээр эрс шийдэмгий байдлаар асуудалд хандах нь олонтой байдаг. Сайд байх хугацаандаа Туул голыг бохирдуулагч арьс ширний үйлдвэрийн эздийг алгадаад гаргаж байсан үе бий. Хамгийн ноцтой нь өнөөдрийн хамгийн өндөр нэр хүндтэй улс төрч Х.Баттулгыг нам цохиж унагааж байсан тохиолдол хэдхэн жилийн өмнө болж байсныг түүний ойр тойрныхон ярьдаг. Тэгхээр тийм ч зөөлөн боорцог бол биш. Г.Занданшатарыг У.Хүрэлсүхийн залгамжлагчаар тавих тухай бас яригдаж байгаа авч тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс доошоо бууж генсекийн ажил хийх тал дээр тийм ч таатай хандахгүй гэдгийг олон хүн гэрчилж байгаа бөгөөд одоог хүртэл нэр дэвшүүлж өрсөлдүүлнэ гэсэн яриа огт гараагүй ч Зандка байвал болж байна гэсэн МАСЗХ, НАМЗХ-ны залуучуудын амнаас гарах болжээ. tsag.mn

АН хүлээж, МАН гэдийсээр ...

2012-07-23 09:38:03 Нийтлэгдсэн: Улс төр
АН хүлээж, МАН гэдийсээр ...

УИХ-ын анхдугаар чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилох ёстой байлаа. Гэвч анхдугаар чуулганд МАН-ын гишүүд ирсэнгүй. АН МАН-тай Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөөгүй учир тэд эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ. Энэ удаагийн сонгуулиар засгийн эрхийг дангаараа барих улс төрийн хүчин тодроогүй. Хамгийн олон суудал авснаараа АН бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах эрх атгасан буй. Тиймээс МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-тай зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулсан. Гэтэл МАН-ынхан АН манай намтай ч зөвшилцөх ёстой байсан хэмээн өнгөрсөн баасан гарагт товлосон УИХ-ын анхдугаар чуулганд оролцохгүй гэдийлээ. Анхдугаар чуулганыг хамгийн өндөр настай нь удирдана гэсэн хуулийн заалтын дагуу Д.Дэмбэрэл даргалсан бол МАН-ыг төлөөлж, Н.Энхболд ганцаараа чуулганы танхимд орж ирсэн юм. Н.Энхболд Хуулиараа 39-өөс дээш суудал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Олонх болоогүй тохиолдолд хамгийн олон суудал авсан нам нь бусадтайгаа зөвшилцөж байж УИХ-ын даргад нэр дэвшүүлэх ёстой. УИХ-ын тухай хуулийн 8.1, 9.1, 9.2-т энэ тухай тусгасан. Гэтэл АН-аас манай намд ямар ч санал тавиагүй. Энэ тухай өчигдөр орой лавласны дараа АН-аас зөвшилцөх тухай бичиг явуулсан байсан. Энэ бичгийг өглөө жижүүрээс авсан. Одоо л намын дарга уншиж, танилцаж байгаа байх. Уг нь, бие даагч гишүүн ч УИХ-ын даргад өрсөлдөх эрхтэй. Тиймээс одоо шууд энэ асуудлыг хэлэлцвэл хууль зөрчинө. Тиймээс эхлээд зөвшилцье. Манайх намын бүлгээрээ ярилцах хэрэгтэй байна гэв. АН-ын дарга Н.Алтанхуяг Зөвшилцөх тухай бичгээ хүргүүлсэн. Хугацаа алдалгүй ажлаа хийцгээе. Та нар цөөнх учраас саналаа хэлнэ биз хэмээн хариу барилаа. Н.Энхболд АН-ын гишүүдэд хандан дахин Манай нам 25 гишүүнтэй. Бичиг өгөөд орхих биш, бидэнтэй зөвшилцөх ёстой гэснээр маргаан дэгдэв. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж 20 жилийн өмнөх энэ өдөр /долдугаар сарын 20/ шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан УИХ анхны хуралдаанаа хийж байсан. Тиймээс энэ түүхэн өдөр бид асуудлаа ярилцаж, дуусгах хэрэгтэй байна. Зөвшилцөх тухай асуудалд Үндсэн хуульд тодорхой тусгасан. Үүнийг баримталъя. Олонхи болсон нам, нөгөө намд өгсөн бичгийнхээ хариуг хүлээх шаардлагагүй гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Зөвшилцөх асуудлыг Улсын Дээд шүүх тайлбарласан. Санал хүргүүлснээр зөвшилцөлд хүрсэн гэсэн үг. Өөр тайлбар байхгүй. Хуулийн дагуу л явъя гэлээ. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогт АН Засгийн газраа аль намтай хамтарч байгуулахаа шийдээд олонхоо бүрдүүлчихээд байхад заавал МАН-тай зөвшилцөх албагүй. Дэмбэрэл дарга та, МАН-ын биш, хамгийн ахмад гишүүний хувьд хурал удирдаж байгаа. Тиймээс хурлаа үргэлжлүүлж, МАН-ын гишүүдийг орж ирэхийг шаардах үүрэгтэй. Ажлаа хий гэхэд Д.Дэмбэрэл Ийм тулгалт хол явахгүй шүү. УИХ-ын даргаа сонгох гэж байж гишүүдийн хагас нь байхгүй байна гэж хариулав. Ингээд АН-ынхан зөвшилцөх гэсэн асуудлаар Тамгын газрынхнаас тайлбар хүссэн юм. Тэд Аль ч нам, эвсэл энэ хуулийн 8.1-д заасан суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ гэж УИХ-ын тухай хуулийн 9.2 дахь заалтыг уншлаа. Гэтэл УИХ-ын гишүүн С.Баярцогт Тамгын газрынхан хуулиа зөв тайлбарла, бусад гэдэг чинь бүх намтай зөвшилцөнө гэсэн үг биш хэмээн бухимдав. Энэ үеэр АН-ын гишүүд дөрвөн жилийн өмнө УИХ-ын даргыг томилохдоо С.Оюун гишүүнтэй зөвшилцөөгүй шүү дээ гэж шаагилдав. УИХ-ын гишүүн С.Оюун үг хэлэх гэж зөвшөөрөл хүстэл хурал даргалагч боломж олгосонгүй. Н.Алтанхуяг Анхдугаар чуулганы одоо завсарлуулбал дахиж хэзээ цуглах юм бэ. Би сайд нараа танилцуулж, хурлаа үргэлжлүүлмээр байна гэв. Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл Зөвшилцөж, нэр дэвшүүлэх ажиллагаа Үндсэн хуулийн дагуу явах ёстой. Зарим намтай зөвшилцөөгүй байна. Зөвшилцлийг гүйцээх хүртэл, хуралдааныг завсарлууллаа гээд алхаа цохиод, танхимаас гараад явчихлаа. Ингээд чуулганаа үдээс хойш 15:00 цагт үргэлжлүүлэхээр гишүүд тарсан юм. МАН-ын бүлгийнхэн зөвшилцлийн асуудлаар хуралдсан боловч дээрх байр сууриа өөрчлөөгүй гэнэ. АН-ынхан бүтэн өдрийн турш хүлээж, МАН-ынхан гэдийж суусаар УИХ-ын анхдугаар чуулганаа хуралдуулж чадсангүй.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.