Ш.Анхмаа нийслэлд баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгалаа

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгалаа. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг барьж байна. Барилгын ажлыг 2018 оны наймдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 16-нд барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл нь 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хангайн хятруу ХХК 2019 оны зургаадугаар сараас эхлэн цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар барилгын ажлыг 100 хувь дуусгасан бөгөөд энэ сард багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ийнхүү уг цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны цэцэрлэгийн хүртээмж сайжрах юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгах үеэр гүйцэтгэгч болон хяналт тавьж буй газрууд барилгын стандарт, нормыг хангаж ажиллахыг сануулж байлаа. Мөн тэрбээр Улаанбаатар хотод энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв баригдахаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар зургаан сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээн аваад байна. Нийслэл хотод дөрвөн сургуулийг шинээр барих, өргөтгөх ажлуудыг эхлүүлсэн. Үүний нэг болох 149 дүгээр сургууль нь олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан, тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч боловсрох боломжтой анги танхим, орц, гарцыг хийж өгснөөрөө онцлог юм хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд

Тусгай үүргийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн 7 дугаар сарын 21-ний өдрийн нислэгийн хуваарьт дараах байдлаар өөрчлөлт орж байна. 1. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн F каунтер /каунтер өөрчлөгдөж магадгүй/ дээр өглөөний 12.00 цагт эхэлнэ. 3. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 7 дугаар сарын 21-ний өдрийн 16.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрч, Буянт-Ухаа ОУНБ-д 21.15 цагт бууна. Монгол улсаас япон улсад суугаа элчин сайдын яам

Шинэ аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаандтүрүүлсэн Монгол Улсын 25 дахь аваргаП.Бүрэнтөгсөд өнөөдөр Моннис моторс компани Nissan Patrol Y62 автомашиныг гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаанд НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Увс нуур бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат, Моннис Моторс компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, Ниссан брэнд хариуцсан дэд захирал Г.Баттулга, Рено брэнд хариуцсан дэд захирал Т.Эрдэнэсайхан нар оролцлоо. Энэ үеэр НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан хэлэхдээ Үндэсний их баяр наадамд 512 бөхөөс ес давж, Монгол Улсын аварга цолыг хүртсэн П.Бүрэнтөгс аваргадаа нийслэлчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе. Үндэсний их баяр наадмын дархлаа болсон үндэсний бөхийн барилдааны түрүү бөхийн шагналыг Моннис моторс компани хариуцан ажилладагт мөн талархал илэрхийлж байна гэсэн юм. Моннис Моторс компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар Манай компанийн хувьд НЗДТГ-тай таван жилийн гэрээтэй хамтран ажиллах хүрээнд түрүү бөхийн шагналыг хоёр дахь жилдээ гардуулан өгч байна. Энэ сайхан өдөр Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд аваргын шагналыг гардуулан өгч байгаадаа баяртай байна хэмээлээ. Монгол Улсын 25 дахь аваргаП.Бүрэнтөгс наадамчин олондоо хандаж, өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр Төрт ёсны их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Монгол бөхийн ноён оргил аварга хэмээх цолонд хүрсэндээ туйлын баяртай байна. Хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр дүн ирж байгаа гэж бодож байна. Намайг дэмжиж ирсэн монголчууддаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Мөн Моннис моторс компанийн нийт хамт олонд баярлаж, талархаж байгаагаа хэлье гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Зөвшөөрөлгүй 400 ширхэг зулзаган нарс мод бэлтгэн, худалдахыг завджээ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс мод авч ирж бусдад худалдахыг завдсан хэргийг илрүүллээ. Монгол улсад бүртгэлтэй С хязгаарлагдмал хариуцлагатай компани үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Мөн С хязгаарлагдмал хариуцлагатай компани Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс модыг Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ-гээр тогтоосон үнээс бага үнээр буюу нэг бүрийг нь 10.000 төгрөгийн төлбөр төлж авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ-гээр 1-2 метрийн өндөртэй нарс модыг 283,368 төгрөгөөр үнэлсний дагуу тооцоход 113.347.200 төгрөгийн хохирол учирсан. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 340.041.600 төгрөгийн нөхөн төлбөр тавигдана. Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.